Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2019/00798

 

 

 

                                                             

 

 

 

 

 

  2019          11           20                                                  138/ШШ2019/00798

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар:

 

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо байрлах, “Пэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг байрлах, “ГВМ” ХХК-д холбогдох

Гэрээний үүргийн биелэлт 73 950 000 /далан гурван сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Галтогтох, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Пэ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “ГВМ” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2018/а/20 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх” гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Гэрээний дагуу “ГВМ” ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 06-нд 80 388 200 төгрөгийн дизелийн түлш, 2018 оны 12 дугаар сарын 17-нд 80 388 200 төгрөгийн дизелийн түлш, 2018 оны 12 дугаар сарын 26-нд 89 347 200 төгрөгийн дизелийн түлш, нийт 250 123 600 төгрөгийн дизелийн түлшийг зээлээр нийлүүлсэн. “ГВМ” ХХК нь зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийг гэрээний 2.5-д заасны дагуу худалдан авалт хийснээс хойш 30 хоногийн дараа төлөх ёстой байсан. Гэвч зээлээр худалдан авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг хугацаанд нь бүрэн хийгээгүй. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд нийт 41 удаагийн төлөлтөөр 200 823 600 төгрөгийн төлөлт хийж өнөөдрийн байдлаар 49 300 000 төгрөгийн төлбөр үлдээд байна. Манай компаний зүгээс төлбөрөө бүрэн төлөхийг шаардаж захирал Содбаяртай утсаар ярих, албан тоот явуулах, цахим шуудан бичих зэрэг арга хэмжээнүүдийг авч байсан.  ... 2018/а/20 гэрээний 2.5-д худалдан авагч худалдан авсан шатахууны төлбөрийг шатахуун ачигдсанаас хойш 30 хоногийн дотор төлж барагдуулна, 5.1-т худалдан авагч энэхүү гэрээний 2.5-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар хоног тутам алданги тооцно гэж заасан байдаг. Гэрээний дагуу тооцогдсон алданги нь өнөөдрийн байдлаар 166 158 333 төгрөг болсон байна. Бид харилцагч компаний хүндрэлийг бодож зөвхөн өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн төлбөр болох 49 300 000 төгрөгийн 50 хувь 24 650 000 төгрөгийн алдангийг тооцон нэхэмжилж байна. Иймд “ГВМ” ХХК-иас шатахууны үндсэн төлбөр болох 49 300 000 төгрөг, алданги 24 650 000 төгрөг, нийт 73 950 000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Пэ” ХХК нь “ГВМ” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлэх гэрээг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 35570 л, 2018 оны  12 дугаар сарын 10-ны өдөр 35570 л, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 39360 л түлш буюу нийт 110500 литр түлшийг “ГВМ” ХХК-д нийлүүлсэн. Гэрээнд заасны дагуу 1 литр түлшийг 2270 төгрөгөөр тооцож нийт 250 123 600 төгрөгийн түлшийг “ГВМ” ХХК-д нийлүүлсэн. “ГВМ” ХХК нь гэрээнд заасны дагуу түлшний үнийг 30 хоногийн дотор “Пэ” ХХК-д төлөх үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагч нь мөнгөө бөөнөөр нь төлөлгүй бага багаар төлж 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 200 823 600 төгрөгийг төлж, 49 300 000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээнд заасны дагуу хоног тутмын 0.2 хувийн алдангийг тооцохдоо 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсон. Учир нь хамгийн сүүлийн түлшийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нийлүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар “ГВМ” ХХК нь 89 347 200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. “ГВМ” ХХК-ийн төлөх ёстой алданги нь  166 158 333 төгрөг болсон. Хуульд заасны дагуу алдангийн хэмжээ нь үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 24 650 000 төгрөг гэж тооцож нэхэмжилсэн боловч алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна. Тухайн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулагдах харилцаа учир хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм. Иймд хариуцагч байгууллагаас нийт        73 950 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ГВМ” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Пэ” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авсан бөгөөд төлбөр тооцоог хийж явж байсан. Манай компани хөдөө орон нутагт салбаруудтай бөгөөд уг салбараар борлуулагдсан бүтээгдэхүүний төлбөр тооцоо удах, харилцагч байгууллагууд зээлээр авсан шатахууныхаа үнийг заасан хугацаанд өгч чадахгүй нөхцлүүд үүсч байсан. Компанийн хэмжээнд бусдаас авах авлагын хэмжээ 200 орчим сая төгрөгт хүрээд байна. Нэхэмжилж байгаа үлдэгдэл төлбөрийн тал дээр бидний зүгээс “Пэ” ХХК-тай гэрээний 8.2-т заасны дагуу хэлэлцээний журмаар шийдвэрлэх саналтай байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнд хамаарна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан гэрээг талууд байгуулсан. “ГВМ” ХХК нь “Пэ” ХХК-аас 250 123 600 төгрөгийн үнэ бүхий түлшийг авсан байдаг. Үүнээс 41 удаагийн төлөлт хийж 49 300 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан учир гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Зээлээр худалдах худалдан авах гэрээний хэлбэр буюу Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 263 дугаар зүйлийн 263.2-т заасан заавал тусгах нөхцөл буюу төлбөл зохих хүүгийн хэмжээг тусгаагүй байх тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Гэрээний 2.5-т заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдагч тал дараагийн шатахуун нийлүүлэлтийг мөнгө төлөх хугацаа хүртэл зогсооно гэж заасан. Худалдагч тал ийм урт хугацаанд алданги тооцоод явалгүй шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлж болох байсан. Иймд алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 49 300 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч “Пэ” ХХК нь хариуцагч “ГВМ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 73 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас дизель түлшний үнэ 49 300 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги 24 650 000 төгрөгийг төлөхөөс татгалзжээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2018/а/20 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх” гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үнэ 49 300 000 төгрөг, гэрээний 5.1-д заасны дагуу алданги 24 650 000 төгрөг тус тус нэхэмжилнэ, ...талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан...” гэж,

харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “...талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, 263.2-д заасан заавал тусгагдах нөхцөл болох төлбөл зохих хүүгийн хэмжээ нь гэрээнд тусгагдаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус байна, алданги төлөх үндэслэлгүй...” гэж тус тус тайлбарладаг.

Нэхэмжлэгч “Пэ” ХХК, хариуцагч “ГВМ” ХХК-иудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2018/а/20 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх” гэрээ бичгээр байгуулагдсан байна.

Гэрээний дагуу “Пэ”ХХК нь “ГВМ” ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 80 388 200 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 80 388 200 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр    89 347 200 төгрөгийн буюу нийт 250 123 600 төгрөгийн дизель түлшийг нийлүүлсэн байх бөгөөд хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хооронд дизель түлшний үнэнд 200 823 600 төгрөг төлж, үлдэх хэсэг болох 49 300 000 төгрөг төлөөгүй байна.

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч тал дизель түлшний үнэ болох 49 300 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Харин талууд гэрээний харилцааны талаар болон алданги төлөх үндэслэлтэй эсэх талаар маргадаг.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-д зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ, гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмыг заавал тусгахаар заасан байна.

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2018/а/20 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх” гэрээний гол нөхцлөөс үзэхэд худалдагч нь Монгол Улсын чанар, стандартын шаардлага хангасан буюу худалдан авагчийн хүлээн зөвшөөрсөн чанар бүхий бүтээгдэхүүнийг энэхүү гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу худалдан авагчид нийлүүлнэ, ...талууд сар бүр бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ, үнийг /зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан/ шинэчлэн тохиролцож байх бөгөөд тухайн сарын 5-ны өдрийн дотор тохиролцон гэрээний нэмэлтээр баталгаажуулсан байна, ...худалдан авагч худалдан авсан шатахууны төлбөрийг шатахуун ачигдсанаас хойш 30 хоногийн дотор төлж барагдуулна... гэж тохиролцсон байна.

Харин талууд гэрээгээр төлбөл зохих хүүгийн хэмжээний талаар тохиролцоогүй нь тогтоогдож байх тул талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2018/а/20 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талууд гэрээгээ “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ” гэж нэрлэсэн байгаа боловч гэрээний агуулга, гэрээний гол нөхцөл, талуудын эрх үүрэг зэргээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч “Пэ” ХХК нь Монгол Улсын чанар, стандартын шаардлага хангасан буюу худалдан авагчийн хүлээн зөвшөөрсөн чанар бүхий бүтээгдэхүүнийг гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу худалдан авагчид нийлүүлэх, хариуцагч “ГВМ” ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна. Харин хариуцагч хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний үүргийн зөрчил үүсчээ.

Хариуцагч “ГВМ” ХХК нь гэрээний үүргийн зөрчил гаргасан учир нэхэмжлэгч нь тус гэрээний 5.1-д “худалдан авагч энэхүү гэрээний 2.5-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар хоног тутам алданги тооцно” гэж заасны дагуу алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан “Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д заасан “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтуудтай нийцэж байх тул хариуцагч “ГВМ” ХХК-иас алданги 24 650 000 төгрөгийг гаргуулах хуульзүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч “ГВМ” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт болох дизелийн түлшний үнэ 49 300 000 төгрөг, алданги 24 650 000 төгрөг буюу нийт 73 950 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Пэ” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ГВМ” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 73 950 000 /далан гурван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Пэ” ХХК-д олгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн   тухай   хуулийн   7  дугаар   зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527 700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “ГВМ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 527 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Пэ” ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ