Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00249

 

“Ю Б М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00594 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 875 дугаар магадлалтай,

“Ю Б М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б Б Т” ХХК-д холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 836 466 547 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Уугансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Уугансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю Б М” ХХК нь “Б Б Т” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1707/01 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 50 000 000 төгрөгийг өдрийн 0,01 хувийн хүүтэйгээр 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл зээл олгосон. Уг зээлийг өдөрт нь бэлнээр өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлдэгч нэг ч төгрөгийг эргүүлэн төлөөгүй байна. Зээлийн 1707/01 тоот дугаартай гэрээний 5 дугаар зүйлд зааснаар үүргийг зохих хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд 0,1%-ийн торгуулийн хүү төлөхөөр заасан. Иймээс үндсэн зээл 50 000 000 төгрөг, үндсэн хүү нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 983 429,91 төгрөг, торгууль нь 6 534 298,96 төгрөг болж байна.

Мөн манай компани “Б Б Т” ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1705/02 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр 269 749,34 ам.долларыг өдрийн 0,01 хувийн хүүтэйгээр 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлсэн. Уг зээлийг тухайн өдөрт нь зээлдэгчийн хүссэн данс буюу гаалийн татварт нь зориулж шилжүүлэн өгсөн. Өнөөдрийг хүртэл зээлдэгч нэг ч төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-ийн торгуулийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөхөөр заасан байсан. Энэ зээлийн гэрээний үндсэн зээл 269 749,34 ам.доллар, хүүнд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 6 244,68 ам.доллар, торгууль нь 45 991,91 ам.доллар болж байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Б Б Т” ХХК-иас 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн 1707/01 дугаартай гэрээний үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүүнд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 983 429,91 төгрөг, торгуулийн хүү нь 6 534 298,96 төгрөг, нийт 57 517 729 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1705/02 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 269 749,34 ам.доллар, хүү нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 6 244,68 ам.доллар, торгуулийн хүү нь 45 991,91 ам.доллар, нийт 320 365 ам.доллар буюу Монгол банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ам.долларын ханш /1 ам.долларыг 2 431,51 төгрөг/-аар тооцоход 778 948 818 төгрөг, нийт 836 466 547 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 50 сая төгрөгийн зээлийн гэрээнд тухайн үеийн нягтлан бодогч Ч.Намуунбайгаль буюу компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж гэрээ байгуулсан, арынх нь гарын үсэг Ж.Соронзонболдынх гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн учраас зээлийн гэрээг “Б Б Т” ХХК-д хамааруулж болохгүй.

 Иргэний хууль болон Компанийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийг гүйцэтгэх захирал төлөөлдөг, төлөөлөх эрх бүхий этгээдэд энэ талаар мэдэгдээгүй тул зээлийн гэрээ байгуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан компанийг төлөөлөх эрхтэй этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан тул хуулийн шаардлага хангахгүй хэлцэл гэж үзнэ. Зээлийн гэрээг иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэрээний зүйлийг өгснөөр тооцдог. Гэвч бичгээр байгуулагдсан хэрнээ бодитоор олгоогүй, хүлээн авсан гэдгийг нэхэмжлэгч гэрчээр нотолсон боловч, гэрч би зөвхөн баримтанд гарын үсэг зурсан бэлнээр аваагүй гэж тайлбарлаж байгаа нь компани зээлийг авсан гэдгийг нотлохгүй байна.

Иймд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ нь хэлбэрийн шаардлага болон бодитоор олгосон гэдгийг нотлохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотын гаалийн дансанд мөнгө шилжүүлсэн гэх боловч Улаанбаатар хотын гаалиас ирсэн мэдэгдэлд “Б Б Т” ХХК-иас гаалийн төлбөр төлж барагдуулахыг шаардсан байдаг нь зээлийн гэрээний зорилго болох гаалийн татвар төлөгдсөн эсэх, “Б Б Т” ХХК-ийн өмнөөс төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй байна. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн зорилго гээд тоот нэхэмжлэлүүдийг заасан баримтыг Гааль болон Хас банкинд хүсэлт явуулж шалгуулахад төлөгдсөн гэх хариу ирдэг боловч “Б Б Т” ХХК-ийн гаалийн татвар, бараанд төлөгдсөн үнийн дүн мөн эсэх нь эргэлзээтэй. Тэгсэн хэрнээ гаалиас татвараа төл гэсэн албан тоот ирсэн нь  “Б Б Т” ХХК-ийн гааль дахь татвар төлөгдсөн гэж үзэх боломжгүй.

Гэрээний 4 дүгээр зүйлд 0.01 хувь гэж заасан, торгуулийн хүү болох 45 000 орчим ам.доллар нэхэмжилж байгаа нь хүүгээс хүү бодох, хэтрүүлсэн хугацаанд хүү бодсон байна. Аж ахуйн нэгж, байгууллагын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү буюу хугацаа хэтэрсэн хүү тооцох боломжгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 2 дахь хүснэгтэд торгуулийн хүү гэдгийг мэргэшлийн хувьд үзвэл алданги гэж тооцох боломжгүй. Гэрээний утга, тайлбарыг тайлбарлахдаа иргэний хуульд зааснаар үндсэн, шууд утгыг харгалзана гэж заасан. Торгуулийн хүү гэх хууль зүйн ойлголт байхгүй, нэхэмжлэгчийн хувьд хугацаа хэтэрснээс хойш мөнгөн дүнд хүү тооцсон гэх зүйл байна.

Мөн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний сүүлийн хуудсанд зээлдэгчийн мэдээлэл буюу дансны дугаар байгаа. Энэ дансыг зааж бичсэн нь зээлийг энэ дансруу шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлсэн үйлдэл байхгүй, зээлийн гэрээ бодитоор хэрэгжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Транс Майнинг Групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа: Тус хэргийн шийдвэр “Транс Майнинг Групп” ХХК-ийн эрх ашгийг хөндөхөөр байгааг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцох хүсэлтэй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00594 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 836 466 547 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 4 340 283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 340 283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 875 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00594 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “836 466 547 төгрөг” гэснийг “830 650 362 төгрөг” гэж, “олгосугай” гэснийг “олгож, үлдэх 5 816 185 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагчаас 4 340 283 төгрөгийг гаргуулж” гэснийг “хариуцагчаас 4 311 201 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 1 080 680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 875 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1707/01 дугаар “Зээлийн гэрээ”-ний талаар: Нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 57 517 729 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1707/01 дугаар “Зээлийн гэрээ”-ний төлбөрт нэхэмжилсэн. Гэвч дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч “Б Б Т” ХХК нь ямар нэгэн мөнгө хүлээн аваагүй болно. Нэхэмжлэгчээс бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтыг гаргаж өгдөг боловч уг баримтын дагуу бодитоор 50 000 000 төгрөгийг өгөөгүй болохыг баримтад гарын үсэг зурсан тухайн үед ажиллаж байсан этгээд буюу хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсан Ч.Намуунбайгаль нь тодорхой шүүхэд мэдүүлсэн.

Өөрөөр хэлбэл, баримтад гарын үсэг зурсан этгээд нь мөнгө хүлээн аваагүй болохыг шүүхэд мэдүүлсээр байтал “түүний энэ тайлбар мөнгө хүлээлгэж өгсөн гэх баримтыг няцааж чадахгүй байх тул... хариуцагч нь татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж шүүх үзэв” хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх энэ талаар “Б Б Т” ХХК-ийн мөн өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар Ч.Намуунбайгаль хүлээн авч гарын үсгээр баталгаажуулсан баримт хэрэгт авагджээ” хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөний орлогын баримтад гарын үсэг зурсан үйл баримт нь тухайн бэлэн мөнгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн бичгээр байгуулсан гэх гэрээ нь хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангахгүй байхад “Ж.Соронзонболд нь 2017 оны 02 дугаар сараас 3 дугаар сар хүртэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байсан нь улсын бүртгэлийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байхаас гадна түүнийг үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж, өдөр тутмын ажлыг хариуцдаг байсан, хоёр захирал хоорондоо зөвшилцөлгүйгээр гэрээ хийдэггүй байсан гэж тухайн үед компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Ч.Намуунбайгаль мэдүүлжээ.” хэмээн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болсон.

Тодруулбал, “Б Б Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр М.Чингүнийг томилсон байдаг бөгөөд урьд энэ албыг хашиж байсан Ж.Соронзонболдын “Б Б Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх нь бүрэн дуусгавар болсон. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна” хэмээн хуульд маш тодорхой хуульчилсан байдаг.

Улмаар нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үедээ “Б Б Т” ХХК-ийн захирал нь М.Чингүн гэдгийг мэдэж байсан хэрнээ Ж.Соронзонболд гэдэг хүнээр гарын үсэг зуруулж гэрээг байгуулсан гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид тайлбарласан. Энэ нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” хэмээн заасныг зөрчсөн бөгөөд мөн хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн...”, 56.1.8-д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-д хамаарч байгаа болно.

Дээрх бүх үйл баримтыг үгүйсгэж буй үндэслэлээ давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэх хэсэгтээ “Дээрхээс үзвэл Ж.Соронзонболд нь компанийн хүсэл зоригоос гадуур хэлцэл хийсэн гэх, эрх бүхий этгээд нь зээлийн гэрээ байгуулагдаж байгаа талаар мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шаардах үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүйн дээр хуулийг гажуудуулсан хэрэг боллоо.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасныг хууль зүйн үндэслэл болгосон байна. Гэтэл энэхүү зээлийн гэрээний талаар төлөөлөх эрх бүхий этгээд болох М.Чингүн огт мэдээгүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө анхнаасаа Ж.Соронзонболд, н.Батдорж хоёртой уулзаж ярилцаж байсан тухай тайлбарладаг болно. Тиймээс Иргэний хуулийн дээрх хэсгийг шүүх энэхүү маргаанд хэрэглэж шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд 50 000 000 төгрөгийн зээл болон түүний хүү, торгуулийн хүү гэх төлбөрийг буюу нийт 57 247 090 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй.

Хоёр. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1705/02 дугаар “Зээлийн гэрээ”-ний талаар: Дээр дурдсанаар уг гэрээний дагуу шилжүүлсэн гаалийн төлбөр нь “Ю Б М” ХХК-иас авсан белазны төлбөрт тооцогдох ёстой. Гэвч бодит байдал дээр гаалийн татварын данс руу шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Учир нь гаалийн татвар төлсөн гэх боловч Гаалийн ерөнхий газрын 2018 оны 02 дутаар сарын 21-ний өдрийн 01/2/805 албан тоотоор татварыг 2018 оны 03 дугаар сарын 10-ны дотор барагдуулахыг шаардсан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгчээс Улаанбаатар хот дахь Гаалийн газраас ирүүлсэн гэх нэхэмжлэлийн дагуу төлбөр хийсэн гэж үзвэл уг Улаанбаатар хот дахь Гаалийн газраас ирүүлсэн лавлагаа болон Хас банкны шилжүүлгийн баримт нь 352 813 249,98 төгрөгөөр, 295 219 069,80 төгрөгөөр хоёр хуваан хийсэн гэж харагдаж байна.

 Хавтаст хэргийн 58 дахь тал: Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх эргэлзээтэй үйл баримтыг үнэлэхдээ шилжүүлсэн төлбөрийг нь ам.доллар гэж үзэн үндсэн төлбөр, хүү, торгуулийн хүүг хүртэл ам.доллароор бодсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

Улмаар давж заалдах шатны шүүх талуудын хоорондын гэрээнд ам.долларыг зээлийн гэрээний зүйл байгаа талаар тодорхой заасан байх бөгөөд төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулах шинжтэй гэрээ биш тул хууль зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй гэжээ. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “зээл”-ийг үйлчилгээ гэж үзсэн байх ба банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад аж ахуйн нэгж хэн энэ үйлчилгээг үзүүлж байгаагаас үл хамаарч уг хууль бүгдэд үйлчилж хэрэглэгдэхээр байх тул давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт буруу гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх дээрх тооцооллоос гадна Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэрээний 5-д “...0.1 хувийн торгуулийн хүү” гэж заасныг алданги тохирсон байна гэж үзэж иргэд болон аж ахуйн нэгж хоорондын байгуулсан гэрээний заалтыг шүүх өөрийн дураар тайлбарлан хууль нийцүүлэхээр оролдож буй нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасантай нийцэхгүй байх бөгөөд иргэний эрх зүйн үндсэн зарчмыг шүүх гажуудуулж байна.

Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон талууд алданги тохирсон байна гэж үзэхдээ гэрээний ямар нөхцөлтэй харьцуулсан болох, улмаар агуулгыг юу гэж тодорхойлоод алданги гэж үзсэн болохоо тодорхой, ойлгомжтой тайлбарлалгүйгээр ерөнхий дүгнэлтээр, хуулийн заалтыг барьж, хэт нэг талын ашиг сонирхолыг давамгайлж асуудлыг шийдвэрлэж буйд гомдолтой байна.

Харин нэхэмжлэгч гэрээний хугацаа өнгөрснөөс хойш өдөр бүр дахин хүү бодох замаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.” гэж заасныг зөрчих юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр буюу зээлийн гэрээний дагуу Гаалийн ерөнхий газрын дансан шилжүүлсэн гэх төлбөр болох 648 032 319 төгрөгөөс хоногт 0.01 хувийн хүүг 60 хоногоор тооцоход 3 888 180 төгрөг бөгөөд нийт төлбөрийн хэмжээ 651 920 499 төгрөг байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 178 729 863 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Гурав: Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан дараах гомдлын алинд нь ч үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх зөв буруу нь хамаагүй хэргийг шийдэхдээ гол нь биш хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, улмаар маргааныг хууль зүйн үндэслэлтэйгээр шийдвэрлэх ёстой. Гэвч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дараах байдлаар зөрчсөн байдаг.

Тухайлбал: А/ Шүүх өөрөө захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулсан хэрнээ тухайн этгээдийнхээ хуульд заасан эрхийг нь зөрчиж шүүх хуралдааны товыг мэдэгдэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Б/ Нэхэмжлэгч байгууллага нь хугацаатай үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд уг хугацаа нь 2018 оны 11 дүтээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д “үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан”-аар тухайн хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар дуусгавар болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг хүлээх иргэний эрх зүйн чадвар бүхий этгээд мөн болохыг тодруулах шаардлагатай байсан. В/ Шүүгчийн захирамжид заасан нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй. Тодруулбал, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/Ш32018/03086 дугаар шүүгчийн захирамжаар “...татвар төлөгдсөн барааны гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгийг ”Гаалийн Ерөнхий Газраас гаргуулахаар шийдвэрлэсэн байхад Гаалийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01-3/1336 дугаар албан тоотоор “Ю Б М” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийсэн эсэх талаарх мэдээллийг ирүүлжээ. Энэ алдааг залруулж хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа.

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/Ш32018/04521 дугаар шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар “Ю Б М” ХХК-иас “Б Б Т” ХХК-иас ирүүлсэн гэх №0220170531/00001, №0220170531/00002 дугаартай нэхэмжлэхийг ирүүлэхийг шаардсан байна. Гэвч тус компаниас шүүгчийн захирамжаар даалгасан нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Ийнхүү дээрх байдлаар “Ю Б М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б Б Т” ХХК-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны журмаар шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 875 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн тооцооны алдааг засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Ю Б М” ХХК нь “Б Б Т” ХХК-д холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 836 466 547 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 830 650 362 төгрөгийг хангаж, үлдэх 5 816 185 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч магадлалыг эс зөвшөөрч: “...50  сая төгрөгтэй холбогдох зээлийн гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй, тус зээлийн мөнгийг хүлээж аваагүй байхад шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж гэрээний үүргийг хангаж шийдвэрлэсэн, гэрээнд алдангийн талаар тохироогүй байхад хуулийг буруу хэрэглэж алданги гаргуулахаар шийдвэрлэсэн...” гэх үндэслэл зааж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүсчээ.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31, 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний үүргийг шаардсан байна.

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 1707/01 дугаартай “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Ю Б М” ХХК 50 000 000 төгрөгийг өдрийн 0.01 хувийн хүүтэй, 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1707/02 дугаартай “Зээлийн гэрээ”-ээр 269 749.34 ам.долларыг өдрийн 0.01 хувийн хүүтэй, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тус тус зээлдүүлэхээр, зээлдэгч “Б Б Т” ХХК гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлж барагдуулах, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үнийн дүнгийн 0.1 хувиар торгуулийн хүү төлөхөөр харилцан тохирчээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх заалтад нийцсэн байна.

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь гэрээ байгуулсан өдөр хариуцагч компанид 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн болохоо нотолж,  “Ю Б М” ХХК-ийн кассын зарлагын ордер, “Б Б Т” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.

Хариуцагч нь гэрээг компанийн эрх бүхий этгээд байгуулаагүй, гэрээний дагуу мөнгийг компани хүлээж аваагүй гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтыг үгүйсгэж няцаасан баримтгүй, хэрэг хянан шалгагдах нэг жил 2 сарын хугацаанд нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах, шүүхэд гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул дээрх гэрээний үүргийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хууль ёсны болжээ.

2017 оны  05 дугаар сарын 31-ний өдрийн 269 749.34 ам.долларын зээл нь  зээлдэгчийн Улаанбаатар дахь гаалийн газарт нэр заасан тоот дансанд нэхэмжлэхүүдийн дагуу гаалийн төлбөр төлөх зорилгоор олгогдсон байх ба зээлдүүлэгч 0220170531/00001, 0220170531/00002 тоот нэхэмжлэхийн дагуу 352 813 249.98 төгрөг, 295 219 069.8 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Төлбөрийн баримтаар тогтоогдсон байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлсэн тул тэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчээс гэрээний үүргийг буцаан шаардах эрхтэй байна.

Талууд гэрээний хугацаанд төлөх хүү, төлбөр төлөх үүргээ хугацаанд  нь биелүүлээгүй бол алданги төлөхөөр гэрээгээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 232 дугаар зүйлийн 232.3.-т заасан анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгч зээлийн хугацааны хүү, төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.-д ...гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэж, 232.6.-д хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тодорхойлжээ.

Зохигч “Зээлийн гэрээ”-ний 5-д “зээлдэгч энэхүү гэрээний дагуу зээлдүүлэгчид төлөх төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр бүрийн үнийн дүнгийн 0.1 хувиар торгуулийн хүү төлнө” гэж тохиролцжээ.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээнд үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн хариуцлагыг “торгуулийн хүү” гэж тодорхойлсон боловч хоёр шатны шүүх дээрх томьёолол нь агуулгын хувьд алдангийн шинжийг илүү агуулсан гэж дүгнэн гэрээний заалтыг тайлбарлаж, хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2., 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтад нийцсэн байна.

 

Ийнхүү шүүх хариуцагчаас зээл, түүний хүү, алдангийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлжээ.

Гагцхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахдаа зээлийн хүүг буруу тооцсоноос тооцооны алдаа гаргасан байсныг давж заалдах шатны шүүхээс засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 875 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Б Б Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 051 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД