Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00328

 

Х-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2019/00918 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 950 дугаар магадлалтай,

Х-ын нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

2009-2012 онд бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгө 3 400 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандахын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах, хариуцагчийн төлөөлөгч Э.Есөнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газрын харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай 151 дугаар тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гарсан бусад дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс тус санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг.

Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь албан татварт ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг, үүнээс шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь дараах хувь хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2008 оны 39 дугаар тогтоолоор 2009 онд санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатарт 800 000 төгрөг, 2009 оны 57 дугаар тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ Улаанбаатарт 1 000 000 төгрөг, 2010 оны 48 дугаар тогтоолоор 2011-2013 онуудад төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ Улаанбаатарт 1 500 000 төгрөг байхаар тус тус тогтоосон.

“Т” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009 оны 38 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд 2009-2012 оны хооронд 3 400 000 төгрөгийн авлага үүсээд байна. Дээрх хувь хэмжээний дагуу хариуцагчид хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлэх шаардлагыг 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7/849 тоот, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 7/225 тоот албан бичгийн дагуу нэхэмжлэлийн хамт хүргүүлсэн боловч хуулиар хүлээсэн албан татвар ногдуулах үүргээ биелүүлээгүй ба 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 3 400 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

“Т” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 11 дугаар тогтоолоор цуцлагдсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3 400 000 төгрөг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан 2 хувийн төлбөр биш, энэ нь Шуудангийн тухай хуульд заасан тогтоосон хувь хэмжээгээр төлөх төлбөр юм. Мөн энэ нь аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээтэй холбоотой төлбөр биш юм. Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь харилцааны холбооны тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх бөгөөд мөн зүйлийн 6.1.12-т зааснаар бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн тогтоохоор заасан ба энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар Зохицуулах хороо давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх эрх хэмжээтэй байхаар заасан.

Засгийн газрын 2009 оны 151 дугаар тогтоолоор батлагдсан Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам-ын 2.1-д зааснаар сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар хариуцна гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчээс төлбөрөө төлөхийг 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7/849 тоот, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 7/225 тоот албан бичгүүдээр шаардсан, анх 2017 оны 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуульд заасан ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаанд хамаарна. Иймд “Т” ХХК-иас нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг бүрэн барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Есөнбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан-д төвлөрүүлэхээр холбогдох хууль тогтоомжид заасан байна. Т ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороонд 2008 оноос 2013 онуудад нийт 3 400 000 төгрөгийн хөрөнгө төвлөрүүлэх өглөг үүсчээ. Иргэн Энхтүвшин овогтой Есөнбилэг нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр уг “Т” ХХК-ийн 100 хувийн хувьцааг иргэн Балган овогтой Батмонголоос 1 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тухайн үед Монгол банкны мэдээллийн сан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа, Татварын ерөнхий газрын лавлагаа гэх мэт холбогдох байгууллагуудаас өр төлбөргүй талаар лавлагаа аван өр төлбөр болон шүүхийн маргаангүйг шалгасан байдаг.

Бидний хооронд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээнд заасны дагуу “Т” ХХК-ийн эрхийг шилжүүлж авахаас өмнө бий болсон аливаа өр төлбөрийг компанийн эрх шилжүүлэгч тал бүрэн хариуцна гэж заасан.

Иймд нотлох баримтыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх төлбөрийг тухайн үеийн компанийн хувьцаа эзэмшигч байсан иргэн Б.Батмонголоос нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүх нийтийн чиг үүргийн санд төлбөр төлөх үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй байгаа юм. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг ч хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2019/00918 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нэхэмжлэгч Хрын хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх 3 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 950 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2019/00918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: IIIНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 950 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалтын дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс “Т” ХХК нь харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан нь тогтоогдож байна, Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоолоор харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тус санд хөрөнгө төвлөрүүлэхээр заасан байна, Харилцаа холбооны зохицуулах хороо нь шуудангийн давуу эрхийн бүсэд үйлчилгээ эрхлэгчээс төлөх төлбөрийг тогтоосон баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна гэж хэрэгт цугларсан нотлох баримтыг дурдсан атлаа шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт түүнийгээ үгүйсгэж хуулийг буруу тайлбарлан, Хар нь хөрөнгө төвлөрүүлэхийг шаардах эрх үүсээгүй гэж үндэслэлгүй шийдвэр гаргасан, мөн түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй санг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагддаг сангийн санхүүжилттэй хамаатуулан хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээн магадлалын хянавал хэсэгтээ: анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул ИХШХШТХ-ийн 116.2 дахь хэсэгтэй нийцсэн гэж зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Хрын дэргэдэх Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь улсын төсвөөс санхүүждэггүй цорын ганц Засгийн газрын тусгай сан бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2, 22.2 дахь хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 6.1, Шуудангийн тухай хуулийн 9.1.2 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоолын 4.1-4.4-т зааснаар харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс /албан татвар ногдох орлогын 2 хувь, Шуудангийн тухай хуулийн 9.1.2 дахь хэсэгт заасны дагуу ХХЗХ-ноос тогтоосон хэмжээгээр/ хөрөнгө төвлөрүүлж, уг хөрөнгөөр зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг үйлчилгээ хүрээгүй орон нутагт хүргэн ажилладаг болно.

Магадлалд Иргэний хуулийн 36.2 дахь хэсэгт заасан “Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ” гэсэн заалтыг “магадлалын 6 дахь хуудаст Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар аливаа сан нь гишүүнчлэлгүй хуулийн этгээд бөгөөд сангийн хөрөнгийн эх үүсвэрт татвар хураамж хамаарахгүй” гэж хуульд байхгүй зүйлийг байгаа мэтээр буруу тайлбарлаж анхан шатны шүүхийн хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг зөвтгөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “... шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн зарчмыг алдагдуулсан.

Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих хуулийн зохицуулалттай. Гэтэл талуудын маргаантай, байр суурь зөрүүтэй байгаа асуудалд шүүх бүрэлдэхүүн анхаарлаа огт хандуулаагүй бөгөөд талуудаас асуулт асууж тодруулахгүйгээр ИХШХШТХ-ийн 166.4 дэх хэсэгт заасан “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэснийг зөрчиж шүүх хуралдааныг завсарлуулан талуудын үндэслэл, тайлбар, татгалзлаа тайлбарлах, мэтгэлцэх боломж олгохгүйгээр хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хар нь “Т” ХХК-д холбогдуулан 2009-2012 онд бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгө 3 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д “...зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор шуудангийн болон цахилгаан холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг тус тус бүрдүүлж, зарцуулах”-аар зохицуулсан ба тус сангийн хөрөнгийн эх үүсвэр нь харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгөөс бүрдэхийг Засгийн газрын тусгай сангийн тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2.-т заажээ.

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7.-д бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг Харилцаа холбооны зохицуулах хороо хангуулахаар зохицуулсныг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо нь Шуудангийн тухай хуулийн 9.1.2., Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг 2008 оны 39 дүгээр тогтоолоор 2009 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг 800 000 төгрөгөөр,  2009 оны 57 дугаар тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг 1 000 000 төгрөгөөр, 2010 оны 48 дугаар тогтоолоор 2011-2013 онд төвлөрүүлэх хөрөнгийг 1 500 000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.

Хариуцагч “Т” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаартай тогтоолоор Улаанбаатар-Лондон хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх зөвшөөрөл авч, 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор Улаанбаатар-БНЧУ-ын Прага хотуудын хооронд шуудангийн илгээмжийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх үйлчилгээг нэмж авсан байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай тогтоолоор “Т” ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4. буюу тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, стандарт хангаагүй, сургалт, шалгалт, зөвлөлгөөнд оролцоогүй, бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх 3 600 000 төгрөгийн өртэй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогджээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх хэмжээг хуулиар тогтоосон, хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зохицуулалт,  Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол, бусад дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллах, улмаар бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрөх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул Хар тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 186 дугаар зүйлийн 186.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдснаар дуусгавар болох тул тус хуулийн этгээдийн удирдлага, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь тухайн хуулийн этгээдийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч Э.Есөнбилэгийн 2018 онд тус компанийн хувьцааг худалдан авсан, энэ хугацаанаас өмнөх төлбөрийг компанийн эрх шилжүүлэгч тал буюу Б.Батмонгол хариуцна, би хариуцагч биш гэх тайлбар үндэслэлгүй болно.

Хариуцагч “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлд бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 3 600 000 төгрөгийн өртэй гэсэн боловч нэхэмжлэгч нь 3 400 000 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд маргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүргээ хэрэгжүүлэхийг мэдэгдэж хариуцагчид 2011, 2013, 2015 онуудад албан тоотоор шаардлага  хүргүүлж байсныг хариуцагч эс зөвшөөрсөн, үгүйсгэсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Энэ үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 950 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2019/00918 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., Шуудангийн тухай хуулийн /2003 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.2.-т зааснаар хариуцагч “Т” ХХК-иас 3 400 000 төгрөгийг гаргуулан Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар /Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан/-т олгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “хуулийн...” гэсний дараа “7 дугаар зүйлийн 7.1.1.,” гэж нэмж, “...дурдсугай.” гэснийг “дурдаж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 69 350 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандахын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД