Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00330

 

П.Жийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2019/00124 дүгээр шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар магадлалтай,

П.Жийн нэхэмжлэлтэй,

С.Тт холбогдох,

Гэм хорын хохиролд 2 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний дүү П.Баасанжаргал нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн төв бараан захын доод талаар явж байгаад баруун талдаа дохио өгөөд баруун гар тийш эргэж явтал зүүн гар талын Тэс колонкийн уулзвараас зам хөндлөн 32-90 ХОА улсын дугаартай Эксель маркийн машин гарч ирсэн. Тэгээд тормоз гишгэтэл тус машинтай мөргөлдсөн.

Миний машинд учирсан хохирол нь урд гүпер, баруун талын крыло, их гэрэл, засварын хөлс, өдрийн орлого буюу хөлс болно. Гэрээ ёсоор 28 хоногийн хугацаанд төлөх нөхцөлтэй тул мөнгөний боломжгүй гэсээр намайг хохироосоор байна. Иймд С.Таас 2 250 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбүүрэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед төв захын доод талд манай 06-61 улсын дугаартай машин баруун гар талдаа эргэтэл С.Тын машинтай мөргөлдсөн. Тухайн үедээ хоорондоо тохирох гэтэл С.Т 200 000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь манайд С.Т өөрийн дүүгээ дагуулж ирээд 500 000 төгрөг өгье тэгээд тохироод асуудлаа шийдвэрлэе гэж хэлсэн. С.Т юу ч дуугарахгүй байсан. Тухайн үед машиныхаа сэлбэгийг фэйсбүүкээр маш олон удаа хайж үнийг нь олж тогтоосон учраас Улаанбаатар хотоос авахуулсан. Тэгээд миний охин бие нь өвддөг боловч тэр машинаараа таксинд явж өдрийн хоолныхоо мөнгийг олдог байсан. Тэгээд Б.Буян-Өлзий гэдэг засварчинтай уулзаж тохиролцоод машинаа засварт оруулсан. Улаанбаатар хотоос крылог 400 000 төгрөгөөр худалдан авч автобусанд 50 000 төгрөг өгч авахуулсан. Тэгш газраар гэрэл нь анивчихгүй яваад байгаа боловч тэгш бус замаар явахаар гэрэл нь асахгүй байгаа. Тэгээд машиныг бүрэн зогсоосон. Цагаан сараар машинаа асаасан чинь асахгүй байсан. Бид нарыг хоорондоо ярилцаад тохирч болно гэсэн боловч С.Т 200 000 төгрөг өгнө гэхээр нь тохирохгүй гэж хэлсэн. Дараа нь түүний дүү нь 500 000 төгрөг өгнө гэхээр нь бас тохироогүй. Тэгээд С.Т би тийм их мөнгө өгч чадахгүй шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн учраас шүүхэд хандсан. Тэгээд түүнээс хойш дахиж уулзаагүй. Би цалингийн зээл авч машинаа засуулаад засварчинд 400 000 төгрөг өгсөн.

Иймд машины урд гүпр хагарсан тул 450 000 төгрөгөөр, баруун крыло хонхойсон тул 400 000 төгрөгөөр худалдан авсан. Баруун их гэрэл зурагдсан учир солих шаардлагатай. Одоогоор судалж үзэхэд 350 000 төгрөгийн үнэтэй байсан. Машин зассан засварчинд засварын хөлс 400 000 төгрөг өгсөн. Улаанбаатар хотоос сэлбэг авахуулахад автобусанд 50 000 төгрөг өгч тавиулсан. Машинаа засуулаад будах будгийг Улаанбаатар хотоос 50 000 төгрөгөөр худалдан авсан. Осол гарсан өдөр манай машиныг журмын хашаанд хийсэн. Түүний төлбөр 5 000 төгрөг, нотариатын үйлчилгээ авсны төлбөр 5 000 төгрөг, миний охин П.Ж таски үйлчилгээнд явдаг бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх нийт 32 өдрийн орох байсан орлого 800 000 төгрөг, энэ осол гарсантай холбогдуулан мөн машинаа засварлахад утсаар ярьсан төлбөр болон бензин хийсэн зардал 40 000 төгрөг, нийт 2 600 000 төгрөг нэхэмжилж байна  гэжээ.

Хариуцагч С.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төв захын урд талын Тэс колонкоос төв зам руу орох үед төв замаас ирж буй машин хол байсан бөгөөд төв зам руу эргээд ортол Мазда Демио маркийн машин ямар ч дуут дохио болон хурд сааруулах арга хэмжээ авалгүй шууд орж ирээд мөргөсөн. Уг машиныг жолоодож байсан жолооч нь өөрийн эзэмшлийн бус эгчийнхээ машиныг барьж явсан. Уг машины гэр бүл зөвхөн урд гупр аваад өгчих гэж хэлсэн бөгөөд миний бие Ховд аймаг болон Улаанбаатар хотоос урд гупрыг хайгаад олоогүй тул 500 000 төгрөг өгье эсвэл гупрыг нь засуулаад өгье гэсэн боловч зөвшөөрөөгүй. Гэтэл үнэлгээний газраар хийлгэж эвдрэлийг нэмж үнэлүүлэн өндөр үнээр үнэлүүлсэн байна. Мазда Демио маркийн машины өмнө нь ямар байсан нь тодорхойгүй, урд гупр нь анхнаасаа замасктай, будагтай байсан. Иймд Мазда Демио маркийн машины урд гупрыг янзалж өгөх эсвэл 450 000 төгрөг өгөх болно гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2019/00124 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан хариуцагч С.Таас 1 333 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Жт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1 261 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардлыг мөн хэмжээгээр нэхэмжлэгч П.Ж, хариуцагч С.Т нарт хариуцуулах нь зүйтэй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Таас 1 333 300 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 36 363 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Жт олгож шийдвэрлэжээ.         

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2019/00124 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1 333 300 төгрөг” гэснийг “1 188 300 төгрөг” гэж, “1 261 700 төгрөгийг” гэснийг “1 411 700 төгрөгийг” гэж өөрчлөн,

2 дахь заалтын “1 333 300 төгрөгт” гэснийг “1 188 300 төгрөгт” гэж, “36 363 төгрөгийг” гэснийг “33 069 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-д зааснаар хариуцагч С.Т нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 831 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: С.Т миний бие нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр таксинд явж байх үед Төв захын доод талд 06-61 ХОҮ улсын дугаартай Мазда Демио маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас тухайн үед нь тохиролцож чадаагүй явсаар хэрэг Ховд аймгийн иргэний шүүх рүү шилжсэнээр бүтэн нэг жил нэг сар болж байна. Хэргийн гол шалтгаан нь Мазда Демио машины урьд гүпр хагарсан баруун талын их гэрэл 3-4 см буландаа цуурхай байсан. Цагдаа хэргийн газар ирж үзлэг хийхэд Мазда Демио машин хурд хэтрүүлсэн, тоормозгүй ямар ч гэрлэн дохио өгөөгүй мөн эгчийнхээ машин унаж үрүүл шилжсэн гэх зэрэг буруутай байсаар байхад манай машин болох 3290 ХОА улсын дугаартай Эксель машиныг туслах замаас орсон гэж буруу өгсөн. Ингээд манай зүгээс гэрт нь очиж 500 000 төгрөг эсхүл гүприйг янзалж өгөх санал тавьсан боловч нэхэмжлэгч хувиараа үнэлгээний газраар өндөр үнэ тогтоолгож ганц гүприйн үнэ 2 600 000 төгрөг болтол худалд үнэлгээ тогтоож явсаар 3 шатны шүүхээр шүүгдээд тодорхой дүн хариу гаралгүй өдий хүрлээ.

Давж заалдах шатны шүүхээс 1 118 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч П.Ж нь Улаанбаатар хотоос Мазда Демио маркийн машиныг гүпр, шанааны гэрлийг 1 500 000 төгрөг авсан гэж байгаа боловч ямар ч баримт байхгүй. Засварчин Буян-Өлзий шүүх хурал дээр дуудаж шүүгч яаж зассан талаар байцаахад би Мазда Демио машины өөрийнх нь гүпр хагарсан бяцарсаныг тор тавьж замаскдаж будаж янзалж хийсэн, хөлтэй нь 400 000 төгрөгөөр хийж өгсөн гэж тодорхой хэлж байхад шүүгч нар 2 600 000 төгрөгөөс 1 330 000 төгрөг болгож хассан. Дараагийн шүүх нь 1 330 000 төгрөгөөс 1 188 300 төгрөг болгож хасч ,тэтгэврийн хөгшинг удаа дараа хуурч байгаад гомдолтой байна. Машин засварласан гэрч Буян-Өлзийгийн хэлснээр 400 000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

П.Ж нь С.Тт холбогдуулан гэм хорын хохиролд 2 600 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 400 000 төгрөг өгнө гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 1 333 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчааас 1 188 300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баруун бүсийн төв захын урд зам тээврийн осол гарч, нэхэмжлэгч П.Жийн эзэмшлийн 0661 ХОҮ дугаартай Мазда Демио маркийн автомашинд хохирол учирсан, осолд 3290 ХОҮ дугаартай Эксель маркийн автомашиныг жолоодож явсан С.Т буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар зохигч маргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч П.Ж өөрийн эд хөрөнгөд гэм хор учирсан үндэслэлээр хариуцагчаас эвдэрсэн эд ангийг солих, засаж сайжруулсан будаг, засварын хөлс, журмын хашааны үнэ зэргийг хохиролд тооцож нэхэмжилсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Мазда Демио маркийн авто машины урд гупер, баруун урд их гэрэл, баруун талын крыло эвдэрч гэмтсэн, хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй ч хохирлыг өндөр үнээр үнэлсэн тул үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх зохигчийн маргаж буй эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр хохирлын хэмжээг удаа дараагийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн дундаж үнэлгээгээр тооцож, хариуцагчаас 1 333 300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа нотлох баримтыг дутуу үнэлсэн анхан шатны шүүхийн алдааг засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул “...нэхэмжлэлийн шаардлагаас засварын хөлс 400 000 төгрөгийг төлөх ёстой...” гэх үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД