Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2019/0462

 

 

2019 оны 07 сарын 31 өдөр Дугаар 128/ШШ2019/0462 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: ШТ ХХК,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Гомдлын шаардлага: Тус компаний зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоол болон Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийн-ийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дүгээр Зөвлөмж-ийг зөрчсөн үйлдэл огт гаргаагүй, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан, бусад төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан гэх үйлдэл огт гаргаагүй тул 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч У.Ха нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ШТ ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б шүүхэд гаргасан гомдолдоо: 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч У., Улсын байцаагч М.Б нарын гаргасан Шийтгэлийн хуудсаар тус компанид Зөрчлийн тухай хуулийн 15.2 дахь зүйлийн 1.1 дэх заалт буюу Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан гэдэг шалтгаанаар тус хуульд заасан торгуулийн хариуцлага оногдуулсан байна.

Компанийн бодит алдагдал, цаашдын нөхцөл байдлын талаарх судалгаа дүгнэлтэд үндэслэн зах зээлийн зарчмын дагуу шатахууны үнэд бага хэмжээний өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоол, Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл-ийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дүгээр зөвлөмж-ийг зөрчсөн гэх үйлдэл биш бөгөөд төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан гэх аливаа үйлдэл гаргаагүй болно.

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан гэх шалтгаанаар торгуулийн хариуцлагыг тус компанид оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Иймд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан, бусад төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан гэх үйлдэл огт гаргаагүй тул 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Засгийн газрын 2018 оны 26 дугаар тогтоолоор үүрэг болгосны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай удирдамжийн хүрээнд 2 сарын 12-14 ний өдрүүдэд шатахууны импорт, жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд /Ш ХХК/-ийн үйл ажиллагаанд Хэрэглэгчийн эрхийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхэд хяналт шалгалтад хамрагдсан шатахуун түгээх станц нь өргөн хэрэглээний шатахуун /АИ-92/-ын үнийг 35 төгрөгөөр нэмэгдүүлсэн буюу 1665 төгрөгөөр борлуулж байсан. Иймд ШТ ХХК-ийн гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

ШТ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоол болон Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дүгээр зөвлөмжийг зөрчсөн үйлдэл огт гаргаагүй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан, бусад төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан гэх үйлдэл огт гаргаагүй гэсэн гомдлын шаардлагыг эс хүлээн зөвшөөрөх үндэслэл:

Нэг. ШТ ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Т/602 дугаартай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай 500.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлэнэ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байна. Гэтэл ******* ХХК нь 2018 оны 04 оны 05-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байх тул уг нэхэмжлэлийг хүлээн авах эрх хязгаарлагдсан гэж үзэж байна.

Хоёр: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэгжүүлэн, холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 15 дугаар тогтоолоор байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл-ийн 8 дугаар хуралдааны шийдвэрээр шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өргөн хэрэглээний автобензиний /А-80, АИ-92/ хангамж, үнийн тогтвортой байдлыг ханган ажиллах талаар мэдэгдсэн.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор өргөн хэрэглээний автобензиний /А-80, АИ-92/ онцгой албан татварыг тэглэж, дотоодын зах зээлд борлуулж буй автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлтийг тасалдалгүй, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар үүрэг болгосон.

Үүний хүрээнд хуульд заасан журмын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавьж ажилласан. Дээрхи зохицуулалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д ...эдийн засгийн хямралыг даван туулах, стратегийн ...бараа материалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангахад зориулж Засгийн газар, түүний эрх, олгосон байгууллагаас зохицуулалт хийснийг ...өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй гэж заасан, мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно гэж заасны дагуу автобензин, дизель түлш импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын Засгийн газраас эрх олгосон байгууллага, албан тушаалтны зохицуулалт, шийдвэрийг хуулийн нэгэн адил хэрэгжүүлэх үүрэгтэй байна. Иймд Хамтарсан зөвлөл-ийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах, шатахууны хязгаарлалт болон үнийг нэмэгдүүлэх талаар гаргасан аливаа шийдвэрийг цуцалж, цаашид асуудлыг нэг мөр шийдвэрлэх хүртэл шатахууны хязгаарлалт, үнийн өөрчлөлт хийхгүй байхыг мэдэгдэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1/43 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг, мөн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс шатахуун эрхлэгч компаниуд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг 1 литр тутамд 30-150 төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн байдаг.

Гэтэл ШТ ХХК нь Засгийн газрын 2016 оны 15 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл-ийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дугаартай зөвлөмж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны ******* дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр өгөгдсөн үүргийг биелүүлээгүй өргөн хэрэглээний шатахууны үнийг нэмэгдүүлсэн болох нь хяналт шалгалт хийх үеийн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэрэглэгчид олгосон төлбөрийн баримт, ШТ ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Т/037 дугаар ШТС-аар борлуулах шатахууны үнийг тогтоох тухай гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтаар тогтоогдсон.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас удаа дараагийн хяналт шалгалтыг явуулсан бөгөөд хяналт шалгалтын явцад ШТ ХХК-ийн төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

ШТ ХХК-ийн үнээ нэмэгдүүлсэн энэ үйлдэл нь нийгэм, эдийн засагт их хэмжээний бухимдал, сөрөг үр дагаврыг бий болгосон үйлдэл бөгөөд шатахуун бол нийгэм, эдийн засгийн суурь үнийг бүрдүүлж байдаг, шууд нөлөөлөл үзүүлэх боломжтой, стратегийн ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүний нөөцийн жагсаалтад багтдаг, төрөөс зохицуулалттай, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг онцлогтой бүтээгдэхүүн юм.

Иймд ШТ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ШТ ХХК нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч У.Х, М.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гаргажээ.

Шүүх гомдол гаргагч болон шийтгэлийн хуудас бичсэн улсын байцаагчийн тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудад дүгнэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн наймдугаар хуралдааны шийдвэрээр шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өргөн хэрэглээний автобензиний /А-80, АИ-92/ хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах талаар зөвлөмж гарсан байна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоол гарч уг тогтоолоор өргөн хэрэглээний автобензиний /А-80, АИ-92/ онцгой албан татварыг тэглэж, дотоодын зах зээлд борлуулж буй автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлтийг тасалдалгүй, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах холбогдох арга хэмжээ авч, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Засгийн газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосон байна.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх болж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр удирдамж батлагдажээ.

Дээрх удирдамжийн дагуу шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийх болж ШТ ХХК-ийг шалгах ажлын хэсэгт Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагч У.Х, М. ар томилогджээ.

Улсын ахлах байцаагч У.Х, М.Б нар нь дээрх удирдамжийн дагуу хяналт шалгалтыг ШТ ХХК-нд хийж Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл-ийн 8 дугаар хуралдааны шийдвэрээр шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өргөн хэрэглээний автобензиний /А-80, АИ-92/ хангамж, үнийн тогтвортой байдлыг ханган ажиллах талаар мэдэгдсэн байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д ...эдийн засгийн хямралыг даван туулах, стратегийн ...бараа материалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшиний тогтвортой байдлыг хангахад зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийснийг...өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй гэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно гэж заасны дагуу автобензин, дизель түлш импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын Засгийн газраас эрх олгосон байгууллага, албан тушаалтны зохицуулалт, шийдвэрийг хуулийн нэгэн адил хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Дээрх Хамтарсан зөвлөл-ийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах, шатахууны хязгаарлалт болон үнийг нэмэгдүүлэх талаар гаргасан аливаа шийдвэрийг цуцалж, цаашид асуудлыг нэг мөр шийдвэрлэх хүртэл шатахууны хязгаарлалт, үнийн өөрчлөлт хийхгүй байхыг мэдэгдэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1/43 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс шатахуун эрхлэгч компаниуд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг 1 литр тутамд 30-150 төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн байна.

Гэтэл ШТ ХХК нь Засгийн газрын 2016 оны 15 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дугаартай зөвлөмж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны ******* дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр өгөгдсөн үүргийг биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох өргөн хэрэглээний шатахууны үнийг нэмэгдүүлсэн болох нь хяналт шалгалт хийх үеийн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэрэглэгчид олгосон төлбөрийн баримт, ШТ ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Т/037 дугаар ШТС-аар борлуулах шатахууны үнийг тогтоох тухай гүйцэтгэх захирлын тушаал нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл бодит байдал дээр нэхэмжлэгч ШТ ХХК нь өргөн хэрэглээний шатахуун /АИ-92/-ны үнийг 35 төгрөгөөр нэмэгдүүлсэн буюу 1665 төгрөгөөр борлуулж хэрэглэгчийн эрхийг зөрсөн байх тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас аж ахуйн нэгжүүдэд явуулсан дээрх хяналт шалгалт нь шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилготой хийгдсэн байна.

Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч Ш ХХК-ийн гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ

1.Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай ШТ ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ