Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 3239

 

                            

 

 

 

                                  

      

20                             2020        09          21

 

 

 

 

                           

 

                           101/ШШ2020/03239

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Ч нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Н холбогдох

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу олгосон гэх иж бүрэн гэр гаргуулах, уг гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015.08.12-ны өдөр Чминий бие хамт ажиллаж байсан танил Нөөрийн нь хүсэлтээр аргагүй байдлыг нь харгалзан үзэж өөрийн иж бүрэн гэрээ сар бүр 50,000 төгрөгөөр тооцон түрээсэлсэн бөгөөд тохиролцсон хугацаандаа түрээсийн мөнгөө өгөөгүй, утсаа авахгүй, ирж уулзахгүй, гэрийг минь авчирч өгөхгүй, оргон зайлан олдохгүй болсон тул одоо Н иж бүрэн гэрээ олж авах, түрээсийн мөнгөө тохиролцсон ёсоор тооцож гаргуулж авахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгч тусална уу гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н 6 ханатай иж бүрэн гэр гаргуулах, уг гэрийг хөлсөлсний төлбөрт 1,800,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Н гэгч нь гэр авснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн гэрийг маань өгөхгүйн тулд “шалгүй, эвдэрхий хаалгатай, цагаан бүрээсгүй гэр авсан” гэж тайлбарыг шүүхэд өгдөг. Гэрт шал байхгүй байсан нь үнэн. Гэхдээ шал хэрэггүй байсан. Учир нь битүү эсгий, хивсэнцэр, хулдаасан дэвсгэртэй байсан. Хаалга нь эвдэрхий байгаагүй. Шинэ цагаан бүрээс авч өгсөн байсан. Гэрийг өгөхөд 3 цагаан бүрээс байсан. Тодруулбал: Гадуур цагаан бүрээс шинэ, хуучин, дотор цагаан цаваг байсан. Н гэрийг маань авч яваад алга болсон. Арай хийж олж уулзахад “гэрийг чинь өгнө” гэж 3 удаа тайлбар бичиж өгөөд алга болсон. Ингээд шүүхэд өгөхөд “шалгүй, эвдэрхий гэр авсан” гэж хэлдэг. 2015.08.12-ны өдөр гэр хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч бичиг хийж өгч, гарын үсгээ зурж өгсөн. Дахиад олж уулзахад мөн л гэрийг маань өгнө гэж бичиг хийж өгсөн. Түүний бичиж өгсөн бүх баримт хэрэгт байгаа. Ингэж зугтаж зайлсхийсээр 5 жил болж байна. Н нь анхнаасаа эрүүгийн шинжтэй залилан мэхлэх үйлдэл гаргаж байсан байна. Одоо шүүхээс шийдвэр гарсан ч гэсэн биелэгдэх боломжгүй байна. Тиймээс түүний гэрийг 700,000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн тайлбарыг тодруулмаар байна. Хүний хөрөнгийг авчхаад өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд буцааж өгөөгүй байхад гэр гаргуулах шийдвэр гараад нэмэргүй байна. Би юу юу хүлээлгэж өгснийгөө жагсааж бичсэн баримтыг шүүхэд өгсөн. Жагсаалтын дагуу эд хөрөнгийн үнийг нь тооцоход 3 сая төгрөгөөс ч давна. Гэхдээ үнэлүүлэх нь зүйтэй байх. Гэвч миний нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг шүүх хүлээж авсангүй.  Үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэж найдаж байна. Хариуцагч хэргийг өөрийнхөөрөө шийдвэрлүүлж чадаж байна. Анхныхаа өгсөн мэдүүлгээрээ л зүтгэж байна. Энэ өгсөн тайлбарыг нь би няцааж тайлбар хэлсэн. Иргэн хүн хуулийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Хуулийн байгууллага хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Тодорхойгүй зүйлийг Дээд шүүхээс тодорхойлж өгсөн байхад шууд хөнгөн байдлаар шийдвэрлүүлмээргүй байна. Учир нь би бүхэл бүтэн амьдарч байсан гэр орноороо хохирсон. Зүгээр хүний ярьсан яриагаар хэргийг шийдвэрлэвэл биелэгдэх боломжгүй шийдвэр гарах юм байна гэж харж байна. Гэрийг ачуулсан хүн болох С.Эн тайлбар дээр бүгд тусгагдсан байгаа. Би ямар ч нотлох баримтгүй худал юм бичээгүй. Иж бүрэн гэр л гаргуулахаар шаардсан. Гэрийн дотор юу юу байсныг одоо тодорхой мэдэхгүй санахгүй байна. Иж бүрэн гэр л гаргуулмаар байна. Бүхэл бүтэн гэрээрээ хохирсон хүн шийдвэрээ зөв гаргуулахыг л хүсэж байна. Хүний юмыг авчхаад ямар ч сэтгэлгүйгээр өгөхгүй байгаа нь эрүүгийн шинжтэй үйлдэл болно шүү гэдгийг хэлмээр байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилснийг шүүх хүлээж авахаас татгалзсан захирамжид гомдол гаргах эрхтэй гэж бодож байна. Иргэний хэрэгт хэдийгээр хэргийн оролцогч нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй ч гэсэн шүүх шударга ёсны зарчмыг баримталж ажиллах ёстой. Яагаад иргэн хүнийг хохироох талаас нь хандаад байгааг ойлгохгүй байна. Шүүгчийн бидэнд гаргаж байгаа зан байдлаас харагдаж байна. Нэхэмжлэгч талаас гэрч асуулгах хүсэлтийг хэргийн материалтай танилцаад гаргахад шүүгчийн туслах авахгүй гэж хэлсэн. Гэтэл одоо гаргахад хангахаас татгалзаж байгаа нь хүсэлтийг маань авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна.  Нэгэнт хэргийг одоо бүхлээр нь шийдвэрлэх гэж байгаа бол нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хангах хэрэгтэй гэж үзэж байна. Нгэр өгсөн нь үнэн. Өгөхдөө түрээслүүлэхээр өгсөн гэдэг нь тодорхой байхад нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Гэрийг сарын 50,000 төгрөгөөр түрээсэлсэн гэдгийг баталсан хариуцагчийн өөрийнх нь гараар бичиж өгсөн баримт хэрэгт байгаа. Тодруулбал: “гэр байхгүй болсон тул 1 сая төгрөг төлнө, түрээсийн төлбөрт газраа өгнө” гэж хариуцагч Н өөрөө зөвшөөрч гарын үсэг зурж баримт үйлдэж өгсөн байна. Эдгээр баримтуудаас харвал эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ нь баримтаар нотлогдож байна. Улсын дээд шүүхээс “иж бүрэн гэр гэдэг нь нотлогдохгүй байна” гэж дүгнэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон учраас хариуцагчийн гэрийн үнэд мөнгө өгнө гэсэн тайлбарын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримт болох гэрийг ачуулсан хүн болох С.Энхжаргалыг гэрчээр асууж өгөхийг шүүхээс дахин хүсэж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Хариуцагч Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Г.Чс 2015 оны 08 сарын 12-ны өдөр 6 ханатай, шалгүй, цагаан бүрээсгүй, эвдэрхий хаалгатай хуучин гэрийг 700,000 төгрөгөөр худалдаж авахаар ярилцаад, авсан нь үнэн. Би тухайн үед боломжгүй байсан учир гэрийг нь авч яваад, мөнгийг нь төлөөгүй. Г.Чой гэр түрээслэх тухай яриагүй, шууд худалдаж авахаар тохирсон атал надаас түрээсийн 1,800,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Харин түүний хуучин гэрийг авсан нь үнэн учраас анх тохирсон 700,000 төгрөгийг нь төлнө, нэмж мөнгө төлөхгүй. Тухайн үед Ч надад хуучин гэр өгсөн учир би түүнд шинэ гэр өгөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас тухайн үед худалдаж авсан гэрийн үнэ 700,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа тул илүү нэхэмжилж буй шинэ гэр болон түрээсэнд тооцсон 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1/ Нэхэмжлэгч Г.Чын нэхэмжлэлд шаардсан түрээсийн 1,800,000 төгрөгийн тухайд талуудын хооронд эд хөрөнгө  хөлслөх гэрээний харилцаа үүссэнийг тогтоох нотлох баримт хэрэгт авагдаагүй. 2/ Иж бүрэн гэр авна гэдэг шаардлагын тухайд хариуцагч Н хүлээн авсан болон хүлээлцсэн баримт үйлдэгдээгүй. Гэрийн бүрдэлд анх хүлээлгэж өгөх үед ямар эд зүйлс байсныг тогтоосон, дурдсан баримт хэрэгт авагдаагүй. 3/ 2 өөр нэхэмжлэлийн шаардлагад хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамж бүрэн төлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл анх шүүхэд хандахдаа зөвхөн 1,800,000 төгрөгийн 43,750 төгрөг төлсөн, нөгөө шаардлага буюу иж бүрэн гэр, эд зүйлийнхээ шаардлагад тэмдэгтийн хураамж төлөөгүй нь нэхэмжлэлийн бүрдэл хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй, мөн хуулийн зөрчилтэй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хурлыг эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Чнь эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу олгосон гэх иж бүрэн гэр гаргуулах, уг гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н нь гэр авсан талаар маргаагүй боловч энэ нь 700,000 төгрөгийн үнэ бүхий худалдах худалдан авах гэрээ байсан тул 700,000 төгрөгийг зөвшөөрнө, эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч нь хариуцагч талаас нэмэлт тайлбар авах хүсэлт, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гэрч асуулгах, шинжээч томилох хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай тайлбарласан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтүүд болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авах эсэхийг хэлэлцэж, тус тус хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Энэ үед нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулснаас хойш хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн 8 дугаар талд цэнхэр өнгийн бэхээр, гараар “2015-08-12-нд иргэн Ч ахаас 6 ханатай гэр авсан. Түрээс 50,000 авсан. Н” гэсэн баримт авагдсан. Энэхүү баримтыг хариуцагч Н үйлдсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6576 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 40-41 дүгээр тал/

Иймд дээрх баримтад дурдсанаар 6 ханатай гэрийг хариуцагч хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн “түрээс 50,000” гэж бичигдсэн байх тул тухайн үед зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Түүнчлэн дээрх агуулга бүхий баримтыг хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гараар бичиж өгсөн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан. Харин хариуцагч нь уг 2016-10-26 гэсэн баримтын талаар маргасан тайлбар, баримт хэрэгт авагдаагүй тул эдгээрийг хариуцагч үйлдсэн гэж үзнэ. /хэргийн 6-7 дугаар тал/

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болоход хөлслөгч нь гэрээний зүйлийг хөлслүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

Гэвч хэргийн 6-8 дугаар талд байгаа баримт, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг харьцуулан үзвэл эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох 6 ханатай гэрийг буцаан өгөх боломжгүй болж, улмаар 1,000,000 төгрөгийг газар эзэмших эрхийн хамт төлбөрт тооцож өгөхөөр зохигчид тохиролцож байсан гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа 6 ханатай гэрийн бүрдэлд ямар ямар эд зүйл хамаарах талаар тодруулсан. /хэргийн 123 дугаар тал/

Энэхүү жагсаалтад модон болон төмөр ор, тогоо зэрэг гэр дотор байрлах зарим эд зүйлийг оролцуулан тооцсон байна. Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15606 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаас харахад гэр дотор байрлах эд зүйлийн талаар нэхэмжлэл гаргаагүй, энэ талаарх маргаанд иргэний хэрэг үүсгэгдээгүй байна. Иймд гэр доторх эд зүйлийн талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Хариуцагч нь маргаж буй гэрийг шалгүй байсан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шалгүй гэдгийг зөвшөөрсөн.

Харин хариуцагч нь цагаан бүрээсгүй, хаалга эвдэрхий гэж, хариуцагчийн төлөөлөгч нь эд зүйлийг хүлээн аваагүй гэж тус тус маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй.

Мөн хариуцагч нь анх гэрийг 700,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй бөгөөд хариуцагчийн энэхүү тайлбар нь дээр дурдсан хэргийн 8 дугаар талд байх баримтад “гэр авсан, түрээс 50,000” гэж дурдсанаар үгүйсгэгдсэн.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас шалгүй 6 ханатай гэрийн иж бүрдэлд нэхэмжлэгчийн тодорхойлсноор гэрийн унь-83 ширхэг, гэрийн хана-6 ширхэг, гэрийн тооно-1 ширхэг /шинэ/, гэрийн хаалга-1 ширхэг, гэрийн гадуур бүслүүр-3 ширхэг /шинэ/, гэрийн дотуур бүслүүр-2 ширхэг, гэрийн хаяавч-1 ширхэг /шинэ/, гэрийн хөшиг-1 ширхэг /шинэ/, эсгий туурга-4 ширхэг, эсгий дээвэр-2 ширхэг, эсгий цаваг-2 ширхэг, эсгий дэвсгэр-3 ширхэг, эсгий өрх-1 ширхэг /шинэ/, дээвэр туурганы оосор бүч бүрэн, гадуур цагаан бүрээс-2 ширхэг /шинэ, хуучин/, дотуур цагаан бүрээс- 1 ширхэг, гялгар цаасан бүрээс-1 ширхгийг тус тус гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хөлслүүлэгч нь эд хөрөнгийг тодорхой хугацаанд хөлслөгчид шилжүүлэх, хөлслөгч нь гэрээний хугацаанд хөлс төлөх үүргийг хүлээнэ.

 

Зохигчид анх гэр хүлээлцэх үедээ гэрээний хугацааны талаар тохиролцоогүй, хэргийн 8 дугаар талд байх баримтаар эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой хугацаа заалгүй байгуулсан байна. Иймд хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч нь гэрийг хүлээлгэн өгснөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хөлс нэхэх эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 36 сар, 23 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Иймд сарын 50,000 төгрөгөөр тооцож, 36 сарын хугацааны хөлсөнд 1,800,000 төгрөг нэхэмжилснийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Н шалгүй 6 ханатай гэрийн иж бүрдэлд нэхэмжлэгчийн тодорхойлсон гэрийн унь-83 ширхэг, гэрийн хана-6 ширхэг, гэрийн тооно-1 ширхэг /шинэ/, гэрийн хаалга-1 ширхэг, гэрийн гадуур бүслүүр-3 ширхэг /шинэ/, гэрийн дотуур бүслүүр-2 ширхэг, гэрийн хаяавч-1 ширхэг /шинэ/, гэрийн хөшиг-1 ширхэг /шинэ/, эсгий туурга-4 ширхэг, эсгий дээвэр-2 ширхэг, эсгий цаваг-2 ширхэг, эсгий дэвсгэр-3 ширхэг, эсгий өрх-1 ширхэг /шинэ/, дээвэр туурганы оосор бүч бүрэн, гадуур цагаан бүрээс-2 ширхэг /шинэ, хуучин/, дотуур цагаан бүрээс- 1 ширхэг, гялгар цаасан бүрээс-1 ширхэг, эд  хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Чд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 113,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 113,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД