Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 116/2016/0020/З |
Дугаар | 47 |
Огноо | 2017-02-08 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 47
Ц.Зүнзиндоржийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Ц.Зүнзиндорж, түүний өмгөөлөгч Д.Урансувд, гуравдагч этгээд Д.Батзориг, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 29-ний өдрийн 36 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0741 дүгээр магадлалтай, Ц.Зүнзиндоржийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, нэхэмжлэгч Ц.Зүнзиндоржийн Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Д.Батзоригт олгосон газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг Засаг даргад даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0741 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Зүнзиндорж, түүний өмгөөлөгч Д.Урансувд нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. ... Бид Засаг даргын захирамжийг үндэслэлгүй, хууль бус гэж маргаагүй, бодит байдал дээр миний эзэмшиж буй газрын хэмжилтийг хийхдээ алдаатай буруу хэмжилт, тооцоолол хийснэээс болж эзэмшил газрын хэмжээ бага харагдаж ингэснээр надаас хойш гаргасан захирамж нь Д.Батзоригийн газрын хэмжээг нэмэгдүүлэх, газар давхардуулан олгох болсон гэж маргаж байгаа юм. Анх Ц.Зүнзиндоржийн ЦМК компаниас авсан газрын хэмжээ болон талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй, харин ч техникийн тухайн үеийн төрийн байгууллагын ажилтан хэмжилт хийхдээ буруу тооцоолж хэмжээг дутуу гаргасан алдаатайгаар тооцоолж бодит хэмжээг 1400 м.кв юм байна гэж ойлгож явсан. Тийм ч учраас нэхэмжлэгчийн газрын хэмжээг 1400 м.кв гэж ойлгож болохгүй. Шүүх энэ алдааг тогтоож нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байгааг сэргээх боломжтой юм. Гэтэл энэ тухай дурдахгүй байгаа нь, зөвхөн захирамжийн хууль ёсны байдалд дүгнэлт хийн шийдвэр гаргаж байгаа нь дутагдалтай байна. Шүүхийн үндэслэлийн дагуу 1400 м.кв газар гэсэн хэмжээтэй захирамжаар ойлгоход миний эзэмшиж бүй газар захирамжаар багассан харагдаж байна. Шүүх хэргийн бодит байдал, үйл явдлыг тогтоохдоо бүрэн гүйцэд тогтоож чадаагүйгээс мөн хэрэгт авагдсан материалд зөрүүтэй асуудал эзэмшил газрын кадастрын зургийн хэмжээнүүд байсаар байхад тэр тухай нэг мөр болгож чадаагүй нь алдаатай шийдвэр гаргахад нөлөөлсөн. Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан материалаас нэхэмжлэгч Ц.Зүнзиндоржийн эзэмшил газар аймгийн Засаг даргын 183 тоот захирамж, түүнийг үндэслэн байгуулсан газар эзэмших тухай гэрээнд 1400 м.кв гэх боловч бодит байдал дээр газрын алба кадастрын албаны ажилтны буруу хэмжилт тооцооллоос үүдэн газрын хэмжээг дутуу тооцон багасган шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн асуудал болох билээ. Иргэн Ц.Зүнзиндоржийн хувьд төрийн байгууллагын хэмжилт, хэлсэн үгээр нь ойлгож байсан ба энэ тухайгаа мэдсэнээс хойш газрын хэмжээгээ бодит байдал дээрээ эзэмшиж байгаа хэмжээгээрээ шийдүүлэхээр зохих газарт нь хандсан боловч өдийг хүртэл шийдээгүй.
2. Газрын хэмжээг давхцаагүй гэж үзжээ. Ямар нотлох баримтаар ингэж дүгнэснийг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Ц.Зүнзиндорж, Д.Батзориг нарын газар 280 м.кв талбайгаар давхцсан байна гэж дүгнэсэн. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн үндэслэлд тогтоогдсон газрын хэмжээ давхцсан гэдгийг алдаатай дүгнэсэн гэж үзэх бол энэ тухай магадлалдаа дурдаагүй. Зөвхөн давхцаагүй байна гэж юуг үндэслэн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхээс “...хэргийн оролцогчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд, Ц.Зүнзиндорж, Д.Батзориг нарын эзэмшил газрын кадастрын зураг зэргээс үзэхэд маргаан бүхий 280 м.кв газрыг иргэдэд ззэмшүүлэхдээ давхцуулан олгосон гэдэг нь тогтоогдож байна” гэжээ.
3. Шинжээч Мөнхнарангийн дүгнэлтээр Ц.Зүнзиндоржийн эзэмшиж буй газрын кадастрын зураг яагаад 3 өөр хэмжээтэй байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11-д зааснаар эрх мэдэл, үүргийнхээ хувьд нотлох баримтыг цуглуулахдаа нэхэмжлэгч хариуцагч нарын хүсэлт үгүй ч гэсэн газар дээр нь хэмжилт хийлгэж заалгаж чухам аль газар дээр бодит байдлаараа нэхэмжлэгчийнх болох вэ, гуравдагч этгээдийн миний эзэмшил гээд байгаа газар нь аль нь болох, хэмжилтээр аль нь үнэн зөв үндэслэлтэй байна вэ гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжтой байхад ингэж нотлох баримтыг бүрдүүлээгүй нь хэргийг шийдвэрлэхэд үнэн бодитой, үндэслэлтэй байх боломжгүй болсон. Гуравдагч этгээд Д.Батзоригийн хувьд 12183 мкв талбай бүхий газар эзэмшдэг нь хууль ёсны ч гэсэн бодит байдал дээр энэ хэмжилт газарзүйн солбицол хаанаас хаана байна вэ гэдэгт дүгнэлт хийгдээгүй. Зөвхөн баримт бичгэн дээр тулгуурлан шийдвэрлэсэн. Ц.Зүнзиндоржийн хувьд ч газар ззэмших эрхийг хуулийн дагуу авч, хуулийн дагуу эзэмшиж байгаа юм. Шүүхээс шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна. Энэ нь шүүхээс оролцогч этгээдийн газар зарим хэсэгтээ давхцсан байна гэж дүгнээд эцэст нь энэ давхцалыг үндэслэн гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй гэснээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, гомдлыг хангахгүй орхисон нь эргэлзээтэй зөрөөтэй бүрэн гүйцэд бодит байдалд тулгуурласан эсэхэд эргэлзэж байна.
Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлсэн цаг хугацаанаас хойш “Геомастер” ХХК-аар Батзоригийн хийлгүүлсэн эзэмшил газрын кадастрын зургийг үнэлэх нь зөв эсэх, энэ зургаас харахад Д.Батзориг энэ зургийг үндэслэн миний газар гэж маргаж, хэргийн материалд хавсаргасан зарим зургаар газар нь доголтой зарим зургаар доголгүй болоод байгааг дүгнээгүй.
4. Шүүхээс нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг дутуу олгосон тухай үндэслэл хэсэгтээ дурдсан боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэ тухай хариуцагч талд үүрэг болгох, даалгах тухай огт заагаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх тухай заалтыг зөрчиж байна. Нэхэмжлэгчийн хувьд захиргааны байгууллагаас олгосон баримт, шийдвэрээр эрх нь зөрчигдсөн гэдэг нь маргаангүй бөгөөд энэ тухай хариуцагч тал ч хүлээн зөвшөөрч байхад шүүхээс дүгнэлт гаргасан хэрнээ шийдвэрлээгүй орхисон нь үндэслэлгүй байна.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул гуравдагч этгээдийн хууль ёсоор эзэмшиж байгаа газрын хэмжээнд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн. Гэтэл Д.Батзоригийн эзэмшиж буй газар, Ц.Зүнзиндоржийн эзэмшиж буй газар давхцаж байгаа тохиолдолд захирамжийг хууль ёсны байна гэж үзэж, дээрхи 2 иргэнд олгосон газар нь тодорхой хэсэгтээ давхцаж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж байна.
Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, маргааны үйл баримтад хамаарал бүхий Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны А/122 дугаар захирамжийн гуравдагч этгээд Д.Батзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2002 оны 233, тус аймгийн Засаг даргын 2007 оны 183 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч Ц.Зүнзиндорж нь тус сумын 6 дугаар багийн нутагт “ЦМК” ХХК-ийн ойролцоо 1400 м.кв газар эзэмших эрхтэй байна.
Уг захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээнд заасан 1400 м.кв газрын хэмжээнд одоог хүртэл багасгах эсвэл ихэсгэх байдлаар ямар нэг өөрчлөлт ороогүй, хэргийн оролцогчид энэ асуудлаар маргаагүй болно.
Харин дээрх 1400 м.кв газраас илүү байгаа гэх 570 м.кв газрыг нэмэгдүүлэн авч, захирамжид өөрчлөлт оруулахыг хүссэн Ц.Зүнзиндоржийн хүсэлтийн дагуу газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлэх боломжгүйг захиргааны байгууллагаас түүнд мэдэгдэж байжээ.
Мөн Ц.Зүнзиндоржийн эзэмшиж буй газрын тухайд тухайн үед ашиглаж байсан 2007 оны кадастрын зурагт газрын хэмжээ 1400 м.кв гэж тэмдэглэгдсэн боловч, уг солбицолыг шивж оруулахад 1762.5 м.кв байгаа, 2009-2016 он хүртэл ашиглаж байсан кадастрын мэдээллийн сангийн зурагт 1971 м.кв, 2016 оны 05 сараас хойш ашиглаж байгаа зурагт 1969,8 м.кв гэж тус тус өөр өөрөөр тэмдэглэгдсэн байх бөгөөд, эдгээр зургуудыг давхардуулан үзэхэд нэхэмжлэгчийн маргаж буй догол хэсэг гэх 296.4 м.кв газар нь иргэн Д.Батзоригийн эзэмшил газартай давхардсан байдлаар тэмдэглэгдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтэээр тогтоогдсон байна.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн бодитой эзэмшиж байгаа газрын хэмжээ нь хууль ёсоор эзэмшиж буй газрын хэмжээнээс бага биш, харин илүү байгаа бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад Ц.Зүнзиндорж нь нэмэгдүүлэн авахыг хүсч байгаа маргаж буй “догол хэсэг” гэх 280 м.кв газрыг өөрийн эзэмшлийн газартай давхцсан хэмээн тодорхойлж байгаа нь үндэслэлгүй, маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хуулийн дагуу эзэмшиж буй 1400 м.кв газрын хүрээнд дүгнэлт хийж, маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Шүүхүүд шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан маргаж буй 280 м.кв газрын тухайд иргэн Д.Батзоригийн эзэмшил газартай давхцуулан тэмдэглэгдсэн байгаа үйл баримтыг үгүйсгээгүй юм.
Харин нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь захиргааны байгууллагын шийдвэрт анх заасан хэмжээнээс илүү байгаа нь нэгэнт тогтоогдож байхад дээрх маргаж буй газрыг түүний эзэмшлийн 1400 м.кв газарт хамруулан давхцсан гэх, газрын хэмжээг дутуу олгосон гэх, эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг дүгнэсэн болно.
Иймээс “...маргаан бүхий газрыг иргэдэд эзэмшүүлэхдээ давхцуулан олгосон нь тогтоогдож байгаа, ... анхан шатны шүүх давхцсан,... давж заалдах шатны шүүх давхцаагүй гэж дүгнэсэн, ...бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, зөрүүтэй баримтыг үнэлсэн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0741 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ