Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2223

 

Н.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/01829 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б хариуцагч Н.Ц, Г.Ч нарт холбогдуулан гаргасан хэлцлийн дагуу шилжүүлсэн 11 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.Б би хариуцагч Н.Ц, Г.Ч нарт диплом гаргуулах зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тэдний Хаан банкин дах 5035216481, 5024467029 дугаартай дансанд нийт 13 удаагийн гүйлгээгээр 10 970 000 төгрөгийг, Н.Цд дансаар болон бэлнээр нийт 11 000 000 төгрөг хариуцагч нараас буцааж авахаар 2017 оны 2 дугаар сараас эхлэн шаардсан боловч одоог болтол буцааж өгөхгүй байгаа тул 11 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ц, Г.Ч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар "Ач" анагаах ухааны дээд сургуулийг хамт төгссөн найзууд юм. Н.Б нь 2016 оны 7 дугаар сарын сүүлээр диплом гаргаж өгдөг хүн олж өгч туслаач гэсний хажууд нь дадлага хийж байсан оюутан н.Ө гэх хүн боловсролын яаманд ажилладаг, диплом гаргаж өгдөг гэснийг дамжуулж тусалсан. Н.Б эхний дипломоо гаргуулж авсны дараа дахин 3 хүний диплом гаргуулахаар болж хөлсөндөө нийт 8 200 000 төгрөг, зуучилж өгсний хөлсөнд надад 2 800 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөгийг миний болон миний нөхрийн дансаар шилжүүлсэн. Дээрх мөнгөнөөс би 2 800 000 төгрөгийг авч, үлдэх 8 200 000 төгрөгийг н.Үүрийнтуяагийн нөхөр н.Өид бэлнээр хүлээлгэн өгч, мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг үйлдэн хадгалсан юм. н.Өээр хийлгүүлж авсан 4 ширхэг диплом нь онлайнд бүртгэгдээгүй байсны улмаас Н.Б нь ийнхүү мөнгөө буцаан авахаар шаардсан. Миний хувьд зуучлалын хөлс 2 800 000 төгрөгийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин үлдэх 8 200 000 төгрөгийг бид хариуцахгүй бөгөөд диплом гаргаж өгсөн н.Өээс шаардах ёстой. Энэ хэрэгт миний нөхөр Г.Ч хамаагүй ба зөвхөн түүний дансаар зарим мөнгөө авсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэх 8 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасныг баримтлан Н.Цоос 11 000 000 төгрөг гаргуулан Н.Бт олгож, харицагч Г.Чт холбогдох Н.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цоос 190 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх уг үйл явдал, хэрэгт байгаа нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг үнэлж дүгнэлгүй буруу шийдвэрлэсэн. Н.Б нь энэ бүх үйл явдлыг сайн мэдэж байгаа атал миний болон миний нөхрийн дансаар мөнгө шилжүүлсэн үйл баримтыг ашиглан биднийг хариуцагчаар татаж, 11 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь шударга бус байна. Миний хувьд зуучлалын хөлсөнд авсан 2 800 000 төгрөгийг нь буцаан өгөхөд татгалзах зүйл огт байхгүй. Харин үлдэх 8 200 000 төгрөгийг нь Н.Ц би хариуцахгүй бөгөөд Н.Б нь энэ мөнгөө онлайнд бүртгэлгүй диплом гаргаж өгсөн Т.Өээс шаардах ёстой. Түүнчлэн энэ хугацаанд Н.Б нь Н.Ц намайг цагдаад 11 000 000 төгрөгөө залилуулсан гэж өргөдөл өгч шалгуулж байсан бөгөөд өөрөө энэ өргөдлөө татан авснаар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1048 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Эрүүгийн журмаар шалгагдах үед Т.Ө нь Н.Бын диплом гаргуулахаар өгсөн мөнгөний 7 500 000 төгрөгийг нь Н.Н гэж хүнд өгсөн, энэ хүнийг гуйж диплом хийлгүүлсэн гэж мэдүүлснээр Н.Н гэж хүн мөн байцаагдан мэдүүлэг өгч улмаар Н.Бын 7 500 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч 2017 оны 03 дугаар сарын 20-ны дотор буцааж төлнө гэсэн бичиг үйлдэж өгсөн байсан. Мөн гэрч Н.Ө нь тухайн үед Н.Болбаатарыг Н.Нтэй уулзуулж, одоо энэ хүнтэй харьцаад мөнгөө аваарай гэж хэлсэн байсан. Н.Б нь өөрөө мэдсээр байж надаар хууль бусаар диплом гаргадаг хүн олуулж, улмаар бүх ажлыг надаар дамжуулан хийлгүүлж, ажлаа бүтээлгүүлчихээд эцэст нь уг дипломнууд нь онлайнд бүртгэлгүй байна гэсэн шалтгаанаар тэр хүмүүсээсээ бус надаас нэхэмжилж, мөн шүүх бидний хооронд болсон явдлыг бүгдийг нь ойлгож мэдсэн атлаа дан ганц намайг буруутган төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь энэ бүх зүйл Н.Болдбаатраас өөрөөс нь эхлэлтэй, түүний хүсэлтээр хийгдсэн байхад, нэхэмжлэлийн дүнгээс нь хасах багасгах ч арга хэмжээ авалгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, Н.Бын нэхэмжилсэн 11 000 000 төгрөг гаргуулах шаардлагаас Н.Ц би өөрийн зуучлалын хөлсөнд авсан 2 800 000 төгрөгийг түүнд олгуулж, үлдэх 8 200 000 төгрөгийг буруутай этгээдүүдээс нь гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Б нь боловсролын баримт бичиг болох диплом гаргуулах зорилгоор өгсөн 11 000 000 төгрөгөө хариуцагч Н.Ц, Г.Ч нараас буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас /хх.1/, хариуцагч зуучлалын нөхцөлд авсан 2 800 000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх.23/

 

Нэхэмжлэгч Н.Б нь 2016 оны 07 дугаар сард хамт сургууль төгссөн өөрийн танил болох Н.Цд хандаж, 4 ширхэг боловсролын баримт бичиг болох диплом хийлгүүлж авахаар тохиролцон мөнгө шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогдоогдож байна. Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар, боловсролын баримт бичиг буюу диплом нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа юм. Гэтэл боловсрол эзэмшээгүй этгээдэд дипломыг гаргуулахад зуучлах талаар талууд тохиролцсон нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ, хууль тогтоомж зөрчсөн хэлцэл гэж үзэхээр байна. Иймд уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлийн дагуу шилжүүлсэн бүх зүйлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний дагуу өгсөн мөнгөн хөрөнгө болох 11 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Н.Ц болон түүний нөхөр Г.Ч нарын дансанд 11 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын /хх.4-11/ талаар талууд маргаагүйгээс гадна Хаан банкны депозит дансны хуулга гэх баримтаар тогтоогдож байна. Хариуцагч Н.Ц уг мөнгийг цаашид өөр этгээдэд дүр үзүүлэн шилжүүлсэн байх нь түүнийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавартай холбоотой үүсэх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

 

Зохигчдын тайлбараар хариуцагч Г.Чимэд-Очир нь Н.Цын даалгаврын дагуу нэхэмжлэгчээс мөнгө хүлээж авсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Г.Чоос уг мөнгийг шаардах эрхгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

 

Хариуцагч Н.Ц нь нэхэмжлэгч Н.Баас 11 000 000 төгрөг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй байх тул Н.Цоос 11 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзнэ. Хариуцагч Н.Ц мөнгийг цааш нь бусдад шилжүүлсэн байх нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/01829 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Цын төлсөн 190 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                                           

                                 ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ