Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/00364

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00690 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1052 дугаар магадлалтай,

Б.Бийн нэхэмжлэлтэй,

“Ү” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амарбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Үинд 2016.01.06-ны өдрөөс 2018.11.15-ны өдөр хүртэл Бизнес, хамтын ажиллагааны газрын Маркетингийн хэлтэст маркетингийн дизайнераар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж, сахилгын шийтгэл авч байгаагүй. Ажил үүргээ бүрэн биелүүлж ажилласан.

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Г.Одонтуулын 2018.11.06-ны өдрийн Б/349 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Банкны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр дизайнерын орон тоог хассан гэх үндэслэлээр гэрээг цуцалж, ажлаас халсан. Банкны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажил олгогч нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаалын зөвхөн нэршлийг өөрчилсөн, орон тоо бодитой хасагдаагүй.

Иймд урьд эрхэлж байсан бүтээгдэхүүн хөгжил, маркетингийн албаны дизайнерын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.

Хариуцагч 2018.10.15-ны өдөр бүтэц орон тоогоо өөрчлөөд, дизайнерын орон тоог алга болгоод, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн гэсэн 2 орон тоотой болсон. Ямар ажил үүргийг ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Чиг үүргээ ажилтнуудад гүйцэд хуваарилаагүй. Чиг үүрэг, ажлын байр, орон тоо хасагдсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. 2019.02.18-ны өдөр дахин бүтэц өөрчлөгдсөн. Дахин бүтэц өөрчлөлтөөр орон тоо нь нэмэгдэж 3-4 хүнтэй болсон. 3-4 сарын зайтай хугацаанд бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаа нь тодорхой хүмүүсийг л зөвхөн ажлын байрнаас нь чөлөөлөх зорилго харагдаж байна. Маркетингийн мэргэжилтний ажлын байрны чиг үүргийг харахаар нэхэмжлэгчийн үндсэн чиг үүрэг байна. Маркетингийн хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолтод мэдээ мэдээлэл, вэб сайт, танилцуулга материал, зар сурталчилгаа, реклам, салбар тохижилтын стандарт болон хэвлэлтэд хяналт тавина гэсэн. Гэтэл энэ чиг үүрэг нь байгаа, компанид шаардлагатай нь харагдаж байна. Чиг үүрэг огт алга болсон зүйл байхгүй. Энэ үндэслэлээр орон тоо хасагдсан, ажлын байр огт байхгүй болсон гэдэг нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Азжаргал, Б.Болоржаргал, В.Гэрэлт-Од нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТУЗ-ын 2018.10.10-ны өдрийн 18/14 дугаар тогтоолоор тус банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчилсэн. Гүйцэтгэх захирлын 2018.10.15-ны өдрийн Б/303 тоот тушаалаар 2018.10.15-ны өдөр Б.Бт ажлаас халах тухай мэдэгдээд, 11 дүгээр сарын 06-ны өдөр тушаал гарсан боловч хөдөлмөрийн гэрээг 11 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгосон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажил олгогчид олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Компанийн тухай хуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх, гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан. Хавтаст хэрэгт 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил хүлээлцсэн акт авагдсан. Нэхэмжлэгч сахилгын шийтгэл авагдсан баримт хэрэгт байгаа. Мөн 2019.02.18-ны өдрийн шинэчилсэн бүтцээр бий болгосон 4 орон тооны хувьд ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт нь дизайнерын албан тушаалаас өөр, тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага нь өөр болсон гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00690 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “Ү” ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжил, маркетингийн албаны дизайнерын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1052 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00690 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1052 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд зааснаар хяналтын шатанд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Бийг Үны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/349 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн “Банкны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр дизайнерийн орон тоог хассан” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “банкинд бүтцийн өөрчлөлт хийх” гэж банкны бүтэц, зохион байгуулалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах, түүнийг нэмэгдүүлэх буюу хорогдуулах зэргээр санхүүгийн байдлыг нь сайжруулж, алдагдлыг багасгах зорилгоор удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн болон холбогдох бусад цогцолбор арга хэмжээ авахыг хэлнэ” заасан байдаг.

Уг хуулийн заалтаар банкинд бүтцийн өөрчлөлтийг хийх шалтгаан нөхцөл, зорилго буюу үндэслэл нь санхүүгийн байдлыг нь сайжруулж, алдагдлыг багасгах зорилготой байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасах болсон үндэслэлийг тодорхойлж байгаа.

Иймээс хариуцагч Ү нь бүтцийн өөрчлөлт хийхдээ санхүүгийн байдлаа сайжруулах зорилгоор хийж үү, эсхүл ямар нэгэн санхүүгийн байдлаа сайжруулах зорилгогүй тодорхой тооны ажилтнуудыг халах зорилготой байж уу гэдгийг тодруулах зорилгоор “Бизнес төлөвлөгөө, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тодотгол", 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ТУЗ-ын тэмдэглэлийг бүрэн гүйцэд хэлбэрээр, 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн ТУЗ-ын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шүүхээр гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахгүй орхисон.

Дээрх нотлох баримтуудыг гаргуулснаар хариуцагч Ү нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасах бодит шалтгаан нөхцөл үүссэн эсэх, санхүүгийн байдлаа сайжруулах зорилгоор орон тоог хассан эсэх асуудлууд тодорхой болно.

Түүнчлэн Б.Б нь Бизнес, хамтын ажиллагааны газрын Маркетингийн хэлтсийн маркетингийн дизайнераар ажиллаж байсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтоор "... банкны мэдээ мэдээлэл, вэб сайт, танилцуулга материал, маягт, бэлэг дурсгал, сурталчилгаа рекламны эх загварыг өндөр түвшинд бэлтгэх, хэвлүүлэх;... вэб сайтыг сайжруулах хөгжүүлэх, мэдээллийг шинэчлэх... гэх зэрэг ажил үүргүүдийг гүйцэтгэхээр тодорхойлсон.

Үүнээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч нь вэб сайттай холбоотой ажил хийдэг байсан тул 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн бүтэц өөрчлөлтөөр Мэдээлэл технологийн хөгжүүлэлтийн албаны ахлах ажилтан, программист, мэргэжилтэн, Мэдээлэл технологийн системийн албаны ахлах инженер, өгөгдлийн сангийн администратор, техник, программ хангамжийн инженер, 2019 оны 02 дугаар сарын 18-ны бүтэц өөрчлөлтөөр Мэдээлэл технологи хөгжүүлэлтийн албаны ахлах ажилтан, программист, Мэдээлэл технологи системийн албаны ахлах инженер, системийн администратор, өгөгдлийн сангийн администратор, техник программ хангамжийн инженер зэрэг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтуудыг гаргуулах хүсэлт гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх Мэдээлэл технологийн  албатай хамааралгүй байх тул тус албаны ажил, албан тушаалын тодорхойлолтуудыг гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй.

Мэдээлэл технологийн албаны албан тушаалуудын ажлын байрны тодорхойлолтууд хэрэгт авагдсанаар нэхэмжлэгчийн вэб сайттай холбоотой чиг үүргийг шилжүүлэгдсэн эсэх асуудал тодорхой болно.

Дээрх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь “Ү” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...шүүх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” гэх үндэслэл зааж хяналтын журмаар гомдол гаргасан боловч гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Б.Б нь 2016 оноос “Ү” ХХК-д Бизнес хамтын ажиллагааны газрын маркетингийн хэлтсийн маркетингийн дизайнераар ажиллаж байсан, Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/349 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар банкны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоо хасагдсан гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д аж  ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулсан.

“Ү” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/14 дугаар тогтоолоор Банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Гүйцэтгэх захирлын Б/303 тушаалаар Банкны орон тоо, цалингийн шатлал, хэмжээг шинэчлэн батлахдаа нэхэмжлэгчийн ажиллаж байсан Бизнес хамтын ажиллагааны газарт 10 орон тоотой байсныг 6 орон тоотой болгож, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хасагдсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байна.

Дээрх тушаал гарсныг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажил олгогчоос ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгч, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлж, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгожээ.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд дурдсанаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин бүтэц өөрчлөгдөж орон тоо нь нэмэгдсэнээс үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын чиг үүрэг огт алга болоогүй, нэхэмжлэгчийн ажил үүрэг маркетингийн хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт байгаа тул энэ үндэслэлээр ажлын байр байхгүй болсон гэдэг нь үндэслэлгүй гэжээ.

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ТУЗ-ийн 19-02 дугаартай Банкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол гарч, тус тогтоолыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Гүйцэтгэх захирлын Б/53 дугаартай тушаал гарч, Банкны орон тоо, цалингийн шатлал, хэмжээг шинэчлэн баталсан ба тус тогтоолоор дизайнерийн орон тоо батлагдаагүй тул ажилтныг үндэслэлгүй ажлаас халсан, орон тоо хасагдаагүй гэх нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хоорондох хөдөлмөрийн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн,  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь Банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай, журамд өөрчлөлт оруулах тухай “Ү” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018, 2019 оны тогтоол, түүнийг үндэслэн гаргасан Гүйцэтгэх захирлын тушаалд гомдол гаргаагүй тул тухайн тогтоол, тушаалтай холбогдуулан баталсан ажлын байрны тодорхойлолтыг гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6., 38.9. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн хариуцагч байгууллагын бизнес төлөвлөгөө, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг гаргуулах хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэж үзсэн, хөдөлмөрийн дотоод журмыг гаргуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлээр тус тус  хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 105.2. дахь заалтад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр “...хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00690 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1052 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэгмэдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД