Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00327

 

Г.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00631 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 877 дугаар магадлалтай,

Г.Чын нэхэмжлэлтэй,

Л.Нд холбогдох,

Иж бүрэн 6 ханатай гэр, гэр хөлсөлсний төлбөрт 1 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоогийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015.08.12-ний өдөр Г.Ч миний бие хамт ажиллаж байсан танил Л.Нд өөрийнх нь хүсэлтээр аргагүй байдлыг нь харгалзан үзэж өөрийн иж бүрэн гэрээ сар бүр 50 000 төгрөгөөр тооцон түрээсэлсэн бөгөөд тохиролцсон хугацаандаа түрээсийн мөнгөө өгөөгүй, утсаа авахгүй ирж уулзахгүй, гэрийг минь авчирч өгөхгүй, оргон зайлан олдохгүй болсон тул одоо Л.Нгээс иж бүрэн гэрээ олж авах түрээсийн мөнгөө тохиролцсон ёсоор тооцож гаргуулж авахаар нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Н шүүхэд болон төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н, Г.Чоос 2015 оны 08 сарын 12-ны өдөр 6 ханатай, шалгүй цагаан бүрээсгүй, эвдэрхий хаалгатай хуучин гэрийг 700 000 төгрөгөөр худалдаж авахаар ярилцаад, авсан нь үнэн. Би тухайн үед боломжгүй байсан учир гэрийг нь авч яваад мөнгийг нь төлөөгүй. Чинтогтохтой гэр түрээслэх тухай яриагүй, шууд худалдаж авахаар тохирсон атал надаас түрээсийн 1 800 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Харин түүний хуучин гэрийг авсан нь үнэн учраас анх тохирсон 700 000 төгрөгийг нь төлнө, нэмж мөнгө төлөхгүй. Тухайн үед Чинтогтох надад хуучин гэр өгсөн учир би түүнд шинэ гэр өгөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас тухайн үед худалдаж авсан гэрийн үнэ 700 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа тул илүү нэхэмжилж буй шинэ гэр болон түрээсэнд тооцсон 1 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00631 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Л.Нгээс 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Чын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Нгээс

1. Гэрийн арван есөн ширхэг эсгий бүрээс

2. Гэрийн дотуур шинэ хөшиг /эрээн судалтай/

3. Гэрийн шинэ хулдаасан дэвсгэр

4. Гэрийн иж бүрэн дрожон дэвсгэр /том жижиг таван ширхэг/

5. Зуух, яндан

6. Гэрийн шинэ тооно

7. Гэрийн бүрэн оосор бүч

8. Гэрийн гурван ширхэг бүслүүр /гадуур/

9. Аргалын дөрвөлж

10. Түлшний дөрвөн ширхэг урт мод

11. Нэг ширхэг модон ор, хоёр ширхэг төмөр орыг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Чод олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 113 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Нгээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Чод олгож шийдвэрлэжээ.   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 877 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00631 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар хариуцагч Л.Нгээс 6 ханатай гэр, гэр хөлсөлсний төлбөрт 1 800 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Чод олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...70 200 төгрөг” гэснийг “113 950 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Чоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд, талуудын хооронд нэхэмжлэгчийн тайлбарласнаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласнаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэдэг нь аль аль нь тогтоогдохгүй байна. Харин хариуцагч нь нэхэмжлэгчээс гэр хүлээн авсан талаар маргаагүй, нэхэмжлэгч нь гэрийг нь буцаан гаргуулах, хариуцагч гэрийг өгөхийг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагчаас 6 ханатай иж бүрэн гэрийг бодит байдлаар гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж тодорхойлж, харин дараах үйл баримтуудыг үндэслэн, гэр хөлсөлсний үнэ 1 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хэрэгт хариуцагчийн гараар бичсэн 2 өөр агуулгатай баримт авагдсан.

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Чинтогтохоос гэр авсны үнэд 1 сая төгрөг, 1 айлын газраа өгнө” /ХХ-6/ гэх мөн хэргийн 7 хуудсанд авагдсан баримтанд “Чинтогтох ахаас авсан гэрийн үнэ 1 сая төгрөгийг 2017 оны 02 сарын 20-ны дотор тоот дансанд шилжүүлж өгнө” гэх 2 баримтаас харвал талуудын хооронд гэрийг үнэ тохирч зараад, үнийг хэзээ хэрхэн төлөхийг тохиролцсон агуулгатай баримт байна.

Хэргийн 8 хуудсанд "Лхагва Нэргүй би 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Чинтогтох араас гэр авсан нь үнэн. Түрээс 50 000 төгрөг авсан үнэн болно”... гэх дээрх бичгүүдтэй агуулгын хувьд зөрүүтэй гар бичмэл баримт авагдсаныг шүүхээс өөр агуулгатай баримтууд хэрэгт цугларсан байх бөгөөд талуудын гэр өгсөн авсан асуудалд маргахгүй байгааг хариуцагчийг бусдын хөрөнгийг үндэслэлгүй хөрөнгөжих замаар олж авсан гэж дүгнэн, 00631 дугаар шийдвэрээр хариуцагч Л.Нгээс зургаан ханатай иж бүрэн гэр гаргуулан, нэхэмжлэгч Г.Чод олгож, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх 37 сарын хугацаанд гэр хөлсөлсний үнэ 1 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэр-Од 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргасныг 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд, 877 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

“Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.5-д зааснаар хариуцагч Л.Нгээс 6 ханатай гэр, гэр хөлсөлсний төлбөрт 1 800 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г.Чод олгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхээс энэ шийдвэрийг гаргахдаа хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан “2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчээс 6 ханатай гэр авсан, түрээс 50 000 төгрөг авсан нь үнэн болно” гэсэн баримтыг үнэлж шийдвэрлэсэн хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Учир нь хавтаст хэргийн 6, 7 дугаар хуудсанд талуудын хооронд 6 ханатай гэрийг 1 сая төгрөгөөр үнэ тохирч зарсан бөгөөд үнийг хугацаа тохирч төлөхөөр илэрхийлсэн хариуцагчийн гарын үсэгтэй баримтуудыг давж заалдах шатны шүүхээс үнэлээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс нэгтэйгүүр худалдах-худалдан авсан баримт, нөгөөтэйгэйгүүр эд хөрөнгө хөлсөлсөн баримтууд зэрэг авагдсан учир талуудын тайлбар нотлогдохгүй байна. Харин 6 ханатай гэр авсан өгсөн асуудал маргаангүй байгаа нь мөн хариуцагч гэрийн үнэнд анх тохирсон 1 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа зэргийг бодитоор үнэн зөв үнэлж, хариуцагчийн бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих замаар олж авсан байна гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 877 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Ч Л.Нд холбогдуулан иж бүрэн 6 ханатай гэр, гэр хөлсөлсний төлбөрт 1 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч гэрийн үнэд 700 000 төгрөгийг өгнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс түрээсийн төлбөрт 1 800 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэрийн эсгий бүрээс, хөшиг, дэвсгэр, зуух, яндан, тооно, оосор, бүч, бүслүүр, аргалын дөрвөлж, түлшний мод, модон болон төмөр ор зэрэг хөрөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 6 ханатай гэр, гэр хөлсөлсний төлбөрт 1 800 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал: Нэхэмжлэгч нь хариуцагчаас иж бүрэн гэр, 1 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцагч гэрийн үнэд 700 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх шүүх хуралдаанаар мэтгэлцээгүй, эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, шүүх хуралдаанаар мэтгэлцсэн нотлох баримтад үндэслэн гарах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  хариуцагчаас 6 ханатай гэр, гэр хөлсөлсний төлбөрт 1 800 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ маргаантай үйл баримтыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ямар нотлох баримтыг хэрхэн үнэлсний талаар магадлалд заагаагүй байна. 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой.

 Нэхэмжлэгч нь иж бүрэн гэр хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагчийн “...шалгүй, цагаан бүрээсгүй, эвдэрхий хаалгатай... гэр авсан...” гэх тайлбарыг үгүйсгэсэн, няцаасан талаар хэрэгт баримтгүй байхад маргаантай үйл баримтыг шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, маргааныг эцэслэн шийдвэрлэлгүйгээр хариуцагчаас 6 ханатай гэрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, 6 ханатай гэр гэдэгт ямар бүрдэл хамаарах, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүйгээс хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийг өөр өөрөөр тодорхойлж шийдвэрлэсэн, нэхэмжлэлд заасан иж бүрэн гэр гэдэгт гэрийн ямар бүрдэл хамаарах /гэрийн мод, дээвэр, туурга, бүрээс, тавилга зэрэг бүгд орох эсэх/, энэ нь 6 ханатай гэр /тавилгагүй, гэрийн мод, бусад бүрдэл хэсэг г.м/ гэдгээр тодорхойлогдох эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн үндэслэл тодорхойгүй  байна.

Эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй байтал шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй материалыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5., 63 дугаар зүйлийн 63.1.2., 65 дугаар зүйлийн  65.1.11. дэх заалтуудыг зөрчжээ.

 Дээр дурдсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засуулахгүйгээр хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00631 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 877 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоогийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоогоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД