Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00198

 

Б.Ө ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2019/00569 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 717 дугаар магадлалтай,

Б.Ө ы нэхэмжлэлтэй,

Д.Э ад холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Э ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ө  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Д.Э ад 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 7 500 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 500 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг зээлдүүлсэн. Д.Э ад мөнгө зээлүүлэхдээ дээрх онуудад өөрийнх нь Хаан банкин дахь 5069085945 тоот данс руу 2 удаагийн үйлдлээр шилжүүлсэн.

Гэвч Д.Э  2017 оны 4 дүгээр сард 3 500 000 төгрөг төлж, өөр мөнгө төлөөгүй. Сар бүр мөнгө өгч байсан гэдэг нь үндэслэлгүй. Иймд “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Ө аас 7 500 000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 05-нд 5 хувийн хүүтэй зээлэн авч, сар бүр 375 000 төгрөгийн хүүг 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төлж, 2014 оны 3 дугаар сард 3 500 000 төгрөгийг төлсөн. Б.Ө  нэхэмжлэлдээ 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 500 000 төгрөг зээлдүүлсэн гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь миний бие 2013 оны 10 дугаар сард жирэмсэн болж, эрхэлж байсан үйл ажиллагаагаа зогсоож, гэртээ 1 жилийн хугацаанд дэглэм барьж, өөрийн үйл ажиллагаагаа ахдаа даатган гэрээсээ ажлаа удирддаг байсан. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрж, үүнээс өмнө эмчийн хяналтанд гэртээ дэглэм барьж байсан.

Б.Ө аас 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 500 000 төгрөг хүлээж аваагүй. Харин би Б.Ө аас авах авлагатай. 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 3, 4 дүгээр сар хүртэл миний хашаа болон контейнерт бараагаа хадгалуулж байсан түрээсээ өгөөгүй. Б.Ө ыг анх 2007 оноос худалдагчаар авч ажиллуулан, олон жил тэжээн тэтгэж явсан. Сүүлдээ миний барааг зарахаа больж, өөрийнхөө барааг миний газар, контейнерт үнэгүй хийж, зарж борлуулалт хийж ашиг олдог байсан.

Миний бие Б.Ө ыг сарын 70 000 төгрөг төл гэж хэлэхэд нэг жил төлсөн. 2014-2018 он хүртэл барааг ганцаараа миний 3, 4, 6 лангуу, мөн контейнерийг ашиглаж, ашиг олж борлуулалт хийсэн. Би 10 000 000 төгрөг аваагүй. Харин 7 500 000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 5 хувийн хүүтэй зээлж, сард 375 000 төгрөг төлдөг байсан. 2013 оны 3 дугаар сард машинаа зараад 3 500 000 өгсөн. Би 2 500 000 төгрөг аваагүй, өглөг байхгүй гэж бодож байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2019/00569 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Э ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ө ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 717 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2019/00569 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 118 950 төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Э  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1. дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Учир нь анхан шатны шүүх “Зээлийн гэрээ”-ний дагуу 6 500 000 төгрөг төлөх үүрэг гүйцэтгээгүй байх боловч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д зааснаар хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд миний бие давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Б.Ө  нь Д.Э ад холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 6 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хэргийн оролцогчийн хэн аль нь тэдгээрийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн талаар гомдол гаргаагүй, шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлд энэ талаар дурдагдаагүй байхад давж заалдах шатны шүүх “...хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулаагүй нь тэдний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн...” гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3. дахь заалтыг үндэслэж шийдвэрийг хүчингүй болгосон нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримттай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгохоор зохицуулсан байна. 

Хэргийн  материалтай танилцах нь хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрх бөгөөд хэргийн оролцогч энэ эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй. Харин шүүх хэргийн оролцогчид энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй бол тэдгээрийн эрхийг ноцтой зөрчсөнд тооцно.

Хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарыг 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн, улмаар 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн хүсэлтээр 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хойшилсон болох нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт, шүүх хуралдаан хойшилсон талаарх шүүгчийн захирамжаар нотлогдож байх тул хэргийн оролцогч шүүх хуралдаанаас өмнө шүүхэд ирж хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа олгогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчих, улмаар хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх гэдэг нь тухайн зөрчлийг засахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэх, эрх зөрчсөн зөрчлийг арилгах нь хэргийн шийдвэрт нөлөөлж болзошгүй үр дагавартай шууд холбоотой байна.

Б.Ө ы нэхэмжлэлтэй Д.Э ад холбогдох хэрэгт хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулсан баримтгүй тул шүүх хэргийн материал танилцуулах үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэхээр байх боловч бодит байдалд зохигч хэн аль нь хэргийн материалтай танилцсан, хэрэгт авагдсан баримтын  талаар шүүх хуралдаанд мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, улмаар хэн аль нь энэ эрхээ зөрчигдсөн гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд зөвхөн дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь учир дутагдалтай, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэрэгт байхгүй, шүүх хуралдаанаар хэлэлцээгүй баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Тухайлбал: Хэргийн 11 дүгээр талд авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2018/19531 дугаартай Шүүгчийн захирамжаар Д.Э аас 6 500 000 төгрөгийг гаргуулах тухай Б.Ө ы нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т зааснаар хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэлийг буцаасан байна.

Нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлийг шүүхэд хэдийд гаргасан, энэ нь ямар баримтаар нотлогдож  байгаа талаар хэрэгт баримт авагдаагүй, шүүх хуралдаанд мэтгэлцээгүй байхад шүүх “...нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийг нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа гаргасан гэж үзэхээр байна, энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан цагдаагийн байгууллагад хандсан, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан талаар  зохигч тайлбарлаж, шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар зохигчоос тодруулаагүй атлаа, Иргэний хуулийн 75 дугаар  зүйлийн 75.2.1. дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 82 дугаар зүйлийн 82.1.-д зааснаар хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн гэж дүгнэсэн нь шүүх шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн заалтад нийцээгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2019/00569 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 717 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Э аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД