Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 0142

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Хохирогч Д.Лхагвадулам, В.Даваадорж

Шүүгдэгч Б.Чингис нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Болорхандын Чингист холбогдох 201614000153 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.1. Боржигон овогт Болорхандын Чингис, Монгол Улсын иргэн, 1991 оны 04 сарын 02-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд баг 5-20 тоотод оршин суух, урьд 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 73 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас өршөөн хэлтрүүлсэн, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 05 дугаар сарын 03-нд хугацаа дуусч суллагдсан, 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 73 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 04-нд хугацаа дуусч суллагдсан, 2015 оны 12 сарын 22-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар ГР 91040212/

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

2.1. Шүүгдэгч Б.Чингис нь орон байранд нэвтэрч 2016 оны 03 сарын 03-ны өдрөөс 2016 оны 03 сарын 05-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 14-02 тоотод оршин суух Б.Мөнхбаярын байшингийн вакум цонхыг хагалан орж Монел маркийн 42 инчийн зурагт, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, 10 кг Улаанбаатар гурил, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 1 832 000 төгрөгийн хохирол учруулсан.

2.2. 2016 оны 04 сарын 09-ний өдөр давтан үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн 20-27 тоот В.Дагвадоржийн байшингийн вакум цонхны салхивчийг хагалан орж Шарп маркийн 32 инчийн зурагт хулгайлж 220 000 төгрөгийн хохирол учруулсан.

2.3. Эрүүгийн 201614000187 дугаартай эрүүгийн хэрэгт сэжигтэнээр тооцогдон гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 04 сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн  гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Лхагвадуламын “2016 оны 03 сарын 03-наас 2016 оны 03 сарын 05-ны хооронд бидний эзгүй байх хойгуур байшингийн цонхыг хагалан хулгай орж зурагт, 6 ширхэг мөнгөн аяга, 10 кг гурил, орны бүтээлэг зэрэг эд зүйлүүд алдагдсан. Анх манай гэрт хулгай орсныг дүү Мөнхсайхан мэдсэн байсан. Манай гэрээс 2015 оны намар 720 000 төгрөгөөр худалдан авсан Монел фермийн 42 инчийн ЛСД зурагт, орчин цагийн их гарын 2 ширхэг мөнгөн аяга, орчин цагийн их гарын 2 ширхэг мөнгөн аяга, орчин цагийн дунд гарын 10 кг Улаанбаатар гурил, орны бүтээлэг зэрэг эд зүйл алдагдсан. Үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэнтэй холбоотой санал хүсэлт байхгүй" гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18-р хуудас/

 

2. Хохирогч Б.Дагвадоржийн  ”2016 оны 04 сарын  08-наас 09-нд шилжих шөнө би ажил дээрээ хонож 04 сарын 09-ний өглөө ажлаас буугаад гадуур явж байгаад 14 цагийн орчим гэртээ очтол байшингийн урд талын баруун захын вакум цонхны салхивчийг хагалсан байдалтай байхаар нь хаалга тайлаад ортол зочны өрөөний хойморт тавиур дээр байсан 2 жилийн өмнө бэлгэнд ирсэн “sharp” маркийн 32 инчийн LCD зурагт алга болсон байсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/

 

3. Гэрч Б.Мөнхсайханы “Миний төрсөн ах Мөнхбаяр гэж хүн байдаг Мөнхбаяр нь эхнэр хүүхдийнхээ хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 15-2-14 тоотод оршин суудаг юм. Энэ хэрэг болохоос 7 хоногийн өмнө миний ах Мөнхбаяр эхнэр хүүхдийнхээ хамт Булган аймгийн Сайхан сум руу хувийн ажлаар явсан. 2016 оны 03 сарын 03-ны өдөр миний төрсөн дүү Мөнхзул Мөнхбаяр ахын гэрт очоод хувцас хунараа угааж гэрт хэсэг хугацаанд байж байгаад явсан байсан. Түүнээс хойш Мөнхбаяр ахын гэрт хэн нэгэн очиж эргээгүй байж байгаад 2016 оны 03 сарын 05-ны өдөр манай хамаатны хүн болох Отгонболд, Отгонбаатар нар Мөнхбаяр ахын хашаанаас мод авах гээд очсон чинь Мөнхбаяр ахын байшингийн баруун талын цонх хагарсан байсан гэсэн. Тэгэхээр нь Отгонболд, Отгонбаяр хоёр Мөнхбаяр ахад танай байшингийн цонх хагархай байна гэж утсаар хэлэх гээд гар утас руу нь залгах гэсэн чинь гар утас нь холбогдох боломжгүй байхаар нь над руу залгаж хэргийн талаар хэлсэн. Үүний дагуу яваад очсон чинь Мөнхбаяр ахын байшингийн цонхыг хагалаад хулгайч орсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/

 

4. Гэрч Б.Ганзоригийн “Чингисийг би танина, найз нөхдийн холбоо бол байхгүй, хаана байгааг нь хэлж мэдэхгүй байна. Харин сүүлд сураг сонсоход 5 дугаар сарын сүүлээр Дархан-Уул аймгийн барааны захаар Төгзөг хочит Төрмөнхтэй хамт явж байна гэж Дарханаас ирсэн нэг хүн хэлсэн. Тэрнээс хойш сураг тасарсан. Улаанбаатар хотод байж мэднэ. Орхон аймагт бол байхгүй. Түүнийг цагдаагийн газраас хайж байгааг бүгд мэднэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

5. Гэрч Д.Хишигдүүрэнгийн “Энэ залууг би танина гэхдээ төрөл садан найз нөхдийн холбоо бол байхгүй. Манай аав, ээж Булган аймгийн Могод суманд мал малладаг бөгөөд хоёулаа байдаг. Мал хариулах хүнгүй учир би зар өгч эндээс малчин авч очдог. Гэхдээ энэ залуу надтай зарын дагуу анх 2016 оны 04 сарын сүүлээр ирж уулзахдаа өөрийгөө Чингис биш Батболд гэж хэлж танилцуулсан. Тэр үедээ нилээн тааруу хувцастай явж байсан. Би эхэндээ нэг л биш санагдсан боловч “ахаа санаа зоволтгүй, итгэлийг чинь алдахгүй” гээд гуйгаад байхаар нь хөдөө аав ээжрүүгээ авч очиж тэнд үлдээсэн юм. Манай аав ээж хоёр дээр энэ залуу 2016 оны 04 сарын дундаас 6 сарын сүүл хүртэл мал маллаж байгаад явсан. Явахад нь би өөрөө очиж цалин 450 000 төгрөгийг өгөөд Эрдэнэтэд хүргэж өгсөн. Энэ залуу өөрийгөө Батболд гэж танилцуулснаас гадна ээжтэйгээ хоёулаа амьдардаг гэж байсан. Өөр зүйл яриагүй. Манайд мал маллаж байхдаа элдэв муу зуршил гаргаагүй  сайн ажиллаж байгаад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35-р хуудас/

 

6. Гэрч З.Болорхандын “Миний хүү Чингис 1991 оны 04 сарын 02-ны өдөр Булган аймгийн Өлзийт суманд төрсөн. Айлын ганц хүү. Манайх Орхон аймагт 1981 онд шилжин ирсэн. Хүү маань 13 дугаар сургуулийн харъяа байсан тусгай сургуульд 7 дугаар анги хүртлээ сурсан. Дараа нь Оюутолгой компанид туслах ажилтан хийж байгаад гарсан. Тэрнээс хойш тогтсон ажил төрөл байгаагүй. Эхнэр хүүхэд гэр бүл байхгүй. Урьд нь 2-3 удаа хулгайн хэргээр шоронд ял эдэлсэн. Зан байдлын хувьд их даруухан, элдэв муу зан ааш байхгүй хүүхэд гэж эхийнх нь хувьд хэлмээр байна. Хаана байгааг нь мэдэхгүй Цагдаагийн газраас хүмүүс ирж уулзсан. Хулгайн хэрэг хийсэн гэж цагдаагийн газраас хайж байгааг мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/

 

7. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-08, 12-14-р хуудас/

 

8. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2016 оны 04 сары 11-ний 02/71 дугаартай “Үнэлгээнд хамрагдсан зурагтны үнэлгээ 220 000 төгрөг” гэсэн дүгнэлт. /хх-ийн 39-41-р хуудас/

 

9. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2016 оны 03 сарын 09-ний 02/52 дугаартай “Үнэлгээнд хамрагдсан алдагдсан эд зүйлс телевизор ЛСД 42 инч, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, бүтээлэг 1 832 000 төгрөг” гэсэн  дүгнэлт. /хх-ийн 46-48-р хуудас/

 

10. Шүүгдэгч Б.Чингисийн мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/  болон гадагш явахгүй байх баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, баталгаа гаргасан тухай тэмдэглэл, эрүүгийн хэргийг түдгэлзүүлж, Б.Чингисийг эрэн сурвалжилсан тухай баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав мэтгэлцэхдээ “Шүүгдэгч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Харин мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэх хэргийг зөвшөөрөхгүй байгаа. Б.Чингис нь гадагш явахгүй байх баталгаа авах тогтоолтой танилцаагүй байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чингис мэдүүлэхдээ “мөрдөн байцаагч намайг Цагдаагийн газрын үүдэнд сууж бай гэж хэлээд өөрөө цайндаа явсан. Надад таслан сэргийлэх арга хэмжээ авсан эсэхийг мэдэхгүй байна. Тогтоол дээр байгаа гарын үсэг минийх биш. Баталгаа гаргасан тухай тэмдэглэл дээр зурсан гарын үсэг минийх мөн байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүмжлэлдээ “Б.Чингис нь таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолтой танилцсан. Мөн баталгаа гаргаж өөрөө гарын үсэг зурсан. Таслан сэргийлэх арга хэмжээ зөрчиж байгаагаа мэдэж байсан. Иймд энэ зүйл ангийг хэрэгсэхгүй болгох үндэсгүй. Шүүгдэгч гэм буруутай” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Чингис нь 2016 оны 03 сарын 03-ны өдрөөс 2016 оны 03 сарын 05-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 14-02 тоотод оршин суух Б.Мөнхбаярын байшингийн вакум цонхыг хагалан орж Монел маркийн 42 инчийн зурагт, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, 10 кг Улаанбаатар гурил, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж 1 832 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 04 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн 20-27 тоот В.Дагвадоржийн байшингийн вакум цонхны салхивчийг хагалан орж Шарп маркийн 32 инчийн зурагт хулгайлж 220 000 төгрөгийн хохирол учруулж 2 удаагийн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч нийт 2 052 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 04 сарын 11-ний өдөр гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.Чингис болон түүний өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зөвшөөрөхгүй гэж байх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Хишигдүүрэн, З.Болорханд, Б.Ганзориг нарын мэдүүлэг, гадагш явахгүй байх баталгаа гаргаж Б.Чингисийн гарын үсэг зурсан баримт, сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжилсан баримт, эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Чингис нь мөрдөн байцаалтаас зориуд санаатай зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Чингист ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Чингисийн цагдан хоригдсон 73 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Чингис нь урьд хорих ял эдэлж байсан боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Чингисээс 2 052 000 төгрөг гаргуулж хохирогч  Д.Лхагвадуламд 1 832 000 төгрөгийг, хохирогч В.Дагвадоржд 220 000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Болорхандын Чингисийг давтан үйлдлээр,  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Чингисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Чингист Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас 6 сарын хорих  ялыг нэмж эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-ыг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Чингист оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Чингисийн цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай. 

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Чингисээс 2 052 000 /хоёр сая тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 15-02 тоотод оршин суух Дэмбэрэлийн Лхагвадулам /РД:ГЗ90080103, Утас: 83738701/-д,  1 832 000 /нэг сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөг, хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 20-27 тоотод оршин суух Ванчигийн Дагвадорж  /РД:ИЦ65010975, Утас: 96003373/-д 220 000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чингист авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС