Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00230

 

“П Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00798 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 201/МА2020/0005 дугаар магадлалтай,

“П Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Г В М ” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн биелэлтэд 73 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Мандуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П Э ” ХХК нь “Г В М ” ХХК-тай “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлэх гэрээ”-г 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 35 570 литр түлш, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 35 570 литр түлш, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 39 360 литр түлш нийлүүлсэн. Нийт 110 500 литр түлшийг “Г В М ” ХХК-д нийлүүлсэн. Гэрээнд заасны дагуу 1 литр түлшийг 2 270 төгрөгөөр тооцож нийт 250 123 600 төгрөгийн түлшийг “Г В М ” ХХК-д нийлүүлсэн.

“Г В М ” ХХК нь гэрээнд заасны дагуу түлшний үнийг 30 хоногийн дотор “П Э ” ХХК-д төлөх үүрэгтэй байсан. Гэтэл “Г В М ” ХХК нь мөнгөө бөөнөөр нь төлөлгүй бага багаар төлж, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 200 823 600 төгрөгийг төлж, 49 300 000 төгрөгийг төлөөгүй байгаа юм. Гэрээнд заасны дагуу хоног тутмын 0.2 хувийн алданги тооцсон. “П Э ” ХХК нь алдангийг тооцохдоо 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсон.

Учир нь хамгийн сүүлийн түлшийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нийлүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар “Г В М ” ХХК нь 89 347 200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. “Г В М ” ХХК-ийн төлөх ёстой алданги нь 166 158 333 төгрөг болсон. Хуульд заасны дагуу алдангийн хэмжээ нь үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 24 650 000 төгрөг гэж тооцсон. Иймд үндсэн төлбөр болон алданги нийт 73 950 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г В М ” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “П Э ” ХХК-тай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авсан бөгөөд төлбөр тооцоог хийж явж байсан.

Манай компани хөдөө орон нутагт салбаруудтай бөгөөд уг салбараар борлуулагдсан бүтээгдэхүүний төлбөр тооцоо удах, харилцагч байгууллагууд зээлээр авсан шатахууныхаа үнийг заасан хугацаанд өгч чадахгүй нөхцлүүд үүсч байсан. Компанийн хэмжээнд бусдаас авах авлагын хэмжээ 200 орчим сая төгрөгт хүрээд байна.

Нэхэмжилж байгаа үлдэгдэл төлбөрийн тал дээр бидний зүгээс “П Э ” ХХК-тай гэрээний 8.2-т заасны дагуу хэлэлцээний журмаар шийдвэрлэх саналтай байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г В М ” ХХК нь “П Э ” ХХК-аас 250 123 600 төгрөгийн үнэ бүхий түлшийг авсан байдаг. Үүнээс 41 удаагийн төлөлт хийж 49 300 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлэх гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дуусаагүй байгаа бөгөөд зээлээр худалдах-худалдан авах гэрээний хэлбэр буюу Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь 263.2-т заасан нөхцөл буюу төлбөл зохих хүүгийн хэмжээг тусгаагүй байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Гэрээний 2.5-т заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдагч тал дараагийн шатахуун нийлүүлэлтийг мөнгө төлөх хугацаа хүртэл зогсооно гэж заасан. Худалдагч тал ийм урт хугацаанд алданги тооцоод явалгүй шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлж болох байсан.

Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 49 300 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00798 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г В М ” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 73 950 000 /далан гурван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П Э ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527 700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Г В М ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 527 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П Э ” ХХК-д олгож шийдвэрлэжээ

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 201/МА2020/0005 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Г В М ” ХХК-ийн төлөөлөгч Д.Ганбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-т заасан ““Г В М ” ХХК-ийн төлөөлөгч Д.Ганбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэснийг эс зөвшөөрч, алданги болох 24 660 000 төгрөгийг хасуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан гол нотлох баримт болох “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г шүүх үнэлсэнгүй.

Мөн хариуцагчийн төлөөлөгчийн 2019 оны 10-р сарын 29 -ний өдөр гаргасан “Г В М ” ХХК-иас “П Э ” ХХК-ийн ХААН банк, ХХБ-ны данс руу шилжүүлсэн 2018 оны 12-р сарын 21-ээс 2019 оны 7-р сарын 29 хүртэлх хугацааны төлбөрүүдийн хуулгыг нотлох баримтын шаардлагыг хангуулж хавтаст хэрэгт авахуулж өгнө үү гэсэн хүсэлтийг буруу ойлгож, хариуцагч компанийн хуулгыг гаргаж өгсөн нь нэхэмжлэгчид төлөх тооцооллыг тооцох боломжгүй, алдаатай гаргахад хүргэсэн.

Мөн давж заалдах шатны шүүх дээр өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох боломжийг олгосонгүй, шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлэн явуулсан нь төлөөлөгч миний эрхийг зөрчсөн явдал боллоо.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж байгаад гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилж, үндсэн төлбөр болох 49 300 000 төгрөгийг төлөхөөр өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “П Э ” ХХК нь “Г В М ” ХХК-д холбогдуулан “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлэх гэрээ”-ний үүрэгт 73 950 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдах явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийг батлуулахаар хүсэлт гаргажээ.

Талуудын эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “П Э ” ХХК нь нэхэмжлэлийн үнийг дүнгээс 21 650 000 төгрөгөөс татгалзаж, 52 300 000 төгрөг болгон багасгаж, хариуцагч “Г В М ” ХХК нь 52 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 04 сарын 25-нд 13 075 000 төгрөг, 2020 оны 05 сарын 25-нд 13 075 000 төгрөг, 2020 оны 06 сарын 25-нд 13 075 000 төгрөг, 2020 оны 07 сарын 25-нд 13 075 000 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар зохигчийн эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх эвлэрлийг батлах ба зохигчийн эвлэрэл хуульд харшлаагүй тул эвлэрлийг батлах үндэстэй.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар “П Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г В М ” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00798 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 201/МА2020/0005 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг баримтлан “П Э ” ХХК нь нэхэмжлэлийн үнийг дүнгээс 21 650 000 төгрөгөөс татгалзаж, 52 300 000 төгрөг болгон багасгаж, хариуцагч “Г В М ” ХХК нь 52 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 04 сарын 25-нд 13 075 000 төгрөг, 2020 оны 05 сарын 25-нд 13 075 000 төгрөг, 2020 оны 06 сарын 25-нд 13 075 000 төгрөг, 2020 оны 07 сарын 25-нд 13 075 000 төгрөгийг хуваарийн дагуу тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, “П Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г В М ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа н.Гантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД