Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1125

 

Ц.Н, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч А.Нацагдорж,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 799 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Н, С.Б нарт холбогдох эрүүгийн 1805026370832 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Лүн овгийн С.Б..........................

2. Сартуул овгийн Ц.Н..........................

С.Б, Ц.Н нар нь 2018 оны 5 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 19 дүгээр байрны гадаа иргэн Г.Ганбаганыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Б, Ц.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Лүн овогт С.Б, Сартуул овогт Ц.Н нарыг бүлэглэж хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын торгох ялыг биелүүлэх хугацааг 4 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Б, Ц.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Ганбагана нь гэмт хэргийн улмаас учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Н нь хятад хэлний орчуулагчийн мэргэжилтэй, ээж, дүү нарын хамт амьдардаг, мэргэжлийнхээ дагуу орчуулга хийж гэр бүлдээ тус нэмэр болж явдаг. Хийсэн хэрэг үйлдлийн талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлж ирсэн. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирогчид учирсан бодит хохирол 172.800 төгрөгийг сайн дураараа төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэрэгт холбогдсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Ц.Нд оногдуулсан 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

С.Б, Ц.Н нар нь 2018 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 19 дүгээр байрны гадаа иргэн Г.Ганбаганыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/, хохирогч Г.Ганбагана /хх-16-17/, гэрч Х.Эрдэнэбат /хх-80-82/, шинжээч Ц.Оюун-Эрдэнэ /хх-83-84/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5842 дугаартай дүгнэлт /хх-24/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч Г.Ганбагана нь С.Б, Ц.Н нартай маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /хх-16-17/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/, гэрч Х.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-80-82/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5842 дугаартай дүгнэлт /хх-24/ зэргээр давхар нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч С.Б, Ц.Н нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Б, Ц.Н нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б, Ц.Н нарын адил оролцоотой үйлдсэн гэмт хэрэгт зөв дүгнэлт хийж, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа шүүгдэгч нарт өөр, өөр төрлийн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа нэг шүүгдэгчид торгох ял оногдуулсан атлаа нөгөө шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тодорхой үндэслэлгүйгээр ялгамжтай хандсан шинжтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон хөнгөрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан “шүүгдэгч Ц.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгон өөрчлүүлэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 799 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Нг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын торгох ялыг биелүүлэх хугацааг 4 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын торгох ялыг биелүүлэх хугацааг 4 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлын “торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, “450.000 төгрөгөөр торгуулийн хэмжээ тогтоож өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                     Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                                      Д.МЯГМАРЖАВ