Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 134/ШШ2017/00161

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, шүүгч Ц.Наранчимэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар /Хуулийн этгээдийн РД: 9018522, утас:94113190, 89959548/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1988 онд төрсөн, эрэгтэй, 29 настай, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 154-59 тоотод оршин суух, Морьтон овогт Мөнхбаатарын Наранмандах /РД:ВЛ88122516, утас: 99054203/-д холбогдох,

Актын төлбөр 9 500 000 төгрөг, гэм хорын хохирол буюу авто машины засварын үнэ 7 674 400 төгрөг, нийт 17 174 400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Гантуяа, хариуцагч М.Наранмандах, иргэдийн төлөөлөгч Д.Батбилэг, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус газрын дарга В.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянтал сумын Орон нутгийн хөгжил сангаас сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт худаг гаргах 19 000 000 /арван есөн сая/ төгрөгийн ажлыг Номгон Хайрхан оргил ХХК-иар гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулан санхүүжилтийн урьдчилгаа болох 50 хувь буюу 9 500 000 /есөн сая таван зуун мянган/ төгрөгийг олгосон боловч ямар ч ажил хийгдээгүй, гэрээний хугацаа хэтэрсэн, гэрээг сунгаагүй, захиалагчаас гэрээний биелэлтэд хяналт тавиагүй, төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 14 дүгээр зүйлийн 14.2.3-т Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Говьсүмбэр аймгийн Аудитын газрын ҮАГ-ГСА/2017/01-НА дугаартай тайлангаар Орон нутаг хөгжил сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнд хийсэн нийцлийн аудитаар худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчил гарсан. Энэ хохирол учруулсан төлбөрийн актыг орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангаагүй тул худаг гаргах ажлын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 9 500 000 төгрөгийг өөрийн эрхлэх асуудлыг хүрээнд төвсийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах эрх мэдлээ урвуулан ашиглан улсад болон байгууллагад хохирол учруулсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газарт 2013 онд Toyota Lexus-470 автомашиныг Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар 80 000 000 төгрөгийн өртөг бүхий үнээр худалдаж авсан. Уг машин нь хэвийн үйл ажиллагаатай байсан ба шинэ машин хүлээж авсан. М.Наранмандах нь Засаг даргын Тамгын газрын албаны автомашин болох Toyota Lexus-470 автомашиныг Булган аймгийн Рашаант сумын 4-р багийн нутаг Мөргөцөг гэх газар хувийн ажлаар унаж яваад 12 настай хүрэн азаргыг дайран авто машиныг гэмтээж Ард даатгал ХХК-иас албан журмын нөхөн төлбөрийн шийдвэр 7 674 400 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 06-нд Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн 220455407 тоот дансанд Ард даатгал ХХК-иас шилжин орж ирсэн. Дээрх нөхөн төлбөрийн 7 674 400 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 11-нд Саруул Чандмань ХХК-ийн 15-0000-1601312564 тоот данс руу машины засварын үнэд шилжүүлсэн. Гэтэл машины засварыг хийлгээгүй өнөөдрийн байдлаар Засаг даргын Тамгын газрын автомашин эвдэрч, албан ажилд явахад хувийн автомашинаар төрийн ажлыг гүйцэтгэж байгаа нь хүндрэлтэй байна. Машины гадна талыг харахад л бүх зүйл цөмөрч орсон байсан. Түүнийг замаск төдий зүйлээр хаагаад хар хуулга наасан байсан. Мөн сэтгэл байсан бол дотор талын моторыг боолтоор шургуулж болно, тэгэхэд скочоор боож орхисон байсан. 7 674 400 төгрөг Саруул Чандмань ХХК-ийн данс руу шилжлээ гэх боловч уг автомашинд 7 674 400 төгрөгийн засвар хийгээгүй. Уг мөнгийг хувьдаа зарцуулсан гэж үзэж байна. Үүнээс хойш автомашин тодорхой хэмжээнд явж байсан.

2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Цагдаагийн хэлтэс, Эдийн засгийн албан гомдол гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул дараагийн шатны байгууллагад хандахыг зөвлөсний дагуу танай байгууллагад нэхэмжлэл гаргаж байна

Иймд нийт 17 174 400 төгрөгийг Морьтон овогт регистрийн дугаартай Мөнхбаатарын Наранмандахаар нөхөн төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгож, хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Наранмандах шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Наранмандах миний бие Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч В.Гантуяагийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2016 оны 08 дугаар сард орон нутгийн сонгуулиас өмнө В.Гантуяа нь сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд томилогдсон. Ажилд томилогдсны дараа худгийн ажлыг зогсоосон. Яагаад гэвэл худгийн байршлыг өөрчилж өөр газар гаргана гэж зогсоосон. Ингэж явсаар байгаад хугацаа дууссан. Баянтал сумын Засаг дарга энэ асуудлаар 2016 онд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Мөн Авилгатай тэмцэх газарт шалгуулсан. 2016 оны 08 дугаар сарын сүүлээр шалгуулаад 2017 оны эхний улиралд Прокурорын газарт энэ хэрэг очиход буруутай үйлдэл тогтоогдоогүй гээд хаагдсан. Үүний дараа аймгийн Аудитын газар буруу мэдээлэл өгөөд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 03/48 дугаартай актын төлбөр тавиулсан байсан. Аймгийн Аудитын газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №03/48 тоот акттай танилцаад нэхэмжлэгчийн надаас шаардаж буй 9 500 000 төгрөгийг гүйцэтгэгч байгууллагаар төлүүлэх гэж тодорхой заасан байгаа учраас надад хамааралгүй болно.

Засаг даргын Тамгын газрын LX470 маркийн автомашины хувьд миний бие 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд Ардчилсан намын говийн бүсийн чуулга уулзалт зохион байгуулагдахад сумын Засаг дарга асан н.Хүрэлбаатар, иргэдийн Хурлын дарга н.Сараа, иргэн н.Алтанцэцэг нарын хамт албан ажлаар явахдаа зам тээврийн осолд орсон бөгөөд холбогдох журмын дагуу цагдаад шалгуулж дүрэм зөрчөөгүй нь тогтоогдож, албан ёсны үнэлгээний компаниар үнэлгээг хийлгэж холбогдох журам, гэрээний дагуу Ард даатгалаас үнэлгээний 80% болох 7 674 400 төгрөгийг гаргуулж, уг мөнгөөр тухайн авто машинаа засварлаад засуулж, урьд байсан хэвийн байранд нь оруулан 2015 оны 12 сард Засаг даргын Тамгын газарт жолоочоор Ц.Даваадоржийг ажилд ороход ажил хүлээлцэх комиссын гишүүд хүлээлгэн өгсөн байдаг. Даатгалаас мөнгө нь Тамгын газрын дансанд орсон. Улаанбаатар хотод машин засуулахад нэг газар очиж вьетнам засвараар зусуулна, өөр газар очиж янзлуулна, мөн хуучин сэлбгийг Тоёота Лексус-470 автомашины засварын бүх газраар орж байж худалдаж авдаг. Тийм учраас 5000-10000 төгрөгийн үнэтэй нэг сэлбэг аваад Тамгын газраас гүйлгээ хийх боломж байхгүй. Тиймээс мөнгийг Саруул Чандмань ХХК-ийн данс руу хийж, би мөнгийг бэлнээр аваад машиныг засуулсан. Тэгээд засварын мөнгө хүрэлцэхгүй байсан учраас өөрөөсөө тодорхой хэмжээний мөнгө нэмж урьдны хэвийн байдалд оруулсан. Үүнээс хойш уг автомашин нь 2015 оны 12 сараас 2017 оны 06 дугаар сарын 27 буюу өнөөдрийг хүртэл хэвийн явж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь машин эвдэрсэн машин явахгүй байгаа мэтээр нэхэмжлэлдээ дурджээ. Харин яагаад замаск хагарсан бэ гэвэл өвөл хийсэн замаск муу болдог. Би автомашиныг засаагүй, вьетнам засварт засуулсан. Хөдөө замд хэд донслоход замаск хагарсан байсан. Миний хувьд машиныг муу зассаныг мэдээгүй. Замаск хагарахаар нь хар хуулга аваад наасан. Нэгэнт хүлээлгэж өгсөн машины замаск хагарсан тул өөрийнхөө мөнгөөр хуулга авч наасан.

Иймээс уг машиныг урьд байсан хэвийн байранд оруулж хүлээлгэн өгсөн тул түүнээс хойшхи элэгдэл, хорогдол болон эвдрэлийг би хариуцахгүй болно. Иймд уг нэхэмжлэлийн 17 174 400 төгрөгийг надаас нэхэмжлэх нь зохимжгүй бөгөөд би хариуцахгүй, надад ямар ч хамааралгүй болно гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч М.Наранмандахад холбогдуулан актын төлбөр 9 500 000 төгрөг, гэм хорын хохирол буюу авто машины засварын үнэ 7 674 400 төгрөг, нийт 17 174 400 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч М.Наранмандах нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Актын төлбөр болох 9 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Говьсүмбэр аймгийн Аудитын газраас Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт нийцлийн аудит хийхдээ 2016 онд тус сумын Орон нутгийг хөгжүүлэх сангаас худаг гаргах ажлын урьдчилгаанд 9 500 000 төгрөгийг олгосон боловч ямар ч ажил хийгдээгүй, гэрээний хугацаа хэтэрсэн, гэрээг сунгаагүй, захиалагчаас гэрээний биелэлтэд хяналт тавиагүй, төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж, улсад болон байгууллагад хохирол учруулсаныг зөрчил гэж үзсэн болох нь хэрэгт авагдсан тус аймгийн Аудитын газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай 03/48 дугаар актаар тогтоогдож байна.

Худгийн урьдчилгаанд 9 500 000 төгрөг шилжүүлсэн нь ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-44/ тогтоогдож байх ба зохигч энэ талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгчээс ... М.Наранмандах нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар зарцуулах, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах гэсэн хуулийг зөрчсөн, тухайн үед хяналт тавих эрх бүхий субьект байсан учир хариуцах ёстой, хариуцагчаас ...Тухайн үед Номгон хайрхан оргил ХХК нь уг ажлын гүйцэтгэгчээр шалгарсан тул би хариуцахгүй гэж тус тус тайлбарлана.

Говьсүмбэр аймгийн Аудитын газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 03/48 дугаартай Төлбөр барагдуулах тухай актаар худаг гаргах ажлын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 9 500 000 төгрөгийг гүйцэтгэгч байгууллагаар төлүүлж, Төрийн сангийн дансанд төвлөрүүлэх-ээр хариуцуулсан байна.

Гэтэл тухайн актаар маргаан бүхий 9 500 000 төгрөгийг гүйцэтгэгч байгууллагаар төлүүлэхээр хариуцуулсан байхад нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар нь М.Наранмандахыг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй байна.

Иймд, актын төлбөр болох 9 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь М.Наранмандах биш Номгон хайрхан оргил ХХК байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлж, харьяалах шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

2. Гэм хорын хохирол буюу автомашины засварын үнэ 7 674 400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар нь гэм хорын хохирол буюу автомашины засварын үнэ 7 674 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчаас зам тээврийн осолд орсон, холбогдох журмын дагуу цагдаад шалгуулсан, Ард даатгал ХХК-иас үнэлгээний 80 хувь болох 7 674 400 төгрөгийг гаргуулж, уг мөнгөөр тухайн автомашинаа засварласан хэмээн маргана.

Маргааны зүйл болох автомашины засварын үнэ 7 674 400 төгрөгийг Саруул чандмань ХХК-ийн дансанд шилжүүлсэн талаар зохигч хэн аль нь тайлбарлах бөгөөд дээрх засварын үнийг Ард даатгал ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтээр 220455407 тоот дансанд шилжиж орсон, дээрх засварын мөнгийг хариуцагч бэлнээр авсан болох нь талуудын маргаангүй тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч М.Наранмандах нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд хохирол учруулсан тул тэрээр уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээсэн бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн гэм буруугийн талаар маргадаггүй ба гагцхүү нэхэмжлэлд дурдсан 7 674 400 төгрөгийг төлөх үндэслэлгүй, хохирлыг барагдуулсан гэж мэтгэлцэж байна.

Харин нэхэмжлэгчээс автомашины засвар үйлчилгээг бүрэн хийлгээгүй, моторыг скочоор ороосон, машинд замаск хийж, хуулга наасан, өнөөдрийн байдлаар автомашин явахгүй зогссон гэх тайлбартаа автомашины дотор, гадна эд ангийг харуулсан зургийг /хх7-8/ шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч энэ нь нотлогдохгүй байна.

Учир нь, зам тээврийн осол нь 2015 онд болсон байхад автомашин өнөөдрийн байдлаар зогссон гэж тайлбарлах боловч автомашинд хохирол хэзээ учирсан, мөн автомашин хэдий хугацаанд засвартай буюу ашиглах боломжгүй байсан нь тодорхойгүй байх ба гэрч Д.Мөнхбаясгалан, П.Бат-Эрдэнэ нар машин хэвийн ажиллагаатай байгаа талаар мэдүүлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн уг шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, ... тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Б.Наранмандахад холбогдох актын төлбөр 9 500 000 төгрөг, гэм хорын хохирол буюу авто машины засварын үнэ 7 674 400 төг, нийт 17 174 400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.ЦОГЗОЛМАА

                     ШҮҮГЧИД                    Ц.НАРАНЧИМЭГ

                                                 Р.БАТБАЯР