Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 141

 

Г.А-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/00711/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 879 дүгээр шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Г.А-гийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Х.Э-, Хас банкны Дархан салбарт холбогдох              

"Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 12 дугаар хороолол, 1 дүгээр байрны 5 тоот, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох" тухай  иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Г.А-гийн  давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Хас банкны  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Г.А-гаас:

Миний бие 2014 оны 08 сард “Монбамбай” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Дархан сумын 10 дугаар багийн нутагт байрлах Элит хотхонд байр авахаар болж, 2 12 дугаар хорооллын 2 дугаар байрны 31 тоот, 2 өрөө 36,01 мкв орон сууцыг захиалсан, гэрээ байгуулахдаа урьдчилгаа 4,681,300 төгрөгийг төлсөн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтанд ороогүй тул тус хотхоны 1 дүгээр байрны 05 тоот, 1 өрөө орон сууцыг 1 мкв-ыг 1,000,000 төгрөгөөр тооцон, үлдэгдэл тооцоог хийн 32,000,000 төгрөг өгсөн. Байрны төлбөр 32,000,000 төгрөгийг төлж, орон сууцны үнийг бүрэн төлж, байрандаа орж одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед 1 өрөө байрыг авахад Хас банкны зээлийн барьцаанд байгаа гэдгийг мэдээд мөнгөө тушаахаасаа өмнө Хас банктай очиж уулзахад эдийн засагч нь банкны зээлэнд нь мөнгөө төлчихвөл таны нэрлүү шилжүүлж болно, мөн 8 хувийн зээлэнд хамрагдаж болно гэж хэлсэн.

Иймээс итгэн барьцаанд байсан байрыг авсан. Хэрэв Хас банк надад итгэл төрүүлээгүй бол би тус байрыг авахгүй байсан. Би энэ байрны үнийг бүрэн төлсөн, одоо энэ байрандаа амьдарч байгаа тул хууль ёсны өмчлөгч мөн юм. Иймээс тус байрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Э-аас:

Г.А-гийн одоогийн амьдарч байгаа байр нь миний нэр дээр байдаг бөгөөд Хас банкны барьцаанд тавигдсан байсан юм. Одоо зээлээ төлж чадахгүйгээс болоод шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр явж байгаа. Байрны төлбөрийг Г.А- надад бүрэн төлсөн нь үнэн. Иймээс би энэ байрны жинхэнэ өмчлөгч нь биш Г.А- мөн юм. Иймд нэхэмжлэгч Г.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Хас банкны Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэлээс:

Х.Э-, Б.Баясгалан нартай 2014 онд зээлийн гэрээ байгуулан, 80,000,000 төгрөгийн зээл олгосон бөгөөд зээлийн барьцаанд Х.Э-ын өмчлөлийн Дархан сумын 10 дугаар баг, 12 дугаар хороолол, 1 байрны 5 тоотод хаягтай орон сууцыг гэрээний дагуу барьцаалсан. Энэ асуудлаар тус шүүхийн 2016 оны 809 дугаартай шийдвэр гарч, тус байрыг албан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгасан шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шатанд явж байгаа. Анх барьцаалах үед Х.Э-ын өөрийн өмчлөлийн хөрөнгө байсан бөгөөд зээлийн үүрэг дуусаагүй байгаа тул бид Г.А-гийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. Г.А- нь тус банкинд энэ байрны өмчлөх эрхийг шилжүүлэх талаар хандаж байгаагүй. Мөн хэрэгт авагдсан хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн зүйл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус гэрээ байна. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нэг этгээдээс хэлцлийн үндсэн дээр нөгөө этгээдэд шилжиж байгаа бол улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 879 дүгээр шийдвэрээр:

           Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-гийн хариуцагч Х.Э-, Хас банкны Дархан салбарт тус тус холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 12 дугаар хороолол, 1 дүгээр байрны 05 тоот, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

            Нэхэмжлэгч Г.А- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх талуудын тайлбар болон шүүхийн хэлэлцүүлгээр намайг худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлсөн болон хариуцагч Х.Э-ын миний нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа зэргийг харгалзан үзэлгүйгээр орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Г.А- нь хариуцагч Х.Э- болон Хас банкны Дархан-Уул салбарт холбогдуулан  Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 12 дугаар хороолол,1 дүгээр байрны 5 тоот, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж уг шаардлагаа нотлохоор шүүхэд хариуцагч Х.Э-тай байгуулсан “хөрөнгө оруулалтын гэрээ” болон  үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд төлж байсан банкны баримтуудыг  шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт цугларсан баримтуудыг судлахад  дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд:  Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн Х.Э- улсын бүртгэлд бүртгүүлж 000239577 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ авч өмчлөх эрх нь баталгаажсан байна.

2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Х.Э- нь Хас банкны Дархан салбартай 80 сая төгрөгийн  зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ байгуулж маргаан бүхий 12 хорооллын 1 дүгээр байрны 5 тоот нэг өрөө орон сууц болон бусад үл хөдлөх эд хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ.

            Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу шаардах эрх нь хүчин төгөлдөр гэж үзэж Хас банкны Дархан салбарын шүүхэд  гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болж улмаар уг маргаантай байрыг битүүмжлэх дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг нотолсон баримт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтууд болон талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч Г.А- болон хариуцагч Х.Э- нар нь орон сууц худалдах худалдан авахаар амаар тохирч гэрээ байгуулан улмаар дээрх гэрээний дагуу орон  сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн, худалдан авагч тал гэрээгээр тохирсон мөнгийг худалдагч талд бүрэн шилжүүлсэн тухай үйл явдал нь хэрэгт авагдсан “хөрөнгө оруулалтын гэрээ“ гэсэн талуудын гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байна.

 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хэлбэрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд тусгайлан зохицуулаагүй тул талууд гэрээг амаар байгуулж болох бөгөөд ийнхүү амаар тохиролцсон гэрээний гол нөхцлийн дагуу гэрээний талууд үнэ төлөх эд хөрөнгийн эзэмшил шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна. Энэ нь Иргэний хуульд заасан үүргийн хэлцлийн агуулга түүний гүйцэтгэлийг харуулж байгаа боловч өмчийн хэлцэл буюу өмчлөх эрх шилжих асуудлын тухайд Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар  гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлж улмаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шилжихээр байна.

Иймд энэ шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээг талууд байгуулаагүй байна.

Талууд гэрээг байгуулах үед буюу 2016 оны 04 дүгээр сарын 08-нд Х.Э-ын өмчлөлийн маргааны зүйл болсон  нэг өрөө орон сууцанд барьцааны үүрэг үүссэн байх бөгөөд энэ үед шүүхэд зээлийн гэрээний болон барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Хас банкны нэхэмжлэл шүүхэд ирсэн байжээ. Нэхэмжлэгч тал хариуцагчтай гэрээ байгуулж мөнгө төлж байх үедээ уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гуравдагч этгээдийн шаардах эрх үүссэн нөхцөл байдлыг мэдэж байсан байдал түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

            Иймд анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр гэрээний дагуу нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрх хууль зүйн дагуу үүсээгүй болон худалдагч нь Иргэний хуулийн 252 дугаар  зүйлд заасан эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх худалдагчийн үүргийг биелүүлээгүй  талаарх дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

            Түүнчлэн Хас банк зээлийн гэрээ байгуулагдах үед зээлдэгч Х.Э- нь  улсын бүртгэлд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан нь  Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан агуулгаар  уг хуулийн этгээдийн зээлдэгч Х.Э-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж  тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй, уг орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгө нь өөртөө зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн байх тул өмчлөгчөөр бүртгэлд өөрчлөлт  оруулсан хэдий ч Х.Э-ын зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд уг байр нь барьцааны үүрэгтэй байх хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр байна.  Иймд нэхэмжлэгч эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн худалдагчийн эсрэг хуульд заасан бусад шаардлага гаргаж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэхэд анхан шатны шүүхийн болон энэ магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1.Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 879 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтанд:

“Анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 3545 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд энэ хэргийн шийдвэр магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд төлбөр авагч эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн  хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар эргэн сэргээгдэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан болохыг дурьдсугай” гэсэн заалтыг нэмж,  

“3 дахь заалтын” дугаарыг “4” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.        

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                             

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХЖАРГАЛ             

                                        ШҮҮГЧИД                                                    Л.АМАРСАНАА          

                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ