Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2020/0449

 

2020 оны 7 сарын 01 өдөр          Дугаар 128/ШШ2020/0449            Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:”МЧИЭ” ХХК

 Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч”МЧИЭ” ХХК гүйцэтгэх захирал ..шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай ”МЧИЭ” ХХКнь 2014 оноос хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн хүрээнд Өмнөговь аймгийн ******* сумын******* уул талбайд хайгуулын ажлыг хийж, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасны дагуу хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуул хийсэн талбайд ашиглалтын МV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд олборлолтын ажлыг эхлүүлээгүй байгаа билээ.

          Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дүгээр дүгнэлт гаргасан болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/75687 дугаар албан бичгийн хавсралтаар албан ёсоор мэдэгдсэн болно.

          Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дүгээр дүгнэлтийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн гаргасан гэх бөгөөд дүгнэлтийн 1 дэх хэсэгт “...“” ХХК-ийн эзэмшдэг МV-0******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв” гэсэн байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болох үндэслэлгүй юм.

          Учир нь манай компанийн зүгээс уг ******* дүгээр дүгнэлтэд дурдсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн нэг ч үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй үйл ажиллагаа явуулаагүй болно.

          Мөн түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дүгээр дүгнэлтийн үндэслэл болгож буй Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичигт”МЧИЭ” ХХК эзэмшдэг МV-0******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй гэх үндэслэл, эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэх нэг ч үндэслэл тогтоосон талаар санал, дүгнэлт байхгүй байхад тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль бус буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн дүгнэлт болсон байна.

          Манай компанийн зүгээс хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн хүрээнд Өмнөговь аймгийн ******* сумын******* уул талбайд хайгуулын ажлыг хийсэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу нөхөн сэргээлтийг хийж байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаагүй бөгөөд энэ нь аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн а/519 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээн авсан тухай актаар нотлогдоно.

          Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулах, тухайлбал ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах болон бусад шаардлагатай ажиллагааг хийхээр үүрэг болгосон боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь энэ талаар зохих ажиллагаа хийлгүй, тухайлбал ямар ч тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүхий нөхцөл тогтоогдоогүй, улмаар Ашигт малтмалын тухай хуульд тухайлан заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Санал хүргүүлэх тухай Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгийг тус тус үндэслэн”МЧИЭ” ХХК эзэмшдэг МV- 0******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргасан.

          “М” ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа нь эрсдэлтэй байгаа мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасны дагуу тухайн шийдвэр гарсан.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад товлож, товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ны .... дугаарын утас руу ___ дугаараас 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр залгаж тов мэдэгдэхэд “ойлголоо. Би ээлжийн амралтаа аваад одоо хөдөө байна гэхдээ 6 дугаар сарын 26-ны өдөр гэхэд хотод очсон байна. Тиймээс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааныг товлоход татгалзах зүйл байхгүй” гэж мэдэгдсэн байна.

          Үүний дараа шүүгчийн туслах 2020 оны 6 дугаар сарын 29-ний  өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.-д шүүх хуралдааны товыг сануулахад ойлголоо мэдэж байгаа гэсэн боловч 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасныг үндэслэн хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

          Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтээрээ”МЧИЭ” ХХКнь өөрийн эзэмшдэг МV-0******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэн”МЧИЭ” ХХК ашигт малтмалын ашиглалтын МV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн цуцлах саналыг Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Д.С*******т  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.

          Шүүх маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтийг дараах үндэслэлээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болголоо.

 

           Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 14-т “байгаль орчны аудит гэж байгаль орчны хууль тогтоомж, төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, стандартын хэрэгжилтийг хянаж, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх хараат бус үйл ажиллагааг”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг зохицуулах, энэ хуулийн 4.1.1, 4.1.4, 7.1.2-т заасан үнэлгээний үр дүн, тайланд дүгнэлт өгөх, үүрэг бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл /цаашид мэргэжлийн зөвлөл гэх/ ажиллана” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолын хавсралтаар “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ыг баталжээ.

          Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд ажиллах мэргэжлийн зөвлөл нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд дээрх журмын 9.1 дэх хэсэгт “Мэргэжлийн зөвлөл нь байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, хөгжлийн салбарын төлөөллийг оролцуулсан 10-с доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүд нь тухайн чиглэлээрээ 10-аас дээш жил ажилласан туршлагатай байна”, 9.2 дахь хэсэгт “Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь төр, төрийн бус болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдэх бөгөөд зөвлөлийн гишүүн өөрийн салбарын эрх ашгийг төлөөлж ажиллахгүй” гэж зохицуулжээ. Өөрөөр хэлбэл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл хөндлөнгийн, бие даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахыг хууль болон хэм хэмжээний актад нийцүүлэн зохих дүгнэлт гаргасан байх ёстой.

          Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргах гэх зохицуулалт нь дээрх “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-аар зохицуулагдсан харилцаанд нийцүүлэн зохих дүгнэлт гаргасан байхыг

шаардаж байна.

           Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-т “байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэжээ.

          Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирол нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар зохицуулагдсан байгаль орчны аудит болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, дүгнэлтээр тодорхойлогдож Ашигт малтмалын хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинг нөхөн сэргээх үүргийг хүлээдэг.

          Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтээрээ ...холбогдох баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад хамааралтай баримтад тулгуурлан зохих хурлаар хэлэлцэгдэж, судлан шинжлэгдсэн, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн бодитой дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй байна.

          Уг зүй нь ажлын хэсэг маргаан бүхий захиргааны акт гарах үед буюу 2018 оны 08 дугаар сард ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр бодит байдал ямар байсан, дүгнэлтийн үндэслэл болж буй баримтыг тал бүрээс бүрэн, бодитойгоор харьцуулсан үнэлгээг дүгнэлтдээ тусгаснаар гарч буй шийдвэр нь хууль ёсны болно.

          Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид оролцогч гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно” гэж заасны дагуу хариуцагч нь сөрөг үр дагавар бүхий шийдвэрийн үйлчлэл шууд чиглэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байна.

          Өөрөөр хэлбэл “” ХХК-д сөрөг нөлөө бүхий захиргааны шийдвэр болох 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгнэлт гаргах үйл ажиллагаанд уг аж ахуйн нэгжийг татан оролцуулж түүнд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэрийг гаргах ёстой юм.

          Нөгөөтэйгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагч Байгаль, орчин, аялал жуулчлалын яам нь “” ХХК-д 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтийг бичгээр хүргүүлж мэдэгдсэнээр уг дүгнэлт нь хүчин төгөлдөр болох ёстой.

          Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчийг маргаан бүхий дүгнэлт гаргах үйл ажиллагаанд оролцуулаагүйгээс гадна мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь нотлогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасны дагуу Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр дүгнэлт нь хууль бус болно.

          Аливаа этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь түүний хуульд нийцээгүй буруутай үйл ажиллагаа нь зохих журмын тогтоогдсон байх эрх зүйн нийтлэг зарчимтай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч”МЧИЭ” ХХК хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа нь зохих журмын дагуу тогтоогдсон тохиолдолд үр дагавар үүсэх бөгөөд, тухайн тохиолдолд, хариуцагч Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр дүгнэлт нь зөрчил тогтоосон захиргааны актын хувьд агуулга болон хэлбэрийн нийтлэг шаардлага хангаагүй байна гэж үзлээ.

          Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гаргах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй хэдий ч удирдамж, томилолтын дагуу хяналт, шалгалтыг эхлүүлэх, хяналт шалгалтын үндсэн дээр зөрчлийг тогтоох, ...мэдэгдэх, оролцоог хангах, гомдол гаргах боломжоор хангах зэрэг суурь зарчмуудыг төрийн эрх бүхий байгууллага баримтлах ёстой, ийнхүү хуулиар нарийвчлан журамлаагүй нь хяналт шалгалт хийлгүйгээр зөрчил тогтоох, эсхүл албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардах эрх олгосон гэх үндэслэлгүй юм.

           Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтэд дээр дурдсан Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгийг зэргийг хавсаргасан, харин дүгнэлт гаргасан А. Л.Эр, З.Ср, Н.Б, Н.Б, Т., Б.Снар хяналт, шалгалтыг хэзээ, хэрхэн явуулсан, хяналт шалгалтаар ямар зөрчил хэрхэн тогтоосон, зөрчил тус бүр нь аль хуулийн ямар заалтад нийцээгүй талаар огт дурдаагүй байх тул зөрчил тогтоогдсон гэж шүүх дүгнэх боломжгүй байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д ... /ашиглалтын/ тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж ...-д заасан үүргийг биелүүлнэ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 1-д ... /байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь/ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах-аар, 26 дугаар зүйлийн 1-д ... байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх-ээр, 27 дугаар зүйлийн 1-ийн 10-т ... /улсын байцаагч/ хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын лицензи, зөвшөөрөл, ... эрхийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх-ээр тус тус зааснаас үзэхэд, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, ... байгаль орчинд халтай хууль бус үйл ажиллагаа явуулсан нь мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчаас зохих журмын дагуу явуулсан хяналт, шалгалтаар тогтоогдсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үндэслэл болохоор байна.

          Түүнчлэн, төрийн эрх бүхий байгууллагаас зөрчил тогтоосон дүгнэлт гаргах талаарх ижил төстэй харилцааг зохицуулсан бусад хуулийн заалтуудыг авч үзвэл, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ... улсын байцаагч ... дүгнэлт бичих бөгөөд ... /дүгнэлт/ нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ, 34.4-т ... дүгнэлт нь нэгдсэн бүртгэл, дугаартай байна, Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д ... барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д улсын байцаагч нь ... дүгнэлт ...-ийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэх зэргээр хэлбэрийн шаардлагуудыг нийтлэг байдлаар зохицуулсан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөрчил тогтоосон дүгнэлтийн хувьд эдгээр шаардлагууд хамаарахгүй гэж дүгнэх боломжгүй.

          Тодруулбал маргаан бүхий акт буюу Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтийг судлан шинжлэгдсэн, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн бодитой дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй, ... Ажлын хэсэг маргаан бүхий захиргааны акт гарах үед буюу 2019 оны 8 дугаар сард ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр бодит байдал ямар байсан, дүгнэлтийн үндэслэл болж буй баримтыг тал бүрээс бүрэн, бодитойгоор харьцуулан /үнэлээгүй/ байна.

Иймд нэхэмжлэгч”МЧИЭ” ХХК гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 46 дугаар зүйлийн 46.1, 48 дугаар зүйлийн 48.1, Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11, 14, 15 дугаар зүйлийн 15.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.10, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч”МЧИЭ” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дүгээр дүгнэлтийг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.