Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 182/2018/03029/И |
Дугаар | 001/ХТ2020/00307 |
Огноо | 2020-06-30 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2020/00307
“Р” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00436 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 996 дугаар магадлалтай,
“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Н-т холбогдох,
Төлбөр төлөгч “Х” ХХК-ийн төлбөрт битүүмжлэгдэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтан-Өлзийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтан-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтан-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь 3 хувьцаа эзмшигчтэйгээс “Р” ХХК нь 50 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн компанийн эрх барих дээд байгууллага бол хувьцаа эзэмшигчдийн хурал юм. Тус байгууллагын дүрмийн 7.6.11-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.10-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн эрх хэмжээний хэлцлийг батлах, зөвшөөрөл олгох ёстой байтал “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр нь эсэх, хувьцаа эзэмшигчийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Голомт банктай их хэмжээний хэлцэл хийсэн нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн байна. Энэ талаар бид 2018 оны 10 сарын дундуур мэдэж, эрх бүхий албан тушаалтанд нь гомдол гаргасан боловч хүлээн аваагүй.
“Х” ХХК нь хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэхгүй Голомт банкнаас 22 000 000 000 төгрөгийн зээл авч, барьцаанд нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6 444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэгт байрлах 5336 м.кв эзэмшлийн газрыг барьцаанд тавьсан байна. Зээлээ төлөөгүй тул Голомт банк шүүхэд хандсан байх бөгөөд “Х” ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч тус дүүргийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 653 дугаартай шүүгчийн захирамжаар “Голомт банк” ХХК-д 24 828 887 671 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн “Х” ХХК-ийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байна.
Энэ шийдвэрийн дагуу Голомт банк нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд бидний үйл ажиллагаа явуулж байгаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6 444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэгт байрлах 5 336 м.кв эзэмшлийн газрыг битүүмжлэн хураан авсан. Харин шүүхийн шийдвэрт ямар хөрөнгөөс ажиллагаа хийхийг захирамжлах хэсэгтээ заагаагүй, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн болохыг тэмдэглэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ажиллагаа явуулахдаа хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдалд байгааг ажиллагааны явцад тогтоох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байхад эдгээр нөхцөл байдлыг үнэлж үзэхгүйгээр хэргийн оролцогчийг зөв тодорхойлохгүйгээр ажиллагаа явуулж, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашиг ашгийг хөндөж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой баримтуудыг хууль зүйн хүрээнд нягталж шалгах үүрэгтэй байдлыг авч үзвэл барьцаалагдсан гэх, барьцаанд авагдсан гэх хөрөнгүүд, барьцаанд авсан гэх нөхцөл байдлыг тодруулах барьцааны гэрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн материалд авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдалд байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн газраас лавлагаа авсан ба энэ лавлагаатай танилцахад лавлагааг 2009 оны барьцааны гэрээ бүртгэлтэй болохыг тодорхойлсон байна. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны барьцаанд байгаа байр, газар нь 2016 онд хийгдсэн зээлийн гэрээний барьцаа гэж харагддаг. Үүнээс харахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь холбогдох баримтуудыг үзээгүй гэх үндэслэлтэй бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн байна.
Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Нрын 2018 оны 6 дүгээр сарын 19-ний өдрийн 1830072202 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “Х” ХХК-ийн үндсэн хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 40, 50 мянгат, Төмөрчний гудамж, 12 тоот хаягт байрлах 6 444 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Чингэлтэй дүүргийн нэгж талбарын 2/00331 дугаар бүхий 5 336 м.кв талбайтай газар эзэмших гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 653 дугаар шийдвэрээр “Х” ХХК-аас 24 828 887 671 төгрөг гаргуулж Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн. Төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг заасан бөгөөд үндэслэх хэсэгтээ Голомт банкны барьцаанд “Х” ХХК-ийн маргаан бүхий хоёр обьект байгааг дурдсан байдаг.
Уг шийдвэрийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 18300722 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх тухай тогтоолоор ажиллагаа үүсгэсэн. Төлбөр төлөгч Х ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40 мянгат, Төмөрчний гудамж, 12 тоот хаягт байрлах 6 444 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 2/0031 дугаарын бүртгэлтэй 5 336 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1830072200 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлээд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хураан авсан. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд 25 тэрбум төгрөгөөр харилцан тохиролцож 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор анхны дуудлага худалдаа, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар худалдан борлогдоогүй хөрөнгөд төлбөр төлөгч болон авагчийн саналыг үндэслэн 25 000 000 000 төгрөгт Голомт банк барьцааны хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлд авахыг зөвшөөрч, хариуцагч “Х” ХХК шилжүүлэхийг зөвшөөрсний дагуу эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож байр, газрыг Голомт банкны өмчлөлд шилжүүлсэн. Байр шилжүүлсэн гэрчилгээ хэрэгт авагдсан. Газрын асуудал нь шийдэгдэх шатандаа байгаа учир гэрчилгээ нь гарч амжаагүй, хэрэгт авагдаагүй байгаа.
Бид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль ёсны дагуу явуулсан бөгөөд ажиллагааны бүх шатанд “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Батбаяртай уулзаж, түүнийг оролцуулж явсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэхийг бид шалгах үүрэггүй. Мөн Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бол “Х” ХХК болон Голомт банк хоёр л байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн хөрөнгийн талаарх лавлагааг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсээс авсан. Харин тус лавлагаанд 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байгаа талаар бичигдсэн байсан. Гэтэл 2016 оны зээлийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй байна, үүнийг шалгах ёстой, барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх ёстой гэж нэхэмжлэгч үзээд байгааг ойлгохгүй байна. “Х” ХХК-ийн барьцааны хөрөнгө Голомт банкны зээлийн барьцаанд байгаа нь шийдвэрт тусгагдсаны дагуу ажиллагаа хийж байгаа.
Мөн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр мөн эсэх талаар бид дүгнэлт хийхгүй, энэ бол шүүхийн ажиллагаа, бид шүүхийн шийдвэрийг л биелүүлдэг. Нэхэмжлэгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргасан байдаг бөгөөд үүнийг холбогдох эрх мэдэл бүхий хүмүүс шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Битүүмжилсэн хөрөнгүүдийг чөлөөлж, “Голомт банк” ХХК-д үүргийн гүйцэтгэлийн оронд шилжүүлсэн, энэ шүүхийн асуудал дуусвал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүр мөсөн дуусахад бэлэн болсон байгаа, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00436 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д зааснаар Нарт холбогдох улсын бүртгэлийн Ү-2202004904 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж 12 тоотод байрлах 6444 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн нэгж талбарын 2/0031 дугаар бүхий 5336 м.кв эзэмшлийн газрыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай “Р” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч “Р” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 996 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтан-Өлзий хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00436 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 996 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх “Р” ХХК-ийн нэхэмжлэлийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд доорх нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийлгүй, улмаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Үүнд:
“Х”ХХК-иас 28 828 887 671 төгрөг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь доорх байдлаар хууль зөрчиж, хувьцаа эзэмшигч “Р” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байгааг анхан шатны шүүх тогтоогоогүй, улмаар үүнийг давж заалдах шатны залруулаагүй болно.
Төлбөр төлөгч “Х” ХХК-иас төлбөр гаргуулж “Голомт банк” ХХК-д олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 653 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг шүүх гаргахдаа: нэхэмжлэгч “Голомт банк”-ны “2016.12.20-ны өдөр ЗГ/8115100955 тоот зээлийн гэрээ, БГ/8115100955 тоот ипотекийн гэрээ байгуулсан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” гэсэн шаардлагыг, хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгчийн “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг тус тус үндэслэл болгосон. Энэхүү захирамжийг албадан биелүүлж, барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулахын тулд БГ/8115100955 тоот ипотекийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн тухай яригдах нь зүйн хэрэг.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг ЧД-ийн Улсын Бүртгэлийн Хэлтсээс 2018.08.31-ны өдөр 873 дугаар тоотоор авСан байх бөгөөд энэхүү лавлагаанд тухайн барьцаа хөрөнгөд 2009.02.23-ны өдрийн ЗГ/0199090024 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байгаа тухай дурдсан байна. Өөрөөр хэлбэл дээрх захирамжид дурдагдаж буй БГ/8115100955 тоот ипотекийн гэрээ Улсын бүртгэлд бүртгэлгүй, хүчин төгөлдөр бус байхад барьцаа гэх хөрөнгийг энэ агуулгаар нь шууд битүүмжилж, түүнээс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байгаа бөгөөд энэ утгаараа Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “хууль дээдлэх” зарчмыг зөрчиж байгаа болно.
Гэтэл шүүх шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль хэрэглэхгүй, магадлалд заасан барьцааны гэрээнд дүгнэлт өгөхгүй гэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэгжүүлэх боломжийг олгож байна.
Дээрх үндэслэлүүдээс дүгнэлт хийвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангаж төлбөр барагдуулах гол үндэслэл нь барьцааны хүчин төгөлдөр байдал. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тэр тохиолдолд л түүнд заасан хөрөнгүүдийг шууд хураах,битүүмжлэх эрх зүйн боломж бий болно.
Бусад тохиолдолд нийтлэг журмаар заавал үл хөдлөх хөрөнгө, газар гэхгүй бусад хөрөнгүүдээс төлбөр гаргуулах боломж нээлттэй гэсэн үг юм.
Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэл болгон Улсын бүртгэлийн Ү-2202004904-т бүртгэгдсэн “Х” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг газрын хамт хууль ёсны барьцаа гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж байгаа үйлдэл юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх зарчимд” тулгуурлахын тулд битүүмжлээд байгаа хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд тухайн ажиллагаанд оролцож байна уу, үгүй гэдгийг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл ямар хэмжээний хөрөнгийг битүүмжлэх гээд байгаа, энэ хөрөнгийг захиран зарцуулах, битүүмжлэх, үнийн санал өгөх эрх мэдэл нь төлбөр төлөгч компанийн Гүйцэтгэх захирлын эрх мэдэлд хамаарах асуудал мөн эсэх, эсвэл Хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурлаас түүнд эрх олгосон эсэх асуудлыг заавал нягтлах шаардлагатай.
Компанийн тухай хуулийн дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд “ 62.1.10-т их хэмжээний хэлцлийг батлах, 62.2.10-т эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тодорхойлох, 83.1-д “Гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл/байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.”, Их хэмжээний хэлцэлд 87.1-д” хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ... захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл.” хамаарна гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурлаас олгосон итгэмжлэл, зөвшөөрөл, шийдвэргүйгээр зөвхөн гүйцэтгэх захирлыг оролцуулсан нь Хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг зөрчих үндэслэл болсон бөгөөд түүнд дүгнэлт хийхгүй байгаа нь мөн л хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй байгаа үйлдэл болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг үндэслэл болгон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.07-ны өдрийн Дугаар 182/ШШ2019/00436 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 996 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Р” ХХК нь Нийслэлийн Нарт холбогдуулан төлбөр төлөгч “Х” ХХК-ийн төлбөрт битүүмжлэгдэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч “Р” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...төлбөр төлөгч “Х” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй, “Р” ХХК нь “Х” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, компанийн эрх барих дээд байгууллага нь Хувь нийлүүлэгчдийн хурал, Компанийн тухай хуулийн 62.1.10, тус компанийн дүрмийн 7.6.11.-д зааснаар Хувь нийлүүлэгчдийн хурал нь их хэмжээний хэлцлийг батлах эрхтэй. “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр нь 50 хувийн хувьцаа эзэмшигч “Р” ХХК-д мэдэгдэлгүйгээр, Компанийн тухай хууль, компанийн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр их хэмжээний хэлцэлд тооцогдох 22 800 000 000 төгрөгийн зээлийг авч, компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улмаар зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэр гаргуулсан байсан.
Эдгээр үйлдлүүд нь компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашг сонирхлыг ноцтой зөрчсөн байтал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа мөн л хууль зөрчиж барьцааны хөрөнгөөр бүртгэгдээгүй компанийн эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний талаарх саналыг компаниас аваагүй зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасан “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална” гэсэн заалтыг биелүүлээгүй, хүчин төгөлдөр бус барьцааны гэрээг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. ...Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн “Х” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан байна.
“Х” ХХК-иас 24 828 887 671 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 653 дугаар шийдвэрт Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгчөөс үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 40 мянгат, Төмөрчний гудамж, 12 тоот хаягт байрлах 6 444 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 2/0031 дугаарын бүртгэлтэй 5 336 м.кв талбайтай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1830072200 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хураан авч, улмаар төлбөр төлөгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаяраас үнийн санал авч, барьцааны хөрөнгийг 25 тэрбум төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр үнийг талууд тохиролцсон гэж үзэн, албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгосныг Голомт банк барьцааны хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлд авахыг зөвшөөрсөн үндэслэлээр төлбөр төлөгч 25 000 000 000 төгрөгт үнэлэн, эд хөрөнгөө шилжүүлэхийг зөвшөөрч, улмаар битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, байр, газрыг Голомт банкны өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.
“Х” ХХК нь 3 гишүүнтэй, нэхэмжлэгч “Р” ХХК нь компанийн нийт хувьцааны 50 хувийг эзэмшдэг, хувьцаа эзэмшигч болох нь “Х” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр нотлогдож байх тул тэрээр нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Харин нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байхад шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл төлбөрт төлөгч “Х” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад дуусах шатандаа орсон, нэхэмжлэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн гэх агуулгатай нэхэмжлэл гаргасан атлаа үүргийн гүйцэтгэлийг хангуулсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийг жагсаалтаас хасуулахаар шаардлагаа тодорхойлсон нь ойлгомжгүй, нэхэмжлэл логик дараалалгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Түүнчлэн шүүх хуралдаанаар маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, дуудлага худалдаа явагдсан, эд хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэх санал болгох ажиллагаа зэрэг шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааны талаар хэлэлцсэн боловч тухайн ажиллагаанд нэг бүрчлэн дүгнэлт хийлгүйгээр ойлгомжгүй, тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Хэрэг авагдсан баримтаар төлбөр төлөгч нь төлбөр авагчид төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байхад шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа эхлээд л хөрөнгийг битүүмжилсэн үйл ажиллагаа явуулсан,
Мөн “Х” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани болох талаар төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчид тайлбарлаж, энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байна./хх-87/
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.6.-д компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн үнийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтооно гэж, 83 дугаар зүйлийн 83.8.-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахаар зохицуулсан байхад шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас гадна холбогдох бусад хуулийн заалтыг анхаараагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хэргийг бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00436 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 996 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтан-Өлзийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтан-Өлзийгөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД