Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00189

 

“Н Б З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/00620 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 781 дүгээр магадлалтай,

“Н Б З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б Б” ХХК-д холбогдох,

“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 107 394 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Я.Ганбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бадам, хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Эрдэмбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н Б З” ХХК нь “Б Б” ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн, 6 хороо, ХМК, Хайрхан хотхоны 46А, 46Б, 46В байрны асфальт хучилттай авто замын талбайн өргөтгөлийн ажлыг нийт өртөг нь 243 880 000 төгрөг байхаар тохиролцож, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2015/09/18/1 дугаартай гэрээ байгуулсан. Тухайн ажлын төлбөрийг 100 хувь бартераар хийхээр тохирч, гэрээнд зааснаар 46Б байрны 87 тоот, 46В байрны 44 тоот, 46А байрны 86 тоот тус тус 3 ширхэг 1-3 өрөө орон сууцыг 232 644 000 төгрөгт тооцож, үлдэгдэл 10 990 000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон.

Гэтэл хариуцагч талаас 3 орон сууц хүлээлгэж өгөхөөс 2 орон сууцыг шилжүүлж, нэг орон сууцыг хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч талыг үүргээ биелүүлэхийг шаардсан бөгөөд уг байрны гэрчилгээг н.Мөнх-Оргил гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн нь нотлогдсон. 2, 3 хүн дамжиж шилжсэн тул гэрээнд заасан үнэлгээ, м.кв-аар тооцож 96 404 000 төгрөг, үлдэгдэл 10 990 000 төгрөг, нийт 107 394 000 төгрөгийг “Б Б” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагч ажлыг хийсэн эсэхэд маргаагүй. Гэрээг Ш.Баярмагнай байгуулсан түүнд байрыг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэрээнд гарын үсэг зурсан болон гэрээний төлбөрийг хүлээж авах гэдэг өөр, өөр ойлголт юм. Тухайн үед нэхэмжлэгч байгууллагын захирал Ж.Эрдэмбилэг завгүй байсан учраас төлөөлөөд гарын үсэг зур гэсэн учир энэ талаар маргахгүй. Ш.Баярмагнай нь нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш, тухайн ажлыг зуучлагч байсан. Ш.Баярмагнай хариуцагч компанид хамаатных нь дүү ажилладаг гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байсан тул дүүгээрээ дамжуулаад байрны гэрчилгээг бидэнд хэлэлгүй өөрийн нэр дээр гаргуулж авсан байж магадгүй гэж үзэж байна. Хариуцагч орон сууцыг Ш.Баярмагнайгийн нэр дээр шилжүүлэх гэж байхдаа бидэнтэй утсаар холбогдох боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бадам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талтай тохиролцож ажил хийгдсэн боловч албан ёсны гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Учир нь эрүүгийн хэрэгт гэрээнд зурагдсан гарын үсэг нь өөр хүний гарын үсэг гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөртөө 3 орон сууц өгөх ёстойгоо бүгдийг нь гэрээнд заасан метр квадрат, тоотоор нь өгсөн. 46А байрны 86 тоот байрыг Ш.Баярмагнайгийн нэр дээр шилжүүлсэн. Бид энэ ажлыг хийлгэж эхэлсэн цагаасаа Ш.Баярмагнайтай холбогдож байсан бөгөөд Ш.Баярмагнай гэрээнд гарын үсэг зурсан.

Замын ажил дуусмагц энэ байрнуудын гэрчилгээг авах талаар нэхэмжлэгч талд хэлэхэд Ш.Баярмагнай ирсэн тул түүний хэлснээр гурван байрыг шилжүүлж өгсөн. Нэг дэх 1 өрөө байрыг Ж.Энхжаргал, хоёр дахийг “Ялгуусан” ХХК-д, гурав дахь байрыг нь Ш.Баярмагнай нь миний нэр дээр гарна гэж хэлсний дагуу гэрчилгээг гаргаж өгсөн. Ш.Баярмагнай нь өөрийнхөө гэрчилгээг аваагүй 2018 оны 5 сарын орчимд гэрчилгээгээ аваагүй байсан учраас би утсаар ярьсан. Ингээд нэг жил болоод эдний хийсэн зам хагарч эхэлсэн. Гэрээнд зааснаар баталгаат хугацаа дуусаагүй байгаа учраас эвдрэл дээр арга хэмжээ аваарай гэхэд Ш.Баярмагнай ирж уулзаж, зам засч өгнө гэж хэлээд, ганцаараа шийдэх боломжгүй тул хамтарч байгаа хүмүүстэйгээ ярилцана гэж хэлээд алга болсон. 2018 оны 10 сард Ж.Эрдэмбилэг, Г.Идэрбат нар сүүлийн буюу 3 өрөө орон сууцыг бид ашиг гэж хувааж авах ёстой байхад Ш.Баярмагнай нь өөрийн нэр дээр авчихсан байна гэж манай байгууллага дээр ирэхэд нь та нар би замаа засаагүй байгаа, гэрчилгээ авахдаа маргаагүй талаар нь хэлсэн. Байр ашиглалтад орж улсын комисс хүлээн авахаас өмнө 3 орон сууцны эзэд нь тодорхой болсон, гэрчилгээг нь гаргаж өгөөрэй гэж хэлж байсан.

Байр авсан хүмүүс засвар хийж байхад Ж.Эрдэмбилэг, Г.Идэрбат, Ш.Баярмагнай 3 хамтдаа орж харж, Ш.Баярмагнайгийн дүү нь орж байгаа, учир нь дүүгээсээ 20 000 000 төгрөгийг аваад ажлын гүйцэтгэлд оруулсан талаар хэлж байсан. Энэ талаар Ж.Эрдэмбилэг, Г.Идэрбат, Ш.Баярмагнай нар аль аль нь мэдэж байсан. 10 990 000 төгрөгийг гэрээнд дараагийн ажил дээр оруулна гэж тусгасан. Учир нь дараагийн ажилд бид хамтарч ажиллах ёстой байсан.

Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч талын буруугаас болоод зам эвдэрсэн гэдэг тогтоогдсон. Бид 12 000 000 төгрөгөөр тухайн эвдэрсэн замыг янзлуулахаар болж байна. Замаа засч байж аваарай гэж хэлээд 3 дахь байрны гэрчилгээг өгөөгүй байсан. Гэтэл Ш.Баярмагнай нь гэрчилгээгээ хаясан гэж зарлуулаад дахин шинээр авсан атлаа хамааралгүй хүнд гэрчилгээг өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй. 10 990 000 төгрөгийг нэхэмжлэгч талын буруугаас болж эвдэрсэн замыг янзлуулахад зарцуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн талаар маргаж байгаа боловч уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ эсэх талаар ярих хэрэгтэй. Хэрэв хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзвэл гэрээний үүргийг шаардах эрхгүй. Замын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Уг ажлыг тусгай зөвшөөрөлтэй компани гүйцэтгэх байсан боловч нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөлгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл. Хожим тусгай зөвшөөрлөө аваад түүнийгээ илэрхийлсэн бол тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх үндэслэлтэй.

Гэтэл анхнаасаа тусгай зөвшөөрөлгүй байсан учраас гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн гэрээний үүрэг шаардах эрхгүй ч гэсэн гэрээний үүрэгт 3 орон сууцыг өгнө гэдэг зүйл яригдсан байдаг. Уг орон сууцнуудыг эхний нэг өрөө орон сууцыг н.Эрдэнэжаргалд шилжүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байрны гэрчилгээ гарсан. Гурав дахь байрны гэрчилгээ 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Эдгээр байрнуудын гэрчилгээ ингэж гарсан боловч орон сууц ашиглалтад орсон хугацаа буюу 2016 оны 7 сард байранд орох хүмүүс нь амьдраад эхэлчихсэн байсан. Эдгээр байранд ямар хүмүүс амьдарч байгаа, засвар хийж, дотоод зохион байгуулалтыг нь өөрчилж байгааг мэдэж байсан тул маргаагүй.

Нэхэмжлэгч талаас Ш.Баярмагнайд итгэмжлэл олгосон. Хэдийгээр гэрээнд гарын үсэг зурах эрхтэй боловч гэрээний үүргийг хүлээн авах эрхгүй гэж тайлбарлаад байна. Гэтэл бичгээр итгэмжлэл олгосон зүйл байхгүй. Хэрвээ хориглосон бол эхний байрыг шилжүүлэх талаар Ш.Баярмагнай нь хэлж байхад “Н Б З” ХХК-иас Ш.Баярмагнайг төлөөлөх эрхтэй этгээд биш гэдгийг мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/00620 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 107 394 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694 920 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 694 920 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 781 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 184ШШ2019/00620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 639 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Я.Ганбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Б Б” ХХК-ийн захирал Я.Ганбаатар миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 781 дугаартай магадлалын зарим хэсгийг буюу 96 404 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс хүлээн зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Учир нь анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй бодитой талаас нь үнэлж чадаагүйн улмаас үүргээ биелүүлсэн хариуцагчийг үүргээ биелүүлсэн гэж үзэлгүйгээр, хэтэрхий өнгөц хайхрамжгүй шийдвэрлэсэн байсныг давж заалдах шатны шүүх хянахдаа ч засаж чадаагүй. Тус хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлын хүрээнээс гадна бүхэлд нь хянах үүргээ ч зохистой хэрэгжүүлээгүй. Тодруулбал:

  1. Хэрэгт олон тооны засаж болшгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдаанууд гарсан байдаг. Я.Ганбаатар миний бие эхнэр П.Бадамын хамт “Б Б” ХХК ийн хувьцааг хамтран эзэмшдэг ба захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр харагдаж байгаа. Гэтэл шүүхээс анх нэхэмжлэлийг гардуулахдаа ямар нэг итгэмжлэл шаардаагүй, манай ажилтан Б.Бадамгаравт гардуулаад явуулсан байдаг. Энэ үед ямар ч итгэмжлэлгүй гардуулсан алдаагаа анхан шатны шүүх залруулах гэж оролдохдоо нэхэмжлэл гардуулсан /хх-17/ баримтын бүхий л он сар өдрийг засварласан нь илтэд харагддаг ба хариуцагчийн хариу тайлбар өгөх хугацааг ч хусаж арилгаж ирж байгаад 20 болгож зассан байдаг. Харин итгэмжлэл гээч зүйлийг нэхэмжлэлээ гардуулсны дараа манай эхнэр П.Бадамыг дуудаж хэрэгт хийлгүүлсэн байдаг ба энэ итгэмжлэл 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгөгдсөн байдаг /хх-21/. Энэ итгэмжлэл нь төлөөлөх эрхгүй этгээдийн олгосон итгэмжлэл байх тул нэхэмжлэлийг анхнаасаа Б.Бадамгаравт гардуулаад байгаа нь буруу юм. Шүүх засаглалыг хэрэгжүүлж байгаа атлаа хууль мэдэхгүй иргэдийг далимдуулж хэрэгт байгаа баримтуудыг засварлаад явж байхад давж заалдах шатны шүүх ч хянаагүй байдаг. Хавтаст хэргийн 18, 19, 20 дугаар хуудсанд байрлах эрх үүрэг танилцуулсан баримт, нөлөөллийн мэдүүлгийн огноог хүртэл итгэмжлэл олгогдсноос хойш зуруулсан мэт харагдууулахаар илтэд баллаж зассаныг одоо юу гэж ойлгох вэ.
  2. Бид барилгын салбарт “Б Б “ХХК-иа байгуулан байшин барилга бариулдаг юм. Улмаар СХД-ийн 6 хороо, ХМК, Хайрхан хотхоны байрны асфальт хучилттай авто замын талбайн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гүйцэтгэгч хайж байсан. Гэтэл замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх “Н Б З“ ХХК-ийн танилцуулга бүхий баримт бичгийг Ш.Баярмагнай гэх залуу барьсаар орж ирсэн ба ярилцсаны эцэст хамтран ажиллахаар болж 2015.09.18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тухайн үед Ш.Баярмагнай нь гэрээгээ өөрөө бэлдэж ирээд манайхаар гарын үсэг зуруулаад, захирал Ж.Эрдэмбилэг гэдэг нэрний ард өөрөө гарын үсэг зураад л, тамгаа гаргаж ирээд дарсан. Ингээд гэрээнд тохирсон ёсоор манайх 3 байр ажлын хөлсөнд өгөх үүрэгтэй байсан тул явцын дунд Ж.Энхжаргал гэх иргэн болоод “Ялгуусан“ ХХК-иудын нэр дээр Ш.Баярмагнайн амаар хэлсэн даруйд бичиг баримтыг нь бүрдүүлж гэрчилгээ гаргуулж ирсэн. Хамгийн сүүлд түүний хүсэлтээр гэрчилгээг нь Ш.Баярмагнайн дээр гаргуулж өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн болно. Гэтэл гэрээ байгуулсан хуулийн этгээдийн залуучууд нь хоорондоо эд хөрөнгийн маргаантай болоод ирэхээрээ намайг ийнхүү хохироож шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Учир юу вэ гэвэл ажил гүйцэтгэх явцад тус компанийн захирал гэгдэх хүн нэг ч удаа уулзаж байгаагүй ба зөвхөн Ш.Баярмагнай л уулзаад, гэрээний дагуу авах байрнуудаа аваад явдаг байсан атлаа гэнэт л Ж.Эрдэмбилэг гэх этгээд байр шилжүүлж өг гэж шүүхэд хандсан байсан.

Ингээд ирэхээр нь нэг байгууллагын улсуудад 3 биш 4 байр өгөх асуудалд орохгүйн тулд Ш.Баярмагнай нь ийм эрхгүй байсан юм бол намайг залилсан байна гэж үзээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан байдаг юм. Гэтэл 2019.01.08-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 46 дугаартай прокурорын тогтоол гарсан байдаг ба хуурамч гарын үсэг зурсан асуудлыг нь гэмт хэргийн шинжийг ялимгүй хэмжээгээр агуулсан байна, мөн иргэн П.Бадамыг илүү байр бусдад огч хохирсон асуудал байхгүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолыг дээд шатны прокурор нь хянаж үзээд иргэн П.Бадам нь гэрээний дагуу 3 байраа хүлээлгээд өгсөн ямар нэг байдлаар хохирсон асуудал байхгүй байна гэж үзсэн.

Үүгээр юу илэрхийлэх гэсэн бэ гэвэл гэрээний үүргээ биелүүлчихээд буюу 3 байрыг нь өөрсдийнх нь хэлсэн хүмүүст өгсний төлөө гэрээнээс давж дахиад 1 илүү байр нэхэмжлэх нь шударга хэрэг үү, ийм муухай луйвар хийж болдог хэрэг үү. Тэгвэл Ш.Баярмагнайн зааврын дагуу үүнээс урьд өгөгдсөн Ж.Энхжаргал гэх иргэн болоод “Ялгуусан“ ХХК-иудын нэр дээр гаргагдсан байрнуудаа яагаад надаас нэхэхгүй байгаа юм. Яагаад зөвхөн Ш.Баярмагнайнхаа нэр дээр гарсан байран дээр маргаж байгаа юм. Ш.Баярмагнай нь ч шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ миний дээрхи хэлсэн ярьсантай адил буюу энэ гэрээг надтай анх байгуулснаа, мөн түүний хэлснээр байрууд дээр гэрчилгээ түүний заавраар гаргагдаж ирснийг хэлсэн . Үнэхээр л Ш.Баярмагнай нь авах ёсгүй байсан юм бол манай байгууллагад энэ талаараа яагаад урьдчилан мэдэгдэж болдоггүй юм, нэхэмжлэл дээрээ гэнэт л түүний нэр дээр гарсан байсныг мэдсэн гэдэг худал тайлбарыг нь Ш.Баярмагнай нь өөрөө үгүйсгэсэн шүү дээ. Манай байгууллага энэ залуучуудад ажил олж хийлгүүлснийхээ төлөө шударга бусаар дахин нэг байраа алдсанд үнэхээр их гомдолтой байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх 3 байрны 2 байрыг маргаж буй байр шиг зарчмаар шилжигдэж байсанд ач холбогдол өгөлгүй маш өнгөц хянасан. 2 байрыг болохоор өг гэсэн хүн рүү шилжүүлэхээр үүрэг зохих ёсоор биелэгдсэн болдог, харин 1 байрыг нь шилжүүлж өг гэсэн хүнд нь өгөхөөр зохих ёсны хүнд нь өгөөгүй болдог хэрэг үү. За тэгээд прокурорын байгууллага иргэн миний өгсөн гомдлыг хуулийн дагуу шалгаад 3 байраа өгөх хүнд нь өгсөн байна гэдгийг ч дүгнээд Ш.Баярмагнайд нь хэрэг үүсгээгүй.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 781 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Н Б З” ХХК хариуцагч “Б Б” ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 107 394 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч анхан шатны шүүхийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс засаагүй байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар алдааг засах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2015/09/18/1 дугаартай “Улаанбаатар хот СХД-ийн 6-р хороо, ХМК-ийн 46а, 46б, 46в-р байрны асфальт хучилттай талбайн өргөтгөл засварын ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч “Н Б З” ХХК нь СХД-ийн 6-р хороо, ХМК-ийн 46а, 46б, 46в-р байрны авто зам 3 840 м.кв, явган замын суурь 674 м.кв асфальт хучилттай талбайн ажил буюу нийт 243 880 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч гэрээний төлбөрт 46б байрны 287 тоот 68.86 м.кв орон сууцыг 96 404 000 төгрөгт, 46в байрны 344 тоот 37.03 м.кв орон сууцыг 51 842 000 төгрөгт, 46а байрны 186 тоот 60.46 м.кв орон сууцыг 84 644 000 төгрөгт, нийт 3 орон сууцыг 232 890 000 төгрөгт тооцож олгох, үлдэгдэл 10 990 000 төгрөгийг 2016 онд эхлэх Төсөл-4-ийн суурийн газар шорооны ажлын үнийн хөлсөнд оруулан тооцохоор харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу гүйцэтгэгч ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөнтэй захиалагч маргаагүй, харин захиалагчаас ажлын хөлсөнд гэрээнд заасан гурван орон сууцыг гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч 2 орон сууцыг хүлээн авсан, 46б байрны 287 тоот 68.86 м.кв талбай бүхий гурав дахь орон сууцыг компанийн эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөөгүй, тус байр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн гэх үндэслэлээр орон сууцны үнэ 96 404 000 төгрөгийг үлдэгдэл төлбөр 10 990 000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч нь ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Н Б З” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь гүйцэтгэх захирал Ж.Эрдэмбилэг бөгөөд тэрээр гэрээнд  Ш.Баярмагнай гарын үсэг зурсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, Ш.Баярмагнай нь компанийн ажилтан биш боловч тухайн зам засварын ажилд инженерийн үүрэг гүйцэтгэж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, Ш.Баярмагнай нь гэрээ байгуулсан үеэс эхлэн ажил гүйцэтгэх явцад бүх ажлыг хариуцан ажиллаж, гүйцэтгэгчийг төлөөлж захиалагчтай харилцаж байсан бөгөөд гэрээнд заасан 3 орон сууцыг Ш.Баярмагнайн нэр заасан этгээдэд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь эхний 2 орон сууцыг нэр заасан этгээдэд шилжүүлсэн талаар маргаагүй атлаа гурав дахь орон сууцыг гүйцэтгэгчийг төлөөлөх эрхгүй этгээдэд шилжүүлсэн гэснийг зөвшөөрөхгүй, орон сууцанд хүмүүс нь 2016 оны 7 дугаар сараас амьдраад эхэлсэн, хуваарилагдсан орон сууцыг хэн эзэмшиж байгааг мэдсэн, хүлээн зөвшөөрсөн атлаа хоорондоо маргалдсны улмаас 2017 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтыг шинжлэн судлавал хариуцагч “Б Б” ХХК ажлын хөлсөнд орон сууцыг гүйцэтгэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 46б байрны 287 тоот 68.86 м.кв талбай бүхий орон сууцны үнэ 96 404 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Харин гэрээний 5.3.-т “...гэрээгээр тохирсон төлбөрийн үлдэгдэл 10 990 000 төгрөгийг 2016 онд эхлэх Төсөл-4-ийн суурийн газар шорооны ажлын үнийн хөлсөнд оруулан тооцно” гэж тохиролцсон боловч зохигч үргэлжлүүлэн хамтран ажиллагаагүй, Төсөл-4 хэрэгжээгүй тул үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй гэж үзлээ.

 Хариуцагч “Б Б” ХХК нь “...гүйцэтгэгчийн хийсэн ажил баталгаат хугацаа дуусаагүй байхад эвдэрч, зам хагарч эхэлсэн. Гүйцэтгэгчид арга хэмжээ аваарай гэж хэлэхэд засаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл засаагүй, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч талын буруугаас зам эвдэрсэн болох нь тогтоогдсон. Бид эвдэрсэн замыг 12 000 000 төгрөгөөр засуулахаар өөр компанитай тохирсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийг сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул гэрээний үлдэгдэл 10 990 000 төгрөгийг ажлын доголдлын төлбөрт  суутгах үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, түүнчлэн талуудын байгуулсан гэрээнд үлдэгдэл 10 990 000 төгрөгийг ажлын гүйцэтгэлийн чанарт барьцаалсан агуулгагүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 10 990 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 781 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/00620 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч “Б Б” ХХК-иас 10 990 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н Б З” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96 404 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...хариуцагч “Б Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 694 920 төгрөгийг гаргуулан...” гэснийг “...хариуцагч “Б Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 190 790 төгрөгийг гаргуулан...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Я.Ганбаатарын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч Я.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 639 970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД