Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1122

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Ц.Б /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1453 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бт холбогдох 201525011508 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ц-ийн Б, 1994 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ._..... төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар дүүргийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй /РД: ......... /,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Ц.Б нь Б.Тэмүүжинтэй бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Тэгшээгийн “Samsung Galaxy S3” загварын, 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “яриад өгье” гэж хуурч залилан авсан,

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 5-107 тоотод оршин суух Н.Уугантуяагийн 500.000 төгрөгийн үнэ бүхий  гар утсыг “яриад өгье” гэж хуурч залилан авсан,

Ц.Б нь ганцаараа 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 13 настай Энх-Орчлонг “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “Iphone 4” загварын гар утсыг дээрэмдэн, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Баянбулаг” дэлгүүрийн кассын хажуугаас П.Батбаатарын “Samsung Galaxy G5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Хаан бүрээс ХХК-ийн байранд хохирогч Д.Цогзолмаагийн “Iphone 6” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч залилан авсан,

2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Терра” солонгос хоолны газарт “гар утсаар чинь яриад өгье” гэж хохирогч Д.Очирдуламыг хуурч 192.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 5” загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Баянгол дүүргийн прокурорын газар: Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Бийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил найман сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг таван жил хоёр сарын хугацаагаар  тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Бт оногдуулсан таван жил хоёр сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон таван зуун гучин тав хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Боос 180.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э.Тэгшээ, түүний хууль ёсны төлөөлөгч /УЖ01081103/-д, 250.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Уугантуяа /ЗИ97020605/-д, 600.000 төгрөг гаргуулж хохирогч П.Батбаатар /ХВ69101619/-т, 630.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Цогзолмаа /НЮ77040502/-д, 192.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Очирдулам /ЙМ88032100/-д, 150.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч С.Энх-Орчлон, түүний хууль ёсны төлөөлөгч /УК02240258/-Д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дордуулж байна.

            Учир нь уг гэмт хэрэг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байсан. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцүүлэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Тэмүүжинтэй бүлэглэн Тэгшээ болон Уугантуяа нарын утсыг залилан авсан гэж хохирол гаргуулахаар шййдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Би Алгирмаа, Эрдэнэ-Очир нарын утсыг залилан авсан. Энэ нь хохирогч нарын мэдүүлэг болон зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тэмүүжин нь Уугантуяа, Тэгшээ нарын утсыг залилан авсан гэмт хэрэгт ял шийтгүүлэн, түүнээс хохирлыг бүрэн гаргуулахаар шийтгэх тогтоол гарсан ба тэрээр Багануурын хорих ангид ялаа биечлэн эдлэж байгаа. Мөн хохирогч С.Энх-Орчлонгийн гар утсыг дээрэмдэн авсан гэх үйлдлийг яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял сонсгон, яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл шийтгэх тогтоол дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан. Энэ гэмт хэргийг яг ямар зүйлчлэлээр зүйлчилж, ял оноосон нь ойлгомжгүй байна. Мөн цагдан хоригдсон хоногийг дутуу бодогдсон байгаа тул бүрэн гүйцэд бодож өгнө үү. Миний бие бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч бусдыг хохироож гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, цагдан хоригдож байх хугацаандаа их зүйлийг бодож ухаарлаа. Гэмт хэрэг үйлдэж бусдыг хохироож гомдоовол ямар хүнд хариуцлага хүлээлгэдгийг, мөн ар гэрийнхнийгээ ямар их зовоодгийг өөрийн мах цусандаа шингэтэл ойлголоо. Өөрийн буруутайгаас болж зовоосон хүн болгоноос уучлал гуйж засран хүмүүжиж, дахин гэмт хэрэг зөрчил гаргахгүй, ажил хөдөлмөр эрхэлж, ариун цагаанаар хөдөлмөрлөж бусдад үлгэр жишээ болж амьдрах болно гэдгээ амлаж байна. Иймд миний ар гэрийн хүнд байдал, залуу нас, хүсэл мөрөөдөл болон өөрчлөгдөнө гэсэн чин зорилго зэргийг минь харгалзан үзэж, өөрт оногдуулсан хорих ялыг  хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

 

            Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/1453 дугаартай шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Ц.Бийн холбогдсон хулгайлах гэмт хэрэг нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ц.Бийн холбогдсон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Д.Бямбадагва шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос хэргийг зүйлчлэхдээ тухайн хулгайн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед хамаарч байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 нь албадан ажил хийлгэх ялтай. Энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн нийтэд тустай ажил хийлгэх ял болсон. Баривчлах ял байхгүй болсон учраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно”  гэж заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа  дуусаагүй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлж шүүхийн шийдвэр гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

 

Яллагдагч Ц.Бийг 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 13 настай С.Энх-Орчлонг “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “Iphone 4” загварын гар утсыг дээрэмдэн, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн  сонсгож, яллагдагчаар татан /2хх 41/, яллах дүгнэлт үйлдэж /3хх 105-110/ хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2528 дугаартай “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж болон шийтгэх тогтоолын  удиртгал хэсэгт “...Ц.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн...” гэж бичин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй байхдаа хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн, түүнчлэн шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт Ц.Бийг насанд хүрээгүй хохирогч С.Энх-Орчлонгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил зургаан сарын хорих ял оногдуулахдаа урьд сонсгосон ялыг хөнгөрүүлж өөрчилсөн дүгнэлтээ хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “...шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах...”, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “...урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга...”-ыг тусгана  заасантай нийцэхгүй байна.

 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдаж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарах ёстой.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Ц.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Ц.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн, цагдан хоригдсон хоног буруу тооцсон, Э.Тэгшээ, Н.Уугантуяа нарын гар утсыг залилж аваагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1453 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Ц.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН