Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2019/00620

 






 

 

2019 оны 03 сарын 06 өдөр    

    Дугаар 184/ШШ2019/00620

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ......... тоот хаягт байрлах, “Н-” ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ....... тоот хаягт байрлах, “Б-” ХХК /РД:.../-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 107,394,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-, Б.Т-, хариуцагчийн төлөөлөгч П.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Н-” ХХК нь хариуцагч “Б-” ХХК-тай 2015 оны 09 сарын 18-ны өдөр 2015/09/18/1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн, ... байрны асфальт хучилттай авто замын талбайн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Дээрх ажлыг нийт 243,880,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Тухайн ажлыг 100 хувь бартераар төлбөрийг хийхээр тохирч, гэрээнд зааснаар 46Б байрны 87 тоот, 46В байрны 44 тоот, 46А байрны 86 тоот тус тус 3 ширхэг 1-3 өрөө орон сууцыг 232,644,000 төгрөгт тооцож, үлдэгдэл 10,990,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч талаас 3 орон сууц хүлээлгэж өгөхөөс 2 орон сууцыг шилжүүлж, нэг орон сууцыг хүлээлгэж өгөөгүй байна. Хариуцагч талаас гэрээний үүрэгт заасан үүргээ биелүүлэхийг шаардсан. Мөн уг байрны гэрчилгээг хэн эзэмшдэг талаар лавлагаа гаргуулахад н.М- гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн нь нотлогдож байгаа. Иймд энэ орон сууцыг авах боломжгүй, 2, 3 хүн дамжаад шилжсэн байгаа тул гэрээнд заасан үнэлгээ, метр квадратаар нь бодож 96,404,000 төгрөг, гэрээний үлдэгдэл 10,990,000 төгрөг нийт 107,394,000 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч талын зүгээс ажлыг хийсэн талаар маргахгүй байна. Гэрээг байгуулахдаа Ш.Б- гэдэг хүн төлөөлж хийсэн. Тийм учраас Ш.Б- гэдэг хүнд байрыг шилжүүлсэн гэж яриад тайлбарладаг. Гэрээн дээр гарын үсэг зурах нь гэрээний төлбөрийг хүлээж авах, гэрээнд гарын үсэг зурах гэдэг хоёр өөр ойлголт юм. Тухайн үед нэхэмжлэгч байгууллагын захирал Ж.Э- завгүй байсан учраас тамгаа өгч төлөөлөөд гарын үсэг зурчих гэсэн асуудал дээр маргахгүй байгаа. Ш.Б- нь нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш байсан. Тухайн ажлыг зуучилж өгсөн хүн байсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн Ш.Б- нь мэдүүлэг өгөхдөө хариуцагч компанид хамаатных нь дүү ажилладаг гэж хэлсэн. Тийм учраас дүүгээрээ дамжуулаад байрны гэрчилгээг бидэнд хэлэлгүй өөр дээрээ гаргуулж авсан байж магадгүй гэдэг хар төрж байгаа. Хариуцагч маань нэхэмжлэгч талын захиралтай холбогдох боломжгүй байсан. Нэг ч удаа царайг нь харж байгаагүй гэж байна. Үнэхээр Ш.Б- гэдэг хүний нэр дээр шилжүүлэх гэж байсан юм бол яагаад утсаар ч болов асууж болоогүй юм бэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү“ гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талтай тохиролцож ажил хийгдсэн боловч албан ёсны гэрээ хийгдсэн тал дээр гэрээ гэж ойлгохгүй байгаа. Учир нь эрүүгийн хэрэг дээр гэрээнд зурагдсан гарын үсэг нь өөр хүний гарын үсэг гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Би эднийд төлөх ёстой мөнгөндөө 3 орон сууц өгөх ёстойгоо бүгдийг нь гэрээнд заасан метр квадрат, тоотоор нь өгсөн. 46А байрны 86 тоот байрыг Ш.Б- гэдэг хүнийх нь нэр дээр шилжүүлсэн байдаг. Бид энэ ажлыг хийлгэж эхэлсэн цагаасаа Ш.Б- гэдэг хүнтэй холбогдож Ш.Б- гэдэг хүн нь төлөөлж гэрээн дээр гарын үсэг зурсан хүн байгаа. Замын ажил дуусмагц энэ байрнуудын гэрчилгээгээ аваач гэж нэхэмжлэгч талд хэлэхэд итгэмжлэгдсэн хүн буюу Ш.Б- гэдэг хүн ирсэн. Ш.Б-гийн хэлсний дагуу би эдгээр гурван байрыг шилжүүлж өгсөн. Нэг дэх нэг өрөө байрыг Ж.Э- гэдэг хүн авахаар боллоо, та энэ хүнд байрны гэрчилгээг нь гаргаж өгнө үү гэсний дагуу тухайн хүн нь над дээр ирсэн. Тэгээд би энэ хүний нэр дээр бичиг баримтыг нь бүрдүүлээд гэрчилгээг нь гаргаж өгсөн. Хоёр дахь байрыг нь “Я-” ХХК-д өгөх ёстой шүү гэж Ш.Б- нь хэлсэн. Ингээд “Я-” ХХК-ийн ажилтан н.С- гэдэг хүн нь надтай утсаар яриад энэ байранд манай ажилчид амьдарч байгаа би завгүй байгаа учраас удахгүй очиж уулзана гэж хэлсэн. Ингээд гурав дахь байрыг нь Ш.Б- нь миний нэр дээр гарна гэж хэлсэн. Ингээд гэрчилгээ нь гарчихаад байхад хэсэг хугацаанд ирэхгүй байж байгаад 9 сар гарахаар нь би Ш.Б-тай холбогдоход Ш.Б- нь ирж уулзсан. Ингээд Ш.Б- нь өөрийнхөө гэрчилгээг надаас аваагүй 2018 оны 05 сарын орчимд би утсаар ярьсан. Тухайн үед өөрөө ч гэрчилгээгээ аваагүй учраас би утсаар ярьсан. Ингээд нэг жил болоод эдний хийсэн зам маань хагарч эхэлсэн. Гэрээнд зааснаар танай баталгаат хугацаа дуусаагүй байгаа учраас эвдрэл дээр арга хэмжээ аваарай гэхэд маргааш нь Ш.Б- ирж уулзсан. Ингээд за манай буруу байна баталгаат хугацааны үүргийнхээ дагуу засаж өгнө гэж хэлсэн. Гэхдээ би ганцаараа шийдэж чадахгүй хамтарч байгаа хүмүүстэйгээ ярилцана гэж хэлээд алга болсон. Дараа нь 2018 оны 10 сард Ж.Э-, Г.И- гэдэг хоёр хүн манай байгууллага дээр ирсэн. Ирсэн учир нь сүүлийн буюу 3 өрөө орон сууцыг бид ашиг гэж хувааж авах ёстой байхад Ш.Б- нь өөрийн нэр дээр авчихсан байна гэж ирсэн. Би та нар замаа засаагүй, маргаантай байгаа, тухайн үед та нар гэрчилгээ авахад маргахгүй яасан юм бэ гэж би хэлсэн. Тухайн гурван байрны эзэн нь тодорчихсон байсан. Байр ашиглалтад орж улсын комисс хүлээн авахаас өмнө 3 орон сууцны эзэд нь тодорчихсон, ийм ийм хүмүүст гэрчилгээг нь гаргаж өгөөрэй гээд хэлж байсан. Маргаан бүхий гурван өрөө орон сууцны эзэн нь аль хэдийн тогтчихсон 1 ариун цэврийн өрөөтэй байсныг 2 болгож янзална гээд янзалж байхад Ж.Э-, Г.И-, Ш.Б- 3 хамтдаа орж харж байсан. Ш.Б- гэдэг хүний дүү нь энэ байранд орох гэж байгаа гэдгийг хүртэл мэдэж байсан. Ш.Б- нь өөрийн дүүгээсээ 20,000,000 төгрөгийг аваад ажлын гүйцэтгэлд оруулсан гэсэн. Энэ тухайгаа надад хэлж байсан. Энэ үйл баримтыг Ж.Э-, Г.И-, Ш.Б- нар аль аль нь мэдэж байсан. Байрнуудын гэрчилгээ гарахаас өмнө эдгээр гурван айл нь байрандаа орчихсон амьдарч байсан. Гэтэл Ж.Э-, Г.И-, Ш.Б- нар нь хоорондоо тохиролцохгүй байсан учраас 2017 оны 10 сард одоо яах вэ гээд манай компани дээр ирсэн. Би та өөрсдөө учраа ол би төлөх ёстой мөнгөндөө өгөх байраа өгсөн гэж хэлээд явуулсан. Гэтэл удалгүй тэр гурав бид тохиролцчихсон та нар санаа зовох юм байхгүй шүү гэж хэлсэн боловч бидэнд хэрхэн тохиролцсон талаараа хэлээгүй. Гэтэл хэд хоногийн дараа бид тохиролцож чадахгүй байна гэж бидэнд хэлсэн. Ингээд хуулийн зөвлөгөө авсан юм шиг байлаа. Энэ маргаанд танайх буруутай юм байна гэж хэлсэн. Ингэж хэлэхэд нь манай нөгөө захирал ямар учраас гэдгийг нь асууж байсан. Бүх процесс энэ Ш.Б- гэдэг хүн дээр явагдаж байсан. 10,990,000 төгрөгийг гэрээнд тусгахдаа дараагийн ажил дээр оруулна гэж тусгасан байгаа. Бид уг нь дараагийн ажилд хамтарч ажиллах ёстой байсан. Нэг ёсондоо дараагийн ажилд нэхэмжлэгч тал нь 10,990,000 төгрөгийн авлагатай болох байсан. Зам эвдэрсэн нь хэний буруу гэдэг талаар шинжээчийн дүгнэлт гаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч талын буруугаас болоод зам эвдэрсэн гэдэг тогтоогдсон байгаа. Бид 12,000,000 төгрөгөөр тухайн эвдэрсэн авто замыг янзлуулахаар болчихсон байгаа. Энэ талаарх гэрээгээ хавтаст хэрэгт хавсаргасан. Байрны гэрчилгээг гурвуулаа мэдэж байсан гэдгийг би дахиж хэлэх хэрэгтэй байна. Сүүлийн байрны гэрчилгээг би эд нарт өгөөгүй байсан. Эвдэрсэн замаа засаж байж аваарай гэж хэлсэн. Гэтэл Ш.Б- нь гэрчилгээгээ хаясан гэж зарлуулаад дахин шинээр авсан байсан. Гэтэл одоо ямар ч хамааралгүй хүнд өгсөн гэж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Надад одоо эдгээр гурван хүн нийлээд намайг залилж нэг ажлын төлбөрийг 2 удаа авах гэж байна гэж ойлгогдож байна. Миний хувьд байрыг нь шилжүүлээд өгчихсөн. 10,990,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч талын буруутайгаас болоод эвдэрсэн замыг янзлуулна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна“ гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн талаар маргаж байгаа боловч энэ гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн үү гэдэг асуудал яригдах ёстой. Хэрэв хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзвэл гэрээний үүргийг шаардах эрхгүй юм. Гэрээний утга нь зам хийх ажил байсан. Уг ажил нь тусгай зөвшөөрөлтэй компани уг ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч “Н-” ХХК нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрөлгүй компани ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хожим ядаж тусгай зөвшөөрлөө аваад түүнийгээ илэрхийлсэн бол тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл анхнаасаа тусгай зөвшөөрөл байхгүй байсан учраас гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн гэрээний үүрэг шаардах эрхгүй ч гэсэн гэрээний үүрэгт 3 орон сууцыг өгнө гэдэг зүйл яригдсан байдаг. Уг орон сууцнуудыг эхний нэг өрөө орон сууцыг н.Эрдэнэжаргал гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байдаг. 2016 оны 11 сарын 15-ны өдөр байрны гэрчилгээ гарсан. Гурав дахь байрны гэрчилгээ 2018 оны 03 сарын 30-ны өдөр гарсан байдаг. Эдгээр байрнуудын гэрчилгээ ингэж гарсан боловч орон сууц ашиглалтад орсон хугацаа буюу 2016 оны 07 сард байранд орох хүмүүс нь амьдраад эхэлчихсэн байсан. Эдгээр байранд ямар хүмүүс амьдраад байгаа, яагаад засвар хийгээд, дотоод зохион байгуулалтыг нь өөрчлөөд байгаа гэдгийг өөрсдөө мэдэж байсан. Мэдсэн учраас ямар нэгэн маргаан хийгээгүй байдаг. Нэхэмжлэгч талаас Ш.Б-д итгэмжлэл олгосон. Хэдийгээр гэрээнд гарын үсэг зурах эрхтэй боловч гэрээний үүргийг хүлээн авах эрхгүй гэж тайлбарлаад байна. Гэтэл бичгээр итгэмжлэл олгосон зүйл байхгүй. Хэрвээ хориглосон бол эхний байрыг шилжүүлэх талаар Ш.Б- нь хэлж байхад “Н-” ХХК-иас Ш.Б-г төлөөлөх эрхтэй этгээд биш шүү гэдгийг мэдэгдэх эрх байсан боловч үүнийгээ хэрэгжүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

“Н-” ХХК нь “Б-” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 107,394,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Н-” ХХК нь “...ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээнд зааснаар ажлын хөлсөнд тооцож өгөх 3 орон сууцны 2 орон сууцны талаар маргаангүй, 1 орон сууцыг хариуцагч нь өөр бусад этгээдэд шилжүүлсэн тул уг орон сууцны үнэ болох 96,404,000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр болох 10,990,000 төгрөг, нийт 107,394,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлов.

 

Хариуцагч “Б-” ХХК нь “...гэрээнд заасан 3 орон сууцыг бүхэлд нь шилжүүлсэн. Нэхэмжлэгч компани хамтран ажилласан хүмүүстэйгээ маргалдаж, тохиролцоогүйгээс нэг орон сууцны төлбөрийг манайхаас дахин гаргуулах гэж байна. Мөн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн замын ажилд доголдол илэрсэн тул уг доголдлыг 12,000,000 төгрөгөөр засуулахаар өөр байгууллагатай гэрээ байгуулсан учраас нэхэмжлэлийг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргав.

 

“Н-” ХХК нь 2015 оны 09 сарын 18-ны өдөр 2015/09/18/1 дугаартай “Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн .....-р байрны асфальт хучилттай талбайн өргөтгөл засварын ажлыг гүйцэтгэх гэрээ” /цаашид “гэрээ” гэх/-г “Б-” ХХК-тай байгуулжээ. /хх-1х-11-13/

 

Гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт “Б-” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан орон сууцны гадна талын асфальт хучилттай 3,840 м.кв авто замын ажлыг 60,000 төгрөгийн нэгж үнэлгээтэйгээр 230,400,000 төгрөгөөр, 674 м.кв явган замын ажлыг 20,000 төгрөгийн нэгж үнэлгээгээр 13,480,000 төгрөгөөр, нийт 243,880,000 төгрөгийн үнэлгээтэйгээр, ажлын 15 хоногт багтаан “Н-” ХХК хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцжээ.

 

Гэрээний 5.3-т төлбөрийг бартераар буюу 68,86 м.кв, 37,03 м.кв, 60,46 м.кв 232,890,000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 орон сууцыг ажил гүйцэтгэгчид шилжүүлэх, үлдэх 10,990,000 төгрөгийг 2016 онд эхлэх ажлын хөлсөнд шилжүүлэн тооцохоор заасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлд зааснаас үзэхэд “Б-” ХХК нь ажил гүйцэтгүүлж хөлс төлөх үүргийг, “Н-” ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг заасан хугацаанд хийж гүйцэтгэж, ажлын үр дүнг хариуцагчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн ба хүлээсэн үүргийн агуулгаас үзвэл талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

 

Хариуцагч талаас “...“Н-” ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан зам барих, засварлах тусгай зөвшөөрөлгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл” байх боломжтой гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.15.4-т зааснаар зам барих, засварлах нь тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөлд хамаарахаар байна. Хариуцагчаас гэрээнд заасан хэмжээний ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй бөгөөд харин төлбөрт тооцож шилжүүлэх 3 орон сууцыг бүрэн шилжүүлсэн гэж маргадаг. Нөгөө талаас захиалагч “Б-” ХХК нь ажил гүйцэтгэгчээс үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тодруулах, шаардах эрхтэй ба талуудын байгуулсан гэрээнд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж зам барих ажлыг гүйцэтгэх талаар тусгаагүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заасан.

 

Тиймээс зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох 46б байрны 287 /87/ тоот 68.86 м.кв талбайтай, 96,404,000 төгрөгийн үнэтэй орон сууц нь 2016 оны 11 сарын 16-ны өдөр анх иргэн Ш.Б-н өмчлөлд, 2017 оны 10 сарын 2-ны өдөр Т.М-ын өмчлөлд, 2017 оны 10 сарын 26-ны өдөр Н.М-ын өмчлөлд тус тус шилжин бүртгэгджээ. Гэрээнд зааснаар 287 тоот орон сууц боловч улсын бүртгэлээс хаягжилт олгохдоо 87 тоот болж бүртгэгдсэн талаар хариуцагч тайлбарладаг бөгөөд 87 тоот орон сууц нь гэрээнд заасан орон сууц биш гэж талууд хэн аль маргадаггүй ба 287 тоот хаягт байрлах орон сууц эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 12 сарын 19-ны өдрийн 7/10521 дугаартай албан тоотоор нотлогдов. /хх-1х-58, 92, 109, 2х-31, 38-43/

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажил гүйцэтгэгч “Н-” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон орон сууцыг ямар учраас Ш.Б-д шилжүүлсэн талаар хариуцагч “...анх ажлыг хийж эхлэхдээ Ш.Б-тай уулзаж тохиролцсон. “Н-” ХХК-ийг төлөөлж Ш.Б- бүх ажлыг гүйцэтгэсэн. Ш.Б-гийн хэлсэнээр нөгөө 2 орон сууцыг “Я-” ХХК болон Ш.Эрдэнэжаргал нарын нэр дээр шилжүүлсэн. Ж.Э-, Г.И-, Ш.Б- хоорондоо маргалдсанаас Ш.Б-д орон сууцыг шилжүүлэх ёсгүй байсан гэсэн асуудал үүссэн...” хэмээн тайлбарладаг.

 

Талууд гүйцэтгэсэн ажлын хэмжээ, бодит үр дүнгийн талаар нэгэнт маргаагүй ба гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн эсэх талаар хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 14 дэх хуудсанд авагдсан “Гэрээ дүгнэсэн акт”-ыг нэхэмжлэгч “...талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн” гэж, хариуцагч “...нэхэмжлэгч байгууллага тендерт орох гээд баримт хэрэгтэй боллоо гэж гуйсан болохоор гэрээнд гарын үсэг зурж, тамга дарсан, бодитоор ажлыг хүлээлгэн өгөөгүй, гүйцэтгэсэн ажилд доголдол илэрсэн” хэмээн маргадаг. Хариуцагчийн энэхүү тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэсэн тайлбар баримтыг гаргаагүй бөгөөд, хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Ш.Б-гийн мэдүүлгээр ажлыг хүлээлгэн өгөөгүй болох нь нотлогддог. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй тул “Гэрээ дүгнэсэн акт” акт гэх баримтыг үндэслэн ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй байна. /хх-1х-14, 2х-60-63/

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй, нөгөө талаас захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй ба ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажилд хожим доголдол илэрсэн нь захиалагч ажлын хөлсийг төлөхөөс зайлсхийх үндэслэл биш бөгөөд хуулийн 352 дугаар зүйлд гэрээний талуудын гаргах шаардлагын талаар тусгайлан зохицуулсан болно.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүргээ захиалагч зөрчсөн гэж үзэх ба нэгэнт “Б-” ХХК, “Н-” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг харилцан бие биенийхээ өмнө хүлээнэ.

 

Дээр дүгнэснээр хариуцагч нь гэрээнд заасан ажлын хөлс болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул гэрээний 5.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 96,404,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 10,990,000 төгрөгийг төлөөгүй талаар хариуцагч маргаагүй боловч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг 12,000,000 төгрөгөөр засварлахаар өөр компанитай гэрээ байгуулсан тул уг мөнгийг төлөхгүй гэж тайлбарладаг ба хариуцагч нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлд зааснаар хариуцагч доголдлын талаар шаардлага гаргах эрх нь нээлттэй тул түүний энэхүү тайлбар үндэслэлгүй гэж үзэж 10,990,000 төгрөгийг, нийт 107,394,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 694,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Б-” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 107,394,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н-” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 694,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.УРАНЗУЛ