Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00039

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж, хариуцагч Л.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 835 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Л, К” ХХК-нд холбогдох

Ноосны урамшууллын мөнгө 630,000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Л.К хязгаарлагдмал хариуцлагатай компанид өөрсдийн малын 700 кг ноосыг тушаасан. ... Улмаар бид улсаас жил бүр олгодог ноосны урамшууллаа авахаар харьяа сумын захиргаандаа ноос тушаасан баримт, малын А данс зэрэг баримтуудаа бүрдүүлж өгсөн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сард улсаас малчдад ноосны урамшуулал олгосон боловч манайд олгогдоогүй. Л.К хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ноосны баримтаа яаманд ирүүлээгүй, тайланд тусгагдаагүйн улмаас манайх ноосны урамшууллын мөнгөө авч чадахгүй хохирсон. ... Л.К хязгаарлагдмал хариуцлагатай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж манайх авах ёстой ноосны урамшууллаа авч чадахгүй хохирсонд тус компани буруутай. 2017 онд улсаас малчдад 1 кг ноосонд 1.000 төгрөгийн урамшуулал олгогдсон бөгөөд манайд 700,000 төгрөгийн урамшуулал олгогдох ёстой, үүнээс 10 хувийн татварын шимтгэлийг хасаад 630,000 төгрөгийн урамшуулал миний гарт ирэх ёстой байсан. Иймд Л.К хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нийт 630,000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.К хариуцлагатай компанийн захирал Л.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Л. С тай 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 190001-190150, 198341-198400 гэсэн 210 ширхэг падаан өгсөн нь үнэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нь иргэн О.П-ийн ноос болон ноосны падааны эх хувийг үйлдвэрт хүлээлгэж өгөөгүй тул ноосны падааны мэдээлэл шивэгдээгүй үлдсэний улмаас урамшуулал нь олгогдоогүй байна. Ийм учраас манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариуцлагаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С хүлээх ёстой гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Өнгөрсөн жил 700 кг ноос тушааж, 0190109 дугаартай падаан авсан. Манайх ноосны урамшуулал авахад бүрдүүлдэг бүх материалаа бүрдүүлж сумын Засаг даргын тамгын газарт өгсөн. Тэгээд 2017 оны хавар 04 сард ноосны урамшуулал малчдад олгож байсан ч манайд урамшуулал ороогүй. Дээд газраас нь лавлахад ноос авсан үйлдвэрээс мэдээ нь ирээгүй учраас танайх орсонгүй гэсэн. ... Одоо болохоор төлөөлөгч Л.С гэх хүнээс ноосны урамшууллын мөнгөө ав, манайх хариуцахгүй гэсэн тайлбар хэлээд байна. Манайх танай компанид л итгэж ноосоо өгсөн учир Л.С гэх хүн бидэнд хамаагүй. Иймд Л.К хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ноосны урамшууллын мөнгө 630,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. О.П-ээс ноос авсан Л.С нь манай компанийн төлөөлөгч мөн бөгөөд падаан дээр тамга, тэмдгээ дараад тоо ширхэгтэйгээр хүлээлгэж өгдөг. Хэрэв дутаасан тохиолдолд хариуцлагыг төлөөлөгч өөрөө хүлээхээр гэрээ байгуулсан. Л.С-тай тооцоо хийхэд 5 ширхэг падаан дутсаны нэг нь О.П-нх байсан. Гэрээнд заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч манайд ноос бэлтгэж өгөөд, бэлтгэсэн ноосны хэмжээний дагуу падааныг нь хараад бид шивэлтэнд оруулснаар малчдын урамшуулал ордог. ... Иймд О.П-ийн ноосны урамшууллын мөнгө 630,000 төгрөгийг Л.С хариуцах ёстой, манай компани төлөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 835 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Лидер кашемир хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ноосны урамшууллын мөнгө 630,000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.П-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.550 /арван есөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.К хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамж 19,550 /арван есөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.П-нд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.К хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Л.Ч давж заалдах гомдолдоо: ... Засгийн газрын тогтоолоор манайх зөвхөн өөрийн үйлдвэрт биетээр тушаагдсан ноосонд чанарын дүгнэлт гаргаж зэрэглэл тогтоогоод ноос тушаасан падааны өнгөн хувийн хамт Холбоонд 9-р сарын 25-ны дотор хүргүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол малчинд учирсан хохирлыг хариуцна. Түүнээс биш манайд тушаагдаагүй ноосыг тааж тааварлан материал бүрдүүлэх нь хууль болон журманд нийцэхгүй болно. ... Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх хугацаанд боловсруулах үйлдвэр нь журмын 7.1-д заасны дагуу “Боловсруулах үйлдвэр нь ... энэ журамд заасан хугацаанд холбогдох мэдээллийг ирүүлээгүйгээр малчидад учирсан хохирлыг уг үйлдвэр бүрэн хариуцна” гэж заасны үндэслэсэн нь буруу байна. Энд мөн адил огт үйлдвэрт биетээр ирж тушаагдаагүй, падааны нэг хувь нь үйлдвэрт ирээгүй байхад үйлдвэр дур мэдэн материал таамгаар хүргүүлэх эрх зүйн үндэслэл, үүрэг байхгүй байна.

... Засгийн газрын 122-р тогтоолоор баталсан журамд хэд хэдэн тохиолдолд буюу журмын 4 дүгээр зүйлд малчидад ноосны урамшуулал олгохоос татгалзах зохицуулалттай. Тухайлбал, журмын 4.1,5-д зааснаар малчин нь хоршооны гишүүн биш болох нь тогтоогдсон бол” гэсэн үндэслэл байгаа. Иймээс манай өмгөөлөгч шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “малчны үнэмлэх буюу хоршооны гишүүн үү, танай А данс байгаа юу” гэхэд “А данс хэрэгт байгаа” гэх боловч хэрэгт байгаагүй, малчины үнэмлэх байхгүй гэсэн. Мөн “Танайд ноосны урамшуулал мөнгө олгохоос татгалзсан албан ёсны байгууллагын гаргасан бичиг баримт шийдвэр байна уу” гэхэд “байхгүй тийм зүйл өгөөгүй” гэж хариулсан байдлаас харахад нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас үүдэн ноосны урамшуулал ороогүй байх боломжтой байна. Журамд заасан ноосны урамшуулал олгохоос татгалзсан үндэслэлүүдийн аль нь вэ гэдгийг нэхэмжлэгч өөрөө нотолж чадаагүй байхад шүүх өөрийн үзэмжээр Л.К ХХК хугацаандаа материал хүргүүлээгүйгээс малчин ноосны урамшуулал авч чадалгүй хохирсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Энэ тухай нотлох баримт нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь шүүх хуралдааны явцад шүүгчээс асуулт асуухдаа “Малчин итгэмжлэгдсэн төлөөлөгч болон компанийн хоорондох гэрээг мэдэхгүй шүү дээ, тиймээс танайх одоо малчинд хохирлыг нь төлөөд дараа нь тэр гэрээнийхээ дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэх боломжтой юм биш үү” гэх байдлаар асуулт асууж нэхэмжлэлийн шаардлагыг шүүгч өөрийн санаачилгаар бүхэлд нь дэмжиж байсан. ... Мөн хариуцагчаас шүүх хуралдааны төгсгөлд нэмэлт тайлбар хийх боломжийг олгоогүй, мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзэж байна. Манай өмгөөлөгчөөс гэрчээр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С-г гэрчээр асуулгах хүсэлтийг тавьсан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан.

... Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс ... Засгийн газрын тогтоолын заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Дээрх журмын 3.9 дэх заалт нь “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо нь гишүүн боловсруулах үйлдвэр тус бүрээс ноос худалдан авсан тухай бүртгэл, чанар шалгагчийн дүгнэлтийг нэгтгэн баталгаажуулах бөгөөд тухайн жилийн 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Мал хамгаалах сангийн “Цахим бүртгэлийн систем” рүү илгээнэ” гэж Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн Холбооны хэрэгжүүлэх үйл ажиллагааны дарааллыг заасан заалт байна. Түүнээс биш үндэсний боловсруулах үйлдвэрт үүрэг өгсөн заалт биш болно. Мөн боловсруулах үйлдвэр нь холбоонд малчнаас ноос худалдан авсан тухай бүртгэл, чанар шалгагчийн дүгнэлтийг нэгтгэн хүргүүлэх гэсэн агуулга харагдаж байгаа нь малчины ноос тухайн үйлдвэрт тушаагдсан байх, чанар шалгагчийн дүгнэлтээр баталгаажсан байх зэрэг шаардлагыг харуулж байна. Гэтэл шүүх хуралдааны явцад талуудын тайлбарт ноосыг “Л.К” ХХК-ны тамга тэмдэг бүхий падаантай хүнд худалдсан болохоос биш яг үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тушаагаагүй, мөн үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С гэж хүнийг огт танихгүй, харж байгаагүй гэдгээ нэхэмжлэгч илэрхийлж байсан. Иймээс огт үйлдвэрт биетээр ноос тушаагдаагүй нөхцөлд боловсруулах үйлдвэр нь тааж аль нэг сумын малчныг хэдэн кг ноос тушаасан, тэр тушаасан ноос нь 1-р зэрэглэлийн ноос байсан эсэхийг шалгаж дүгнэлт гаргах, тэр тухай баримт бүрдүүлэн Холбоонд хүргүүлэх ямар ч боломжгүй зүйл юм.  ... Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ боловсруулах үйлдвэрийг заасан хугацаанд ноос тушаасан падаан, дүгнэлтийг ирүүлээгүй нь урамшуулал олгогдохгүй болох цорын ганц үндэслэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Засгийн газрын 122-р тогтоолоор баталсан журамд хэд хэдэн тохиолдолд буюу журмын 4 дүгээр зүйлд малчинд ноосны урамшуулал олгохоос татгалзах зохицуулалттай. Тухайлбал, журмын 4.1.5-д зааснаар "... малчин нь хоршооны гишүүн биш болох нь тогтоогдсон бол” гэсэн үндэслэл байгаа. ... Журамд заасан ноосны урамшуулал олгохоос татгалзсан үндэслэлүүдийн аль нь вэ гэдгийг нэхэмжлэгч өөрөө нотолж чадаагүй байхад шүүх өөрийн үзэмжээр “Л.К” ХХК хугацаандаа материал хүргүүлээгүйгээр малчин ноосны урамшуулал авч чадалгүй хохирсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Энэ тухай нотлох баримт байхгүй.

... Гэтэл шүүхээс П- нь 700 кг хонины ноос “Л.К” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С-т тушаасан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна” гэж талуудын тайлбарыг буруу гуйвуулан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэдгийг харуулж байна.  ... Нотлох баримтыг дутуу үнэлсэн буюу хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн Холбоо” болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Л.К” ХХК-ний хооронд байгуулсан гурвалсан гэрээг нотлох баримтаар үнэлээгүй. ... Шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх явцдаа өмгөөлөгч миний хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн. Үүнд: Өмгөөлөгч би энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хуралдаан зарлагдсанаас хойш оролцсон бөгөөд “хариуцагч солиулах хүсэлт”-ийг шүүх хурал дээр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд шүүх хуралд оролцсон. Хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй учир хуулийн хүрээнд хүсэлтийг хангахаас татгалзсан. Үүний дараа дахин хариуцагчаар татан оролцуулах гэсэн Л.С-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь өмгөөлөгч миний хэргийн оролцогчийн хувьд ИХШХШ тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.3-т заасан “гэрч асуулгах” тухай хүсэлт гаргах эрхээ эдлэх боломжийг хаасан.

... Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08-р сарын 09-ний өдрийн 835 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээх буцааж, шүүх хуралдааныг оролцогчдод хуулиар олгогдсон эрхээ эдлэх, шүүх хуралдааныг мэтгэлцэх зарчмаар явуулах боломжийг олгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.П- нь хариуцагч Л.К хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан ноосны урамшууллын мөнгө 630,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч “компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С- нь ноос болон ноосны падааны эх хувийг үйлдвэрт хүлээлгэж өгөөгүй тул ноосны падааны мэдээлэл шивэгдээгүй үлдэж, О.П-д урамшуулал олгогдоогүй учраас манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариуцлагаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С хүлээх ёстой манай компани төлөхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан зохицуулалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж Иргэний хууль буруу хэрэглэжээ.

Нэхэмжлэгч О.П 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1 дүгээр зэргийн хонины ноос 700 килограммыг Л.К хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С-т тушааж, 01901109 дугаартай хонины ноос бэлтгэлийн орлогын падаан авч, өөрийн оршин суух сумын Мал эмнэлгийн үржлийн тасгаар дамжуулан Мал хамгаалах санд хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Л.К хязгаарлагдмал хариуцлагатай компани малчдаас ноос бэлтгэн нийлүүлэх тухай гэрээг Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С-тай байгуулж хамтран ажиллаж байсан  нь зохигчийн тайлбар, Л.С-ын анкет, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Л.К хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нэхэмжлэгч О.П-ээс  2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 700 килограмм  хонины ноос  авч,  уг ноосыг компанидаа  тушаагаагүйгээс нэхэмжлэгч Засгийн газраас тушаасан ноосны 1 килограмм тутамд олгодог 1000 төгрөгийн урамшуулал буюу нийт 700,000 төгрөгийн урамшуулал авч чадаагүй хохирсон нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч О.П-нд хохирол учирсан байх тул түүний бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д  зааснаар түүнийг ажиллуулж байгаа Л.К хязгаарлагдмал хариуцлагатай компани хүлээх бөгөөд өөрт  учирсан хохирлоо тухайн гэм буруутай этгээдээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар шаардан гаргуулах эрхтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 835 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 19500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                              ШҮҮГЧИД                                  Ё.БЯМБАЦЭРЭН                                  

                                                                     Т.ГАНБАТ