Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/477

 

                  

 

 

                  

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч  Б.Гүнсэл, шүүгдэгч С.Э, С.Ч, тэдний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Э,С.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810011670473 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, спортын төв ордонд дасгалжуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт 000000000000000 тоотод оршин суух хаягтай, 2018 оны Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 2016, 2017, 2018 онд мөнгө медаль тус тус хүртсэн, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С.Э /РД: 000000000/,

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт 000000000000000оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С.Ч /РД: 0000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Чтай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эвэридэй худалдааны төвийн авто зогсоол дээр БНХАУ-ын иргэн Ягаас 300.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж авсан,

Шүүгдэгч С.Ч нь С.Этай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эвэридэй худалдааны төвийн авто зогсоол дээр БНХАУ-ын иргэн Ягаас 300.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэлд бичигдсэнээр/.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч С.Э: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр С.Ч, Днартай Дундговь аймаг руу явж байгаад Эвэридэй худалдааны төвөөс юм авах гээд орсон. Гэтэл Хятад хүмүүс шүлсээ хаяад гараад ирэхээр нь миний дургүй хүрсэн. Тухайн үед би халамцуу байсан учир уур хүрээд тэд нарт юм хэлэхэд Хятад хүн байсан. Тэгэхээр нь би “архи аваад өгчих” гэж хэлэхэд “ах аа, тэгье” гээд дэлгүүр лүү ороход хаалттай байсан. Тэгээд надад “мөнгийг нь ав” гээд мөнгөө өгсөн. Тэр мөнгийг нь “10 шил архи, ундаатай авч хүрэх үү” гэхэд нэмээд 100.000 төгрөг өгсөн. Тухайн үед С.Ч хажуугаар орж ирээд “явъя, таньдаг хүн чинь юм уу” гэж хэлээд яваад өгсөн. С.Ч тэдгээр Хятад хүмүүстэй юм яриагүй байх...” гэв.

 

Шүүгдэгч С.Ч: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д, С.Э нартай Дундговь аймаг руу явах замдаа Эвэридэй худалдааны төвийн гадаа зогсоод С.Э буухаар нь би дагаад буусан. Би дэлгүүр лүү ороход С.Э зөрж гараад хар машин дээр очсон байсан. Намайг очиход хэрүүл шуугиан үүсээгүй, тэд хоорондоо ярилцаж байхаар нь би тэдгээр хүмүүсээс Хятадаар “хаанахын хүмүүс вэ” гэж, С.Эд “явъя” гэж хэлчихээд би явж бие зассан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Яг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Ж, Лнарын хамтаар Төв аймаг руу ажлаар явсан. Төв аймаг явах замд Эвэридэй худалдааны төвд хоол идээд 13 цаг 50 минутын үед гадаа машин дээрээ ирэхэд араас нэг залуу монголоор яриад дагаж ирээд машин дотор орж суусан. Удалгүй манай орчуулагч Ж хоолны газраас гарч ирээд монгол залуутай ярихад монгол залуу архи авч өг гэсэн байсан. Тухайн үед манай машины гадна мөн танихгүй 1 эмэгтэй зогсож байсан. Монгол залууд архи авч өгөхөөр болоод орчуулагч Ж-г дагуулаад дэлгүүр лүү явсан. Тухайн үед Эвэридэй дэлгүүр хаалттай байсан чинь нөгөө Монгол залуу буцаж машин дээр ирээд 200.000 төгрөг нэхсэн мөнгө өгөхгүй бол миний цүнхийг булаана гэж Ж-аар дамжуулан хэлсэн. Тэгэхээр нь би 200.000 төгрөг өгөх гээд цүнхнээсээ мөнгө тоолоод өгсөн чинь дахин 100.000 төгрөг нэхэхээр мөнгө нэмж өгөхгүй гэхэд машины гадна зогсож байсан эмэгтэй хятад хэлээр мөнгөө өгөх юм уу гэж хэлсэн. Тэр үед машин дотор сууж байсан монгол залуу нь миний гарт байсан 200.000 төгрөгийг аваад машинаас буусныхаа дараа дахин мөнгө нэхээд өгөхгүй бол миний цүнхийг булаана гээд байхаар нь 100.000 төгрөг нэмж өгсөн. Тэгээд нөгөө Монгол залуу манай машины хажууд зогсож байсан цагаан өнгийн приус 20 маркийн машинд 2 хүүхэнтэй суугаад явсан...” /хх-ийн 11-12/ гэсэн,

 

Гэрч Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед Төв аймаг явах зам дагуу Эвэридэй хоолны газарт цуг ажилладаг Л, танил Яг нарын хамтаар хоол идээд тооцоогоо хийчихээд гарч иртэл танихгүй 40 орчим насны Монгол эрэгтэй Л, Ян нараас юм асуугаад зогсож байсан. Наад хоёр Хятад хүндээ хэлээд ганц шил архи аваад өгчих гэж намайг хэлэхээр нь нөгөө танихгүй Монгол залууг би дагуулаад машинаас гараад Эвэридэй дэлгүүрлүү орж нөгөө залууд архи авч өгөх гэхэд 5 шил архи нэг авдар кола аваад өгчих гэхээр нь надад тийм их мөнгө байхгүй эндээс гаръя гээд машиндаа очиж суусан. Яг-д орчуулж хэлэхэд нөгөө Монгол залуу надад 200.000 төгрөг өгчих гэсэн, тэр үед манай машины хажууд зогсож байсан цагаан өнгийн приус 20 маркийн машинд сууж байсан 40 орчим насны эмэгтэй Хятад хэлээр мөнгөө өгчихөөд энийг дуусгая гэж хэлсэн тэгэхэд Яг цүнхнээсээ 200.000 төгрөг гаргачихаад тоолж байхад нөгөө залуу 300.000 төгрөг авна гэсэн. Яг 100.000 төгрөг нэмж нийт 300.000 төгрөг өгсөн...” /хх-ийн 17-18/ гэсэн,

 

Гэрч Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Яг, Ж нарын хамтаар Төв аймаг руу ажлаар явж байгаад зам дагуу байдаг хоолны газар хоол идчихээд Яг бид хоёр машинруу явж байхад нэг Монгол залуу бид хоёртой юм яриад байсан. Бид хоёр хэлж байгааг нь ойлгохгүй болохоор машинруугаа явсан. Тэгээд машиндаа ирээд суутал нөгөө Монгол залуу дагаж ирээд машинд суусан. Удалгүй Ж ирж машинд суугаад танихгүй Монгол залуутай юм яриад эхэлсэн. Ж Яг бид хоёрт хэлэхдээ уг Монгол залуу архи авч өг гэж байна гэж хэлсэн. Ж нөгөө Монгол залууг дагуулаад дэлгүүр явсан. Дэлгүүр хаалттай гээд Монгол залуу Ягийн машинд сууж байсан талаар ирж машины хаалгыг онгойлгоод юм яриад байсан. Ж орчуулж хэлэхдээ Монгол залуу 200.000 төгрөг өгөхгүй бол Ягын цүнхийг булаана шүү гэж хэлсэн. Тэр үед манай машины хажууд байсан цагаан өнгийн машинаас хар өнгийн хувцастай 40 гаран насны эмэгтэй бууж ирээд Хятад хэлээр та нар Дун Бэ мужийнх байна ш дээ, мөнгө өгөх юм уу? гэж хэлсэн. Яг түрийвчнээсээ мөнгө гаргаж ирээд тоолж байхад нөгөө Монгол залуу 100.000 төгрөг нэмээд өг гэж хэлсэн. Ж орчуулж хэлж байсан. Тэгээд Яг 300.000 төгрөг өгөөд Монгол залуу Ягын гараас булааж аваад манай машины хажууд зогсож байсан цагаан машинд суугаад явсан....” /хх-ийн 24-25/ гэсэн,

 

Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “ ...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр С.Ч надруу залгаад Дундговь яваад өгөөч, бинзен тосыг нь хийгээд өгье гэхээр нь тэгье гээд 12 цагт спортын төв ордоны аркаар гараад ирээрэй гэсэн. Би 12 өнгөрөөгөөд Спортын төв ордны аркаар гарч С.Чтай уулзахад нөхөртэйгээ цуг явъя гэж хэлээд 50.000 төгрөгөнд шатахуун хийж өгсөн. Тэгээд цааш хөдлөөд уулын орой дээр байдаг худалдааны төвийн хашаа руу орж зогсоод С.Ч гурвуулаа цуг дэлгүүр оръё гэж хэлээд цуг дэлгүүр орсон. Дэлгүүр нь ажиллахгүй байсан. Дэлгүүрээс гарахад С.Э хар өнгийн микро шиг машин руу яваад өгсөн. Араас нь С.Ч очиж байгаа харагдсан. Би тэр хоёрыг танидаг хүмүүстэйгээ таарсан юм байна гэж бодоод машинаа асаагаад хажууд нь очиж зогсоод цонхоо онгойлготол Хятад залуу цүнхнээсээ боодол 20.000 төгрөг гаргаж ирээд 200.000 төгрөг тоолоод С.Эд өгсөн. С.Э энэ мөнгө чинь архи л авч хүрнэ, ундааны мөнгө өг гээд дахин 100.000 төгрөг авсан. Тэгээд С.Э, С.Ч нар миний машинд суугаад хөдөл гээд шууд Дундговь руу явсан...” /хх-ийн 27/ гэсэн,

 

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр С.Ч, түүний найз Дтэй Дундговь аймаг руу явж байх замдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эвэридэй худалдааны төв рүү орсон. Худалдааны төв рүү ороход Хятад хүн хаалган дээр хаалга хүчтэй савж гарч ирээд өөдөөс шүлсээ хаяад хоорондоо Хятадаар чанга чанга яриад байсан. Миний уур хүрээд юу хийж яваа Хятадууд вэ гэхэд орчуулагч гэх залуу гарч ирээд машин руу очъё гээд намайг дагуулаад явсан. Орчуулагч нь машин дээрээ очоод эд нар буруу үйлдэл хийсэн гээд айгаад байх шиг байна гэхээр нь би архи аваад өгчих гэсэн. Тэгтэл тэд дэлгүүр хаалттай байна мөнгийг нь аваад явчих гээд мөнгө тоолж өгөөд 10 шил архины мөнгө хүрэх үү гэхэд тэгвэл 100.000 төгрөг нэмээд авчих гээд 300.000 төгрөг авсан. Би урьд өдөр нь найзын төрсөн өдөр болоод жаахан архи уучихсан. Өглөө нь босоод 2-3 пиво уусан, бага зэргийн халамцуу байсан. Тухайн үед эхнэр хаана байсныг анзаараагүй. Мөнгө аваад шууд машинд суухад эхнэр машин дотор байсан. Энэ хэрэгт эхнэр маань оролцоогүй...” /хх-ийн 67-68/ гэсэн,

 

Шүүгдэгч С.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр С.Э, найз Дтэй цуг Дундговь аймаг явах замдаа Эвэридэй дэлгүүрийн гадаа зогсоход С.Э машинаас түрүүлээд буусан, би араас нь найз Дгийн хамт ороход дэлгүүр хаалттай байсан. Тэгэхээр нь машин дээрээ эргээд очиход С.Э ирээгүй байсан. С.Э нэг хар машин дээр оччихсон байхаар нь яваад очиход гурав Хятад иргэнтэй юм яриад зогсож байсан. Би хаанахын хятадууд вэ гэж хятадаар асуучихаад С.Эыг хурдан явъя гэж хэлээд машиндаа суусан. Тухайн үед С.Э халамцуу байсан. С.Эыг хятад иргэдээс мөнгө нэхэж байгааг мэдээгүй. Сүүлд машинд суугаад замд явж байхад нь мэдсэн. Хятад иргэд С.Э руу шүлсээ цацаж байхыг анзаараагүй...”  /хх-ийн 73-74/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүгдэгч С.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-40, 80-81/,

- Шүүгдэгч С.Чийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 52-54, 76-79/,

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 43/, 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 44/, 

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.Э, С.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Э, С.Ч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Э, С.Ч нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эвэридэй худалдааны төвийн авто зогсоол дээр БНХАУ-ын иргэн Ягаас 300.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Яг-н “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймаг руу ажлаар явсан. Төв аймаг явах замд Эвэридэй худалдааны төвд ...гадаа машин дээрээ ирэхэд араас нэг залуу Монголоор яриад дагаж ирээд машин дотор суусан. Удалгүй манай орчуулагч Ж хоолны газраас гарч ирээд Монгол залуутай ярихад Монгол залуу архи авч өг гэсэн байсан. Тухайн үед манай машины гадна мөн танихгүй 1 эмэгтэй зогсож байсан. Тухайн үед Эвэридэй дэлгүүр хаалттай байсан чинь нөгөө Монгол залуу 200.000 төгрөг нэхсэн, мөнгө өгөхгүй бол миний цүнхийг булаана гэж Ж-аар дамжуулан хэлсэн. Тэгэхээр нь би 200.000 төгрөг өгөх гээд цүнхнээсээ мөнгө тоолоод өгсөн чинь дахин 100.000 төгрөг нэхэхээр мөнгө нэмж өгөхгүй гэхэд машины гадна зогсож байсан эмэгтэй хятад хэлээр мөнгөө өгөх юм уу гэж хэлсэн. Тэр үед машин дотор сууж байсан Монгол залуу нь миний гарт байсан 200.000 төгрөгийг аваад машинаас буусныхаа дараа дахин мөнгө нэхээд өгөхгүй бол миний цүнхийг булаана гээд байхаар нь 100.000 төгрөг нэмж өгсөн...” /хх-ийн 11-12/ гэсэн,

Гэрч Ж-н “...Би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед Төв аймаг явах зам дагуу Эвэридэй хоолны газарт цуг ажилладаг Луй, танил Яг нарын хамтаар хоол идээд тооцоогоо хийчихээд гарч ирэхэд танихгүй 40 орчим насны Монгол эрэгтэй Луй, Ян нараас юм асуугаад зогсож байсан. Наад хоёр Хятад хүндээ хэлээд ганц шил архи аваад өгчих гэж намайг хэлэхээр нь нөгөө танихгүй Монгол залууг би дагуулаад машинаас гараад Эвэридэй дэлгүүрлүү орж нөгөө залууд архи авч өгөх гэхэд 5 шил архи нэг авдар кола аваад өгчих гэхээр нь надад тийм их мөнгө байхгүй, эндээс гаръя гээд машиндаа очиж суусан. Яг-д орчуулж хэлэхэд нөгөө Монгол залуу надад 200.000 төгрөг өгчих гэсэн тэр үед манай машины хажууд зогсож байсан цагаан өнгийн приус 20 маркийн машинд сууж 40 орчим насны эмэгтэй Хятад хэлээр мөнгөө өгчихөөд энийг дуусгая гэж хэлсэн тэгэхэд Яг цүнхнээсээ 200.000 төгрөг гаргачихаад тоолж байхад нөгөө залуу 300.000 төгрөг авна гэсэн. Яг 100.000 төгрөг нэмж нийт 300.000 төгрөг өгсөн...” /хх-ийн 17-18/ гэсэн,

Гэрч Луй Бө-н “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ...Ж нь Яг бид хоёрт хэлэхдээ уг Монгол залуу архи авч өг гэж байна гэж хэлсэн. Ж орчуулж хэлэхдээ Монгол залуу 200.000 төгрөг өгөхгүй бол Ягын цүнхийг булаана шүү гэж хэлсэн. Тэр үед манай машины хажууд байсан цагаан өнгийн машинаас хар өнгийн хувцастай 40 гаран насны эмэгтэй бууж ирээд Хятад хэлээр та нар Дун Бэ мужийнх байна ш дээ, мөнгө өгөх юм уу? гэж хэлсэн...” /хх-ийн 24-25/ гэсэн,

Гэрч П.Дгийн “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ...дэлгүүрээс гарч явтал С.Э хар өнгийн микро шиг машин руу яваад очсон, араас нь С.Ч очиж байгаа харагдсан. Би тэр хоёрыг танидаг хүмүүстэйгээ таарсан юм байна гэж бодоод машинаа асаагаад хажууд нь очиж зогсоод цонхоо онгойлготол Хятад залуу цүнхнээсээ боодол 20.000 төгрөг гаргаж ирээд 200.000 төгрөг тоолоод С.Эд өгсөн. С.Э энэ мөнгө чинь архи л авч хүрнэ ундааны мөнгө өг гээд дахин 100.000 төгрөг авсан. Тэгээд С.Э, С.Ч нар миний машинд суугаад хөдөл гээд шууд Дундговь руу явсан...” /хх-ийн 27/ гэсэн,

Шүүгдэгч С.Эын “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ...орчуулагч нь машин дээрээ очоод эд нар буруу үйлдэл хийсэн гээд айгаад байх шиг байна гэхээр нь би архи аваад өгчих гэсэн. Тэгтэл тэд дэлгүүр хаалттай байна, мөнгийг нь аваад явчих гээд мөнгө тоолж өгөөд 10 шил архины мөнгө хүрэх үү гэхэд тэгвэл 100.000 төгрөг нэмээд авчих гээд 300.000 төгрөг авсан. Тухайн үед эхнэр хаана байсныг анзаараагүй. Мөнгө аваад шууд машинд суухад эхнэр машин дотор байсан. Энэ хэрэгт эхнэр маань оролцоогүй...” /хх-ийн 67-68/ гэсэн,

Шүүгдэгч С.Чын “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ...С.Э нэг хар машин дээр оччихсон байхаар нь очиход гурван Хятад иргэнтэй юм яриад зогсож байсан. Би хаанахын хятадууд вэ гэж хятадаар асуучихаад С.Эыг хурдан явъя гэж хэлээд машиндаа суусан. Тухайн үед С.Э халамцуу байсан. С.Эыг хятад иргэдээс мөнгө нэхэж байгааг мэдээгүй...”  /хх-ийн 73-74/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 43-44/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Э, С.Ч нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Чтай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эвэридэй худалдааны төвийн авто зогсоол дээр БНХАУ-ын иргэн Ягаас 300.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүч хэрэглэхээр заналхийлж” гэсэн тухайн гэмт хэргийн шинж байхгүй байхад яллах дүгнэлтэд ингэж бичсэн нь буруу, техникийн шинжтэй алдаа, энэ алдааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэж, засаж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар шүүгдэгч С.Ч нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй, энэ талаар хангалттай нотлох баримтгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан хохирогч Яг-н “...би 200.000 төгрөг өгөх гээд цүнхнээсээ мөнгө тоолоод өгсөн чинь дахин 100.000 төгрөг нэхэхээр мөнгө нэмж өгөхгүй гэхэд машины гадна зогсож байсан эмэгтэй хятад хэлээр мөнгөө өгөх юм уу гэж хэлсэн...”, гэрч Ж-н “...манай машины хажууд зогсож байсан цагаан өнгийн приус 20 маркийн машинд сууж байсан 40 орчим насны эмэгтэй Хятад хэлээр мөнгөө өгчихөөд энийг дуусгая гэж хэлсэн...”, гэрч Луй Бө-н “...манай машины хажууд байсан цагаан өнгийн машинаас хар өнгийн хувцастай 40 гаран насны эмэгтэй бууж ирээд Хятад хэлээр та нар Дун Бэ мужийнх байна ш дээ, мөнгө өгөх юм уу? гэж хэлсэн...”, гэрч П.Дгийн “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ...дэлгүүрээс гарч явтал С.Э хар өнгийн микро шиг машин руу яваад очсон, араас нь С.Ч очиж байгаа харагдсан. ...Тэгээд С.Э, С.Ч нар миний машинд суугаад хөдөл гээд шууд Дундговь руу явсан...” гэсэн мэдүүлгүүдээр С.Ч нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч С.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “...Би хаанахын хятадууд вэ гэж хятадаар асуучихаад С.Эыг хурдан явъя гэж хэлээд машиндаа суусан. Тухайн үед С.Э халамцуу байсан. С.Эыг хятад иргэдээс мөнгө нэхэж байгааг мэдээгүй...” гэж тус тус мэдүүлэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүгдэгчийн ингэж мэдүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.Э, С.Ч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Яг-д 300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Э, С.Ч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч нарын ар гэрийн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хамтран оролцсон байдал зэрэг хувийн байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810011670473 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Э, С.Ч нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч  С.Э, С.Ч нарыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тус бүр тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч С.Э, С.Ч нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Э, С.Ч нар нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг С.Э, С.Ч нарт анхааруулж мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн 1810011670473 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ч, С.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ч, С.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР