Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1115

 

                                                           Б.Гт холбогдох эрүүгийн

                                                                    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батжаргал,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 714 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр, Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Гт холбогдох 1702 0019 00087 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тавнан овгийн Буянхишигийн Ганхуяг, 1968 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-24 тоотод оршин суух, /РД: ЧЕ68120402/;

Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, Барилгачдын талбай 13, Засгийн газрын XII байр Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын байранд, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нараас хууль бусаар мөнгө хурааж авсан гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батсүхэд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 320.000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Гийг нийтийн албан тушаалтан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Гийг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт хураагдан ирсэн АЕ2433059, А00996659,     АЕ3038433, АС6835352, АЕ4010281, АН8931972, АЕ1233996, АЕ3072766, АЕ3744630, АР1667861, АС6541414, АЕ3753593, АЭ7871199, АЕ2703231, АЭ4384405, АС5931959 регистрын дугаартай Монгол Улсын 20.000     төгрөгийн мөнгөн тэмдэгт нийт 320.000 төгрөгийг хураан авч, улсын төсөвт шилжүүлж, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Буянхишигт овогтой Ганхуяг “эрхлэгч” нэртэй нэрийн хуудас, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэн гаргасан ном 1 ширхэг, СиДи нэг ширхэг зэргийг хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 10 дугаар сарын сүүл 11 дүгээр сарын эхээр Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн дарга Баасан болон бусад хүмүүст телевизээр гүтгүүлж сэтгэл зүйн хувьд маш их хямарч, шокийн байдалд орсон байх үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч Батсүх гэдэг хүн манай цэцэрлэгт шалгалт хийсэн.

Тухайн өглөө Батсүх байцаагчид хүргэж өгөх бичиг баримтаа өгчихөөд Мөнхтуяа эгчийнх рүү очих ёстой байсан. Энэ үед талийгаач ээжийн төрсөн дүү эгч Мөнхтуяагийн бие муудсан, мөн очих ёстой нэг хүн нь бурхны орон руу явсан байсан тул миний төрсөн дүү Ганчимэг БНСУ-д амьдардаг бөгөөд надруу 1.000.000 вон шилжүүлснээс дүү Ганчимэгийн хэлснээр 150.000 воныг нь солиулж Мөнхтуяа эгчид өгөх ёстой байсныг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өглөө ханш үзээд 319.500 төгрөгийг тэгшитгээд 320.000 төгрөгийг дугтуйнд хийгээд цүнхэндээ хийхдээ уг дугтуй номын завсар хавчуулагдсаныг тухайн үед мэдээгүй.

Б.Г миний сэтгэл маш тавгүй явсан бөгөөд Батсүх байцаагчийг асууж өрөөнд нь ороод 30 жилийн ойн баримтаа цүнхнээсээ гаргах гэтэл цүнхний цахилгаанд баримт хийсэн нүхтэй хавтасны уут нь хавчуулагдсан байсан тул эхлээд чөлөөтэй байсан 30 жилийн түүхийн ойн номоо гаргаж өгчихөөд цүнхний цахилгаанд хавчуулагдсан уутыг гаргах гээд ухаж байтал дугтуйтай мөнгө номын завсар орсон байсныг Батсүх байцаагчийг гэнэт хүн амьтан дуудахаар нь л мэдсэн. Батсүх байцаагчийг хэлэх хүртэл Мөнхтуяа эгчид өгөх ёстой байсан мөнгө номын завсар хавчуулагдсан байсныг мэдээгүй байсан. Би энэ мөнгө ажил явдалд хэрэглэх хүнд өгөх эм тарианы мөнгө гэж тэнд байсан хүмүүст хэлж байсан. Батсүх байцаагчийн ширээн дээрээс тэр ном, мөнгийг булааж авах ёстой байсныг би өөрийн номхон хүлцэнгүй зангаасаа болоод хийж чадаагүйн улмаас өнөөдөр буруутгагдаад байгаадаа маш их сэтгэл хямарч байна.

Би уг нь ямар ч бодол санаа агуулаагүй болохоо хэлсээр байхад сонсохыг хүсэхгүй байгааг ойлгохгүй байна. Би үнэхээр хахууль өгье гэж бодсон бол юу гэж олон хүний нүдэн дээр ил гаргаж өгөх билээ. Миний нэг удаагийн хайхрамжгүй байдал амьдралд хэзээ ч мартагдахааргүй маш том сургамж боллоо. Эрх мэдэлтэй хүмүүсийн тулгалт их аймаар байдаг юм байна. Сэтгэл санааны тавгүй байдал болон хуулийн сүрдүүлгээс болоод юу хийх, яах ёстойгоо үнэндээ мэдэхгүй дотроо шаналж байна.

Урьд нь ажлаасаа халагдсандаа өс хонзон санасан хэсэг бүлэг хүмүүсийн гаргасан гомдлоор шалгагдсан асуудлаар Батсүх байцаагч дахин шалгасан. Батсүх байцаагчид мөнгө өгөөд байх шаардлага байхгүй.

Хэрвээ шүүх бүрэлдхүүн намайг гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа бол ямар баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг би ойлгохгүй байна.

Миний хүү 27 настай хэдий ч төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд эмч нарын буруугаас болж төрсөн үеэсээ эхлэн хүйн халдвар хүүхдийн тархины саа өвчнөөр өвчилж одоо гэртээ хэвтэрт байдаг. Босож явж чаддаггүй, өөртөө үйлчилж чаддаггүй, хүнээр байнга асруулдаг маш хүнд байдалтай байдаг. Манай гэр бүл 3 хүүхэдтэй. Том хүүгийн өвчний байдлаас болоод нөхөр бид хоёр зэрэг ажил хийж чаддаггүй. 27 настай том хүүгээ би өргөж даадаггүй болохоор нөхөр ажилгүй, хүүхдээ асардаг. Гэр бүлийнхээ амжиргааг залгуулдаг хүн нь би юм. Миний амьдралын хүнд хэцүү байдлыг ойлгож үзэхийг хүсч байна. Амьдралаа авч яваа гэм буруугүй намайг зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Амьдралын энэ хүнд хэцүү байдлаас болоод миний өөрийн зан авир нь номхон хүлцэнгүй юу ч гэж байсан дуугүй л хүлээж авч байдаг байдал минь буруу байсныг ойлгож мэдэрч байна. Тэр үед хахууль гэж өгөөгүй, номны завсар Мөнхтуяа эгчид өгөх ёстой мөнгө хавчуулагдсаныг мэдээгүй цүнхнээсээ гаргаад өгчихсөнөөс болж хээл хахууль өгсөн хэрэгт холбогдсондоо маш их харамсч байна. Хэрвээ намайг гэм буруутай гэж үзэж байгаа бол миний төрийн албанд ажиллах эрхийг хэвээр үлдээж өгч миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтуудыг дутуу үнэлж дүгнэсэн байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” бүрэн нотлогдоогүй байхад өөрөөр хэлбэл дээрх зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт зорилго, 1.3 дахь хэсэгт заасан гэм буруугийн хэлбэр, 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Г нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч Д.Батсүхэд өөрийн цэцэрлэгийн ойн арга хэмжээний хүрээнд материалыг хүргэж өгөхдөө номны завсар хавчуулагдсан цагаан дугтуйтай 320.000 төгрөгийг санаандгүй хамт өгсөн бөгөөд энэ мөнгө нь өөрийн нагац эгч Мөнхтуяад өгөх мөнгө байсан талаараа удаа дараа мэдүүлж ирсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар огт шалгаагүй байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчин ...гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, ...сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрчээр байцаалт өгөхдөө гар утастай Авилгатай тэмцэх газарт нэвтэрсний улмаас мөрдөгчөөс түүнийг үг хэлээр дарамтлан, “Авилгатай тэмцэх газрын байранд нэвтрэх журам” зөрчсөн гэж айлган сүрдүүлж мэдүүлэг авсан гэж дүгнэгдэхээр байдаг.

Шүүгдэгч Б.Г нь 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад нь цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хандивын мөнгө авсан гэх мэдээллээр хэд хэдэн удаа шалгаж, улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын боловсролын хяналтын байцаагч торгуулийн арга хэмжээ оногдуулсан байдаг ба түүнд өмнө шалгагдсан асуудлыг шалгуулах ажиллагааны явцад өөрт давуу байдал бий болгох санаа зорилго огтоос байгаагүй юм.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан боловч мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрх”-ийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хэргийн талаар бүрэн шалгуулах хүсэлт гаргаж байсан бөгөөд энэ талаар шүүх хуралдаан дээр өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг няцаасан талаар анхан шатны шүүхээс ямарваа нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь бүрэн нотлогдож тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял шийтгэл оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Гийг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Б.Ариунбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гийг нийтийн албан тушаалтан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Шүүхээс шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна”, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” хэмээн тус тус хуульчилжээ.

Гэтэл Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг төгс үйлдэгдээгүй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолд бодит хохирол, хор уршиг учраагүй, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, шүүгдэгч Б.Г нь уг мөнгө хавчуулагдсан гэх номыг өмнө нь мэргэжлийн хяналтын байцаагч Д.Батсүхэд бэлэглэсэн байдаг. Тэр номны завсар дугтуйтай мөнгө санаандгүй орсон гэдэг нь тогтоогддоггүй. Мөн гэмт хэрэг үйлдэхийг завдахад нэмэгдэл ялыг оногдуулахгүй гэсэн заалт хуульд байхгүй. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Барилгачдын талбай 13, Засгийн газрын XII байр Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын байранд, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нараас хууль бусаар мөнгө хурааж авсан гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батсүхэд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 320.000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Гийн “...цагаан өнгийн дугтуйг бичиг хэргийн дэлгүүрээс авч мөнгөө хийгээд, 30 жилийн ойн номны завсар хийж, нэрийн хуудасны хамт Д.Батсүхэд өгсөн. ...” /хх-13/, гэрч Д.Батсүхийн “...Тухайн номыг өмнө нь цэцэрлэг дээр нь явж очиход “ойн ном маань байгаа юм” гэж цэцэрлэгийн эрхлэгч Б.Г нь өгсөн болохоор “та надад энэ номыг өгсөн ш дээ, яагаад дахиж өгч байгаа юм” гэж асуухад “би номоо аваад ирсэн юм аа” гэж хариулсан. Би Б.Гийн авчирсан бичиг баримтыг үзэхээсээ өмнө номыг нь хартал нүүрний хавтас нь бага зэрэг дэлгэгдсэн, хавтасны цаана нь юм байгаа юм шиг харагдсан. Тэгэхээр нь номыг нээж үзэхэд дугтуйтай мөнгө, нэрийн хуудасны хамт байсан...” /хх-5-6/, гэрч Д.Отгонбаярын “...Д.Батсүх байцаагчийн ширээний урд сандал тавьж суугаад шалгуулах материал зэргийг гаргаж ирээд сууж байснаа Д.Батсүх байцаагч гэнэт “за энэ юу болж байнаа, хүн дуудаарай” гэхээр нь гайхаад юу болов гээд харахад цагаан өнгийн дугтуйтай мөнгө, нэрийн хуудас байхаар нь би хүн дуудахаар гарсан...” /хх-7-8/, гэрч Д.Өнөржаргал /хх-9-10/, М.Нармандах /16-17/, Б.Эрдэнэчулуун /хх95-96/ нарын мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-70-71/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт “... боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч...”-г төрийн үйлчилгээний албан тушаалтан гэж тодорхойлсон бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дэх хэсэг “...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан...”-г энэ хуулийн үйлчлэх хүрээнд хамааруулахаар заасан нь шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдэгдэх үед эрхэлж байсан нийтийн албан тушаалтай тохирчээ.

Хэдийгээр яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн огноо, газрыг нарийвчлан заагаагүй боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн зөвтгөн дүгнэсэн нь яллах дүгнэлтийн утга агуулга, үйл баримтын хүрээ хязгаараас халиагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гийг нийтийн албан тушаалтан байж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчид 320.000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Гийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2000 нэгж буюу 2.000.000 сая төгрөгрөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Б.Гийн “...төрийн албанд ажиллах эрхийг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн, өмгөөлөгч Д.Тунгалагийн “...Б.Гийг цагаатгаж өгнө үү...” гэсэн, өмгөөлөгч Б.Ариунбаярын “...нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 714 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Ариунбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

                                           ШҮҮГЧ                                                Д.ОЮУНЧУЛУУН

                                           ШҮҮГЧ                                                М.АЛДАР