Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1126

 

Ж.О-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Азжаргал,

хохирогч Н.Баатар, түүний өмгөөлөгч Н.Бадамцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1481 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Баатарын гаргасан давж заалдах гомдлоор Ж.О-д холбогдох эрүүгийн 1806053111646 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Магсар овгийн Ж.О...................................

Ж.О нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 32-536 тоот гэрийнхээ орчим Н.Баатартай хамт архидан согтуурч, улмаар шалтгаангүйгээр маргалдан баруун шуу, хэвлийн тус газарт нь хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Магсар овогт Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Оад шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.О нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч Н.Баатар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Баатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ял хөнгөдсөн гэж гомдол гаргаж байна. Мөн миний нэхэмжилж байгаа ажилгүй байсан хугацааны орлого болон өмгөөлөгч авсан зардал зэргийг хангахгүй орхисонд гомдолтой байна. Ж.О ах Мягмарсүрэнтэй маргалдаж, Мягмарсүрэн рүү хутга барьж дайрахад нь голоор орж салгахад гар болон хэвлийн тус газар хутгаар зүсэж, миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Ж.О нь машиндаа байсан хутгаараа миний биед гэмтэл учруулсан бөгөөд тухайн үед би өөрөө самбаачилж хутганаас бултсан тулдаа л хөнгөн гэмтэл авсан ба тэгээгүй байсан бол үүнээс илүү хор уршиг учрах байсныг үгүйсгэхгүй. Тэрээр хийсэн үйлдэлдээ огт дүгнэлт хийж, гэмшиж байгаа байдал шүүх хуралдаан дээр огт байгаагүйн дээр ял шийтгэл авах дээрээ тулахад аргагүйн эрхэнд шүүх хурал болох өглөө л миний данс руу 110.800 төгрөг шилжүүлж хохирлыг нь барагдуулсан гээд зогсож байсан. Миний биед гэмтэл учруулаад надаас нэг удаа уучлалт гуйгаагүй бөгөөд харин ч эмчилгээний зардал нэхсэнээс болж манай эхнэр болон намайг хэл амаар удаа дараа доромжилж байсан, миний бие шүүх хурал дээр өмгөөлөгчийн зардал болон ажилгүй байсан хугацааны зардлын баримтаа гаргаж өгсөн байхад нотлох баримт байхгүй гэж миний нэхэмжлэлийг хангахгүй шийдэж байгаад гомдолтой байна. Хэдийгээр хөнгөн гэмтэл учруулсан ч нийгмийн хор аюул ихтэй /хутгатай/, хийсэн хэрэгтээ огт дүгнэлт хийдэггүйг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хүнд төрлийн ялаар шийтгэж өгнө үү. Мөн миний нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Хохирогч Н.Баатарын өмгөөлөгч Н.Бадамцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Н.Баатарын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахад харгалзаж үзэх ёстой. Хавтас хэргийн 11 дүгээр талд хохирогчоор мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн мэдүүлэгт нь Мягмарсүрэн, Ж.О хоёр муудалцсан. Тэгээд сантехникийн төмөр бариад Мягмарсүрэнг толгой руу нь цохих гээд дайрах үед тухайн төмрийг нь аваад гаражийн цаагуур төмрийг нь хийгээд буцаад ирэх үед хэрэгт холбогдогч Ж.О хутга бариад гэрч Мягмарсүрэн рүү дайрсан байдаг. Энэ үед хохирогч Н.Баатар нь хутгыг булааж авах гэж ноцолдож байх үедээ шуу болон гарандаа хутгаар зүсүүлж гэмтэл авсан. Хохирогч Н.Баатарын давж заалдах гомдолдоо ярьж байгаа “тухайн үед би өөрөө самбаачилж хутганаас бултаагүй бол үүнээс илүү хор уршиг учрах байсан” гэж гомдол гаргаж байгаа үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.О нь хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийсэн байдал огт харагдаагүй. Яг шүүх хуралдаан болох өглөө хохирлоо барагдуулсан. Үүнээс өмнө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос нэг ч удаа уучлалт гуйгаагүй, эмчилгээний зардлыг төлөөгүй. Тэгэхээр хохирогч Н.Баатар энэ асуудалд маш гомдолтой байгаа. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд, хэрэгт холбогдогч Н.Баатарыг 59 настай гэж байгаа боловч энэ хүн 1960 оны 6 дугаар сард төрсөн, 58 настай хүн юм. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Н.Баатарыг хохирол нэхэмжилсэн баримтаа ирүүлээгүй гэж дурдсан. Хохирогч Н.Баатар нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тийм учраас нэхэмжилсэн цалин хөлсөө хангалттай нотолж чадаагүй. Энэ нь орлого нотлогддоггүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдалтай нь холбоотой. Өмгөөлөгчийн зардлын баримт буюу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчид хөлс төлсөн баримтаа гаргаж өгсөн. Хохирогч Н.Баатарын хувьд өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан. Гэвч шүүх хуралдааны өмнө надтай ирж уулзаад “шүүгдэгчийн өмгөөлөгч намайг яасан их мөнгө нэхэмжилдэг юм бэ, та хүн гүтгэж байна. Таны хэлсэн зүйлийг таны мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй гэж загнаад байна. Тийм учраас би зайлшгүй өмгөөлөгч авах хэрэгтэй байна.” гэсэн учраас надад хандсан. Хохирогчийн хувьд хэргийн зүйлчлэлийн тухайд маргаан байхгүй. Харин оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү, албадан ажил хийлгэх ялыг хамгийн дээд хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж хүсэж байгаа. Иймд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Ж.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад хэлэх тайлбар алга байна.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Б.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Ж.Оын өмгөөлөгч намайг хэл амаар доромжилсон, үүнд гомдолтой байна гэж хэлсэн. Тухайн үед хэргийн материалтай танилцаж байх үед гэрч Мягмарсүрэн гэх хүн тухайн үед унтаж байсан бөгөөд би ийм үйл явдал болсон талаар санахгүй байна гэж тайлбарладаг. Гэтэл хохирогч Н.Баатар би хутгалуулсан гэж гомдол гаргаад яриад яваад байдаг. Мөн Н.Баатар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн байдаг. Харин энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байсан учир өмгөөлөгчийн зүгээс Н.Баатарт хандаж “хэрэгт авагдсан баримтын хүрээнд таны нэхэмжилсэн мөнгө чинь гарах боломжгүй юм байна даа. Хоёулаа тохиръё. Та хэдэн төгрөг авах гэж байгаа юм. Та энэ хүний амьдралыг мэднэ. Тийм учраас 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлээ жоохон бага болгоод өгөөч” гэсэн. Гэтэл хохирогч өөрөө надад уурлаад “тэгэхгүй, та яагаад ийм зүйл ярьж байгаа юм. Та өмгөөлөгч болохоор намайг дээрэлхэж байна” гэж хэлээд гараад явсан. Тэгээд өмгөөлөгч авсан байсан. Өмгөөлөгчийн хувьд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа хүн хэрэгт хангалттай нотлох баримт өгсний үндсэн дээр бусдыг гүтгэх хэрэгтэй. Мөн би энэ хэргийг хэрэгсэхгүй болгож чадна гэж хэлээгүй. Харин би энэ хэрэг болсон гэдэгт маргаж байна. Ж.О нь ийм хэрэг болсон гэдгээ өөрөө ч санахгүй байгаа. Мөн хоёр хүн хоорондоо зодолдсон. Тухайн хоёр хүнийг салгасан. Үүнээс болж би ийм гэмтэл авсан гэж тайлбарладаг. Гэтэл Ж.Отай зодолдсон гэх хүн нь би юу ч санахгүй байна гэдэг. Мөн гэрт нь зодолдсон гэдэг боловч тухайн гэрт ямар ч цусны толбо байгаагүй. Харин Н.Баатар нь 2-3 хоногийн дараа гомдол гаргасан байдаг. Тэгэхээр би гэмт хэрэг болсон эсэхэд эргэлзэж байна. Гэвч Ж.Отай ярилцаж тохирсны үндсэн дээр гэм буруугаа хүлээж, хохирол, төлбөрийг төлье гэдэг байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон. Мөн хохирлын хэмжээний талаар тайлбарлаж байна. Хохирлын хэмжээг прокурорын тогтоосон буюу хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд төлсөн. Хавтас хэрэгт авагдсан, эмийн сангаас эм худалдаж авсан гэсэн баримтыг үндэслэж төлсөн. Мөн шүүх хуралдаанд бусад нотлох баримтууд буюу өмгөөлөгчийн зардал, ажилгүй байсан хугацааны цалин гэж байсан боловч үүнийг шүүхэд нотолж чадаагүй. Шүүхээс хохирлын асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Тийм учраас нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжилсэн тохиолдолд хохирлыг төлнө гэсэн байр суурьтай байгаа” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Ж.О нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 32-536 тоот гэрийнхээ орчим Н.Баатартай хамт архидан согтуурч, улмаар маргалдан түүний баруун шуу, хэвлийн тус газарт нь хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Баатарын мэдүүлэг /хх-8-11/, гэрч Ч.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7609 дугаартай дүгнэлт /хх-21/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ж.Оын согтуурсан үедээ, хутгаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

 

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна. Түүний, согтуу үедээ хутга хэрэглэн гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм.

 

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Оад оногдуулсан торгох ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Шүүх, хохирлыг шүүхэд ирүүлсэн нотлох баримтад үндэслэж зөв шийдвэрлэсэн байна.

 

Иймд, хохирогч Н.Баатарын давж заалдах гомдлын шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн талаарх хэсгийг хүлээн авч, харин хохирлын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1481 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж,

 

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.О нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.О  нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Хохирогч Н.Баатарын гаргасан давж заалдах гомдлын шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн талаарх хэсгийг хүлээн авч, харин хохирлын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                     Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                                     Д.МЯГМАРЖАВ