Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2019/0365

 

2019 оны 06 сарын 12 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: МД ХЗХ

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Д

Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 005******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч МД ХЗХ-ын гүйцэтгэх захирал Д.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гх, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Б.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч МД ХЗХ-ын гүйцэтгэх захирал Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 005******* тоот актаар зөрчил гаргагч субъектийг буруу тодорхойлсон, шинээр гарсан Зөрчлийн тухай хууль буцаан хэрэглэсэн үндэслэлүүдээр 5,000,000 /таван сая/ төгрөгийн шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Хадгаламж, зээлийн хоршооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, 34 дүгээр зүйлийн 34.1-д Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааг тэргүүлэгчдийн зөвлөл удирдаж, үйл ажиллагаагаа бүх гишүүдийн хуралд тайлагнана, 35 дугаар зүйлийн 35.1.16-д гүйцэтгэх захирлыг томилох, түүнтэй гэрээ байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих, 39 дүгээр зүйлийн 39.1-д Гүйцэтгэх захирал нь хадгаламж, зээлийн хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байх бөгөөд Хадгаламж, зээлийн хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал буюу хувь хүн удирдан явуулдаг болно.

МД ХЗХ нь 2016 оны 1 дүгээр улиралд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн балансаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлсний дагуу манай хоршоонд байгаа хадгаламж ил тод болсон тул хуулийг буцаан хэрэглэсэн /тухайн үед Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль үйлчилж байсан болно/ гэх үндэслэлүүдээр дээрх улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 005******* тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь заалтуудыг үндэслэн Хорооны даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 526 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шалгалт эхлэх өдөр хүртлэх хугацааны Хороонд ирүүлсэн мэдээлэл болон зохицуулалтын байгууллагад хадгалагдаж буй санхүүгийн тайлан, холбогдох баримт бичиг, шийдвэр зэрэгт тулгуурлан шалгалтыг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.

Хугацаатай 30 хадгаламж эзэмшигчээс нэр бүхий 14 хадгаламж эзэмшигч, хугацаагүй 228 хадгаламж эзэмшигчээс нэр бүхий 182 хадгаламж эзэмшигчид гишүүний дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэлгүй байсан бөгөөд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Хадаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хадгаламж, зээлийн хоршоо нь бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалж болно, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгалдамж татахыг хориглоно гэж заасныг зөрчсөн болох нь гүйцэтгэх захирал Д.Д-гийн амаар өгсөн тайлбар, тус хоршооны 2018 оны 03 дугаар улирлын тайлан, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн дэлгэрэнгүй бүртгэл, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 1801000024 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн.

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг танилцуулаад уг зөрчлийн хэрэгт холбогдох нэмэлт баримт материал авч ирэх тухай мэдэгдсэн. МД ХЗХ-ын гүйцэтгэх захирал Д.Дс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлэг авахад хадгаламж татах үйл ажиллагааны талаар мэдэгдсэн ба холбогдох нотлох баримт материалыг авч ирсэн тухай лавлахад авч ирээгүй гэсэн бөгөөд гишүүний дэлгэрэнгүй бүртгэлд байхгүй байгаа этгээд хадгаламж эзэмшигчдийн бүртгэлд байна энэ талаар лавлахад Мэдэхгүй байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу ил тодод орсон ба тэр үед гарч ирсэн байх гэж мэдэгдсэн.

Гэвч хугацаатай хадгаламж эзэмшигчдээс 2018 онд хадгаламж байршуулсан иргэн байсан тухай лавлахад мэдэхгүй байна гэсэн тайлбар хэлсэн ба үүнийг мэдүүлэгт дурдсан.

Хоёрт, Субъектийг буруу тодорхойлсон гэсний хувьд, МД ХЗХ-ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж заасны дагуу тус Хадгаламж, зээлийн хоршоонд Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалах журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зөрчлийн шийтгэл ногдуулсан болно.

Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасны дагуу МД ХЗХ-ын гаргасан зөрчлийн хугацааг 2015 оноос 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцох тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу зөрчил үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусах тул МД ХЗХ-ын гаргасан зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл хамаарахгүй юм.

Гуравт, Шинээр гарсан зөрчлийн тухай хууль буцаан хэрэглэсэн гэсний хувьд, МД ХЗХ нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 2015 оны 04 дүгээр улирал, 2016 оны 1 дүгээр улирлаар ил тод болсон гэх боловч 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тухайн зөрчлийг гаргасан хэвээр байсан тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасны дагуу буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зөрчлийг илрүүлсэн, уг хугацаагаар зөрчил үйлдсэн хугацааг тооцож шийтгэл оногдуулах тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хууль буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулна.

Иймд МД ХЗХ-ны гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Дгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, гомдол гаргагч, хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримтуудыг үнэлж, хариуцагч Санхүүгийн зохицууулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 005******* дүгээр шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч МД ХЗХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Ж.Д******* хяналт шалгалт хийж хоршооны тэргүүлэгчдийн зөвлөл нь 2017 онд 118 гишүүн, 2018 онд 64 гишүүн, нийт 182 гишүүдийг идэвхгүй гишүүнд тооцож гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т Тэргүүлэгчдийн зөвлөл нь идэвхгүй гишүүнээр тооцох тухай шийдвэр гаргахаас ажлын 30 өдрийн өмнө тухайн гишүүнд бичгээр мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн байна гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгосон. Бид торгуулиа төлсөн. Гэтэл яг нэг өдөр, нэг ижил зөрчилд улсын байцаагч Б.Д нь дахин шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм гэжээ.

Учир нь 2016 оны 1 дүгээр улиралд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн балансаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлсний дагуу манай хоршоонд байгаа хадгаламж эзэмшигчдийн хадгаламж ил тод болсон, манай хоршооны гүйцэтгэх захирал энэ тухайгаа хэлсээр байхад Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Б.Д нь энэ талаарх баримтыг авч үзээгүй бидэнд ил тодоор тайлагнасан тайлангаа авчир гэж хэлсэн боловч хэдийд, хаана аваачиж үзүүлэх талаар огт хэлээгүй, яг ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, зөрчил нь нотлогдоогүй, шийтгэлийн хуудсанд улсын байцаагч тамга, тэмдгээ дараагүй, нэг зөрчилд хоёр шийтгэлийн хуудас үйлдсэн нь буруу гэх тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 526 дугаар тушаалаар МД ХЗХын үйл ажиллагаанд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль болон бусад хууль, эрх бүхий байгууллагаас баталсан журам, зааврын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх удирдамжийг баталсан байна.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Б.Д нь хяналт шалгалтыг хийхдээ МД ХЗХ-ын санхүүгийн баримтаас аль хэсгийг үзэж шалгалт хийсэн нь тодорхойгүйгээс болж нэхэмжлэгч нэг зөрчилд хоёр шийтгэл оногдуулсан гэх ойлголтод хүрчээ.

Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч улсын байцаагч МД ХЗХ-ын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу тайлагнасан санхүүгийн баримтыг үзэж тулгалгүйгээр, тус хадгаламж, зээлийн хоршооны захирал Д.Д-гийн өгсөн аман тайлбараар зөрчил нь нотлогдсон гэж үзэж зөрчлийн нөхцөл, байдлыг сайтар тодруулалгүйгээр Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хадгаламж, зээлийн хоршоо нь бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалж болно, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Хэдийгээр хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус хадгаламж, зээлийн хоршооны актив талыг Ж.Д******* байцаагч, пассив талыг миний бие бусад улсын байцаагч нартай хамтран шалгасан гэх боловч зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас харахад актив, пассивыг салгаж шалгасан гэдэг нь тодорхой ялгаж харах боломжгүй байх бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчийн өгсөн зөвхөн аман мэдүүлгийг үндэслэж, шаардлагатай нотлох баримтыг шаардан авч, сайтар нягтлахгүйгээр шийтгэл оногдуулсан байх тул шүүх маргаан бүхий шийтгэлийг хуудсыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 005******* дүгээр шийтгэлийн хуудсыг хэргийн нөхцөл байдлыг дахин сайтар шалгаж тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 005******* тоот шийтгэлийн хуудсыг хэргийн нөхцөл байдлыг дахин сайтар шалгаж тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан сарын/ хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ