Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2017/00169

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2017/00169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... оршин суух Т овогт Д.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...т холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр, хувь хүний орлогын албан татварын бичилтийг нөхөн хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бямбабаяр, хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.С, хариуцагчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Миний бие 2014 оны 5 дугаар сарын 07 ны өдрөөс эхлэн тус театрт бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Хөгжимт жүжгийн театр нь даргын 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/17, Б/22 тоот тушаалуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, байгууллагын дотоод журмын 2.1.3, удирдлагын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 30 ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 31 ний өдрийн хурлын тэмдэглэлүүдийг тус тус үндэслэж уг тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар байгууллагын бүтэц орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Гэтэл уг хуулийн заалтын дагуу бүтэц орон тоог цөөрүүлсэн тохиолдолд тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудаас ажлын ур чадвар, туршлага зэргийг нь харгалзан сонгон шалгаруулалт авах байтал нээлттэй сонгон шалгаруулалт зарласан мэтээр хувийн ашиг сонирхлын үүднээс өөр хүн авч ажиллуулсан. Иймд намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр, хувь хүний орлогын татварт нөхөн бичилт хийж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.С нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Д.Н-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөгжимт жүжгийн театр нь зорилго, зорилт, чиг үүргийнхээ хувьд уран бүтээл туурвидаг уран бүтээлийн байгууллага учир цаашид чанартай уран бүтээл туурвиж ажиллахын тулд зайлшгүй уран бүтээлчдийн тоог нэмэх шаардлагатай байсан. 2012 2013 онуудад уран бүтээлчдийн тоо боломжийн байхад 2014 2016 онуудад буурч аж ахуйн ангийн орон тоо нэмэгдэж аж ахуйн 2 ангитай болсон байдаг. Урлагийн байгууллага нь гол уран бүтээлчдээ гэрээгээр авч ажиллуулж байсан. Иймд ангиудтай уулзаж саналыг авсны дагуу 2017 онд уран бүтээлчдийн тоог 5 хүнээр нэмж аж ахуйн ангид зохион байгуулалт хийсэн. Энэ нь хууль дүрмийн дагуу явагдсан. Хөгжимт жүжгийн театр нь 2016 оны бүтэц орон тоонд 2016 оны 12 дугаар сараас хойш шинэчлэл хийж бүжигчин 10, дуучин 10, хөгжимчин 10, мөн аж ахуйн 1 ангитай болж хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтан 1, нярав жолооч 1, касс, ресепшин 1, сахиул 1 гэсэн орон тоотой болсон. Тус театрт архив, бичиг хэргээр ажиллаж байсан Д.Н-д албан мэдэгдэл өгөхдөө хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтны сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой талаар тусгасан ба хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтны сонгон шалгаруулалтын шалгалт авч байх үед Д.Н нь байсан бөгөөд шалгалтанд орохгүй гэсэн хариу өгч байсан. Энэ орон тоо нь хүний нөөцийн мэргэшил дээр тулгуурлаж байгаа учраас шаардлагад нийцэхүйц чадварлаг хүн шалгаруулах шаардлагатай байсан. Иймээс шаардлагад нийцсэн хүн сонгон шалгаруулалтаар авсан. Нэхэмжлэгч Д.Н нь архив, бичиг хэргийн ажил хийж байсан. Архив, бичиг хэргийн ажлыг хүний нөөцийн ажилтан хийгээд явах боломжтой учраас энэ хоёр албан тушаалыг нэгтгэсэн. Иймд Д.Н-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бямбабаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Н-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан байна. Орон тоо хасагдсан гэдэг 2017 оны шинэчлэн баталсан бүтэц орон тоонд архив бичиг хэргийн ажилтан байгаа учраас үүнийг орон тоо хасагдсан гэж үзэхгүй байна. Ажилтны орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр Г.С дарга Д.Н-г ажлаас чөлөөлсөн гэж ойлгож байсан. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолд орон тоог цөөрүүлсэн гэдгийг хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил албан тушаалаас тодорхой тооны албан тушаал хассаныг ойлгоно гэж заасан. Тэгэхээр бичиг хэргийн ажилтан, архивын эрхлэгч мөн хүний нөөцийн ажилтны ажлын байрны хувьд нэг ажлын чиг үүрэг гүйцэтгэдэг албан тушаал эсэх нь эргэлзээтэй байна. Төсвийн тухай хуульд заасан үндэслэлээр эрх хэмжээний хүрээнд 2017 оны төсвөө шинэчлэн баталж тушаал гаргасан байна. Энэ тушаалыг харахаар 2016 оны Б даргын баталсан төсөв, 2017 оны Г.С дарга хоёрын баталсан төсвийг харьцуулахад орон тоо нь 2016 онд 60, 2017 онд 61 ажилтантай байхаар байна. Үүнээс дүгнэхэд орон тоо хасагдсан гэх үндэслэл харагдахгүй байна. Үйлчилгээний ажилчдын орон тоог цөөрүүлээд уран бүтээлчдийн ажилчдын орон тоог нэмээд байгаа нь орон тоо цөөрүүлсэн гэж харагдахгүй байна. Иймд Д.Н-г Хөгжимт бүжгийн театрын архив, бичиг хэргийн эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28 ны өдөр хүртэлх цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Содномцэрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага, нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас халсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Хөгжимт жүжгийн театрын байгууллагын зорилго, зорилт дээр үндэслэж тухайн байгууллага дотроо байгаа бүтцийнхээ орон тоог хасаж, зарим орон тоогоо нэмж шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харагдаж байна. Хөгжимт жүжгийн театр нь соёл урлагаар үйлчлэх, өөрөө тодорхой хэмжээнд орлого олж төрийн санд төвлөрүүлж, энэ хөрөнгөнөөс ажилчдаа цалинжуулж ажилладаг байгууллага. Тийм учраас орлого олох байгууллагын нэр томьёонд дүйцүүлэх ийм нөхцөл байдал хэрэгтэй байгаа учраас соёл урлагийн ажилчдыг нэмэгдүүлэх шаардлага гардаг. Тухайн байгууллага оршин тогтнох үндэс, ард олонд соёл урлагаар үйлчлэх нөхцөл байдал бий болсон. Тиймээс 2017 оны хэмжээнд ашиг олдоггүй тухайн байгууллага сул орон тоонд ажиллуулахгүй, эдгээр сул орон тоо нь тухайн байгууллагад сөргөөр нөлөөлж байсан учраас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Дотоод аж ахуйн ангийн бүтэц орон тоог өөрчлөөд соёл урлагаар үйлчилдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлснээр байгууллагын ашиг орлого нэмэгдэх, ард түмэнд үйлчлэх боломж нь өргөн хүрээтэй болох нөхцөл байдал бий болсон учраас бүтэц зохион байгуулалтыг хуулийн хүрээнд хийсэн. Орон тоо хасагдсан гэх ойлголтыг аж ахуйн анги дээр бүтэц зохион байгуулалтыг түлхүү хийгээд үйлчилгээ үзүүлдэг салбаруудын ажилчдыг нэмэгдүүлэх болсон байна гэж харж байна. Тиймээс орон тоог цөөрүүлээгүй хассан гэж үзэж байгаа учраас Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоог хасагдсан гэсэн үндэслэлээр Д.Н-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна... гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр, хувь хүний орлогын албан татварт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.С нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Хөгжимт жүжгийн театр нь зорилго, зорилт, чиг үүргийнхээ хувьд уран бүтээл туурвидаг уран бүтээлийн байгууллага учир цаашид чанартай уран бүтээл туурвиж ажиллахын тулд зайлшгүй уран бүтээлчдийн тоог нэмэх шаардлагатай болсон. Тус байгууллага нь гол уран бүтээлчдээ гэрээгээр авч ажиллуулж байсан. 2017 онд уран бүтээлчдийн тоог 5 хүнээр нэмж аж ахуйн ангид зохион байгуулалт хийсэн. Энэ нь хууль дүрмийн дагуу явагдсан. Хөгжимт жүжгийн театр нь 2016 оны бүтэц орон тоог 2016 оны 12 дугаар сараас хойш шинэчилж хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтны 1 орон тоотой болсон. Тус театрт архив, бичиг хэргээр ажиллаж байсан Д.Н-д албан мэдэгдэл өгөхдөө хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтны сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой талаар тусгасан ба хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтны сонгон шалгаруулалтын шалгалт авч байх үед Д.Н нь байсан бөгөөд шалгалтанд орохгүй гэсэн хариу өгч байсан. Архив, бичиг хэрэг, хүний нөөцийн ажлыг нэг хүн хийгээд явах боломжтой учраас энэ хоёр албан тушаалыг нэгтгэж Д.Н-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй... гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Н нь Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтнаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 11 ний өдрийн Б/116 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.С нь 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/17 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгох тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, 43.1 дэх хэсэг, Байгууллагын дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.3, Удирдлагын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 30 ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 31 ний өдрийн хурлын тэмдэглэлүүдийг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч Д.Н-г тус театрын бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны албан тушаалаас чөлөөлсөн байна.

Хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.С нь нэхэмжлэгч Д.Н-г ажлаас чөлөөлсөн 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/17 тоот тушаалыг ажил хүлээлцэх комиссын нэр болон үг үсгийн алдаатай гарсан тул Алдааг засах тухай 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/20 тоот тушаалыг гаргасан байх бөгөөд уг алдааг засаад нэхэмжлэгч Д.Н-г тус театрын бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны албан тушаалаас чөлөөлсөн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгох тухай 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/22 тоот тушаалыг гаргахдаа мөн л Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, 43.1 дэх хэсэг, Байгууллагын дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.3, Удирдлагын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 30 ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 31 ний өдрийн хурлын тэмдэглэлүүдийг тус тус удирдлага болгосон байна.

Хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.С нь шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч Д.Н нь хүчингүй тушаалыг шүүхэд гаргаж өгсөн. Б/17 тоот тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдөр Б/20 дугаар тушаалаар хүчингүй болгосон... гэж тайлбарлаж байгаа боловч уг 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/20 тушаалд Б/17 тоот тушаалыг хүчингүй болгосон талаар дурдаагүй харин уг тушаалд гарсан алдааг засаж гаргах талаар дурдсан байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Д.Н-г ажлаас чөлөөлсөн 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгоогүй атлаа дахин тус өдөр нэхэмжлэгч Д.Н-г ажлаас чөлөөлсөн Б/22 тоот тушаалыг гаргасан байна.

Иймд хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.С нь 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/17, Б/22 тоот тушаалуудаар нэхэмжлэгч Д.Н-г 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрөөс тус театрын бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны албан тушаалаас чөлөөлсөн байна.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.Н нь ажлаас чөлөөлсөн 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/17 тоот тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдөр, 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/22 тоот тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 09 ний өдөр тус тус гардаж авсан болох нь зохигчийн тайлбар болон Завхан аймгийн Хөгжит жүжгийн театрын тогтоол захирамжийн бүртгэлээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 02 ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч Д.Н нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь гэсэн нэхэмжлэлийн загварын бланк дээр нэхэмжлэлээ бичиж Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүх уг нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 02 ны өдөр хүлээн аваад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж 2017 оны 03 дугаар сарын 06 ны өдрийн 391 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ...Би Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ бичихдээ тус шүүхээс өгсөн нэхэмжлэлийн загварын бланк нь дээр бичсэн болохоор анзаараагүй байна. Уг нэхэмжлэлийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гаргаагүй... гэсэн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Н-г Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны албан тушаалаас үндэслэлгүй халагдсан гомдлоо Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна гэж үзлээ.

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.С нь 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрийн Б/17, Б/22 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгох тухай тушаалууддаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байх бөгөөд үүнийгээ хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр бус орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр Д.Н-г тус театрын бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны албан тушаалаас чөлөөлсөн... гэж тайлбарлаж байгаа боловч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтцээс бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны ажил, албан тушаалын байр буюу орон тоо хасагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04 ний өдрийн Бүтэц шинэчлэн батлах тухай А/01 тоот тушаалд 2016 онд удирдлагын зөвлөл, уран сайхны зөвлөл, уран бүтээлийн 4 анги, захиргаа аж ахуй, үйлдвэр үйлчилгээний анги гэсэн ерөнхий бүтэцтэй нийт 60 орон тоотой ажиллахаар баталсан байх бөгөөд тушаалын хавсралтад бичиг хэрэг, архивын эрхлэгч, фондын ажилтны орон тоог 1 гэж тэмдэглэсэн, мөн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03 ны өдрийн Бүтэц шинэчлэн батлах тухай А/02 тушаалд 2017 онд Удирдлагын зөвлөл, уран сайхны зөвлөл, уран бүтээлийн 4 анги, Захиргаа аж ахуй гэсэн ерөнхий бүтэцтэй нийт 60 орон тоотой, 1 гэрээт уран бүтээлчтэй ажиллахаар баталсан байх бөгөөд уг тушаалын хавсралтад хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтны орон тоог 1 гэж тэмдэглэн улмаар Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлч, ажиллагсдын 2017 оны орон тоо, бүтэц, цалингийн сангийн жагсаалтад хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтны зэрэглэл, шатлал, цалингийн хэмжээг бичсэн байгаа болон хариуцагчийн ...Тус театрт архив, бичиг хэргээр ажиллаж байсан Д.Н-д албан мэдэгдэл өгөхдөө хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтны сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой талаар тусгасан ба сонгон шалгаруулалт явагдаж байхад Д.Н нь байсан бөгөөд шалгалтанд орохгүй гэсэн хариу өгч байсан... гэсэн тайлбар зэргээс үзэхэд тус байгууллагын бүтэц орон тооноос архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажил албан тушаалын байр үгүй болоогүй буюу хасагдаагүй болох нь нотлогдож байна гэж үзлээ.

Түүнчлэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын 2017 оны бүтэц шинэчлэн батлах тухай А/02 тоот тушаал нь 2017 оны 02 дугаар сарын 03 ны өдөр гарсан байхад бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны орон тоог хассан гэсэн үндэслэлээр тус албан тушаалд ажиллаж байсан Д.Н-г 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдөр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдөр тус байгууллага нь 2016 онд батлагдсан бүтцээр ажиллаж байсан байна.

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж заасны дагуу төсвийн шууд захирагчийнхаа бүрэн эрхийн хүрээнд батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан 2016, 2017 онуудад бүтэц шинэчлэн батлах тухай тушаалыг гаргаж байгаа болохоос бус тус байгууллагын батлагдсан цалингийн сан, орон тооноос архив, бичиг хэргийн эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны албан тушаалыг хассан талаарх эрх бүхий байгууллага ба албан тушаалтны шийдвэр гаргасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан...орон тоо хасагдсан... гэдгийг тухай байгууллагын батлагдсан цалингийн сан, орон тооны бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд өөрөөр хэлбэл Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын байгууллагын батлагдсан цалингийн сан, орон тооны бүтцээс архив, бичиг хэргийн эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны ажил, албан тушаалын байр үгүй болсон байхыг ойлгоно.

Тиймээс Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын архив, бичиг хэрэг, уран бүтээлийн фондын ажилтны орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ...орон тоо хасагдсан... гэсэн үндэслэлээр Д.Н-г ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Д.Н-г Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бичиг хэрэг, архив эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2 т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговоролгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам ын 7 д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох оор заасан байна.

Нэхэмжлэгч Д.Н-н сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо түүний 0717645 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн сүүлийн 3 сарын буюу 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 579543 + 677547 + 616104 = 1873194 : 3/сар/ = 624398 : 20 /19.57/ = 31219.9 /нэг хоногт/ төгрөг болж байна. Нэхэмжлэгч Д.Н-н ажилгүй байсан хугацааг 2017 оны 02 дугаар сарын 01 ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 08 дүгээр сарын 28 ны өдрийг хүртэл ажлын нийт 137 өдрөөр тооцож олговорт 4277126 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус зааснаар ...Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8, Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15, мөн Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр болох 2017 оны 06 дугаар сарын 26 ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 07 ны өдрүүдийг бүх нийтээр амрахаар заасан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж, мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 11.1.1 д заасан албан татварыг сар бүрийн эцэст ногдуулж, мөн хуулийн 24.1 д заасан хөнгөлөлтийг хасч, холбогдох төсөвт шилжүүлэх гэж заасны дагуу хувь хүний орлогын албан татварыг тус тус тооцон нэхэмжлэгч Д.Н-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Н-н шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 83384 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т овогт Д.Н-г Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Н-д ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4277126 төгрөгийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас гаргуулан олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар  Д.Н-н ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох нийт 4277126 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас улсын тэмдэгтийн хураамж 83384 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ӨЛЗИЙХИШИГ