Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 5

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-дхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Ц.Дагвадорж,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1505 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Б-дхолбогдох эрүүгийн 1806074090401 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г овгийн Б-ийн Б, 19.. оны ..дугаар сарын ..-ний өдөр .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.............../;

 

Б.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 4-ний 22 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн хойд талын гэрлэн дохиотой уулзварын урд талын явган хүний гарцтай замд Тоёота Королла Аксио маркийн 18-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Н-мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г овгийн Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б- нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Чингис архины шилийг устгаж, шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй атал тогтоох хэсгийн 6-д “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Чингис архины шилийг устгасугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан заалтыг зөрчсөн байх тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1505 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Прокурор Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч  Гэлэн овогт Батцэнгэлийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж алдаа гаргасан байх тул өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Б.Б-ийн үйлдсэн 2018 оны 9 дүгээр сарын 4-ний 22 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн хойд талын гэрлэн дохиотой замын уулзвар дээр Тоёота Королла Аксио маркийн 18-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Н- мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлж, гэмтсэн талаараа мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч П.Н-ы /хх 18, 29-31/ мэдүүлэг,

хохирогчийн мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Б.Баатарзоригийн /хх 48/ мэдүүлэг,

шүүгдэгч Б.Б-ийн хэрэг болсон талаар мэдүүлсэн /хх 17, 72-73/ мэдүүлэг,

хохирогч П.Н-ы биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №10957 дугаартай дүгнэлт /хх 15/,

зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээрхийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байх ба шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д ял оногдуулж, шийтгэх тогтоол гаргахдаа шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...шүүгдэгч гэлэн овогт Батцэнгэлийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж гэмт хэргийн шинжийг буруу бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

 

Мөн прокурор “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй атал тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Чингис архины шилийг устгасугай” гэсэн шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгуулах...”-аар улсын яллагчийн эсэргүүцэл бичжээ.

Хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад тус эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.

 

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, “...шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1505 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Гэлэн овгийн Батцэнгэлийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Г овгийн Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ