Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 216/МА2017/00019

 

  Г аймгийн Б сумын З

Д Т газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Г аймгийн Б сумын З д Т г /Хуулийн этгээдийн РД:/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г аймгийн Б сумын  дүгээр баг,  тоотод оршин суух, М овогт М Н /РД:/-д холбогдох,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 134/ШШ2017/00161 дүгээр шийдвэртэй,

Актын төлбөр 9 500 000 төгрөг, гэм хорын хохирол буюу авто машины засварын үнэ гэх 7 674 400 төгрөг, нийт 17 174 400 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Гантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Гантуяа, хариуцагч М.Наранмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г аймгийн Б сумын З даргын Тн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянтал сумын орон нутгийн хөгжил сангаас сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт худаг гаргах 19 000 000 /арван есөн сая/ төгрөгийн ажлыг Н Х о ХХК-иар гүйцэтгүүлэхээр шууд гэрээ байгуулан санхүүжилтийн урьдчилгаа болох 50 хувь буюу 9 500 000 /есөн сая таван зуун мянган/ төгрөгийг олгосон боловч ямар ч ажил хийгдээгүй, гэрээний хугацаа хэтэрсэн, гэрээг сунгаагүй, захиалагчаас гэрээний биелэлтэд хяналт тавиагүй, төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 14 дүгээр зүйлийн 14.2.3-т Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Говьсүмбэр аймгийн Аудитын газрын ҮАГ-ГСА/2017/01-НА дугаартай тайлангаар Орон нутаг хөгжил сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнд хийсэн нийцлийн аудитаар худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчил гарсан. Энэ хохирол учруулсан төлбөрийн актыг орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангаагүй тул худаг гаргах ажлын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 9 500 000 төгрөгийг өөрийн эрхлэх асуудлыг хүрээнд төвсийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах эрх мэдлээ урвуулан ашиглан улсад болон байгууллагад хохирол учруулсан.

 

Тус сумын З даргын Т газарт 2013 онд Toyota Lexus-470 автомашиныг Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар 80 000 000 төгрөгийн өртөг бүхий үнээр худалдаж авсан. Уг машин нь хэвийн үйл ажиллагаатай байсан ба шинэ машин хүлээж авсан. М.Н нь Засаг даргын Тамгын газрын албаны автомашин болох Toyota Lexus-470 автомашиныг Булган аймгийн Рашаант сумын 4-р багийн нутаг Мөргөцөг гэх газар хувийн ажлаар унаж яваад 12 настай хүрэн азаргыг дайран авто машиныг гэмтээж Ард даатгал ХХК-иас албан журмын нөхөн төлбөрийн шийдвэр 7 674 400 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 06-нд Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн 220455407 тоот дансанд А д ХХК-иас шилжин орж ирсэн.

 

Дээрх нөхөн төлбөрийн 7 674 400 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 11-нд С Ч ХХК-ийн 15-0000-1601312564 тоот данс руу машины засварын үнэд шилжүүлсэн. Гэтэл машины засварыг хийлгээгүй өнөөдрийн байдлаар Засаг даргын Тамгын газрын автомашин эвдэрч, албан ажилд явахад хувийн автомашинаар төрийн ажлыг гүйцэтгэж байгаа нь хүндрэлтэй байна. Машины гадна талыг харахад л бүх зүйл цөмөрч орсон байсан. Түүнийг замаск төдий зүйлээр хаагаад хар хуулга наасан байсан. Мөн сэтгэл байсан бол дотор талын моторыг боолтоор шургуулж болно, тэгэхэд скочоор боож орхисон байсан. 7 674 400 төгрөг С Ч ХХК-ийн данс руу шилжлээ гэх боловч уг автомашинд 7 674 400 төгрөгийн засвар хийгээгүй. Уг мөнгийг хувьдаа зарцуулсан гэж үзэж байна. Үүнээс хойш автомашин тодорхой хэмжээнд явж байсан.

2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Цагдаагийн хэлтэс, Эдийн засгийн албан гомдол гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул дараагийн шатны байгууллагад хандахыг зөвлөсний дагуу танай байгууллагад нэхэмжлэл гаргаж байна

Иймд нийт 17 174 400 төгрөгийг М овогт - регистрийн дугаартай Мн Н нөхөн төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгож, хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.          

 

Хариуцагч М.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Н миний бие Б сумын З даргын Т газрын даргын үүрэг гүйцэтгэгч В.Гантуяагийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2016 оны 08 дугаар сард орон нутгийн сонгуулиас өмнө В.Гантуяа нь сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд томилогдсон. Ажилд томилогдсны дараа худгийн ажлыг зогсоосон. Яагаад гэвэл худгийн байршлыг өөрчилж өөр газар гаргана гэж зогсоосон. Ингэж явсаар байгаад хугацаа дууссан. Баянтал сумын Засаг дарга энэ асуудлаар 2016 онд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Мөн Авилгатай тэмцэх газарт шалгуулсан. 2016 оны 08 дугаар сарын сүүлээр шалгуулаад 2017 оны эхний улиралд Прокурорын газарт энэ хэрэг очиход буруутай үйлдэл тогтоогдоогүй гээд хаагдсан. Үүний дараа аймгийн Аудитын газар буруу мэдээлэл өгөөд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 03/48 дугаартай актын төлбөр тавиулсан байсан. Аймгийн Аудитын газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №03/48 тоот акттай танилцаад нэхэмжлэгчийн надаас шаардаж буй 9 500 000 төгрөгийг гүйцэтгэгч байгууллагаар төлүүлэх гэж тодорхой заасан байгаа учраас надад хамааралгүй болно.

Засаг даргын Тамгын газрын Toyota Lexus-470 маркийн автомашины хувьд миний бие 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд Ардчилсан намын говийн бүсийн чуулга уулзалт зохион байгуулагдахад сумын Засаг дарга асан Н.Х, иргэдийн Хурлын дарга Н.С, иргэн Н.А нарын хамт албан ажлаар явахдаа зам тээврийн осолд орсон бөгөөд холбогдох журмын дагуу цагдаад шалгуулж дүрэм зөрчөөгүй нь тогтоогдож, албан ёсны үнэлгээний компаниар үнэлгээг хийлгэж холбогдох журам, гэрээний дагуу Ард даатгалаас үнэлгээний 80% болох 7 674 400 төгрөгийг гаргуулж, уг мөнгөөр тухайн авто машинаа засварлаад засуулж, урьд байсан хэвийн байранд нь оруулан 2015 оны 12 сард Засаг даргын Тамгын газарт жолоочоор Ц.Д ажилд ороход ажил хүлээлцэх комиссын гишүүд хүлээлгэн өгсөн байдаг. Даатгалаас мөнгө нь Тамгын газрын дансанд орсон. Улаанбаатар хотод машин засуулахад нэг газар очиж вьетнам засвараар зусуулна, өөр газар очиж янзлуулна, мөн хуучин сэлбэгийг Toyota Lexus-470 автомашины засварын бүх газраар орж байж худалдаж авдаг. Тийм учраас 5000-10000 төгрөгийн үнэтэй нэг сэлбэг аваад Тамгын газраас гүйлгээ хийх боломж байхгүй. Тиймээс мөнгийг С Ч ХХК-ийн данс руу хийж, би мөнгийг бэлнээр аваад машиныг засуулсан. Тэгээд засварын мөнгө хүрэлцэхгүй байсан учраас өөрөөсөө тодорхой хэмжээний мөнгө нэмж урьдны хэвийн байдалд оруулсан. Үүнээс хойш уг автомашин нь 2015 оны 12 сараас 2017 оны 06 дугаар сарын 27 буюу өнөөдрийг хүртэл хэвийн явж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь машин эвдэрсэн машин явахгүй байгаа мэтээр нэхэмжлэлдээ дурджээ.

Харин яагаад замаск хагарсан бэ гэвэл өвөл хийсэн замаск муу болдог. Би автомашиныг засаагүй, вьетнам засварт засуулсан. Хөдөө замд хэд донслоход замаск хагарсан байсан. Миний хувьд машиныг муу зассаныг мэдээгүй. Замаск хагарахаар нь хар хуулга аваад наасан. Нэгэнт хүлээлгэж өгсөн машины замаск хагарсан тул өөрийнхөө мөнгөөр хуулга авч наасан.

Иймээс уг машиныг урьд байсан хэвийн байранд оруулж хүлээлгэн өгсөн тул түүнээс хойшхи элэгдэл, хорогдол болон эвдрэлийг би хариуцахгүй болно. Иймд уг нэхэмжлэлийн 17 174 400 төгрөгийг надаас нэхэмжлэх нь зохимжгүй бөгөөд би хариуцахгүй, надад ямар ч хамааралгүй болно гэжээ.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г аймгийн Б сумын З д Т газрын нэхэмжлэлтэй Б.Н холбогдох актын төлбөр 9 500 000 төгрөг, гэм хорын хохирол буюу авто машины засварын үнэ 7 674 400 төг, нийт 17 174 400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  болон талууд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.Г давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр 08-ны өдрийн 134/ШШ2017/00161 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хариуцагч М.Н нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас Г аймгийн Б сумын З даргын Т газрын хөрөнгөд хохирол учруулсан тэрээр уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээсэн бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн гэм буруугүйн талаар маргадаггүй ба гагцхүү нэхэмжлэлд дурдсан 7 674 400 төгрөгийг төлөх үндэслэлгүй, хохирлыг барагдуулсан гэж мэтгэлцэж байсан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар М.Н нь Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн - тоот дансанд “А д” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр автомашины даатгалын нөхөн төлбөрт 7 674 400 төгрөг шилжин орж ирсэнийг “Сл Ч” ХХК-ын дансанд автомашины засварын үнэ гэж 7 647 400 төгрөгийг шилжүүлж 10 хувийн суутгалыг өгч бэлнээр авсан болохыг хариуцагч М.Н нь шүүх хурал дээр ярьж, мэдүүлэг өгч байсан.

Гэрч болох Д.М, П.Б-Э нарын шүүх хуралд дээр мэдүүлсэн мэдүүлэг, хариуцагч М.Н шүүх хурал дээр гаргасан тайлбар болон мэдүүлэг нь шүүх хуралдааны гэрчийг асуух явцад авч байсан мэдүүлэг нь хоорондоо зөрж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн. Иймд дээрхи 2 гэрч нь ач холбогдолгүй гэрч гэдэг нь нотлогдож байна.

Шүүх хурал дээр автомашиныг эвдэж, гэм хор учруулсан, автомашины нөхөн төлбар болох 7 674 400 төгрөгийг хариуцагч М.Н нь бэлнээр зарцуулснаа хүлээн зөвшөөрч, иргэдийн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтөлж, санал бодлоо дүгнэж хэлэхдээ хариуцагч М.Н нь “гэм буруутай үйлдэл хийж, Б сумын З даргын Т газрын автомашиныг эвдэж, бэлнээр мөнгийг авч өөрөө зарцуулсан нь буруу байх тул автомашины нөхөн төлбөр болох 7 674 400 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй” гэж дүгнэлтийг уншиж танилцуулсаар байхад шүүхээс нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь нэг талыг хэт барьж үндэслэлгүй дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр 08-ны өдрийн 134/ШШ2017/00161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ НЬ :

Нэхэмжлэгч Г аймаг Б сумын З даргын Т газар нь М.Н холбогдуулан Говьсүмбэр аймгийн Аудитын газрын 2017.04.17-ны өдрийн 03/48 тоот “Төлбөр барагдуулах тухай”  актаар тогтоосон төлбөр 9 500 000 төгрөг, тус сумын Засаг даргын Тамгын газрын албаны автомашин болох Toyota Lexus-470 автамашиныг унаж яваад осол гарган эвдэж гэмтээсний улмаас “Ард даатгал” ХХК-аас албан журмын нөхөн төлбөрт шилжиж орсон  7 674 400 төгрөг, нийт 17 174 400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн  зөвшөөрөхгүй  хэмээн маргажээ.

Анхан шатны шүүх... Аудитын актаар маргаан бүхий 9 500 000 төгрөгийг гүйцэтгэгч байгууллагаар төлүүлэхээр хариуцуулсан байтал нэхэмжлэгч нь М.Н хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, энэхүү актаар тогтоосон төлбөрийн 9 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь М.Н биш “Н Х О” ХХК байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж,

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг гэм хорын хохирол гэж үзэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ИХШХШТХуульд зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж  тус тус дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй М.Наранмандахад холбогдох нийт 17 174 400 төгрөгийг гаруулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь ... Говьсүмбэр аймгийн Аудитын газрын  03/48 тоот  актаар тогтоосон төлбөр  9 500 000 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, энэ талаар маргаагүй, харин хариуцагч М.Н нь “А д “ХХК-аас автомашины даатгалын нөхөн төлбөрт шилжин орж ирсэн 7,674,400 төгрөгийг “С ч” ХХК-н дансанд  автомашины засварын үнэ гэж шилжүүлэн уг газарт  10 хувийн суутгалыг өгч үлдэх хэсгийг өөрөө бэлнээр авсанаа  шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн,... гэрч болох Д.М, П.Б-Э нарын мэдүүлэг, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг  зэрэг нь хоорондоо зөрж байсан бөгөөд дээрх 2 гэрч нь ач холбогдолгүй гэрч гэдэг нь нотлогдож байна. Мөн иргэдийн төлөөлөгч хүртэл М.Н буруутай гэж үзэн автомашины нөхөн төлбөр болох 7 674 400 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаснаа танилцуулсаар байхад шүүх  нэг талыг хэт барьж үндэслэлгүй дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг  хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

 Учир нь хэргийн материалаас үзэхэд: Хэрэгт авагдсан нэхэмжлэл /хх-1/ болон нэхэмжлэгч, хариуцагч нарын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч М.Н нь Баянтал сумын Засаг даргын  орлогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 10 дугаар сарын эхээр албаны Toyota Lexus-470 автомашиныг унаж явах үедээ Булган аймгийн нутаг дэвсгэрт осол гаргасан,  уг автомашинд буюу байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан, “А д” ХХК-аас албан журмын нөхөн төлбөр гэх 7 674 400 төгрөг Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дансанд  шилжин орсон, уг мөнгө нь “С ч” ХХК-ны данс руу “Машины засварын үнэ” гэсэн гүйлгээний утгаар  шилжүүлэгдсэн  болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан автомашины гэрэл зургийн үзүүлэлт /хх- 5-6/, Баянтал сумын ЗДТГ-н дансны хуулга /хх-7/, “С ч” ХХК-ны дансны хуулга /хх-42/  зэргээр тогтоогдож байна.

Мөн уг автомашин нь Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын мэдлийн хөдлөх эд хөрөнгө бөгөөд хариуцагч М.Н нь Баянтал сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын эхээр  Toyota Lexus-470 маркын автомашиныг унаж яваад авто тээврийн осол гаргасан, үүний улмаас уг автомашинд буюу байгууллагын эд хөрөнгөд зохих хэмжээний хохирол учруулсан, “А д” ХХК-“аас албан журмын даатгалын нөхөн төлбөрт  гэж 7 674 400 төгрөг тус сумын Засаг даргын Тамгын газрын дансанд шилжин орсон, уг мөнгийг “Машин засварын үнэ” гэсэн гүйлгээний утгаар “С ч” ХХК-ны данс руу шилжүүлж, хариуцагч өөрөө бэлнээр авсан /өөрийнх нь тайлбараар/, мөн  тэрээр Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга, жолоочтойгоо гурвуул хамт явж байхад нь тухайн автомашинд хийсэн замаск нь хагарсаны улмаас  хар хуулга авч  наасан  гэх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Toyota Lexus-470 автомашинд 7 674 400 төгрөгийн засвар хийгээгүй, уг мөнгөөр бүрэн бүтэн засвар хийгээгүй, уг мөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа зарцуулсан гэж үзэж байна, ...машинд үнэхээр засварын ажил хийгдсэн бол санхүүгийн анхан шатны баримт байх ёстой,  ямар ч баримт байхгүй байна, ...уг автомашин нь Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын нэр дээр 80 000 000 төгрөгийн бланстай байдаг, ...засвар чанартай хийгдээгүй учраас хувь хүнээс 7 674 400 төгрөгийг нэхэмжилж байна  гэсэн.  

 Хариуцагч М.Н нь 2017.06.27-нд шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... “А Д”  ХХК-аас үнэлгээний 80 хувь болох  7 674 400 төгрөгийг гаргуулсан ба уг мөнгөөр “С Ч” ХХК-н данс руу хийж мөнгийг бэлнээр аваад машиныг засуулсан, мөн засварын мөнгө хүрэлцэхгүй байсан учир өөрөөсөө тодорхой хэмжээний мөнгө гаргаж засуулан урьдны  хэвийн байдалд оруулсан, 2015 оны 11 сард машиныг засаж авчраад хүлээлгэн өгсөн, тэр хугацаанаас хойш 2017 оны  06 сар хүртэл машин явж байсан,  ... миний бие  Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан тул намаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцох боломжтой, тэгэхээр төрийн албаны машиныг ашиглах  эрхтэй гэж үзэж байна, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус  гаргаж  талууд маргадаг. 

Хэргээс  үзэхэд:  1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 7 674 400 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон автомашины гэрэл зургийн үзүүлэлт/хх- 5-6/,  Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дансны хуулга /хх-7/, “Саруул чандмань” ХХК-ны дансны хуулга /хх-42/ зэрэг нотлох баримтуудыг   гаргаж өгсөн байх  бөгөөд ямар үндэслэлээр 7 674 400 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл машинд учирсан эвдрэл гэмтэлийг бүрэн засварлаагүй гэсэн агуулгаар уг мөнгийг нэхэмжилж байна уу, эсхүл 7 674 400 төгрөгөөр уг авто машинд засвар огт хийгээгүй, машинд засвар хийсэн боловч  чанаргүй хийсэн, замаск наасан нь хагарч  хар хуулга наасан энэ хэсгийн засвар чанаргүй болсон гэж  уг мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна уу, эсвэл  хариуцагч нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Ард даатгал” ХХК-иас шилжиж ирсэн дээрх мөнгийг өөртөө авч хувьдаа зарцуулсан  /үндэслэлгүй хөрөнгөжсөн/ гэж үзэж  байна уу,  эсхүл  удирдах албан тушаал хашиж байсныхаа  хувьд төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж үзсэн зэргийн  аль нь  болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл, түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгч нь бүрэн тодорхойлсон байх байтал нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг  шийдвэрлэсэн нь  буруу  байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлээ Иргэний хуулийн ямар зүйл заалтад үндэслэсэн нь тодорхойгүй буюу тухайлбал, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд үндэслэсэн бол осол хэзээ гарсан, үүний улмаас автомашины ямар эд анги эвдэрсэн, түүнийг одоо засварлахад хичнээн хэмжээний зардал шаардлагатай гэх мэт нөхцөл байдал тогтоогдоогүй, харин ажил албан тушаалаа ашиглан төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан бол Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хүлээлгэх хариуцлага түүний үр дагавар гэж үзвэл түүний гэрээгээр хүлээсэн үүргийг тодруулах тогтоох боломжгүй буюу энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, эсхүл ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнгийн доголдлын талаарх шаардлагыг хариуцагчид холбогдуулж гаргаж байгаа эсэхийг тогтоохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх боломжгүй, энэхүү ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хийх үндэслэлгүй шийдвэрийг өөрчлөх боломжгүй  байна.

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн  яаж зөрчигдсөн, хариуцагч нь ямар буруутай зэргийг тодруулаагүй атлаа  анхан шатны шүүх юуг үндэслэн уг маргааныг гэрээний бус үүргийн зөрчлийн улмаас үүсэх  үүрэг буюу  гэм хорын хохирол гэж  үзсэн нь ойлгомжгүй. Энэ талаар шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой, ойлгомжтой байх нь маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоох, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах, хэргийн болон шүүхийн харъяалал, нотлох баримтын үнэлгээ, шүүхийн шийдвэр биелэгдэх боломж зэргийг хангах  нөхцөл болно. 

2. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж дүгнэлт хийгээгүй.

 Тухайлбал хэргийн  7, 42 дугаар талд авагдсан Баянтал сумын Засаг даргрын тамгын газрын болон “С ч”  ХХК-ийн  дансны хуулгаас харахад  2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  “Ад” ХХК-иас  7 674 400 төгрөг Баянтал сумын Засаг даргрын тамгын газрын дансанд  “Орлого” болж шилжин орсон байх ба 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр  Баянтал  сумын Засаг даргын тамгын газрын данснаас  “С ч” ХХК-н данс руу  “Машин засварын үнэ” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэгдсэн байх бөгөөд мөн өдрөө  “С ч” ХХК-н  данснаас  “3 840 000 төгрөг  Г гэсэн нэрээр”  зарлага  гаргасан байна.

Гэтэл хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан...мөнгийг хувь дансаар гаргаж болохгүй тул уг компанийн данс руу хийлгэсэн /хх-64/, “С ч” ХХК-н данс ашигласны хураамж гэж 10 хувь тооцоод 700 000 төгрөг суутгаж аваад үлдсэн мөнгийг бэлнээр авсан, таньдаг хүнээрээ яриулаад энэ компанийг олсон /хх- 65, 66/ гэсэн тайлбар нь “С ч” ХХК-н данснаас гарсан “зарлага”-н гүйлгээтэй тохирохгүй байгааг шүүх анхаараагүй, энэ талаар талуудаас тодруулж дүгнэлт хийгээгүй.

Мөн хариуцагч нь маргааны зүйл болох автомашиныг засварын газарт өгч засварлуулахад ямар нэгэн  баримт  өгч  аваагүй  талаар  тайлбартаа удаа дараа  хэлсэн байдаг. Гэтэл түүний хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.М гэгч нь 7 674 400 төгрөгийн баримт ирсэн гэсэн  мэдүүлэг /хх-57/ өгсөн байгаа зэргийг анхаарч мэдүүлгийн зөрүүг гаргаж тодруулаагүй, харин гэрч Д.М “Машин хэвийн ажиллагаатай байсан” гэх мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна. 

  Мөн хэргийн 15 дугаар талд талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай  “Баримт №5 ” авагдсан байх ба  уг баримтад ИХШХШТХуулийн холбогдох зүйл, заалтуудыг тоон илэрхийллээр бичиж, хэргийн оролцогчдын нэр, огноо, гарын үсэг зэргийг хүснэгтлэн байрлуулсан байх ба үүнээс үзэхэд талуудад эрх, үүргийг бүрэн хэмжээгээр  танилцуулсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байна. 

 Дээрх байдлаас дүгнэхэд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.    

             Үүнээс гадна шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч нь тайлбартаа... Toyota Lexus-470 автомашиныг унаж яваад 2015.10.02-ны өдөр...осол гаргасан гэж  хэлсэн байтал 2015.12.02-ны өдөр Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан,...2015 оны 12 сарын 12-ны өдөр осол гарсан /хх-51/ гэж, даатгалаас 2015.11.06-ны өдөр...төгрөг шилжин орсон гэсэн байхад 2015.11.13-ны өдөр гэж   үйл баримтын сар, өдрийг илт зөрүүтэй бичсэн байхад дээрх алдаа зөрчлийг засуулалгүй шүүгч шүүх хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулж гарын үсэг зурсан байна. 

            Мөн хариуцагч нь...2015.10.02-ны өдөр Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд зохион байгуулагдсан чуулга уулзалтад оролцохоор сумын Засаг дарга Х, Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга С, цэцэрлэгийн эрхлэгч А нарын хамт явсан гэж тайлбартаа хэлсэн гэтэл  анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд Иргэдийн Хурлын дарга С, иргэн А гэж бичсэн /хх-51/  байсан,  энэ талаар тухайн үед нь  нарийн бичгийн даргад хэлж байсан боловч засаагүй хэвээр байна, энэ мэт маш олон алдаатай зүйлүүд тэмдэглэл дээр харагдаж байсан гэсэн тайлбарыг хариуцагч нь давж  заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан.   

 Дээрх зөрчлүүд нь ИХШХШТХуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдааны даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэсэн  заалтыг  зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.              

          Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч талын “...шийдвэрийг хүчингүй болгож, хохирлыг гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:   

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 134/ШШ2017/000161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

             

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Г.ТЭГШСУУРЬ

                                      ШҮҮГЧИД                                                Н.БАТЧИМЭГ

                                                                   Х.БАЙГАЛМАА