Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/73

 

2018               12              03                                                2018/ДШМ/73

 

Н.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                       

            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЗ/251 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Н.Г-ад холбогдох, эрүүгийн 1819002560124 дугаартай, 1 хавтас, 110 хуудас бүхий хэргийг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний ...... тоотод оршин суух, Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлаг шандын ........ тоотод түр оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2017/ШЦТ/109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Н-ийн Г- /РД:УХ920511......../-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Н.Г- нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Сайншанд сумын 4 дүгээр баг, Ганзамын 50-2 тоотод хамтран амьдрагч Д.О-г хардан зодож улмаар хүзүүнд нь хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Нацагдоржийн Г-д холбогдох эрүүгийн 1819002560124 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч Н.Г-ад холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг хэргийн хамт прокурорт шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл  бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Г- нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын ........ дүгээр баг ...... .... тоотод хамтран амьдрагч Д.О-г хардан зодож улмаар хүзүүнд нь хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгагдан тус аймгийн Прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5/120 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай гэж тооцсоны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан явуулж 2018/ШЗ/251 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам", мөн хуулийн 17 дугаар бүлэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд “ Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ын талаар хуульчилж өгсөн бөгөөд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх процесс ажиллагааг тодорхой төрлийн хэргүүдэд ялгамжтай байдлаар хуульчилж өгсөн байна. Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн хэргүүдийг нэрлэж заасан. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж заасныг авч үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээ найман жилээс дотогш санкцтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар журамласан зохицуулалт гэж ойлгогдохоор байна.

Шүүгдэгч Н.Г-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэж заагдсан хэрэг бөгөөд дээрх хэргийг шүүх хүлээн авсанаас хойш 72 цагийн дотор гэм буруутай гэж үзззг прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр буюу шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэх талаар мөн зүйлийн 5, 8, 9 дэх хэсгүүдэд хуульчлагдсан байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заагдсан хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүхэд хүргүүлсэн байхад хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хянан шийдвэрлээгүй, хуулийн хугацааг хэтрүүлэн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан явуулсан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх" ажиллагаа болох нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэж заагдсан хэргүүдийг шийдвэрлэхэд хамаарагдахгүй нөхцөл байдлыг дурдаж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хамаатуулан шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан асуудалд хамаарагдахгүй асуудлын талаар дүгнэлт хийж хуулийг илтэд буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон атлаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах” заалтыг үндэслэж шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагад нийцээгүй, мөн хуулийн 17 дугаар бүлэг буюу “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа"-нд ... Гучин гуравдугаар бүлэг-заасан журмыг баримтлахгүй гэж хуульчлагдсан байхад Гучин гуравдугаар бүлэг буюу “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”-г хольж шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Н.Г- нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө тус аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Ганзамын 50-2 тоотод хамтран амьдрагч Д.О-г хардан зодож улмаар хүзүүнд нь хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийч газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.О-гийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0290 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч М.Лхагважавын мэдүүлэг, гэрч С.Орхоны мэдүүлэг, гэрч Д.Батхүүгийн мэдүүлэг, шүүгдэгч Н.Г-ын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугийн талаар маргахгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт хамаарах ойлголтын үндсэн шинж болох хамтран амьдрагч Д.О-г хардалтын улмаас зодож хүзүүнд нь хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж бие махбодид нь халдсан үйлдлийг тусгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байна.Шүүгдэгч Н.Г-ад холбогдох хэргийн үйл баримт, хэргийн зүйчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруу, хохирлын талаар маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж өмгөөлөгчийн хамт хэргээ хялбаршуулсан журмар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан процесс ажиллагааг хийж хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэгдэх хууль зүйн үндэслэл үүссэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Г-ад холбогдох хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа. 2015 оны Эрүүгийн хуулийн гол үзэл санаа нь гэм буруугаа хүлээж, хариуцлагаа ухамсарласан хүнд ямар нэгэн чирэгдэл учруулахгүйгээр хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болно. Үүний дагуу Г- нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргээ хүлээгээд, эрүүгийн хариуцлагыг ухамсарлаж ойлгоод, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтээ гаргаад, хохирогчтой эвлэрээд шүүх хуралдаанд оролцсон боловч шүүх хэргийг яллах үндэслэл тогтоогдохгүй байна, Г-ын урьд нь 2017.08.11-ний өдөр 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ял нь биелсэн эсэх асуудал нь тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан. 2017.08.11-ний өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон байдаг. Энэ торгох ялыг Г- биелүүлсэн нь ял шалгах хуудсаар гарч ирдэг. Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас авах юм бол торгуулын ял биелэгдсэн эсэх нь тэр чигээрээ ялын тооцоотойгоо гарч ирдэг, гэтэл энэ үндэслэлээр буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЗ/251 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцэлд үндэслэн тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-т заасан журмыг зөрчсөн байна.

Прокурор шүүгдэгч Н.Г- нь хамтран амьдрагч Д.О-г хардаж зодож, хүзүүнд нь хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсныг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.О-гаас яллагдагч Н.Г-ад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрсэн тул яллагдагчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тогтоолыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргаж,  тэр өдөртөө хэргийг шийдвэрүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээж авч, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагаас хийхээр товлон зарлаж, хийсэн боловч хуралдаанаас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-т заасан “шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг бүхэлд нь зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр ирүүлсэн хэргийг хүлээж авсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-т заасан журмыг баримталж хэргийг шийдвэрлэх байсан.

Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 2-т зааснаар тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болох ба боломжгүй гэж үзвэл мөн зүйлийн 1-д зааснаар хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шүүгч шийдвэр гаргаж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх ажиллагаа”-ны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулах байтал яллагдагчийг шүүхэд шилжүүлж, ял оногдуулах хуралдаан явуулж,  уг хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь буруу болжээ.

Шүүхийн энэ алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл бий болж шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл болсон.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г- нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон шүүхийн шийдвэр биелсэн эсэх талаар баримт авагдаагүй нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” нөхцөл үүссэн байх нөхцөл бүрдсэн байх тул шүүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцлийг бүрэн хангах шаардлагатай байсан гэсэн,

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллуулахаар шүүхэд шилжүүлсэн боловч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 14 нөхцлийн аль хэсгээр хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзсэн нь тодорхойгүй тул яллах дүгнэлтийг тодорхой болгох шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх шаардлага нь зөв болсон боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн учраас давж заалдах шатны шүүхээс шүүхийн энэ дүгнэлтэд үнэлэлт өгөх шаардлагагүй болсон юм.

Эдгээр үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж шийдвэр гаргасан гэсэн  зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЗ/251 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС