| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00306/И |
| Дугаар | 130/ШШ2017/00503 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2017/00503
| 2017 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 130/ШШ2017/00503 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Голомт банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Ах сум овогт С.А, Хар бүргэд овогт Т.Н нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.С, хариуцагч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 1.Хөрөнгө оруулалтын зээлд үндсэн зээл 111303290,57 төгрөг, хүү 14047338,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 260489,87 төгрөг, нийт 125611118,77 төгрөг,
2. Шугамын зээлд үндсэн зээл 5860978,02 төгрөг, хүү 404820,35 төгрөг, нийт 6265798,37 төгрөгийг тус тус гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Голомт банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал М.Мейрамхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Зээлдэгч С.А,, хамтран зээлдэгч Т.Н нар тус банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ5810002358 тоот хөрөнгө оруулалтын зээлийн гэрээгээр 300000000 төгрөгийн зээл, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ5815100682 тоот шугамын зээлийн гэрээгээр 30000000 төгрөгийн зээлийг тус тус авсан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн С.А, Т.Н нарын өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Ховд гол хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай Ү-0213002865 улсын бүртгэлийн дугаартай, 420,24 м кв талбайтай, 3 давхар үйлчилгээний барилга, нэгж талбарын 031304031 дугаар бүхий 112 м кв талбайтай газрын хамт, мөн Өлгий сумын 8 дугаар багт орших, Ах хустау 16-02 тоот хаягт байршилтай Ү-0213003724 улсын бүртгэлийн дугаартай, 214 м кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, нэгж талбарын 031300086 дугаар бүхий 864 м кв газрын хамт ЗГ5810002358, ЗГ5815100682 тоот ипотекийн гэрээ тус тус байгуулсан барьцаалсан юм.
Банкны хувьд С.А, Т.Н нар нь Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний 4.2, 4.2.1, 4.2.7 заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул хөрөнгө оруулалтын зээлд үндсэн зээл 111303290,57 төгрөг, хүү 14047338,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 260489,87 төгрөг, нийт 125611118,77 төгрөг болон шугамын зээлд үндсэн зээл 5860978,02 төгрөг, хүү 404820,35 төгрөг, нийт 6265798,37 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Голомт банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ; Хариуцагч Т Нансалмаа, С.А нар зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Бид нар 4 удаа боломж өгөөд байхад зээлээ төлөөгүй. Хугацаа хэтрэлт, чанаргүй зээл рүү шилжиж хугацаа хэтрэлт гаргасан.
Тийм учраас банкнаас зээлийг эргэн татах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид нар 4 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч нарт хөрөнгө оруулалтын зээлд хүүгийн хамт 125611118 төгрөг, шугамын зээл дээр 6265798 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд байх явцад 6 дугаар сарын 20-ны өдөр 51109800 төгрөг төлсөн нь үнэн болно. Эндээс шугамын зээл болох 6265798 төгрөгийг төлүүлээд үлдсэн 44844000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлд төлүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг хүүгийн хамт 80767000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.
Хариуцагч С.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Голомт банкны 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан шугамын зээл болох 6265798 төгрөг, хөрөнгө оруулалтын зээл болох 125611118 төгрөгийг гаргуулж өгөх тухай гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.
С.А Т.Нтай хамтран 2013 оны 12 дугаар сарын 20-ны Голомт банкнаас хөрөнгө оруулалтын зорилгоор 300000000 төгрөгийн зээлийг хамтран авсан билээ. Мөн 2016 оны 1 дүгээр 13-ны өдөр шугамын зээл болох 30000000 төгрөгийн зээлийг тус тус авсан. Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний 4.2, 4.2.1, 4.2.7-р заалтыг тус тус зөрчсөн гэсэн гомдлыг Голомт банкнаас гаргажээ.
Голомт банкнаас гаргасан шугамын зээлийн 30000000 төгрөгийн үлдэгдэл болох 6265798 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Хөрөнгө оруулалтын зээл болох 300000000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 125611118 төгрөгийн үлдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 31-нээс 2017 оны 6 дугаар сарын 05-ны хооронд бүрэн төлж Голомт банкны хохирлыг төлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Иргэнийхээ хувьд бид Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу үлдсэн зээлээ бүрэн төлж дуусгах болно гэжээ.
Хариуцагч Т.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Иргэний С.А, Т.Н нарыг Голомт банк 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сум дундын иргэний хэргийн шүүхэд хугацаа хэтэрсэн зээлийн нэхэмжлэл гаргажээ.
Бид шугамын зээлээ бүрэн барагдуулсан ба хөрөнгө оруулалтын зээлийн 6-02 өдөрт хүртлэх хэтрэлттэй төлбөрөө мөн барагдуулсан.
Голомт банкны салбарын дэргэдэх Тирлик захын тооцооны төвийн захирал Е.С, эдийн засагч Х.Н нар нь 2016 оны 11 дүгээр сард (манайх дэлгүүрээ зарсан үе байсан) Та нар одоо 80 сая төгрөг хийхэд зээлийн үлдэгдэл 110,0 сая орчим үлдэнэ. Та нар өргөдөл гаргасны дараа 3,5-4 сая орчимд төлөхөөр гэрээний өөрчлөлт он гарахаар хийж өгнө. Харин одоо оны эцэс болж байна. Манай тус тооцооны төвд жилийн эцэст биелэлт, урамшуулал бидэнд олгогдох олголт багасах гээд ашгаа авч чадахгүй, үр дүнгүй төлөвтэй байна. Тийм учир одоогийн үлдэгдэл төлбөрөө 111303290 төгрөгөө 2018 оны 2 дугаар сарын 10-ны хүртэл 16 сараар хуваарилуулж түр зуурын гэрээ гаргаж гэрээ байгуулна. Он гарангуут өөрчлөлт хийж өгнө гэж удаа дараа утсаар хэлж, ярьж, гэрт ирж гуйж манайд ирэхэд миний бие зөвшөөрөөгүй, зээлийн гэрээнд нь гарын үсэг зураагүй.
Учир нь сар бүр 10 гаруй сая төгрөг төлөх маш хүндрэлтэй гэрээ байсан. С.А арга ядаад итгээд зурахад гэр бүлийн хүрээнд үүнээс болж зөрчил гарсныг нуух зүйл алга. Миний бие зураагүй билээ. Манай хөрөнгө оруулалтын зээлийн хугацаа хэтрэлтэд орсон хүндрэлтэй шалтгааны суурь үндэс энэ байлаа.
Иймд Голомт банкны С, Н гэх ажилтнууд өөрсдийн ашиг орлогоо тооцоолж харилцагч биднийг хуурах үйлдэл хийж, хүүхэд хуурсан мэтээр дорд үзэж, банк хоорондох харилцааны үл итгэлцэл алдагдуулах нөхцөл санаатай болон санамсаргүй гэх утгаар үүсгэж, банк харилцагч нарын гэрээг зөрчих гаргалгаа бий болгон үүсгэж, бидэнд сэтгэл санаа, нэр төр, ариун нандин үнэт зүйлсүүдэд их хохирол учруулж байгаа учраас С, Н нарт гомдолтой байгаагаа иргэний шүүхээр дамжуулан гаргаж мэдэгдэж байна. Иймд дээрх 2 ажилтанд арга хэмжээ авч, хариуцлага тооцох хэрэгтэй.
Манайх зээлийн төлбөрөө огт төлөхгүй гэсэн үндэслэл байхгүй. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулж харилцагч бидний эрх зөрчигдсөнийг анзаарч үзэн үлдэгдэл төлбөр 71552115 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй 36 сараар сар бүр 3 сая орчмоос давахгүй хэлбэрийн тэгш хуваарилалттай зээлээ төлж дуусгах гэрээг хийх боломжийг иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гаргаж бидэнд туслахыг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Манайх мөнгө хугацаандаа төлөөгүй болохоос биш огт төлөөгүй гэх зөрчил байхгүй. Үндсэн мөнгөнөөс 71552165 төгрөг 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үлдсэн байсан. 6 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдөр хүртэлх хүүд 3500000 төгрөг орчим нэмэгдэж байгаа. Тэгэхээр манайх 77 сая орчим төгрөгийн төлбөртэй байгаа. Бид нар шугамын зээлээ төлж барагдуулсан. 6 дугаар сарын 20-ны өдөр 51 сая төгрөгийг нэмж төлсөн байсан.
Нэхэмжлэгч талаас хүүд нь 80 сая төгрөг гэж байна. Энд 80 сая төгрөг байх ёсгүй. Манайх 71552000 төгрөгийг 6 дугаар сарын 20-ны өдөр төлснөөс хойш 80 сая төгрөгийг Голомт банк нэхэмжилж байна. Бид нарын үндсэн тооцоогоор 1569000, 1458000, 1254000 төгрөг гээд 4200000 төгрөг үндсэн хүүд нэмэгдэж байгаа. Тэгэхээр 77 сая төгрөгийн төлөлттэй байна. Манайх энэ мөнгийг төлөх үүрэгтэй. Би 6 дугаар сарын 27-ны өдөр тайлбар өгөхдөө бид нар энэ мөнгийг төлөхгүй гэж байгаа юм биш, хамгийн сүүлийн гэрээг манай гэр бүлийн хүн дээр С, Н нар очиж одоо оны эцэс болж байгаа. Бид нарт оны эцсийн урамшуулал авах ёстой. Тийм бололцоогоо алдах гээд байна. Тийм учраас та хэд энэ зээл дээр түр хугацаагаар гарын үсэг зураад он гарангуутаа өөрчлөөд өгье:гэсэн байсан. Энэ саналыг би анхнаасаа хүлээж аваагүй. Өнөөдөр энэ гэрээнд миний гарын үсэг зурагдаагүй явж байгаа. Нөхөр Алтанцоож болохоор эр хүний уужуу сэтгэлээр энэ хоёр хүнд итгээд гарын үсэг зурсан. Би яагаад гарын үсэг зураагүй вэ гэхээр сар болгон 10 сая гаруй төгрөгийн төлөлттэй байхад хэчнээн түр зуурынх ч гэсэн эрсдэл дагана гэдгийг урьдчилан тооцоолж гарын үсэг зурахгүй байж байсан. Тэрнээс биш энэ зээлийг ерөөсөө төлж барагдуулахгүй гэсэн зүйл байхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Голомт банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч С.А, Т.Н нараас 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ5810002358 дугаартай Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээгээр авсан 300000000 төгрөгөөс үлдсэн үндсэн зээл 111303290,57 төгрөг, зээлийн хүү 14047338,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 260489,87 төгрөг нийт 125611118,77 төгрөгийг, мөн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ581500682 дугаартай шугамын зээлийн гэрээгээр авсан 30000000 төгрөгнөөс үлдсэн үндсэн зээл 5860987,02 төгрөг, зээлийн хүү 404820,35 төгрөгийг тус тус гаргуулж өгөхийг хүссэн байна.
Хариуцагч С.А, Т.Н нар нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ5810002358 дугаартай Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээгээр 300000000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан байна. Уг гэрээний хавсралт №1-ээр Зээлийн эргэн төлөлтийн графикийг харилцан тохиролцсон бөгөөд сар бүрийн 20-ны өдөр зээлийг төлж байхаар тусгажээ.
Нэхэмжлэгч Голомт банкны Баян-Өлгий салбар нь нэхэмжлэлийн үндэслэлээ зээлдэгч нар нь зээлийн гэрээний 4.2, 4.2.1, 4.2.7-д заасныг зөрчсөн тул зээлийг төлөхийг шаардсан байна. Голомт банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч С.А, Т.Н нартай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ5810002358 дугаартай Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний 4.2-т Банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхийн талаар харилцан тохиролцсон ба уг гэрээний 4.2.1-д зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, 4.2.7-т зээлдэгчийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, түүний явц, үр дүн, нөхцөл байдалд аливаа өөрчлөлт орсон нь Банкны үзэж байгаагаар зээлдэгчийг авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүргэж болзошгүй болсон буюу ийм байдалд хүргэх нь зайлшгүй болсон тохиолдлуудад Банк зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй байхаар харилцан тохиролцжээ. Хариуцагч нараас нэхэмжлэгчээс шаардсан хөрөнгө оруулалтын зээлийг төлөхөөс татгалзаагүй ба сар бүр 10 гаруй сая төгрөг төлөх маш хүндрэлтэй байгаа шалтгаан нь зээлийн хугацаа хэтрэлтэд орсон үндэслэл болсон талаар, үлдэж байгаа 71552115 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сараар, сар бүр 3 сая орчмоос давахгүйгээр хуваарилалттай зээлээ төлж дуусгах гэрээг хийх боломж олгож өгөхийг хүсэж тайлбар гаргажээ.
Банкны зүгээс зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ58100002358А дугаартай, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ58100002358Б дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдээр 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ5810002358 дугаартай Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж байсан байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэгч талаас үлдэж байгаа 71552115 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сараар, сар бүр 3 сая орчмоос давахгүйгээр хуваарилалттай зээлээ төлж дуусгах гэрээг хийхийг зөвшөөрөхгүй байгаа тул шүүхээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг даалгах боломжгүй болно.
Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл болон түүний хүүгийн хэмжээнд маргахгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Голомт банкны Баян-Өлгий салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нар нь шугамын зээл, хүүгийн хамт 6265798 төгрөгийг бүрэн төлсөн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Мөн хариуцагч нар нь шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа банкны нэхэмжилсэн хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан зээлээс төлөгдөөгүй үндсэн зээл 111303290,57 төгрөг, зээлийн хүү 14047338,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 260489,87 төгрөг нийт 125611118,77 төгрөгийн 51109800 төгрөгийг төлсөн болох нь Голомт банкны Баян-Өлгий салбарын захирлын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 160 дугаартай тодорхойлолт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул үлдэж байгаа 74501318,77 /125611118,77-51109800=74501318,77/ төгрөгийг хариуцагч С.А, Т.Н нараас гаргуулан Голомт банкны Баян-Өлгий салбарт олгож, шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нараас 57375598 төгрөгийг төлсөн байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.А, Т.Н нараас 74501318,77 /далан дөрвөн сая таван зуун нэгэн мянга гурван зуун арван найман төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан Голомт банкны Баян-Өлгий салбарт олгож, илүү нэхэмжилсэн 57375598 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 901206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А, Т.Н нараас 901206 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Баян-Өлгий салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК