Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00228

 

Б.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дүгээр магадлалтай,

Б.Б ын нэхэмжлэлтэй,

С.Г, Ч.Г нарт холбогдох,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10 дугаар байрны 10 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцыг С.Ганболдын өмчлөлөөс Б.Б ын өмчлөлд шилжүүлэн бүртгэл хийхийг  Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч С.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б  миний бие нь 2006 онд Хөтөлийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга хийж байсан Ч.Гантулгаас Сэлэнгэ аймаг Сайхан сумын 1 дүгээр баг, 10 дугаар байрны, 10 тоот 1 өрөө орон сууцыг манай эхнэрийн ах Д.Бат-Орхоноор зуучлуулж 2 500 000 төгрөгөөр худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч байна.

Тухайн үед Ч.Гантулга нь байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй ба өөрийнхөө найз болох С.Ганболдоос байрны гэрчилгээг нь авч өгнө гэдэг байсан. Харин С.Ганболд нь 2006 оны 11 дүгээр сард уг байрыг зуучилж надад авч өгсөн Д.Бат-Орхонд та Ч.Гантулга гэж хүнээс 1 өрөө байр аваа юу, ...ордер нь надад байгаа би танд өгнө гэж, 2007 оны 05 сард тэр ордерийг чинь шийдэж өгнө гэхдээ их төвөгтэй болоод байна. Манай дүүгийн нэр дээр байсан авгай нь салахдаа устгасан байх магадлал их өндөр болоод байна гэж тус тус ярьсан байдаг. 2013 оны 06 дугаар сарын дундуур Д.Бат-Орхон ах бид хоёрыг явж байхад 42-р точек дээр С.Ганболд, Ч.Гантулга хоёр нэг машинтай хамт явж таарсан бөгөөд байрны гэрчилгээ юу болж байна гэж нэхэхэд Ч.Гантулга нь С.Ганболддоо энэ юмныхаа учрыг ол, хүнд юм зарчихаад ингэж болохгүй гэхэд С.Ганболд ойлгож байна, бид хоёр нэг уяан дээр морь уяж байгаа, наадмын дараа ордерийг чинь шилжүүлээд өгье гэж байсан. Ийнхүү С.Ганболд нь байрыг дамжуулан худалдагдсан хэргийг хангалттай мэдэж байсан ба 2015 оныг хүртэл байр, байрны гэрчилгээг өгнө, шатаасан тул дахиж авахад хэцүү байна гэдэг байснаас биш Ч.Гантулгатай байрны талаар маргаантай, байрны гэрчилгээг өгөхгүй гэж огт хэлж байгаагүй. Хэрвээ байрны гэрчилгээг өгөхгүй гэж хэлсэн бол би тухайн үед нь Ч.Гантулгаас мөнгөө аваад өөр байр худалдаж авах байсан. Ийнхүү миний бие С.Ганболдын өөрийнх нь ярианд итгэж гэрчилгээгээ шилжүүлээд өгчих байлгүй гэж итгэсээр 2015 оны хүргэсэн. Миний бие нь уг худалдаж авсан байрандаа 2006 оноос хойш оршин сууж байгаа бөгөөд энэ хугацаанд намайг байрны гарах шаардлагыг огт тавьж байгаагүй атлаа 2016 онд С.Ганболд уг байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг надад холбогдуулан шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний 52 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01751 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг хэвээр үлдээсэн. Дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

С.Ганболд нь 2002 онд 17 сая төгрөгөөр гурилын үйлдвэрийн хамт маргаан бүхий орон сууцыг Ч.Гантулгад худалдсан байх ба орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлж байсан боловч тухайн үед орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй /шатсан гэж ярьдаг/ байсны улмаас өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдсон.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбогдсон баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

Гэтэл худалдан авагч Ч.Гантулга нь үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн боловч худалдагч С.Ганболд нь 2013 оныг хүртэл өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж амлаж байсан боловч гэрчилгээ байхгүй гэх шалтгаанаар баримт бичгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй 2015 оныг хүргэсэн ба 2015 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шинээр авснаар, хуульд заасан худалдагчийн эрх үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан нөхцөл нь арилсан байна. Мөн Иргэний хуулийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг нотариатаар батлуулж, 109.1-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ худалдагч тал болох С.Ганболд биелүүлээгүйн улмаас Ч.Гантулга нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлэх хүсэл зориг байвч энэ үүргээ Б.Б  миний өмнө биелүүлэх боломжгүй болсон нь нотлох баримтаар тогтоогдсон. Уг байрыг худалдан авсан Б.Б  миний бие нь байрны эрхийн доголдлыг арилгахыг Ч.Гантулга, С.Ганболд нараас Ч.Гантулга нь С.Ганболдоос шаардсаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл энэ шаардлага биелэгдээгүй байна.

Иймд худалдагч тал үүргээ гүйцэтгээгүйн улмаас худалдан авагч тал болох миний бие хохирох нь шударга ёсонд нийцэхгүй тул маргаан бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Б  намайг тогтоож, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1 дүгээр баг, 10 дугаар байр 10 тоот 1 өрөө орон сууцыг С.Ганболдын өмчлөлөөс Б.Б ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийг хэлтэст даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: 2001 онд Ганболд, Гантулга гэдэг хоёр хүний хооронд худалдах наймаа хийгдсэн байдаг. Иргэний хуульд зааснаар худалдагч нь уг байрыг хүлээлгэж өгөх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэгтэй байдаг. Тухайн үед нь байрны үнийг бүрэн төлчихсөн. Гурилын үйлдвэрийг тоног төхөөрөмжтэй нь хамт авсан байдаг. Ганболд нь Гантулгатай бодитойгоор байрыг эзэмшүүлсэн мөртлөө түүний дагалдах бичиг баримт буюу үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй явсаар 2006 онд зарсан байдаг. 2006 онд Гантулга нь Буджавт байрыг зарсан. Энэ нь УДШ-ийн 2018 оны 1751 дугаартай тогтоолоор шийдэгдсэн.

Хэдийгээр Гантулга нь тухайн үед энэ байрыг эзэмших эрхгүй этгээд байсан ч Ганболд Буджав нарыг уулзуулсан байдаг. Ганболд нь хүлээн зөвшөөрсөн. Байрны гэрчилгээг шилжүүлж өгнө гэж хэлсэн байдаг. Энэ нь ганцхан Буджавын хэлж байгаагаар бус хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт буюу гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Ганболд нь анх зарахдаа байрны бичиг баримтыг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүйгээс болж өнөөдрийг хүртэл үнийг төлөөд авчихсан Буджав байраа өмчлөлдөө авч чадахгүй явж байна.

Тиймээс шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж байгаа нь үндэслэлтэй байна гэж үзэж байгаа юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ нэхэмжлэл Улсын Дээд шүүхээр сөрөг нэхэмжлэл хэлбэрээр үг үсгийн алдаагүйгээр яваад хэрэгсэхгүй болгосон. Би энэ асуудлыг Улсын Дээд шүүх шийдвэрлэсэн асуудал гэж үзэж байгаа. Дээд шүүх энэ тогтоолоо гаргахдаа Буджав Гантулга нарын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй байна гэж дүгнэлт хийсэн. Энэ бол үнэн.

Учир нь орон сууцны өмчлөгч Ганболд Буджав нар хоорондоо уулзаж гэрээ хэлцэл хийгээгүй, төлбөр мөнгө өгч авсан асуудал байхгүй. Тиймээс энэ нэхэмжлэл бол бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 39.1-д Иргэний эрх үүргийг өөрчлөх, шилжүүлэх дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж заасан байгаа. Гэтэл энэ хэлцэл Ганболд Буджав нарын хооронд байгаагүй. Нэхэмжлэл дээр өөрөө Гантулгаас худалдаж авсан гээд байгаа. Ганболд гэсэн үг байхгүй. Надад Бат-Орхон ах зуучилж авсан гэж байгаа. Бас нэг нотлох баримт энэ байгаа. Мөнгийг Бат-Орхонд өгсөн гэж яриад байгаа. Ганболд мөнгө аваагүй. Бат-Орхон ах Ганболд Гантулга нартай тааралдаад гээд байгаа юм. Энэ хамаагүй шүү дээ. Буджав өөрөө тааралдах ёстой шүү дээ. Хэлцэл хийгдээгүй гэдгийг нотлоод байгаа юм.

Иргэний хуулийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө талд түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн байгаа. Нэхэмжлэгч ийм хүсэл зоригоо Ганболдод илэрхийлээгүй. Ганболд түүнийг хүлээн аваагүй. Тиймээс 40.1-ээр үгүйсгэгдэх үндэслэлтэй. 83.1-д аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан байгаа. Тэгэхээр эрхийг нь олж аваагүй байж Буджав бусдад байгаа эрхийг шаардаад байгаа юм. Хэлцэл хийгээгүй байж шаардаж болохгүй шүү дээ. Тэгэхээр 83.1 дэх заалттайгаа бас зөрчилдөж байгаа юм. Иргэний хуулийн 101.1-д өмчлөгч нь хуульд буюу бусад этгээдэд гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах хэрэгтэй гэж байгаа. 10-10 тоот орон сууцанд Ганболдын өмчлөлд байгаа учраас энэ хуулийн дагуу өөрийнхөө өмчлөх эрхийг хамгаалах эрхтэй. Энэ эрхийг яачихаад шууд шилжүүлэх юм болж байна аа. Хэлцэл хийгдэж үнэ мөнгө нь төлөгдөөгүй байгаа. Сая нэхэмжлэгч Ганболд хүлээн зөвшөөрсөн гэж байна. Хаана хүлээн зөвшөөрөөд байгаа юм бэ? Ямар баримт байгаа юм бэ? Ингэж худлаа болоогүй явдлыг болсон мэт ярьж үнэмшүүлж байх шаардлага байхгүй. Аль хуулиар шаардаад байгаа нь ойлгомжгүй байгаа. 243-т биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэсэн байгаа. Эрхийн доголдолтой хүний өмчийг авна гээд байдаг чинь юу гэсэн үг вэ? Миний хараад байгаа хуулиудаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдэх гаргалгаа байхгүй юм шиг харагдаад байна. Тиймээс энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгаа юм.

Энэ хэргийг сөрөг нэхэмжлэл байхад нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүх бүгдээрээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гурилын үйлдвэрийн хамт зарсан гэж байна. Гурилын үйлдвэрийг Гантулгад худалдсан. Тэрийг тариалан эрхлэлтийг дэмжих сан авсан юм байна лээ. Түүнээс маргаан бүхий орон сууцыг худалдаагүй шүү дээ. Гантулга энэ орон сууцанд түр оршин сууж байя гээд түлхүүрийг нь авчихаад тэр чигтээ худалдсан байсан. Ийм хэлцэл огт хийгдээгүй. Бат-Орхон Ганболд хоёрын хооронд ч ийм яриа үүсээгүй. Тэр шатаасан гэдэг яриа бол Гантулгаас гарсан яриа юм шиг байгаа юм. Энэ талаар гэрчийн мэдүүлгүүд зөндөө байгаа. Нэхэмжлэлдээ ...Ганболдоос шаардсаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлага биелэгдээгүй гээд байгаа. Ганболдтой Буджав уулзаж байгаагүй хүн шүү дээ. Шүүх хуралдаан дээр нүүр тулж байсан хүмүүс чинь яахаараа шаардаад яваад байдаг юм. Ганболдын өмчлөлөөс Буджавын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэж байгаа. Өмчлөх эрхийг яаж Ганболдоос салгах гээд байгаа юм бэ? Давж заалдах шатны шүүх хоёр удаа хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Учир нь өмчлөх эрх нь Ганболдод байна гэсэн дүгнэлт гаргасан. Үндсэн хуульд зааснаар хүний хууль ёсоор олж авсан хөрөнгийг авч болохгүй шүү дээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Буманзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2001 онд Гантулга гурилын үйлдвэрийг худалдаж авсан. Нэхэмжлэгч хариуцагчаас яг юу нэхэмжлээд байгаагаа тайлбарласангүй. Энэ байр угаасаа Ганболдын нэр дээр байгаа. 2015 онд ордерийг авсан байдаг. Ганболд нь орон сууцыг Гантулгад 2001 онд худалдсан боловч гэрчилгээг үрэгдүүлснээс өмчлөх эрхийг шилжүүлээгүй бөгөөд уг орон сууцыг Гантулга 2006 онд бусдад худалдсанаас хойш 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх шалтгаанаар шинээр өөрийн нэр дээр авсан нь баримтаар тогтоогдож байна гэсэн байгаа. Тэгэхээр Дээд шүүх юу гэж үзсэн юм бэ гэхээр орон сууцыг Гантулгад 2001 онд худалдсан юм байна. Гантулга нь 2006 онд бусдад худалдсан байна гэж үзсэн. Бат-Орхон Гантулга нарын хооронд хэлцэл хийгдсэн харагддаг.

Иргэний хуулийн 43.1.1-д зааснаар эхлээд Ганболд Гантулга нар худалдах-худалдан авах аман хэлцэл хийсэн байдаг. Дараа нь Гантулга Бат-Орхон нар 2 500 000 төгрөгөөр худалдан авсан нь тогтоогддог. Энэ асуудал дээр аль, аль тал одоо ч гэсэн маргаагүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа байр Гантулгад хамааралтай гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Гол нь Иргэний хуулийн 43.1.1-д зааснаар Ганболд Гантулга нарын хооронд аман хэлцэл хийгдсэн юм байна гэдгийг дээд шүүх дүгнэсэн. Дараа нь Гантулга Буджавтай дахиад гэрээ хийсэн юм байна гэдгийг дүгнэсэн байгаа. Тийм болохоор Гантулга Буджав хоёрын хоорондын асуудлыг л шийдвэрлэх гэж байгаа болохоос Гантулгад энэ байдал хамааралгүй байгаа. Гантулга Ганболдоос худалдаж аваад Бат-Орхонд 2 500 000 төгрөгөөр зарсан гэдэг нь харагддаг. Ямар нэгэн байдлаар Буджавтай аман хэлцэл гэрээ хийсэн асуудал харагддаггүй. Нэгэнт худалдсан учраас Буджавт эзэмшүүлэхээр шийдвэрлэж өгөөч гэсэн саналыг Гантулга гаргаж байгаа юм гэв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар гаргасан нэхэмжлэгч Б.Б ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, С.Ганболдын өмчлөлөөс Б.Б ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, шүүх нотлох баримт үнэлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Б.Б  нь 2006 онд Хөтөлийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга хийж байсан хариуцагч Ч.Гантулгаас Сэлэнгэ аймаг Сайхан сумын 1-р баг, 10-р байр, тоот 1 өрөө орон сууцыг өөрийн эхнэрийн ах Д.Бат-Орхоноор зуучлуулж, 2 500 000 төгрөгөөр худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч байгаа бөгөөд 2016 оныг хүртэл хариуцагч С.Ганболд нь нэг ч удаа Б.Б ыг байр чөлөөлөхийг шаардаж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар хариуцагч нар маргадаггүй.

Уг байрыг 2001 онд С.Ганболд нь Ч.Гантулгад гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт 17 сая төгрөгөөр зарсан боловч гэрчилгээ шилжүүлж өгөөгүй үйл явдлаас улбаалан Ч.Гантулга нь Б.Б д байрны гэрчилгээг тухайн үедээ шилжүүлж өгч чадахгүй нөхцөл байдал үүссэн байдаг ба өөрийнхөө найз болох С.Ганболдоос байрны гэрчилгээг нь авч өгнө гэдэг, харин хариуцагч С.Ганболд нь уг байрны гэрчилгээг шилжүүлж өгнө гэж Ч.Гантулга, Б.Б  нарын хооронд хийгдсэн байр худалдсан хэлцлийг хүлээн зөвшөөрдөг байсан боловч “гэрчилгээ шатсан” гэх шалтгаанаар гэрчилгээг тухайн үедээ шилжүүлж чадаагүй болох нь Цагдаагийн байгууллагад Д.Бат-Орхоны өгсөн тайлбар /ХХ-9-10/, Б.Б ын тайлбар /ХХ-11-13/, Ч.Гантулгын тайлбар /XX-14/, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /ХХ-16/, гэрч С.Ганхуягийн мэдүүлэг /ХХ-93/, гэрч В.Оюунцэцэгийн мэдүүлэг /ХХ-85/, Ч.Гантулгын мэдүүлэг /ХХ-68-70/, С.Ганболдын Улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл /ХХ-65 ар талд/, Ч.Очгэрэлийн мэдүүлэг /ХХ-73/, гэрч Д.Бат-Орхоны мэдүүлэг /2018.04.24-ний шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

2016 онд С.Ганболд уг байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Б.Б д холбогдуулан шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01751 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг хэвээр үлдээсэн.

Дээрх С.Ганболдын нэхэмжлэлтэй Б.Б д холбогдох байр чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01751 дугаартай тогтоолд “ Нэхэмжлэгч нь орон сууцыг Ч.Гантулгад 2001 онд худалдсан боловч гэрчилгээг үрэгдүүлснээс өмчлөх эрхийг шилжүүлээгүй бөгөөд уг орон сууцыг Ч.Гантулга нь бусдад худалдснаас хойш буюу 2015 оны 10-р сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг “үрэгдүүлсэн” гэх шалтгаанаар шинээр өөрийн нэр дээр авсан үйл баримт тогтоогджээ” гэж дүгнэсэн ба уг Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар С.Ганболд нь Ч.Гантулгад маргаан бухий байрыг худалдсан үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдагч нь худалдах-худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбогдсон баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг. Гэтэл худалдан авагч Ч.Гантулга нь үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн боловч худалдагч С.Ганболд нь 2013 оныг хүртэл өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж амалж байсан боловч гэрчилгээг үрэгдүүлсэн гэх шалтгаанаар баримт бичгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй 2015 оныг хүргэсэн ба 2015 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шинээр авснаар, хуульд заасан худалдагчийн эрх үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан нөхцөл нь арилсан байдаг.

Дээрх нотлох баримтаас харахад Иргэний хуулийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг нотариатаар батлуулж, 109.1-д зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ худалдагч тал болох С.Ганболд 2001 онд Ч.Гантулгын өмнө биелүүлээгүйгээс улбаалан Ч.Гантулга нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Б ын нэр дээр шилжүүлэх хүсэл зориг байвч энэ үүргээ Б.Б ын өмнө биелүүлэх боломжгүй болсон нь нотлох баримтаар тогтоогдсон.

Түүнчлэн С.Ганболд нь 2013 оныг хүртэл “өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж Ч.Гантулга, Б.Б  нарт амалж байсан үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж тооцох ба мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д зааснаар С.Ганболд, Ч.Гантулга нарын хооронд, Ч.Гантулга, Б.Б  нарын хооронд маргаан бүхий байрыг худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн ба ийнхүү гэрээ байгуулагдсныг хариуцагч С.Ганболд нь хүлээн зөвшөөрсөн байх тул эдгээр хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байсан.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн өмчлөгчийн эрхийг аливаа халдлагаас хамгаалсан Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалт болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дүгээр зүйлийн 11.3-т заасан өмчлөх эрхийг шилжүүлэхэд улсын бүртгэлийн мэдээлэлд тавигдах шаардлагатай холбоотой хуулийн заалтыг хэрэглэсэн нь маргааны үйл баримтыг болон маргааныг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг хэт явцуу хүрээнд авч үзэж, маргааны үйл баримтыг тогтоохдоо хэрэгт цугласан нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөн.

Хэрэгт авагдсан хариуцагч Ч.Гантулга, гэрч Б.Б  нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа үйл баримтаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар, мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д зааснаар С.Ганболд, Ч.Гантулга нарын хооронд, Ч.Гантулга, Б.Б  нарын хооронд маргаан бүхий байрыг худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж үздэг нэхэмжлэгчийн тайлбарт анхан болон давж заалдах шатны шүүх нь дүгнэлт хийгээгүй нь С.Ганболд, Ч.Гантулга нарын хооронд, С.Ганболд, Б.Б  нарын хооронд үүссэн харилцааг зохицуулбал зохих эрх зүйн хэм хэмжээг оновчтой зөв хэрэглээгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлал нь нотлох баримт үнэлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Б  нь С.Г, Ч.Г нарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10 дугаар байрны 10 тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцыг С.Ганболдын өмчлөлөөс Б.Б ын өмчлөлд шилжүүлэн бүртгэл хийхийг  Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ч.Г зөвшөөрч, хариуцагч С.Ганболд эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч үйл баримтыг зөв тодорхойлоогүй, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.Б  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2006 онд өөрийн эхнэрийн ах Д.Бат-Орхоноор дамжуулан Ч.Гантулгаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10 дугаар байрны 10 тоот, нэг өрөө орон сууцыг 2 500 000 төгрөгөөр худалдан авч, өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа бөгөөд Ч.Гантулга нь 2001 онд дээрх орон сууцыг найз С.Ганболдоос худалдаж авсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж аваагүй тул С.Ганболд нь өмчлөх эрхийг бүртгүүлж өгнө, гэрчилгээ шатсан тул дахин авахад хэцүү байна гэж байсан гэсэн. Би С.Ганболдыг гэрчилгээ гаргаж өгнө гэдэгт итгэж 2015 он хүргэсэн, гэтэл 2016 онд байр чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг шат шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд тус байрны өмчлөгчөөр тогтоож, Улсын бүртгэлийн газар бүртгүүлэхийг даалгаж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Ч.Гантулга: “...2002 онд С.Ганболдоос энэ байрыг гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт худалдаж авсан. Тухайн үед С.Ганболд гэрчилгээг нь үрэгдүүлсэн гээд өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй. 2006 онд Д.Бат-Орхонд 2 500 000 төгрөгөөр худалдсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Б ын нэр дээр шилжүүлж өгөөрэй гэж С.Ганболдод хэлэхэд тэрээр зөвшөөрч байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна....” гэжээ.

Хариуцагч С.Ганболд: “...Гурилын үйлдвэрийг Ч.Гантулгад худалдахдаа орон сууцыг худалдаагүй. Харин Ч.Гантулгыг орон сууцанд түр сууж байя гэхээр нь түлхүүрийг нь өгсөн, гэтэл цааш нь Д.Бат-Орхонд худалдсан байна. Д.Бат-Орхон, Ч.Гантулга нар надаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шаардаж байгаагүй. Ч.Ганболд Б.Б  хоёрын хооронд ямар нэг хэлцэл хийгдээгүй, мөнгө авсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Энэ талаар Б.Б  шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэгдсэн асуудал...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болсон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10 дугаар байрны 10 тоот, нэг өрөө орон сууцыг С.Ганболд 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, 2002 оны 10 сард орон сууцыг Ч.Гантулга худалдан авч, өөрийн эзэмшилд авахад бичиг баримтыг үрэгдүүлсэн, удахгүй гаргаж өгнө гэсээр өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй, 2006 онд Ч.Гантулга Д.Бат-Орхоноор дамжуулан Б.Б т орон сууцыг 2 500 000 төгрөгөөр худалдсан, Б.Б  2006 оноос өнөөдрийг хүртэл орон сууцанд амьдарч байгаа, Ч.Гантулга, Д.Бат-Орхон нар С.Ганболдоос орон сууцны бичиг баримтыг шаардахад С.Ганболд гэрчилгээ гаргуулж өгнө гэж хэлж байсан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №1549 тушаалаар орон сууцны бичиг баримтыг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр С.Ганболдын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин С.Ганболдын нэрээр олгосон байна.

Улмаар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр С.Ганболд нь Б.Б д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, Б.Б  нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, энэ тухай бүртгэл хийлгэхийг бүртгэлийн байгууллагад даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Б ын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, С.Ганболдод олгуулахаар, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01751 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, “...Б.Б ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон...” хэсгийг “...сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй” болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

Дээрх хэрэгт Б.Б ын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэ нэхэмжлэлийг урьд нь шийдвэрлэсэн гэх хариуцагч С.Ганболдын тайлбар үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Ч.Гантулга нь 2002 онд маргаж буй орон сууцыг С.Ганболдоос худалдаж авсан гэж, М.Ганболд нь орон сууцыг худалдаагүй, түр суулгаж байсан гэж мэтгэлцжээ.

Хариуцагч С.Ганболд нь  орон сууцыг бусдад худалдаагүй, Ч.Гантулгад орон сууцыг түр эзэмшүүлж байсан гэх тайлбар, үндэслэлээ нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар С.Ганболдыг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэл, татгалзлыг баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Харин Ч.Гантулгын “...С.Ганболдоос гурилын үйлдвэрийг худалдаж авахдаа орон сууцыг хамтад нь худалдаж авсан, тухайн үед болон орон сууцыг Б.Б т худалдсны дараа бичиг баримтыг шилжүүлж өгөхийг шаардахад дүүд байгаа дараа шилжүүлье, ...олдохгүй байна, дүүгийн эхнэр нь салахдаа шатаасан гэнэ, хүлээж бай...” гэж хэлж байсан гэх тайлбар хэрэгт цугларсан гэрч Д.Бат-Орхон, Ч.Очгэрэл, В.Оюунцэцэг, С.Ганхуяг нарын мэдүүлэг, орон сууцны гэрчилгээг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр С.Ганболд нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг дахин шинээр гаргуулж авсан үйл баримтаар тус тус нотлогдсон байна. /хх-65, 79-80, 83-84,85/

Иймд С.Ганболд, Ч.Гантулга нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн, худалдагч С.Ганболд нь уг орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч Ч.Гантулгад шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Ч.Гантулга өөрийн худалдаж авсан орон сууцыг Д.Бат-Орхоноор зуучлуулан 2 500 000 төгрөгөөр Б.Б т худалдсан, тэрээр өмчлөх эрхийг Б.Б т шилжүүлж өгөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч байгаа тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.-д зааснаар Б.Б , Ч.Гантулга нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах- худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар Б.Б  нь тус орон сууцыг 2006 онд хүлээн авснаас хойш эзэмшиж байгаа үйл баримт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар Б.Б  нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10 дугаар байрны 10 тоот, нэг өрөө орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байх тул Б.Б ыг тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхээр өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар Б.Б ыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 10 дугаар байрны 10 тоот, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт хийхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэж, 2 дахь заалтын “56.3” гэснийг “56.1” гэж, “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Ганболд, Ч.Гантулга нараас тус тус 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б т олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Б , түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Б аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД