Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00305

 

Л.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00662 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 871 дүгээр магадлалтай,

Л.Аын нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00574 дугаар бүхий захирамжаар Л.А нь 140 сая төгрөгийг А.Гад хуваарийн дагуу төлөх, төлбөрийг хугацаандаа төлөхгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.  Л.А нь төлбөл зохих төлбөрөөс 50 сая төгрөгийг 2018 оны 05 сарын 28-ны өдөр А.Гын Хаан банкны 5039406499 тоот дансанд хийж 90 сая төгрөгийн төлөлт үлдсэн байсан. Л.А нь өөрийн санаачилгаар төлбөр авагчид төлбөрөө төлж байхад иргэн Г.Бы өмч болох үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийг одоогийн зах зээлийн үнэлгээнээс доогуур буюу хямд үнэлсэнд гомдолтой байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн 1 м.кв-ын үнэ 2 100 000-2 300 000 төгрөг байгаа болно.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн үл хөдлөх хөрөнгө Л.Аын өмч биш бөгөөд төлбөр төлөгч нараас үнийн санал аваагүй атал УБ хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай 2013 онд ашиглалтанд орсон 91 м.кв шинэ орон сууцыг 1 м.кв-ын үнэлгээг 1 665 000 төгрөгөөр үнэлж мэдэгдэл хүргүүлснийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хуулийн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон “Вендо” ХХК гэх хөрөнгийн үнэлгээний байгууллагын гаргасан Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 88 дугаар байрны 2 тоотын, 91 м.кв, 3 өрөө орон сууцны үнэлгээг эс зөвшөөрч байна. Хөрөнгийн үнэлгээний компанийн хийсэн үнэлгээ нь тухайн байрны зах зээлийн үнийг тогтоох ёстой. Гэтэл “Вендо” ХХК-ийн үнэлгээний мэдээллийн эх сурвалж байхгүй, 3 хүртэлх ижил төстэй жишиг үнэ бүхий объекттой харьцуулж судлах ёстой байтал 2 төрлийн жишиг авсан, мөн эх сурвалж байхгүй байна.

 “Вендо” ХХК үнэлгээний тайландаа 48 м.кв, 53 м.кв, 72 м.кв гэх жишиг байруудтай харьцуулсан. Жишиг объект нь үнэлгээ хийж байгаа объекттой ойролцоо м.кв-тай байх ёстой. 80 м.кв талбайтайгаас дээш талбайтай орон сууцыг тансаг зэрэглэлийн орон сууц гэж үздэг. 80 м.кв буюу түүнээс дээш талбайтай байрыг 8 хувийн зээлд хамруулдаггүй. Маргаж буй байр нь сайн чанарын материалаар барьсан үнэлгээ өндөртэй барилга. “Вендо” ХХК-ийн хийсэн үнэлгээ нь 2 өрөө байр буюу бага үнэтэй байрны жишгээр үнэлсэн. 13 дугаар хороолол буюу Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлах 2014 онд ашиглалтанд орсон, бүрэн цутгамал орон сууцны 1 м.кв-ын үнийг 1 600 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Бид “Итгэлт эстимэйт” ХХК-иар хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэсэн. Уг компанийн үнэлгээгээр 1 м.кв тайлбайн үнэ 1 850 000 төгрөгөөр үнэлсэн. “Вендо” ХХК-ийн үнэлгээ нь 149 429 027 төгрөг гарсан бол “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр 168 357 500 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн бодит үнээр үнэлэгдэх ёстой. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгдөөд явж байгаа. Гуравдагч этгээдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нь зохимжгүй байна. Өмчийн эзний хүсэлтийг харгалзан үзэх ёстой байсан. Иймд хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 00574 дүгээр захирамжаар Л.Ааас 140 465 286 төгрөг гаргуулж А.Гад олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, өмчлөгч нар үнийн санал өгөхөөс татгалзаж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгосон. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах-аар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал үнийн санал гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэрээт хөрөнгийн үнэлгээний компани болох “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилсон.

Орон сууцны м.кв-ын хэмжээ нь тухайн орон сууцны үнэд хамаарахгүй. Дээд зэрэглэлийн барилга учир өндөр үнэтэй байна гэх ойлголт байхгүй. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол орчимд байрлах ижил төстэй байртай харьцуулан дунджаар үнэлгээг гаргасан байна. Зах зээлийн үнэтэй харьцуулан тооцож 149 сая төгрөгийн үнэлгээг гаргасан байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байна. Уг тайланг гаргасан компани нь хөрөнгийн үнэлгээг хийх эрх бүхий этгээд эсэх нь тодорхойгүй байна.

Нраас шинжээчид эрх үүрэг танилцуулдаг. “Итгэлт эстимэйт” ХХК-д эрх үүрэг сануулаагүй байна. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компани үнэлгээг хийх ёстой. “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээнд хөндлөнгийн нөлөө ороогүй гэх баримт алга. Л.А үнийн санал өгөх боломжгүй гэх тайлбар өгсөн. Харин Г.Б нь үнийн санал өгөхгүй гэсэн тайлбар өгсөн. Үнийн санал өгөөгүй тул харилцан тохирох боломж байгаагүй тул шинжээч томилсон. Өмчийн эзэн тухайн үед үнэлгээ хийхэд АНУ-д байсан гэж байна. “Итгэлт истимэйт” ХХК-ийн тайлан дээр үнэлгээ хийхэд Г.Быг байсан гэж тэмдэглэсэн байна. Иймээс “Итгэлт эстимэйт” ХХК-ийн тайлан бодит эсэх нь эргэлзээтэй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 168 сая төгрөгийг хөрөнгийн үнэлгээг хийхдээ намайг оролцуулсан мэт тэмдэглэл үйлдсэн байсан. Өмчийн эзэн намайг үнэлгээ хийх ажиллагаанд оролцуулаагүй хийсэн. Орон сууцны үнийг 1 600 000 төгрөгөөр үнэлсэн нь жишиг үнэлгээтэй тохирохгүй, доогуур үнэлсэн байна. “Вендо” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр дахь удаагийн хөрөнгийн үнэлгээ хийхдээ намайг оролцуулаагүй хийсэн. Үнэлгээ нь зах зээлийн ханшаас доогуур үнэлж миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Миний хөрөнгийг залилан мэхэлж авах гэж байгаа үйлдэл байна. 2 үнэлгээг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00662 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нарт холбогдуулан гаргасан Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ШГ18-51 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргалын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 871 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй “Итгэлт эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэж хөрөнгийн үнэлгээний тайлан шүүхэд ирүүлсэн байдаг. Тус тайлангаар маргаж буй орон сууцны үнэлгээг 168 357 500 төгрөгөөр үнэлсэн байдаг. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч /төлбөр авагч/ шүүхэд мэдүүлэхдээ “Нраас шинжээчид эрх үүрэг танилцуулдаг. “Итгэлт эстимэйт” ХХК-д эрх үүрэг сануулаагүй байна. Тэдний хийсэн тайлан бодит эсэх нь эргэлзээтэй, хөндлөнгийн нөлөө ороогүй гэх баримт алга” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Б /өмчийн эзэн/ шүүхэд мэдүүлэхдээ “Үнэлгээ нь зах зээлийн ханшнаас доогуур үнэлж миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Миний хөрөнгийг залилан мэхэлж авах гэж байгаа үйлдэл байна. Хоёр үнэлгээг зөвшөөрөхгүй” гэжээ.

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын А бүсэд орших 2013 онд ашиглалтад орсон 91 м.кв том талбай бүхий шинэ орон сууцыг Вендо” ХХК нь 149 429 027 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн одоогийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, харьцуулсан үнэлгээний мэдээллийн эх сурвалж байхгүй 48 м.кв, 53 м.кв, 72 м.кв гэх тодорхой бус жишиг авч хэрэглэн 91 м.кв орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байх тул маргаж буй орон сууцны үнэлгээг шүүхийн журмаар шинжээч томилуулж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй юм. Шүүхийн журмаар шинжээч томилуулж үнэлгээ хийлгэх нь хариуцагч Нар, нэхэмжлэгч иргэн Л.А /төлбөр төлөгч/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Б /өмчийн эзэн/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Га /төлбөр авагч/ нарт холбогдох иргэний хэргийг шударгаар хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой  байсан билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэж заасан ба Арван зургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж иргэдийн өмчлөх эрхийг хамгаалсан билээ.

Нраас томилон Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 88 дугаар байр 2 тоот хаягт байрших 91 м2 3 өрөө орон сууцыг үнэлсэн “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн “55.7.Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” заалтыг үндэслэн хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байдаг.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн доорх хуулийн зүйл заалтуудыг авч хэрэглэсэн хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн “55.2.2.үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”;

Иргэний хуулийн “177.1.Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, Хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно”;

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн “8.1.Хөрөнгийн үнэлгээг тухайн Үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн . Үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.

8.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн Үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ.”

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн “4.1.Хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах  зарчмыг баримтална: “4.1.1.хараат бус байх; 4.1.2.иргэн, байгууллагын нууцыг хадгалах; 4.1.3.шударга байх; 4.1.4.хууль тогтоомжид нийцсэн байх”

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас томилон үнэлгээ хийсэн “Вөндо” ХХК-ний 149.429.027 төгрөгийн үнэлгээ нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй “Итгэлт эстимэйт” ХХК-иар хийлгэсэн 168 357 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний зөрүү 18 928 473 төгрөг байгааг магадлалын хянавал хэсэгт “Вэндо” ХХК үнэлгээний тайлан гаргахдаа эд хөрөнгийг эрс үнэгүйдүүлж, Хөрөнгийн үнэлгээний хуульд заасан журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй. Үнэлгээний байгууллагуудын гаргасан хөрөнгийн үнийн хэмжээ ижил биш байх боловч илт хол зөрүүтэй, хөрөнгийг үнэгүйдүүлэх, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг алдагдуулсан гэж үзэхээргүй байна. Эдгээр үнэлгээ нь харьцуулсан жишиг үнэ болно” гэсэн нь хууль буруу хэрэглэсэн үзэхээр байна.

Монгол Улсад 2019 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 000 төгрөгөөр тогтоогдсон байхад 18 928 473 төгрөгийг илт хол зөрүү биш гэж үзэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн дундаж цалин 600 000 төгрөг байгаа энэ цаг үед 32 сарын цалин, 60 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн зөрүүг хохирол багатай гэж үзсэнд гомдолтой байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гарсан гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэдэг онцлогтой. Шүүх гомдлоор иргэний хэрэг үүсгэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг хянахдаа төлбөр төлөгч, төлбөр авагч, гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээхийн зэрэгцээ хуулийг тайлбарлаж нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зохистой явуулах бололцоог бүрдүүлэх ёстой гэж ойлгож байна.

Маргаж буй талууд болох Нийслэлийн Нар, нэхэмжлэгч Л.А /төлбөр төлөгч/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Б /өмчийн эзэн/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Га /төлбөр авагчийн төлөөлөгч/ нарын үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнэлгээний зөрүүтэй байдлыг тогтоолгох нь чухал шаардлагатай байсан.

Иймд анхан шатны шүүхэд буцаан шүүхийн журмаар шинжээч томилуулан дахин үнэлгээ хийлгэх боломжийг олгож, гомдлыг хүлээн авч, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн өмнө эрх тэгш байх боломжийг олгож, иргэний хэргийг анхан шатны шүүхэд дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж,  хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.А нь Нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00574 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагч Л.А нь  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 140 000 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Гын Хаан банкин дахь дансанд гэрээгээр тохирсон графикийн дагуу төлж барагдуулах, хариуцагч нь графикийг зөрчвөл нэхэмжлэгч тал албадан гүйцэтгүүлэхээр, хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 88 дугаар байрны 2 тоот орон сууцны зориулалттай, 91 м.кв талбайтай, 3өрөө орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.А эвлэрлийн гэрээгээр тохирсон графикт хугацаанд төлбөл зохих төлбөрийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Шүүгчийн захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Дээрх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, төлбөр төлөгч Л.Ат шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар санал болгох доод үнийн санал авахад төлбөр төлөгч Л.Ааас барьцааны хөрөнгө нь өөрийн хөрөнгө биш, иргэн Г.Бы хөрөнгө гэх үндэслэлээр үнийн санал өгөх боломжгүй гэх хариу өгсөн, өмчлөгч Г.Б өөрийн хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж, мөн үнийн санал өгөхөөс татгалзсан тул шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн шинжээчийг томилж, барьцааны хөрөнгийг үнэлүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч шинжээчээр үнэлүүлнэ гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж зохицуулсан тул шийдвэр гүйцэтгэгч талууд үнийн санал өгөөгүй үндэслэлээр барьцааны хөрөнгийг үнэлүүлэхээр хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгийг үнэлүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК Үнэлгээний олон Улсын Стандартын Консулаас батлан гаргасан ҮОУС-101 /Ажлын цар хүрээ/, ҮОУС-102 /шалган магадлалт ба даган мөрдөлт/, ҮОУС-103 /тайлагнал/, ҮОУС-104 /үнэ цэнийн  сууриуд/, ҮОУС-105 /үнэлгээний аргууд ба хандлагууд/, ҮОУС-400 /үл хөдлөх хөрөнгийн хувь оролцоо/-н дагуу үнэлгээг хийсний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 88-2 тоотод байрлах 91 м.кв талбайтай 3 өрөө орон сууц бүхий барьцааны хөрөнгийг 149 429 027 төгрөгөөр үнэлжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч, төлбөр төлөгч Л.А нь “Вендо” ХХК-ийн үнэлгээг зах зээлийн үнээс илт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр тус орон сууцыг 168 357 500 төгрөгөөр үнэлсэн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн байна.

“Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээ нь “Вендо” ХХК-ийн үнэлгээг үндэслэлгүй гарсан, эсхүл Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, хууль зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 871 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД