Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 146

 

Д.М-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01025/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 882 дугаар  шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Д.М-ы нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Р.М-ад холбогдох,

          “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Д.М-ы  давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  И.Атарбямба,      хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М-аас:

Б.Алтанцэцэг нь зээлтэй дахин зээл гаргуулах боломжгүй байсан учраас Р.М- ахыг гуйж “та манай байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд надад зээл авч  өгөөч, зээлийг би өөрөө хариуцаж төлж мөнгийг банкинд тушаагаад явъя” гэж тохиролцон Дархан сум 12 дугаар баг, 15 дугаар байрны 44 тоот 4 өрөө 50.5 м.кв орон сууцыг түр шилжүүлэхийн тулд Р.М- ахтай  орон сууц худалдах худалдах авах  гэрээг дүр үзүүлэн 1.0 сая төгрөгөөр худалдсан гэж бичсэн. Р.М- ах 70.0 сая төгрөгийн зээл авч бид 31.563.000 төгрөгийг Хас банк болон Р.М-ын эхнэрийн ХААН банкны дансанд хийсэн. Иймд уг байрыг жинхэнээсээ зараагүй зээл авахын тулд Р.М-ад дүр үзүүлэн хэлцэл хийж шилжүүлсэн  тул 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож  өгнө үү.

Мөн Р.М-  дахин тэр өдөр үйлдсэн тус байрыг 130.0 сая төгрөгөөр худалдсан гэрээг гаргаж ирсэн тул мөн 2014 оны 06 дугаар сарын 24-нд орон сууцыг 130.0 сая төгрөгөөр худалдах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямбаас:

Дахин зээл гаргуулах хэрэгтэй байсан учраас Р.М-ын нэр дээр байраа шилжүүлж зээл авахуулыг хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн Дархан сум 12 дугаар баг, 15 дугаар байрны 44 тооот 4 өрөө 50.5 м.кв  орон сууцыг 1.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийж байраа Р.М-ын нэр дээр шилжүүлж 70.000.000 төгрөгийн зээл авахуулсан. 2014 ны 06 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн Р.М- нь 130.000.000 төгрөгөөр худалдах худалдах авах гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ гэрээг мөн хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Р.М-аас:

Энэ асуудал Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэхээр ажиллагаа явагдаж байгаа болно. Иргэн Д.М-, Б.Алтанцэцэг нар нь зээл төлөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас 4 өрөө орон сууцаа ямар нэг  аргаар бултуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, саад болох зорилгоор нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Д.М- нь миний нэр дээр байраа шилжүүлээд банкнаас зээл авсан. Миний хувьд байрыг авах гээд байх сонирхол алга. Харин Д.М-ы авсан 70.000.000 төгрөгийг төлүүлж банкыг хохиролгүй болгуулах  шаардлагатай байгаа юм. Хэрэгт 2 гэрээ байгаа боловч 130.000.000 төгрөгийн гэрээг банкнаас 70.000.000 төгрөгийн зээл авах гэж хийсэн. Одоо тухайн орон сууц миний өмчлөлд байгаа боловч байранд Д.М- өөрөө байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингээс:

Нэхэмжлэгч нь Дархан сум 12 дугаар баг, 15 дугаар байрны 44 тоот, 4 өрөө орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, мөн 130.000.000 төгрөгөөр худалдсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага тавьсан байгаа. Энэ гэрээнүүд нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэж үндэслэлээ тайлбарладаг. Нэхэмжлэгч Д.М- өөрийн хүсч хийсэн гэрээнээс болж хохирсон үр  дагавар гарсан уу гэдгийг үзэх ёстой. Энэ хэргийг шийдвэрлэхдээ дүр үзүүлсэн гэрээ гэх боловч гэрээний хоёр тал тэр дундаа нэхэмжлэгч тал өөрөө хүсч уг гэрээг хийсэн. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй блогож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалангаас:

Хас банк Р.М-, Г.Өнөрцэцэг нартай 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 70.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай Y-20030050038 Y-2003001298 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан зээл олгосон.  Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлээ төлөөгүй учраас  албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн. Хэргийн материалд худалдах худалдан авах гэрээ 2 байгаа. Банкны зүгээс татвараас нуун дарагдуулан хэлцэл хийсэн байх гэж үзэж байна. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 882 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Д.М-ы нэхэмжлэлтэй Р.М-ад холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5012 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, түүнд үндэслэн олгосон гүцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ы ХААН банк 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагад Төрийн банк 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдэээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.М- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх энэ хэргийн хамаарал бүхий хүчин төгөлдөр Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот магадлалд “хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч тал орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж байгаа боловч нэхэмжлэгч шүүхэд өгсөн тайлбартаа тэдний 4 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр худалдах худалдах авах гэрээ байгуулан өмчлөлдаа авч банкнаас 70 сая төгрөг авч өгсөн. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “бид нарт яаралтай мөнгөний хэрэг болоод найз нөхдийн харилцаатай байсан. Р.М-ын нэр дээр орон сууц өмчлөх эрхийг шилжүүлж 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр худалдах худалдах авах гэрээ байгуулан 70.0 сая  төгрөгийг Р.М-аас авсан” гэх тайлбарууд нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний агуулагтай нийцэхгүй, зөрүүтэй байна гэсэнг онцлон анхаарч үзсэнгүй.

Иймд Р.М- бид хоёрын хооронд орон сууц худалдах худалдах авах 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэрээнүүдийг дүр үзүүлэн үнэн санаанаасаа бус, хөнгөмсөгөөр хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Үндэслэл нь 1 сая төгрөгийн 4 өрөө байр байхгүй, 1 байранд 2 өөр үнэлгээтэй 2 гэрээ байж төөрөхгүй, мөн 2 талын хүсэг зориг нь орон сууц худалдах худалдан авах гэрээний агуулгатай хуульд нийцэхгүй байгаа болно гэжээ.  

ХЯНАВАЛ:

             Нэхэмжлэгч  Д.М-  хариуцагч  Р.М-ад холбогдуулан  зохигчдын хооронд  2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан   Дархан-Уул аймгийн Дархан сумын  12 дугаар баг, 15 дугаар байрны 44 тоот 4 өрөө орон сууцыг  1 сая болон 130.000.000 төгрөгөөр  худалдсан гэрээг  хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч  “...миний  нэр дээр байраа шилжүүлээд банкнаас зээл авсан...,  ...харин авсан 70.000.000 төгрөгөө төлж банкийг хохиролгүй болгох шаардлагатай..., ...энэ асуудалд  шүүхийн  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  хийгдэж байгаа  ...”   гэжээ.

            Хэргийн  үйл баримтаас  үзэхэд  Д.М- нь маргааны зүйл болох  орон сууцны өмчлөгч байхдаа,  банкнаас  зээл  авах зорилгоор   Р.М-тай  орон сууц худалдах худалдан авах гэрээ  хийж, Р.М-ын   нэр дээр  Хас банкнаас  70.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг зээлийн гэрээний  үүрэгтэй холбоотой нэхэмжлэлээр  шүүх Р.М-аас  65.204.661 төгрөгийн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн, одоо  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа  явагдаж  байгаа  үйл баримтын талаар талуудын  тайлбарт  дурдагдсан   байна.

            Иргэний  хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний эрх зүйн хамгаалалт нь    зөрчигдсөн эрхийг сэргээх  зорилготой  байна”  гэж, 9 дүгээр зүйлийн 9.4-т  “эрхийг хүлээн зөвшөөрөх,  эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх,  учруулсан хохирлыг арилгуулах,  эдийн бус гэм хорыг арилгуулах, хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх,  бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох,  иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох, өөртөө  туслах, хуулиар тогтоосон бусад аргаар хамгаална”  гэжээ.

            Аливаа  нэхэмжлэлийг шүүхэд  гаргахад  нэхэмжлэлийн  үндэслэл,  шаардлага нь  тодорхой, ойлгомжтой  байх  нь  маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоох, улмаар хууль зүйн бодит үндэслэлтэй  нотлох баримт бүрдэх үндэслэл болно.

Нэхэмжлэлийн  үндэслэл гэдэг нь  нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм.

Харин нэхэмжлэлийн  шаардлага нь тухайн  үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч  шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т  “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэжээ.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийсэн боловч нэхэмжлэгч нь  “худалдах худалдан авах гэрээ”-г  хүчин төгөлдөр бус болохыг  тогтоолгох   шаардлагаа  бие даасан  шаардлага  гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцуулахаар  гаргасан нэхэмжлэл  нь дангаараа   нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй, харин  нэхэмжлэлийн   үндэслэл  болох юм.

Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй.

Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-д  заасан хэлцлүүд нь   угтаа  байж болохгүй,  хуулиар  зөвшөөрөгдөөгүй, хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус, талуудад гэрээний  эрх, үүргийг  үүсгэх үндэслэл болдоггүй бөгөөд энэ хэлцлүүдийн  дараа өөр эрх зүйн харилцаа үүсдэг,  56 дугаар зүйлийн 56.5-д  зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн  бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол  үнийг төлөх  үүрэг  үүсдэг.

Тухайлбал: орон сууц худалдах худалдан авах гэрээ  хүчин төгөлдөр бус болсноор,  орон сууцны өмчлөгчөөр  тогтоолгох, эсхүл  буцааж өгөх  боломжгүй бол орон сууцны  үнэ  гаргуулах, эсхүл  худалдах худалдан авах гэрээний дагуу өгсөн  мөнгийг  буцааж өгөх  зэрэг   иргэний хуулийн  тусгай ангид зохицуулсан  шаардлага  үүсдэг  байна.

Нэхэмжлэгч Д.М-ы хуульд заасан  эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, ямар эрхийн хамгаалалтыг хүсч байгаа нь  тодорхойгүй  буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус  байхад  шүүх  хэргийг  шийдвэрлэх  боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн  шийдвэр Иргэний хууль болон Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг  зөрчөөгүй,  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд нийцэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  давж заалдсан  гомдлыг хангахгүй орхих нь зөв гэж  давж заалдах шатны  шүүх бүрэлдэхүүнээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 882 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасыг баримтлан нэхэмжлэгчээс  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ 

                                      ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                          С.ЭНХЖАРГАЛ