| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00467/И |
| Дугаар | 130/ШШ2017/00538 |
| Огноо | 2017-08-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2017/00538
| 2017 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 130/ШШ2017/00538 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багт оршин суух, Санырау овогт Ж.С ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Ө.Г, орчуулагч А.Айсагүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 465000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Монгол улсын иргэн Ж.С би Баян-Өлгий аймгийн Сагсай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Ажилд бүр томилох тухай Б\15 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даянгийн 1, 6 дугаар багийн Гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд бүр томилогдсон юм. Түүнээс хойш туслах тогоочийн ажилд 5 дахь жилдээ ажиллаж байгаа ба 2017 онд 6 дахь жилдээ ажиллах ёстой байсан юм. Өнгөрсөн хугацаанд би хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Гэтэл ажил олгогч болох Сагсай сумын хүүхдийн цэцэрлэгийн захиргаа 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Ж.С намайг туслах тогоочийн үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн байна. Ингээд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр миний ажлыг А.Саят гэдэг хүнд цэцэрлэгийн эрхлэгч хүлээлгэн өгсөн юм. Ж.С би ажил олгогчоос намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг өгнө үү гэхэд тэрээр одоо хүртэл ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөөгүй байна. Харин бодит байдалд би одоо ажлаа хийхгүй гэртээ байна.
Ажил олгогч намайг ямар ч шалтгаангүй ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Надтай хамт анх ажилд орсон тус цэцэрлэгийн бүлгийн багш, туслах багш нар ажлаа хийгээд явж байна. Иймээс ажил олгогч намайг ганцаарчилна гадуурхаж ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд Ж.С намайг урьд эрхэлж байсан гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн томилж өгөх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор 465000 төгрөгийг ажил олгогчийн санхүүгээс гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Би нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Анх гэр цэцэрлэг байгуулагдсан үед 2012 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 9 сар ажилласан, 2013 онд 3 сараас эхлээд мөн 9 сар ажилласан, 2014 онд 3 сар, 2015, 2016 онуудад 3 сар ажиллаж байсан ба нийтдээ 5 жил ажилласан байгаа. 2017 онд өмнөх жилүүдтэй адил ажиллана гэж бодож байсан боловч туслах багш болон ахлах багш нар ирээд таны оронд өөр хүн ажиллахаар болсон байна гэж хэлсэн болно. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажил эхэлсэн юм. 6 дугаар сарын 21-ний өдөр надаас цэцэрлэгийн сав суулгыг авахаар эрхлэгч ирэх үед би намайг яагаад ажиллуулахгүй байгаа юм вэ гэж өөрөөс нь тодруулахад, эрхлэгч надад сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөр хүн авч ажиллуулна гэж хэлсэн байгаа. Би ажил эхлэхээс нэг өдрийн өмнө очсон боловч надаар ажил хийлгэхгүйгээр явуулсан болно. Болсон явдал ийм байгаа. Өмнө нь Сагсай сумын хүүхдийн 6 дугаар багийн гэр цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан ба тус багт ганцхан гэр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд намайг 6 дугаар багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ө.Г шүүхэд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Хурман овогт Өсермуратын Гүлгайым би тус сумын 6 дугаар багт оршин суух Санырау овогт Ж.Сийн шүүхэд гаргасан гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн томилж өгөх тухай гомдолтой танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна.
Миний бие өмнөх эрхлэгч Х.Табысхан нь өндөр насны тэтгэвэрт гарсан тул оронд нь 2016 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн томилогдон ажиллаж байна.
Гомдол гаргагч Ж.С нь Би цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар 1-6-р багийн Гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд бүр томилогдсон ба 5 жил ажилласан одоо 6 дахь жилдээ ажиллах ёстой байснаа намайг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлаас хууль бус чөлөөлсөн байна. Эрхлэгч ажлаас чөлөөлсөн тушаалаа өгөхгүй байна гээд ор үндэслэлгүй гомдол гаргажээ. Уг гомдлыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Туслах тогоочийн албан тушаал нь Төрийн үйлчилгээний албан тушаалд хамрагдах бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т зааснаар Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал юм. Түүнчлэн уг албан тушаал нь хүүхдийн тоо хүрэлцээтэй, орон байр нь бэлэн, төсөв төлөвлөгөө нь батлагдсан нөхцөлд зуны улиралд 1-ээс 2 сар гаруй ажилладаг улирлын чанартай ажил учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д зааснаар улирлын болон түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээний хугацааг тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар байгуулах ёстой байсан. Гэтэл гомдол гаргагч Ж.С нь одоо хүртэл цэцэрлэгийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа нь хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, улирлын чанартай ажил учраас цэцэрлэгийн эрхлэгч миний бие 2016 оны зуны цэцэрлэгт ажилласан бүх багш, ажилчдыг уг ажлын үргэлжлэх хугацаа дууссан өдрөөс буюу 2016 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан. Үүнийг тухайн үед нь ажилласан бүх хүмүүст мэдэгдэж, тэд ажилласан үеийн цалин хөлсийг авч, тооцоогоо хийж дууссан байсан. Үүнийг тогоочоор ажилласан Ж.С ч мэдсэн байсан. Хэрэв Ж.С нь би мэдээгүй гэвэл үүнээс хойш өнгөрсөн 9 сарын турш буюу 2016 оны 10, 11, 12 сарууд 2017 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад яагаад цалин хөлс нэхэж, гомдол гаргаагүй вэ гэсэн асуулт төрүүлнэ.
Ж.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах ёстой боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөд 9 сарын дараа гомдол гаргаж мэдэн будлижээ. Харин 2017 онд 6 газарт хувилбарт сургалт явуулах болсонтой холбогдуулан үүнд ажиллахаар өргөдөл ирүүлсэн хүмүүсийг болзол журмын дагуу авч ажиллуулж байна. Ж.С нь энэ талаар өргөдөл ирүүлээгүй. Одоо ажиллаж байгаа 18 хүний 8 хүн нь өмнөх жилүүдэд ажиллаж байсан хүмүүс, 10 хүн нь анх удаа орж хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.
3. Хувилбарт сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/131 тоот тушаалаар баталсан Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтыг зохион байгуулах журам гарсан байгаа. Журмын 5.1.1-д Хувилбарт сургалт зохион байгуулах багш, ажилчид нь цэцэрлэгийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, баталгаажуулсан байна гэж заасан боловч Ж.С нь огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалтад зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заажээ. Гэтэл тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.Табысханы Ж.Сийг Ажилд бүр томилох тухай гээд гаргасан 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар тушаал нь өөрөө хууль бус гарсан байна. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд заасан эрхлэгчийн эрх, үүргийг далимдуулан аль хэдийнээ хүчингүй болсон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг үндэслэсэн, улирлын чанартай 1-2 сар үргэлжлэх ажилд Ажилд бүр томилох тухай гээд тушаал гаргасан атлаа Ж.С нь ямар ч хөдөлмөрийн гэрээгүй жилд 1-2 сар ажиллаад цалинждаг бусад үед ажилладаггүй, цалин хөлс авдаггүй. Хэрэв Ж.С нь бүр тушаалаар томилогдсон бол ажилгүй байсан хугацаандаа яагаад цалин хөлс нэхдэггүй вэ. Энэ нь тухайн үед эрхлэгч нь албан тушаалаа урвуулан ашиглаж, ажилтантай үгсэн гуйвалдсаныг гэрчилж байна.
5. Ажилд бүр томилох тухай гээд 2012 оны Б/15 дугаартай тушаалаар Ж.Сийг 1, 6-р багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочоор томилсон боловч уг улирлын чанартай ажилд 2013, 2014 онуудад 1, 6-р багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочоор өөр өөр хүнийг томилон ажиллуулсан байна.
Иймд Ж.Сийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн албан тушаалд эгүүлэн томилуулахаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ө.Г шүүхэд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Сагсай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд Санырау овогт Ж.Сийн шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Гомдол гаргагч Ж.С нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар 1-6 дугаар багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд бүр томилогдож 5 жил ажилласан ба одоо 6 дахь жилдээ ажиллах ёстой байсан боловч намайг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлаас халсан гэж гомдол гаргажээ. Туслах тогоочийн ажил нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарах бөгөөд гэр цэцэрлэг нь хүүхдийн тоо хүрэлцээтэй, орон байр нь хангагдсан, төсөв, төлөвлөгөө нь батлагдсан үед зуны улиралд 1-2 сар ажилладаг улирлын чанартай ажил байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээний хугацаа тухайн ажлын байрны үргэлжлэх хугацаагаар байгуулагдсан байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл гомдол гаргагч Ж.С нь цэцэрлэгийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, харилцаа үүсээгүй гэж би үзэж байна.
Хоёрдугаарт, нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас улирлын чанартай ажил нь 2016 оны зуны цэцэрлэгийн бүх ажилчид, тогооч нарын ажил 72 хоног хүртэл ажиллаад дуусах ёстой. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилчдын бүгдийг нь ажлаас чөлөөлж, тушаал гаргасан. Багш ажилчдаас төлбөр тооцоо, тайланг аваад цалин хөлсийг өгч бүх төлбөр тооцоог дуусгасан байсныг гомдол гаргагч Ж.С мэдсэн байсан юм. Хэрэв цаашид ажиллах ёстой гэж үзэж байгаа бол 2016 оны 10, 11 ,12 дугаар сар, 2017 оны 1-6 дугаар сар хүртэл 9 сарын хугацаанд цалин хөлсийг нэхэмжлээгүй юм вэ гэсэн асуудал төрүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан боловч 9 сарын дараа гомдол гаргасан байгаа. 2017 онд 6 газарт төлөвлөгөөт сургалт явуулсан ба уг сургалт нь сайдын тушаалын дагуу 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлээд 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилсэн байгаа. Гомдол гаргагчийг яагаад ажиллуулаагүй вэ гэвэл эхлээд тухайн ажлын байранд ажиллахаар надад өргөдөл гаргасан иргэдийн өргөдлийг би судалж үзсэн ба энэ хүний оронд авч ажиллуулж байгаа К.Ардах нь 6 дугаар багт оршин суудаг, өөрөө нээн ядуу амьдралтай, хоёулаа ажилгүй, өмнө нь жирэмсний амралттай байгаа тогоочийн оронд 4 сар ажилласан юм. Тэгээд цаашид би гэр цэцэрлэгт ажиллах сонирхолтой гэж өргөдөл гаргаж ирсэн болохоор тэр хүнийг авсан болно.
Миний бие ажилд томилогдсоноос хойш энэ хүнийг огт хараагүй, өргөдөл гаргаж надад ирээгүй байгаа. 2017 оны 6 дугаар сард би цэцэрлэгийн эд зүйлийг авахаар очих үед Ж.С ямар нэгэн зүйл хэлэлгүй бүх зүйлийг хүлээлгэж өгсөн. Гэхдээ сав суулга хүлээлгэж өгөхөд ширмэн тогооны оронд түмпэнийг, зуухны оронд өөрийн хэрэглэж байсан зуухыг явуулсан байсныг би хүлээж аваагүй, гэрт нь байж байгаа, бусад эд зүйлсийг нярвын хамт очиж хүлээж авсан болно. Тухайн үед надаас та яагаад намайг энэ ажилд ажиллуулаагүй юм вэ гэж асуухад, би таныг анх удаа харж байна, та надад ажиллах талаар өргөдөл өгөөгүй, таны хөдөлмөрийн гэрээ ч байхгүй байна гэсэн тайлбар өгсөн юм. Туслах тогоочийн сарын цалин 465000 төгрөг биш 371016 төгрөг байх ёстой бөгөөд сумын Засаг дарга ИТХ-ын дарга надад өөр хүнийг ажиллуулна гэж хэлсэн гэж би ерөөсөө хэлээгүй. Мөн гомдол гаргагч би очиход К.Ардахтай утсаар холбогдож намайг хөөж явуулаарай гэж хэлсэн гэж сая тайлбарт дурдсан байна. Би энэ хүнийг хөөж явуулж гэж хэлээгүй, К.Ардахтай утсаар ярьж би таныг хувийн байдлыг харгалзан туслах тогоочийн ажилд томилсон байгаа, харин Ж.С надад өргөдөл гаргаагүй, та түүнд энэ талаар ойлгуулж хэлээрэй гэж хэлсэн байгаа гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Ж.С нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын хүүхдийн цэцэрлэгийн Даянгийн 1, 6-р багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 465000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ажилд бүр томилох тухай тушаалаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даянгийн 1, 6-р багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд бүр томилогдсон тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараас үзэхэд Ж.С нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хүүхдийн цэцэрлэгт улирлын чанартай ажил эрхэлж байсан нь тогтоогдсон байх ба энэ талаар зохигчид маргаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар байгуулахаар заажээ.
Нэхэмжлэгч нь 2012 оноос Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даянгийн 1, 6-р багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажлыг улирлын чанартай эрхэлж байсан бөгөөд 2016 онд зуны улиралд туслах тогоочоор ажилласан ба Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн ажлаас нь чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу улирлын чанартай ажлын үргэлжлэх хугацаа нь дууссан тул ажил олгогч болон ажилтан нарын хоорондын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар багш ажилтныг сонгон авч ажиллуулах нь цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд урьд нь улирлын чанартай ажлын үргэлжлэх хугацаагаар ажиллаж байсан хүнийг дахин авах үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Сийг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ажилд бүр томилох тухай тушаалаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даянгийн 1, 6-р багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд бүр томилсон боловч тухайн ажлын байр нь байнгын ажлын байр болох нь тогтоогдохгүй байгаа тул тухайн тушаалыг үндэслэн Ж.Сийг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй болно.
Иймд Ж.Сийн Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даянгийн 1, 6-р багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 465000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан Ж.Сийн Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даянгийн 1, 6-р багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 465000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлд төлөн 14606 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК