Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1114

 

                                                                   Г.Эд холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 993 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1808 0295 01111 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ганцэцэгийн Энхнаран, 1987 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү, 7-12 насны гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын 58а байрны 2-00 тоотод оршин суух, /РД: ЧД87090864/;

Г.Э нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцсийн 58а байрны 306 тоотод оршин суух иргэн Б.Сарантуяагийн гэрт 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Л.Хаас “гар утсаа өгч байгаач, найзтайгаа ярьчихаад өгье” гэж хэлэн түүнийг хуурч, төөрөгдөлд оруулж “LG” маркийн кэйс бүхий гар утсыг авч, бусдад 150.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Г.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хэргээс “төөрөгдөлд оруулж” гэх шинжийг хэрэгсэхгүй болгож, Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Эд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Эгаас 150.000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9-20 тоотод оршин суух, ЧГ69073070 регистрийн дугаартай Л.Хт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г.Эгийн урьдчилан цагдан хоригдсон хоёр хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Г.Эгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 7-12 насны гурван хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг бөгөөд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, авахын хажуугаар барилгын цэвэрлэгээ хийдэг байсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр танил Хүрэлбаатарын ахын “LG” маркийн гар утсаар нь ярьж байгаад хүнтэй уулзах гээд авч гарсан юм. Утсыг нь буцааж өгч амжихгүй явж байгаад мөнгөний хэрэг гараад 30.000 төгрөгөөр зарсан гэх үйлдлээр энэ хэрэгт холбогдсон.

Дараа нь учир байдлаа хэлээд “өөр гар утас авч өгье” гэтэл утсаа 150.000 төгрөгөөр үнэлэн утас авахгүй мөнгийг нь авна гэсэн. Анхан шатны шүүх хуралд хууль зүйн туслалцаа авах өмгөөлөгчгүйгээр орж, 150.000 төгрөгнөөс болж залуу насандаа хар толбо суулгаж байгаадаа гомдолтой байна. Иймээс анх удаа хэрэгт холбогдсон, хохирогчид утсыг нь утсаар нь төлж өгье гэснийг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оноож, өсвөр насны гурван хүүхэдтэйгээ хамт байх, ажил хөдөлмөр хийх боломж олгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Г.Э нь хохирогчид гар утсыг нь авч өгье гэж хохирол төлөхөө илэрхийлсэн байдаг. Мөн тэрээр бага насны гурван хүүхэдтэйгээ амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Г.Э нь тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, гурван хүүхдээ харж ханддаггүй, түүнд нийтэд тустай ажил хийлгэх гэхээр байнга архи уудаг, мөн эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгуулийн ял оноох боломжгүй байдаг. Түүнд тухайн зүйл, хэсгийн хорих ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулсан. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Г.Э нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцсийн 58а байрны 306 тоотод оршин суух иргэн Б.Сарантуяагийн гэрт 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Л.Хаас “гар утсаа өгч байгаач, найзтайгаа ярьчихаад өгье” гэж хэлэн түүнийг хуурч, “LG” маркийн кэйс бүхий гар утсыг авч, бусдад 150.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Хын “...Нараа гэх эмэгтэй намайг “ах аа та гар утсаа өгч байгаач, би нэг хүнтэй ярьчихаад өгье” гээд гуйхаар нь би гар утсаа өгтөл Нараа миний гар утсаар сандал дээр сууж ярьж байгаад босоод ярьсан чигээрээ хаалгаар гараад явсан. Тэр өдрөөс хойш хоёр өдөр хаалгыг нь цохиод, хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь би цагдаад гомдол гаргсан. ...” /хх-8-9/ болон гэрч Б.Сарантуяа /хх-12-13/ нарын мэдүүлгүүд,

Арвижих-Эстимейт ХХК-ийн “LG загварын гар утас нь 150.000 төгрөгийн үнэлгээтэй” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-25-26/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч Г.Эг бусдыг хуурч, хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Г.Эгийн гаргасан “...хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Эд оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд нийцсэн төдийгүй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 993 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.                                                           

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                                      ШҮҮГЧ                                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                      ШҮҮГЧ                                                        М.АЛДАР