Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1102

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  С.Э, С.Ч-нарт холбогдох

                                   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Туяа,

шүүгдэгч С.Э-,

шүүгдэгч С.Э, С.Ч-нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн эсэргүүцлээр С.Э, С.Ч-нарт холбогдох эрүүгийн 1810011670473 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бн овгийн С- Э

 

2. Бн овгийн С-йн Ч,

 

Шүүгдэгч С.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, С.Ч- бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Эвэридэй” худалдааны төвийн авто зогсоол дээр БНХАУ-ын иргэн Ян Хангаас 300.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан,

 

шүүгдэгч С.Ч нь С.Э-тай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Эвэридэй” худалдааны төвийн авто зогсоол дээр БНХАУ-ын иргэн Ян Хангаас 300.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Э, С.Ч-нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Э, С.Ч-нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Э, С.Ч-нарыг 1 жилийн хугацаагаар тус бүр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд шүүгдэгч С.Э, С.Ч-нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, С.Ч-нар нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг С.Э, С.Ч-нарт мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн эсэргүүцэл болон прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан нь хуулийн уг заалтыг “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” хүнд ...хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор ойлгогдож байгаа. Өөрөөр хэлбэл, шүүх хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж тэнсэхдээ “гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх, эсхүл гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх” хоёр шинжийн аль нэгийг заавал харгалзан үзэх тухай ойлголт юм.

С.Э, С.Ч-нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ч- гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар шүүгдэгч С.Ч-д холбогдох хэргийг “хэрэгсэхгүй болгож цагаатгах” байр суурьтай оролцсон /дээрх нөхцөл байдлууд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ байхад шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч С.Ч-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 477 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

 

Шүүгдэгч С.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс С.Ч-д холбогдох үйлдлийг цагаатгах байр суурьтайгаар, С.Э-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсон. Шүүгдэгч С.Ч- гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх асуудал нь түүний хуульд заасан эрхийн асуудал. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд, С.Ч-ыг гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт байдаггүй. Хятад хүмүүс болох гэрч Жан Жун, Луй Бө, хохирогч Ян Ханг гэх 3 хүний мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байдгаас гадна дээрх мэдүүлгүүдийн эх сурвалж нь тодорхойгүй. С.Ч С.Э-тай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч яллагдагчийг гэм буруутайд тооцоход эргэлзээ төрүүлэхээр бол яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу С.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. С.Ч-ын хувьд нөхрөө удаад байхаар нь очиж, “хурдан явъя” гэсэн шаардлага тавьсан болохоос биш хамтран оролцсон буюу гар хөлийг нь барьж дээрэмдсэн зүйл хавтас хэрэгт байхгүй. Субьектив шинжээрээ ч гэсэн ямар нэгэн бүлэглэж, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Гэрч П.Дуламсүрэн С.Ч-ыг С.Э-тай бүлэглэж, дээрэм хийсэн гэж огт мэдүүлээгүй. Иймд С.Ч-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. С.Э- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, спортын пауверлифтингийн төрлөөр Ази тивийн 3 удаагийн аварга, Дэлхийн аварга, Дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальтай, Монгол Улсын 2016, 2017, 2018 оны аварга болоод дэлхийн чанартай томоохон тэмцээнүүдэд Монгол Улсын нэрийг гаргаж байгаа өндөр зэрэглэлийн тамирчин юм” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

1. Шүүгдэгч С.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, С.Ч- бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эвэридэй” худалдааны төвийн авто зогсоол дээр БНХАУ-ын иргэн Ян Хангаас 300.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан болох нь:

 

хохирогч Ян овогт Ханг-ын: “2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Жан Жун, Луй Бө нарын хамт Төв аймаг руу ажлаар явсан. Төв аймаг явах замд “Эвэридэй” худалдааны төвд хоол идээд, 13 цаг 50 минутын үед гадаа машин дээрээ ирэхэд, араас нэг залуу дагаж ирээд, машин дотор орж суусан. Удалгүй манай орчуулагч Жан Жун хоолны газраас гарч ирээд монгол залуутай ярихад, монгол залуу “архи авч өг” гэсэн байсан. Тухайн үед манай машины гадна мөн танихгүй 1 эмэгтэй зогсож байсан. Монгол залууд архи авч өгөхөөр болоод орчуулагч Жан Жун-г дагуулаад дэлгүүр лүү явахад хаалттай байсан. Нөгөө Монгол залуу буцаж машин дээр ирээд 200.000 төгрөг нэхсэн, “мөнгө өгөхгүй бол миний цүнхийг булаана” гэж Жан Жун-аар дамжуулан хэлсэн. Тэгэхээр нь би 200.000 төгрөг өгөх гээд цүнхнээсээ мөнгө тоолоод өгөхөд дахин 100.000 төгрөг нэхэхээр “мөнгө нэмж өгөхгүй” гэхэд... нөгөө залуу дахин мөнгө нэхээд “өгөхгүй бол миний цүнхийг булаана” гээд байхаар нь 100.000 төгрөг нэмж өгсөн. Тэгээд нөгөө Монгол залуу манай машины хажууд зогсож байсан цагаан өнгийн приус 20 маркийн машинд хоёр хүүхэнтэй суугаад явсан. Надад гомдол санал байхгүй, хохиролгүй болсон...” /хх-11-12/,

 

гэрч Жан Жун-ы: “...хоол идээд тооцоогоо хийчихээд гарч иртэл танихгүй 40 орчим насны Монгол эрэгтэй Луй, Ян нараас юм асуугаад зогсож байсан. “Наад хоёр Хятад хүндээ хэлээд ганц шил архи аваад өгчих” гэж надад хэлэхээр нь нөгөө танихгүй Монгол залууг би дагуулаад машинаас гараад “Эвэридэй” дэлгүүр лүү орж нөгөө залууд архи авч өгөх гэхэд “5 шил архи, нэг авдар кола аваад өгчих” гэхээр нь “надад тийм их мөнгө байхгүй, эндээс гаръя” гээд машиндаа очиж суусан. Ян Ханг-д орчуулж хэлэхэд нөгөө Монгол залуу надад 200.000 төгрөг өгчих гэсэн. ...Тэгэхэд Ян Ханг цүнхнээсээ 200.000 төгрөг гаргаад тоолж байхад нөгөө залуу “300.000 төгрөг авна” гэсэн. Ян Ханг 100.000 төгрөг нэмж, нийт 300.000 төгрөг өгсөн” /хх-17-18/,

 

гэрч Луй Бө-ийн: “...Ян Ханг бид хоёр машин руу явж байхад нэг Монгол залуу бид хоёртой юм яриад байсан. Бид хоёр хэлж байгааг нь ойлгохгүй болохоор машин руугаа явсан. Тэгээд машиндаа ирээд суутал нөгөө Монгол залуу дагаж ирээд машинд суусан. Удалгүй Жан Жун ирж машинд суугаад танихгүй Монгол залуутай юм яриад эхэлсэн. Жан Жун нь “уг Монгол залуу архи авч өг гэж байна” гэж хэлсэн. Жан Жун нь нөгөө Монгол залууг дагуулаад дэлгүүр яваад “хаалттай байна” гээд Монгол залуу Ян Хангийн машинд сууж байсан. ... Жан Жун орчуулж хэлэхдээ “Монгол залуу 200.000 төгрөг өгөхгүй бол Ян Хангын цүнхийг булаана шүү” гэж хэлсэн. Ян Ханг түрийвчнээсээ мөнгө гаргаж ирээд тоолж байхад нөгөө Монгол залуу “100.000 төгрөг нэмээд өг” гэж хэлснийг Жан Жун орчуулж хэлж байсан. Тэгээд Ян Ханг 300.000 төгрөг өгөөд Монгол залуу Ян Хангын гараас булааж аваад манай машины хажууд зогсож байсан цагаан машинд суугаад явсан” /хх-24-25/,

 

гэрч П.Дуламсүрэнгийн: “...Дэлгүүр нь ажиллахгүй байсан. Дэлгүүрээс гарахад Э-хар өнгийн микро шиг машин руу яваад өгсөн. Араас нь Чинзул очиж байгаа харагдсан. Би тэр хоёрыг танидаг хүмүүстэйгээ таарсан юм байна гэж бодоод машинаа асаагаад хажууд нь очиж зогсоод цонхоо онгойлготол Хятад залуу цүнхнээсээ боодол 20.000 төгрөг гаргаж ирээд 200.000 төгрөг тоолоод Э-д өгсөн. Э-“энэ мөнгө чинь архи л авч хүрнэ, ундааны мөнгө өг” гээд дахин 100.000 төгрөг авсан” /хх-27/,

 

шүүгдэгч С.Э-ын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр Чинзул, түүний найз Дуламсүрэнтэй Дундговь аймаг руу явж байх замдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эвэридэй” худалдааны төв рүү ороход Хятад хүн хаалга хүчтэй савж гарч ирээд, өөдөөс шүлсээ хаяад хоорондоо Хятадаар чанга, чанга яриад байсан. Миний уур хүрээд “юу хийж яваа Хятадууд вэ” гэхэд орчуулагч гэх залуу гарч ирээд “машин руу очъё” гээд намайг дагуулаад явсан. Орчуулагч нь машин дээрээ очоод “эд нар буруу үйлдэл хийсэн гээд айгаад байх шиг байна” гэхээр нь би “архи аваад өгчих” гэсэн. Тэгтэл тэд “дэлгүүр хаалттай байна, мөнгийг нь аваад явчих уу” гээд мөнгө тоолж өгөөд “10 шил архины мөнгө хүрэх үү” гэхэд “тэгвэл 100.000 төгрөг нэмээд өгчих” гээд 300.000 төгрөг авсан. Би урьд өдөр нь найзын төрсөн өдөр болоод жаахан архи уучихсан. Өглөө нь босоод 2-3 пиво уусан, бага зэргийн халамцуу байсан” /хх-67-68/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч С.Ч- нь С.Э-тай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Эвэридэй” худалдааны төвийн авто зогсоол дээр БНХАУ-ын иргэн Ян Хангаас 300.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан болох нь:

 

хохирогч Ян овогт Ханг-ын: “...Тэгэхээр нь би 200.000 төгрөг өгөх гээд цүнхнээсээ мөнгө тоолоод өгөхөд дахин 100.000 төгрөг нэхэхээр “мөнгө нэмж өгөхгүй” гэхэд машины гадна зогсож байсан эмэгтэй хятад хэлээр “мөнгөө өгөх юм уу” гэж хэлсэн. Нөгөө залуу дахин мөнгө нэхээд “өгөхгүй бол миний цүнхийг булаана” гээд байхаар нь 100.000 төгрөг нэмж өгсөн” /хх-11-12/,

 

гэрч Жан Жун-ы: “...Ян Ханг-д орчуулж хэлэхэд нөгөө Монгол залуу “надад 200.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэр үед манай машины хажууд зогсож байсан цагаан өнгийн “Приус 20” маркийн машинд сууж байсан 40 орчим насны эмэгтэй Хятад хэлээр “мөнгөө өгчихөөд энийг дуусгая” гэж хэлсэн” /хх-17-18/,

 

гэрч Луй Бө-ийн: “...Жан Жун орчуулж хэлэхдээ “Монгол залуу 200.000 төгрөг өгөхгүй бол Ян Хангын цүнхийг булаана шүү” гэж хэлсэн. Тэр үед манай машины хажууд байсан цагаан өнгийн машинаас хар өнгийн хувцастай 40 гаруй насны эмэгтэй бууж ирээд Хятад хэлээр “та нар Дун Бэ мужийнх байна ш дээ, мөнгө өгөх юм уу” гэж хэлсэн” /хх-24-25/,

 

гэрч П.Дуламсүрэнгийн: “... Э-ын араас нь Ч очиж байгаа харагдсан. Хятад залуу цүнхнээсээ боодол 20.000 төгрөг гаргаж ирээд 200.000 төгрөг тоолоод Энхжаргалд өгсөн. Э-“энэ мөнгө чинь архи л авч хүрнэ, ундааны мөнгө өг” гээд дахин 100.000 төгрөг авсан. Тэгээд Э, Ч нар миний машинд суугаад “хөдөл” гээд шууд Дундговь руу явсан” /хх-27/,

 

шүүгдэгч С.Ч-ын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр Энхжаргал, найз Дуламсүрэнтэй цуг Дундговь аймаг явах замдаа “Эвэридэй” дэлгүүрийн гадаа зогсоход Э машинаас түрүүлээд буусан, би араас нь найз Дуламсүрэнгийн хамт ороход дэлгүүр хаалттай байсан. Тэгэхээр нь машин дээрээ эргээд очиход Э-ирээгүй байсан. Э нэг хар машин дээр оччихсон байхаар нь яваад очиход гурван Хятад иргэнтэй юм яриад зогсож байсан. Би “хаанахын хятадууд вэ” гэж хятадаар асуучихаад хурдан явъя” гэж хэлээд машиндаа суусан. Тухайн үед Э-халамцуу байсан. Э-г хятад иргэдээс мөнгө нэхэж байгааг мэдээгүй. Сүүлд машинд суугаад замд явж байхад нь мэдсэн. Хятад иргэд Э-руу шүлсээ цацаж байхыг анзаараагүй” /хх-73-74/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч С.Э, С.Ч-нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Э-ыг  С.Ч- бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын иргэн Ян Хангаас 300.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд прокурор “хүч хэрэглэхээр заналхийлж” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинж биш, ингэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг  хууль зөрчсөн гэж үзсэнгүй.

 

Учир нь, прокурор яллах дүгнэлтийг үйлдэхийн өмнө шүүгдэгч С.Э-д урьд сонсгосон хэргийн зүйлчлэлийг өөрчлөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг сонсгосон, шүүгдэгч уг хэрэгт яллагдаж байгаагаа мэдэж, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхээ эдэлжээ.

 

Дээд шатны прокурор Д.Мөнхсайхан “С.Э, С.Ч-нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ч- гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан хорих ял оногдуулахгүй тэнссэн нь хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичжээ.

 

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, өмгөөлөгч Г.Наранбаатар “С.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар өмгөөлөл явуулсан боловч шүүгдэгч С.Ч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд, шүүх хуралдааны эцсийн үг хэлэх үе шатанд “үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ.

 

 Шүүх хуралдааны процесс ажиллагааны хувьд, өмгөөлөгч өмгөөллийн үгээ хэлсний дараа шүүгдэгч эцсийн үг хэлэх боломж олгогддог бөгөөд шүүгдэгч С.Ч-нгэмшиж хэлсэн үгийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой, анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийнх нь хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан С.Ч-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Прокурор нь эсэргүүцэлдээ шүүгдэгч С.Ч-нөмгөөлөгч Г.Наранбаатарын “хэргийг хэрэгсэхгүй болгох” өмгөөллийн байр сууринд дүгнэлт өгсөн байх боловч шүүгдэгч С.Ч-нгэмшиж байгаа байдалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй тул дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Мөнхсайханы бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ