Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Ж.Батхуяг,                                

            хохирогч Ё.Ариунтунгалаг,

            шүүгдэгч С.Эрдэнээ, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигин овогт Санжийн Эрдэнээд холбогдох 201626030970 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 50 настай, тусгай дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 28 дугаар байрны 5 тоотод бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 11-р хороо, И Тэ Жүн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд түр амьдарч байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 150.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигин овогт Санжийн Эрдэнээ /РД: ЦД66052904/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

 

Шүүгдэгч С.Эрдэнээ нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И Тэ Жүн цэцэрлэгт хүрээлэнд Ё.Ариунтунгалагтай цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгэн дээр гишгэлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож хохирогч Ё.Ариунтунгалагийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

                                         

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Эрдэнээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 06 дугаар сарын 25-ны оройн 19 цагийн орчим би гэртээ байж байгаад цэцэрлэгт хүрээлэнгээ шалгах гээд гэрээсээ гараад харахад Цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон зүлгэн дээр улаан палажтай эмэгтэй зогсож байхаар нь хөөе гэж дуудсан чинь над руу харсан. Тэгэхээр нь би гараараа талбайгаас гар гэж хэлсэн чинь тэр эмэгтэй би юу гэж өөр рүүгээ гараараа заахаар нь тийм гэж хэлсэн чинь улаан палажтай эмэгтэй надад чанга дуугаар чи яагаад намайг хөөгөөд байгаа юм, хэн ч мэдэгдэхгүй хар авгай яагаад хүн загнаад байгаа юм, би өөрийнхөө эрхийг эдэлж байна хөдөөнөөс ирсэн хаяггүй, мэдлэг боловсролгүй халтаасан хар авгай гээд хэл амаар доромжлоод байхаар нь чи наад талбайгаасаа гарчих өнөөдөр наад зүлгийг чинь тэгшилсэн байгаа чамайг зүлгэн дээр яваад байхаар хүмүүс дагаад зүлгэн дээр яваад байдаг гэж хэлсэн чинь миний үгийг хүлээж авахгүй байсан. Тэгэхээр нь би гэртээ орсон. Гэтэл Ариунтунгалаг миний хойноос гэрийн үүдэнд ирээд хөөе муу хар авгай минь бичиг баримтаа шалгуул гэхээр нь гэр оронд хэрүүл хийхгүй шүү гэж хэлээд гэрээсээ гараад тэр эмэгтэйг жаахан холдуулсан чинь тэнэг гичий чамайг чамтай адилхан тэнэг гичий төрүүлсэн байгаа гэж хэлэхээр нь миний уур хүрээд гараараа нэг удаа нүүрэн тус газар нэг удаа савж цохисон. Тэгтэл Ариунтунгалаг газар хөлөө жийгээд суучихаад намайг зодчихлоо гээд орилоод байхаар нь Цагдаагийн 102-т дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирэхээр нь болсон зүйлийг хэлсэн. Тухайн үед би гар утсаа барьсан байсан тул бичлэг хийгдсэн байсан. Цэцэрлэгт хүрээлэнд байсан хүмүүсээс уучлал гуйгаад хашаанаас гаргасан. Ариунтунгалагийн газар унасан нүдний шилийг хайгаад олоогүй. Тэгээд бид нар Цагдаагийн хэлтэс дээр очсон. Харин дараа нь Ариунтунгалагийн сууж байсан газраас нүдний шилийг олсон. Би цэцэрлэгийн үйлчлэгч хийдэг. Би Ариунтунгалагийг хөл нүцгэн зүлгэн дээр явж байхыг харсан. Би болсон зүйлүүдийг бүгдийг үнэн зөв мэдүүлсэн бөгөөд хохирол төлбөрт 184.000 төгрөг төлсөн. Ариунтунгалагийн хамарнаас цус гарч байхыг хараагүй. Харин хамрын хажуунаас өнгөтэй шүүс гарч байхыг л харсан. Тухайн үед надад ямар нэгэн гэр бүлийн маргаан байгаагүй. Манай цэцэрлэгт хүрээлэнд зүлэг ногооны хажуугаар явган хүний засмал замтай. Мөн зүлэг тойрсон 30 ширхэг сандалтай гэв.

Хохирогч Ё.Ариунтунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болсон өдөр би Нийгмийн эрүүл мэндийн олон улсын сургалтанд суугаад 17 цагт тараад такси бариад Зайсан скуэрын нэг давхраас гоо сайхны бараа худалдан авалт хийхээр очоод буцаад гарч такси бариад явах гэсэн боловч такси олдохгүй байсан. Тэгтэл хөл өвдөөд байхаар нь ар талд  Цэцэрлэгт хүрээлэн байхаар нь цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар ороход ном хэлбэрийн танилцуулга байсан. Түүнийг уншиж үзэхэд бүх иргэд амарч зугаалж болно гэж англи болон монгол хэлээр тодорхой бичсэн байсныг уншиж танилцаад хойд талын сандал дээр очиж суусан. Тэгээд гутлаа тайлаад зүлгэн дээр хөл нүцгэн гишгээд явж байсан. Цэцэрлэгт хүрээлэн гэдэг нь миний бодлоор ногоон зүлэг дээр гишгэж, хэвтэж амарч байх зориулалттай байдаг гэж боддог. Тухайн үед цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй тооны хүмүүс  хүүхдээ дагуулсан байсан. Тэгээд би хөл нүцгэн зүлгэн дээр голд нь зогсож байсан. Би Эрдэнээг тухайн байгууллагын ажилтан гэж мэдээгүй. Харин хүүхдээ салхилуулаад явж байгаа хүн л гэж бодсон. Гэтэл тухайн байгууллагын ажилтан гэхээргүй ажлын хувцас болон үнэмлэхгүй энгийн хувцастай хүн байсан. Шаардлага тавих эрх бүхий хүн биш байна гэж харагдаж байсан. Гэтэл гэнэт нэг хүн орилоод загнаад байхаар нь гайхаад тоогоогүй. Нилээд удаан орилоод байхаар нь би эргэж хараад би юу гэж асуухад тийм чи гээд хараал хэлээд байсан. Тухайн хэрэг 3 сарын өмнө болсон тул зарим зүйлийг сайн санахгүй байна. Би яагаад намайг зайл гээд байгаа юм гэхэд Эрдэнээ  би энд ажилладаг гэж хэлсэн. Тэгэхээр нь ажлынхаа үнэмлэхээ үзүүл гэж хэлэхэд үзүүлэхгүй гэр рүүгээ яваад орсон. Тухайн үед маш олон хүн байхад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гэрийнх нь хаалган дээр дөхөж очоод хаалганы завсраар нь гараад ир, ажлын үнэмлэхээ үзүүл гэж хэлсэн чинь тэр эмэгтэй аймар ууртай хаалгаа хүчтэй савж онгойлгож гэрээсээ гарч ирээд миний баруун талд надтай маргалдаж байснаа гэнэт зүүн гараараа миний нүүр рүү нэг удаа хүчтэй цохиход нь би газар унасан. Тэгсэн миний хамарнаас цус гараад нүд бүрэлзээд байсан. Тэгээд би цүнхнээсээ сальфетка гаргаж ирээд өөрийнхөө хамарнаас гарсан цусыг арчсан. Та яагаад ингэж зодож байгаа юм гэж хэлэхэд би чиний хохирлыг бүрэн төлж барагдуулах болно гэж хэлж байсан. Гэтэл Эрдэнээ тухайн үед болж байсан зүйлийн талаар надаас зөвшөөрөл авахгүйгээр бичлэг хийсэн. Мөн намайг согтуу байна гэж цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед би цагдааг иртэл унасан газраасаа босохгүй сууж байсан. Гэтэл Эрдэнээгийн хүү болох 4 настай хүүхэд ирээд та яагаад уйлаад байгаа юм таныг манай ээж зодсон юм уу гэх байдлаар надтай яриа өрнүүлсэн. Мөн Эрдэнээгийн 4 настай хүүхэд нь нүдний шилний шил барьсан байсан. Би хүүгээс энэ юун шил юм бэ, миний шил мөн үү гэхэд биш манай аавын шил гэж гэж хэлээд гүйгээд явсан. Тэгтэл миний нүдний шил олдохгүй байсан. Би Эрдэнээгээс хүүгээсээ миний шилийг аваад өг гэхэд авч өгөөгүй. Тухайн үед сэтгэл санаа хүнд байсан тул цагдаагийн хэсэг рүү явах замдаа маш их хэрүүл болсон тэр үед би Эрдэнээг хөдөөний хүн гэж хэлсэн. Тэгээд орой нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Маргааш нь нүүр хавдсан байсан тул Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хамрын таславчийн яс хугарч, тархины хавантай байна гэж гарсан. Цохиулсан өдөр нүүр хавдсан байсан болохоор хамар гэмтсэн гэдгээ мэдээгүй. Эмэгтэй хүний хувьд нүүрээ толинд харах бүртээ сэтгэл санаагаар унадаг. Хамар гэмтсэн тул Нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орох болсон. Тухайн хагалгааг хийлгэхгүй бол эрүүл мэндэд аюултай хагалгаа гэж хэлсэн. Намайг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хагалгаанд ороорой гэсэн боловч би хойшлуулсан. Тиймээс хагалгаанд орох зардлыг нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч С.Эрдэнээ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчим би гэртээ байж байгаад цэцэрлэгт хүрээлэнгээ шалгах гээд гэрээсээ гараад харахад Цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон зүлгэн дээр улаан палажтай эмэгтэй зогсож байхаар нь хөөе гэж дуудсан чинь над руу харахаар нь би гараараа талбайгаас гар гэж дохьсон чинь тэр эмэгтэй би юу гэж өөр рүүгээ гараараа заахаар нь тийм гэж хэлсэн чинь улаан палажтай эмэгтэй надад чанга дуугаар чи яагаад намайг хөөгөөд байгаа юм, хэн ч мэдэгдэхгүй хар авгай яагаад хүн загнаад байгаа юм, би өөрийнхөө эрхийг эдэлж байна хөдөөнөөс ирсэн хаяггүй, мэдлэг боловсролгүй халтаасан хар авгай гээд хэл амаар доромжлоод байхаар нь чи наад талбайгаасаа гарчих өнөөдөр наад зүлгийг чинь тэгшилсэн байгаа чамайг зүлгэн дээр яваад байхаар хүмүүс дагаад зүлгэн дээр яваад байдаг гэж хэлсэн чинь миний үгийг хүлээж авахгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гэр рүү орсон чинь тэр улаан палажтай эмэгтэй миний хойноос гэрийн үүдэнд ирээд хөөе муу хар авгай минь бичиг баримтаа шалгуул гэхээр нь гэр оронд хэрүүл хийхгүй шүү гэж хэлээд гэрээсээ гараад тэр эмэгтэйг жаахан холдуулсан чинь тэнэг гичий чамайг чамтай адилхан тэнэг гичий төрүүлсэн байх гэж хэлэхээр нь миний уур хүрээд гараараа нэг удаа нүүрэн тус газар нь нэг удаа савж цохисон. Тэгсэн тэр эмэгтэй газар хөлөө жийгээд суучихаад намайг зодчихлоо гээд орилоод байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр эмэгтэйг цохисны дараа баруун хамрын орчим нь шалбарсан байдалтай байсан. Би шүүх эмнэлгийн 8943 дугаар дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Улаан палажтай эмэгтэй бид хоёр хоёулаа эрүүл байсан. Намайг улаан палажтай эмэгтэйтэй маргалдаж байхад цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байсан хүмүүс байсан, би тэр хүмүүсийг танихгүй. Би И Тэ Жүн цэцэрлэгт ажилладаггүй, манай нөхөр Элдэв сахиулаар ажилладаг. Манай нөхөр байнгын сахиулаар ажилладаг болохоор манай гэр бүл уг цэцэрлэгт хүрээлэнд өөрийн гэрээ буулгаж, би цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгэ болон цэцэг ногоог арчилж орчинг нь цэвэрлэдэг, гэхдээ би цалин авдаггүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

 

Хохирогч Ё.Ариунтунгалаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Анагаахын их сургуульд нийгийн эрүүл мэндийн олон улсын сургалтанд суугаад 17 цагт тарсан. Тэгээд би такси бариад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан скуэрын нэг давхраас гоо сайхны бараа худалдан авалт хийхээр очоод буцаад гарч яваад такси бариад явах гэсэн чинь такси олдохгүй дээр нь би өсгийтэй гуталтай болохоор хөл өвдөөд байхаар нь Цэцэрлэгт хүрээлэн орж сандал дээр сууж гутлаа тайлаад зүлгэн дээр гишгээд явж байсан чинь хар фудволктой эмэгтэй орилоод байсан. Тэгэхээр нь би гайхаад намайг хэлж байгаа юм уу гэж асуусан чинь намайг гар зайл гэж хэлэхээр нь яагаад хөөж байгаа юм гэж асуусан чинь чи зүлгэн дээр гишгэлээ, гар зайл гичий гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Би өөрийгөө нийтийн бүсэд явж байгаа болохоор яагаад хөөгөөд байгааг ойлгоогүй. Би тэр хар фудволктой эмэгтэйгээс намайг яагаад хөөж байгаа юм гэж асуухад би энд ажилладаг хүн гэж хэлэхээр нь танд ажлын хувцас байхгүй байна, ажлын үнэмлэхээ үзүүлээч гэсэн чинь үзүүлэхгүй байж намайг хэл амаар доромжилж байгаад цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд байрлах цагаан өнгийн 4 ханатай гэр рүү орчихсон. Тухайн үед тэр эмэгтэйг хашгирахад цэцэрлэгт хүрээлэнд байсан хүмүүс хүүхдээ дагуулаад бүгд гараад явчихсан. Би цэцэрлэгт хүрээлэн рүү орохдоо цэцэрлэгт хүрээлэнд байсан тайлбарыг уншихад нийтийн эзэмшлийн Солонгос улсын хөрөнгө оруулалттай цэцэрлэгт хүрээлэнд тавтай морил амарч зугаалж болно гэсэн утгатай бичиг байсан. Тэр эмэгтэйгээс ажлын үнэмлэх асуухад чамд үзүүлэх албагүй гээд татгалзаад гэр рүүгээ орчихоор нь би гэрийнх нь хаалган дээр дөхөж очоод хаалганы завсраар нь гараад ир, ажлын үнэмлэхээ үзүүл гэж хэлсэн чинь тэр эмэгтэй аймар ууртай хаалгаа хүчтэй савж онгойлгож гэрээсээ гарч ирээд миний баруун талд надтай маргалдаж байснаа гэнэт зүүн гараараа миний нүүр рүү нэг удаа хүчтэй цохиход нь би газар унасан. Тэгсэн миний хамарнаас цус гараад нүд бүрэлзээд байсан. Тэгээд би цүнхнээсээ сальфетка гаргаж ирээд өөрийнхөө хамарнаас гарсан цусыг арчаад та яагаад ингэж зодож байгаа юм гэж асуусан чинь хохь чинь би чиний хохирлыг нөхөн төлчихнө гэж хэлээд зөвшөөрөлгүйгээр миний бичлэгийг хийгээд байсан. Тэгэхээр нь би 102 руу дуудлага өгсөн чинь тэр эмэгтэй Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү согтуу эмэгтэй байна гээд дуудлага өгөөд байсан.

Шүүх эмнэлгийн №8943 тоот дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Тухайн үед тэр эмэгтэй нилээн ууртай байсан уураа барьж чадахгүй байсан. Тэр эмэгтэйгийн 4 настай хүүхэд хэлэхдээ манай аав ээжээс салсан урт үстэй гоё эмэгтэй харахаар уур нь хүрээд байдаг гэж хэлсэн болохоор гэр бүлийн маргаанаа бусдад гаргасан байх гэж бодож байна. Тэр эмэгтэй надад гар хүрсэн, миний зөвшөөрөлгүй өөрийнхөө утсан дээр бичлэг хийсэн мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст согтуу гэж дуудлага өгч, миний гоо сайханд халдсан. Бид хоёр хоёулаа эрүүл байсан. Тэр эмэгтэй их л бухимдалтай байсан. Анх тэр эмэгтэй намайг цэцэрлэгт хүрээлэнгээс хөөхөд уг цэцэрлэгт хүрээлэнд 10 гаруй эцэг эх, нийт 20 орчим хүн байсан. Тэр хүмүүс бүгд гараад явсан. Бид хоёр л байсан. Цэцэрлэгт хүрээлэнд 60 орчим насны нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр цэцэрлэгт хүрээлэнгийн ариун цэврийн өрөө орчихоод гараад явж байхдаа харсан. Би хамрын ясны хагалгаанд орох гэж байгаа. Тэр зардал нь 1.500.000 төгрөг мөн нүдний шилний үнэ 145.000 төгрөг, бусад зардалтайгаа нийлээд нийт 2.670.000 төгрөгийг тэр эмэгтэйгээс нэхэмжилж байна. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд гомдолтой байна, зөвшөөрөлгүй ажилд албан ёсоор аваагүй хүнийг цэцэрлэгт хүрээлэнд гэр оронтой нь байрлуулж, энгийн нэг иргэнийг нийтийн бүсэд амарч зугаалж байхад гэмтэх нөхцөлийг бүрдүүлсэн тул хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Гэрч Ц.Элдэв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би өөрийн эхнэр С.Эрдэнээгийн талаар мэдүүлэг өгнө. 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим би хүнтэй уулзах гээд гадуур явж байгаад оройн 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай эхнэр С.Эрдэнээ надад нэг эмэгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгэн дээр яваад байхаар нь гарчих гэсэн чинь хэл амаар доромжилж, шаардлага тавихад биелүүлэхгүй байсан. Тэгээд би гэртээ орж ирээд байж байтал зүлгэн дээр явсан эмэгтэй гэрт орж ирээд ажлын бичиг баримтаа шалгуул, хаана байдаг юм гээд загнаад байхаар нь би гэрээсээ гарсан чинь тэр эмэгтэй намайг дагаж яваад чам шиг гичийг чамтай адилхан гичий төрүүлсэн байх гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд би алгадчихсан. Тэгсэн тэр эмэгтэй газар суучихаад уйлаад суугаад байхаар нь цагдаа дуудсан гэж хэлсэн. Би эхнэрээ маргалдсан эмэгтэйтэй нь одоог хүртэл уулзаагүй байгаа.

Би 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр И Тэ Жүн цэцэрлэгт хүрээлэнд сахиулаар ажилд орсон. Намайг анх уг цэцэрлэгт хүрээлэнд сахиулаар ажилд ороход удирдлагаас гэр өгөөд гэр бүлтэйгээ байнга амьдарч болно гэсэн. Би уг газар ганцаараа байнгын сахиулын ажил хийдэг ээлжийн сахиул гэж байдаггүй. Би И Тэ Жүн цэцэрлэгт хүрээлэнд сахиулын ажил хийж, манай эхнэр надад туслаад уг цэцэрлэгт хүрээлэнд цэцэрлэгч болон цэвэрлэгчийн ажил хийдэг. Гэхдээ цалин гэж авдаггүй, орон тооны бус ажилчин байгаа. Байгууллагаас С.Эрдэнээг цэцэрлэгч болон цэвэрлэгч хийсний төлөө миний цалин дээр нэмж 200.000 төгрөг өгдөг. Гэхдээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь төлдөггүй, ажилд орсон тушаал хөдөлмөрийн гэрээ байхгүй. Харин миний И Тэ Жүн цэцэрлэгт хүрээлэнд ажилд орсон тушаал болон хөдөлмөрийн гэрээ байдаг. Өөрийн эхнэр С.Эрдэнээтэй 2010 онд танилцан хамтран амьдарсан гэр бүлийн баталгаа байхгүй байгаад дундаасаа нэг хүүхэдтэй болсон. С.Эрдэнээ хүний хувьд олонтойгоо нийтэч, хөгжилтэй, тусархуу хүн байгаа. Би С.Эрдэнээтэй хамтран амьдарснаас хойш одоог болтол хүнтэй маргалдаж байхыг үзээгүй. Анх удаа хүнтэй маргалдсан талаар өөрөөс нь сонссон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,

 

Гэрч Э.Пүрэвдулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Миний төрсөн эх С.Эрдэнээ нь 1966 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Айлын 2 дахь охин. Багадаа аль сургууль төгссөнг мэдэхгүй байна. Ямар ч байсан оёдлын технологич мэргэжилтэй. Ээж залуу байхдаа улсын ардын дуу бүжгийн чуулганд дуучин хийдэг байсан. Ээж дүү бид хоёрыг төрүүлснээс хойш урлагаараа яваагүй. Манай ээж 1990 онд Эрдэнэбат гэдэг хүнтэй гэр бүл болсон. Тэгээд 1991, 1992 онд Эрдэнэбат, ээж хоёрын дундаас хоёр хүү төрөөд 2001 онд нэг охин төрсөн. 2001 оноос Эрдэнэбат, ээж хоёрын дунд гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсч эхэлсэн. Тэгээд Эрдэнэбат, ээж хоёр гэр бүлээ цуцлуулж байсан. Тухайн үед Эрдэнэбат ээжийг нилээн зоддог байсан. Би хүүхэд байсан болохоор яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, яг салахдаа нилээд шүүх, цагдаа болж байгаад салсан. Ээж Эрдэнэбатаас салснаас хойш дэлгүүрт худалдагч болон цайны газарт тогоочоор ажилладаг байсан. Тэгээд 2011 онд Элдэв гэдэг хүнтэй хамтран амьдарч эхлээд 2012 онд бага дүү Халиунаа төрсөн. 2014 оны үед байх яг хэдэн он гэдгийг нь санахгүй байна. Элдэв ах, ээж хоёр бага дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны И Тэ Жүн цэцэрлэгт хүрээлэнд сахиулаар ажиллаж, тэндээ оршин сууж эхэлсэн. Ээж Элдэв ахтай хамтран амьдарснаас хойш ямар нэгэн байдлаар маргалдсан гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсч байгаагүй. Би мэдээгүй байсан. Харин ээжийг батлан даалтад авсан өдрөө мэдсэн урьд энэ асуудлаар ярьж байгаагүй. Би Цагдаагийн байгууллага дээр очсоны дараа ээжээсээ юу болсон талаар асуухад нэг эмэгтэй цэцэрлэгт хүрээлэнд зүлгэн дээр гишгээд болихгүй байхаар нь шаардлага тавихад ээжийг нь хэл амаар доромжлоод байсан тул тэр эмэгтэйг алгадсан гэж ярьсан. Ээж намайг жирэмсэн болохоор санаа зовно гээд хэлээгүй байсан. Би болсон зүйлийг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 8943 дугаартай дүгнэлтэнд:

- Ё.Ариунтунгалагийн биед тархи доргилт, хамарт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын таславчийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/,

- Шүүгдэгч С.Эрдэнээгийн түр буюу байнгын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42-43-р хуудас/,

- И Тэ Жүн дурсгалт цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага-үйл ажиллагааны журам /хх-ийн 54-р хуудас/,

- Бага насны охин Халиунаагийн төрсний гэрчилгээний  хуулбар /хх-ийн 63-р хуудас/,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоол /хх-тийн 65-р хуудас/

- Хохирол төлсөн баримт /шүүгдэгч С.Эрдэнээгээс хохирогч Ё.Ариунтунгалагт 184.000 төгрөг хүлээлгэн өгсөн/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч С.Эрдэнээ нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И Тэ Жүн цэцэрлэгт хүрээлэнд хохирогч Ё.Ариунтунгалагтай цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгэн дээр гишгэлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож хохирогч Ё.Ариунтунгалагийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Ё.Ариунтунгалагийн ...Би өөрийгөө нийтийн бүсэд явж байгаа болохоор яагаад хөөгөөд байгааг ойлгоогүй. Би хар фудволктой эмэгтэйгээс намайг яагаад хөөж байгаа юм гэж асуухад би энд ажилладаг хүн гэж хэлэхээр нь танд ажлын хувцас байхгүй байна, ажлын үнэмлэхээ үзүүл гэж хэлсэн чинь тэр эмэгтэй аймар ууртай гэрийнхээ хаалгаа хүчтэй савж онгойлгож гэрээсээ гарч ирээд миний баруун талд надтай маргалдаж байснаа гэнэт зүүн гараараа миний нүүр рүү нэг удаа хүчтэй цохиход нь би газар унасан. Тэгсэн миний хамарнаас цус гараад нүд бүрэлзээд байсан. Тэгээд би цүнхнээсээ сальфетка гаргаж ирээд өөрийнхөө хамарнаас гарсан цусыг арчаад та яагаад ингэж зодож байгаа юм гэж асуусан чинь хохь чинь би чиний хохирлыг нөхөн төлчихнө гэж хэлээд зөвшөөрөлгүйгээр миний бичлэгийг хийсэн мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст согтуу гэж дуудлага өгч, миний гоо сайханд халдсан. Бид хоёр хоёулаа эрүүл байсан. Би хамрын ясны хагалгаанд орох гэж байгаа. Тэр зардал нь 1.500.000 төгрөг мөн нүдний шилний үнэ 145.000 төгрөг, бусад зардалтайгаа нийлээд нийт 2.670.000 төгрөгийг тэр эмэгтэйгээс нэхэмжилж байна. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд гомдолтой байна, зөвшөөрөлгүй ажилд албан ёсоор аваагүй хүнийг цэцэрлэгт хүрээлэнд гэр оронтой нь байрлуулж, энгийн нэг иргэнийг нийтийн бүсэд амарч зугаалж байхад гэмтэх нөхцөлийг бүрдүүлсэн тул хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан болон хх-ийн 12-13-р хуудас/,

 

Гэрч Ц.Элдэвийн ...2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим би хүнтэй уулзах гээд гадуур явж байгаад оройн 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай эхнэр С.Эрдэнээ надад нэг эмэгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгэн дээр яваад байхаар нь гарчих гэсэн чинь хэл амаар доромжилж, шаардлага тавихад биелүүлэхгүй байсан. Тэгээд би гэртээ орж ирээд байж байтал зүлгэн дээр явсан эмэгтэй гэрт орж ирээд ажлын бичиг баримтаа шалгуул, хаана байдаг юм гээд загнаад байхаар нь би гэрээсээ гарсан чинь тэр эмэгтэй намайг дагаж яваад чам шиг гичийг чамтай адилхан гичий төрүүлсэн байх гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд би алгадчихсан. Тэгсэн тэр эмэгтэй газар суучихаад уйлаад суугаад байхаар нь цагдаа дуудсан гэж хэлсэн. Би С.Эрдэнээтэй хамтран амьдарснаас хойш одоог болтол хүнтэй маргалдаж байхыг үзээгүй. Анх удаа хүнтэй маргалдсан талаар өөрөөс нь сонссон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 8943 дугаартай дүгнэлтэнд:

- Ё.Ариунтунгалагийн биед тархи доргилт, хамарт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын таславчийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 20-р хуудас/

             

            Иймд шүүгдэгч С.Эрдэнээг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч С.Эрдэнээ нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 150.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан хугацаа дууссан тул шүүгдэгч С.Эрдэнээг ялгүйд тооцно.

           

             Шүүгдэгч С.Эрдэнээ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар гарсан хохирлыг бүрэн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

            Харин хохирогч Ё.Ариунтунгалаг нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан  гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний бага насны хүүхэдтэй /2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Э.Халиунаа/ ар гэрийн байдал, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

           

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр рамтай харааны нүдний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн  283.1, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Боржигин овогт Санжийн Эрдэнээг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Санжийн Эрдэнээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар  торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч С.Эрдэнээд сануулсугай.   

 

4. Шүүгдэгч С.Эрдэнээ нь хохирогч Ё.Ариунтунгалагт 184.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Хохирогч Ё.Ариунтунгалаг нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.Эрдэнээгээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч С.Эрдэнээ нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр рамтай харааны нүдний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эрдэнээд авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ОДБАЯР