Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 1

 

                                                          Б.Уд холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Н.Ням-Очир,

          шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

          хохирогч М.Оийн өмгөөлөгч Б.Золзаяа,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 848 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Уд холбогдох 1705 0122 80200 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Баярсайханы Ундармаа, 1982 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 2/1 байрны 114 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЧП82022424/;

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1362 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Б.У нь иргэн М.От өөрийгөө “Засгийн газрын хэрэг эрхлэх албаны даргаар ажилладаг, Хөдөө аж ахуйн яаманд тусламжаар ирж байгаа хүлэмж олж өгнө, мөн дүү нарт чинь Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Увс аймагт байхад нь болон Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 2/1 байрны 28 тоотод ирсэн байх үед нь нийт 8.000.000 төгрөг,

М.Оийн хадам эцэг Д.Гэд өөрийгөө “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албаны даргаар ажилладаг, “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цол тэмдэг авч өгнө” гэх байдлаар хандаж зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Д.Гэг Увс аймагт байхад нь болон Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 2/1 байрны 28 тоотод ирсэн байх үед нь итгэл төрүүлэн өөрөөс нь болон охин М.Оээр дамжуулан нийт 4.800.000 төгрөг авч, нийт 12.800.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овгийн Баярсайханы Ундармааг “хуурч, зохиомол байдлыг зориудар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Б.Уг 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Уд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Угаас 9.407.800 төгрөг гаргуулж, хохирогч М.О, Д.Гэ нарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Б.Угийн насанд хүрээгүй хүүхэд болох 2001 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн У.Энхмаа, 2005 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн У.Энхтөгөлдөр, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн П.Хан-Эрдэнэ, 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн У.Хантүмэн нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тогтоолд гомдол гаргаж байна. Б.У би 2017 оны 8 сарын 21-нээс 2017 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн найз Оюунчимэгээс 9 951 000 төгрөг залилан авч, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт буруутгагдсан. Би Оюунчимэгтэй дотны найзууд, хамаатнаас илүү сайн харилцаатай байсан. Амьдралын зовлон жаргалаа нуулгүй ярьж хэлдэг, хэрэгтэй цагтаа бие биедээ тус болсоор ирсэн. Улмаар 2017 оны 9 сарын эхээр бидний хооронд хавтаст хэрэгт дурдагдаж байгаа мөнгөний асуудал үүссэн. Миний бие эцсийн мөчийг хүртэл Оюунчимэгийн эсрэг нотлох баримт гарган эсрэг гэрч дуудаагүй. Хохирогч Оюунчимэг болон түүний гэр бүлээс уучлалт гуйн хохирлоо барагдуулж эхэлсэн байсан. Мөн өөрийн гэм буруугаа хүлээсэн бөгөөд хуулийн анхан шатны мэдлэг байхгүй явсаар шүүхийн шатанд өмгөөлөгч авсан тул байнгын орлоготой байснаа хангалттай нотолж чадаагүй. Шүүхийн шатанд өгсөн орлого нотлох зарим баримтыг шүүх эрс үнэлээгүй зэрэгт гомдолтой байна.

Би анх 2016 оны 7 сараас эхлэн гоо сайхны зориулалттай саван үйлдвэрлэж эхэлсэн. Мөн 2017 оноос эхлэн цахилгааны утас, кабель болон туслах хэрэгсэл зарах лангуу ажиллуулж байсан. Хүүхдийн хувцасны захиалга аван хүргэлттэй зарах, гэртээ хүүхдээ харахын хажуугаар байнга орлоготой байсан билээ. Хүүхдийн мөнгө, халамж гэх орлогууд ч байсан. Гэтэл шүүхээс энэ бүхнийг няцаасан, хохирогч Оюунчимэг нь зарим тохиолдолд илт худал ярьж байхад анхан шатны шүүх хэт нэг талын харсан шийдвэр гаргалаа. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шат хүртэл өөрийгөө зөвтгөх гэж ямар нэг арга саам хайлгүй хэн нэгнийг буруутгалгүй, дөнгөж төрөөд нялх биетэй байсан ч шүүх хурал хойшлуулалгүй оролцсон. Би одоо ч гэсэн өөрийн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өвчтэй төрсөн нялх үрээ орхиж хоригдох болсон маань эх хүний хувьд, сэтгэл санааны хувьд ч тун хэцүү байна. Миний хувьд ар гэрийн байдал туйлын хүнд байдалтай үлдсэн. Би ам бүл тавуулаа буюу 0-17 насны 4 хүүхэдтэй, том охин 17 настай, том хүү 13 настай, дунд хүү 1 нас 8 сартай, бага хүү 1 сартай үлдсэн. Том охин минь дөнгөж оюутан болж их сургуульд элсэн орсон ч би хорих ял эдлэх болсон тул охины минь цаашид сурах асуудал хэцүү байдалд хүрсэн. Миний бага хүү 1800 грамм буюу дутуу төрж, эмчийн байнгын хяналтанд байдаг. Төрөлхийн чихрийн шижинтэй, хөхөөр хооллож, биеийн жинг нэмж тэнхэрүүлэхийг эмч нар зөвлөж шаардсаар байгаа. Надад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэмээр хэцүү байдал үүсэн яахаа ч мэдэхгүй Хүний эрхийн үндэсний комисст хандаад байгаа. Шүүхийн шатанд ирснийхээ дараа өндөр хөлс төлж, өмгөөлөгч авсан боловч надад эрх зүйн туслалцаа хангалтгүй үзүүлсэн. Цагдан хоригдсоны дараа 18 хоног ирээгүй тул одоог болтол гэрээсээ эргэлт аваагүй, гэрийнхэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр намайг хоригдсон тухай мэдсэн. Улмаар өмгөөлөгч давж заалдах шатанд нэмж мөнгө нэхсэн тул би өмгөөлүүлэхээс татгалзсан. Би гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч, амьдралд зовлон их үзсэн ч гэлээ хэзээ ч хүн залилан мэхлэх санаа төрж байгаагүй. Аргагүй эрхэнд хүүхдүүдээ дагуулан айлын байр хөлслөн амьдарч байсан ч ажил голохгүй хийж, саван үйлдвэрлэх бага оврын үйлдвэрийн тоног төхөөрөмж аваад бүтээгдэхүүнээ патентжуулж авахаар мэргэжлийн хяналтын газар дээж өгөөд хариугаа хүлээж байсан. Миний зовлон жаргал, амьдарсан амьдралын гэрч болсон 4 сайхан хүүхдээ асрамжийн газар өгөлгүй эгчдээ захин үлдээсэн ч бага хүүгийнхээ амь нас, эрүүл мэндэд маш их санаа зовон сууна. Би гэмт хэрэг үйлдчихээд хүүхдүүдээрээ шалтаглан ялаас зугтаах, биеэ хаацайлах санаа агуулсангүй. Гагцхүү шүүхээс гаргасан шийдвэрийг дахин хянаж үзээд тохирсон шийтгэлийг оногдуулахыг л хүсэж байна. Миний бие хоригдох хугацаандаа маш их зүйлийг ойлгож гэмшсэн. Ийм явдал болсонд дахин уучлалт гуйж байна. Ингээд нотлох баримт, гэрч зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах мэдлэг хомс байсан. Хохирогчоос уучлалт гуйн хохирлоо барагдуулж эхэлж байсан. Тус хуралд өмгөөлөгчгүйгээр оролцож байгаа. Ар гэрийн нөхцөл байдал, хүүгийн минь эрүүл мэндийн асуудлыг тодруулах, байнгын орлоготой байсныг минь хянаж үзэх, хохирлоо барагдуулах чин хүсэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, ажил орлоготой байсныг минь анхаарч үзэн зүйлчлэлийг өөрчилнө гэдэгт найдаж байна. Мөн ар гэрийн минь байдлыг харгалзан үзнэ үү. Би хохирогч нараас уучлалт гуймаар байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Угийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Уг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “...залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь Б.Угийн үйлдэлд залилангийн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй, нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” бол гэдэг шинэ гэмт хэргийн төрлийг бий болгож хэрэв дээрх үндэслэл байвал хүндрүүлэн авч үзэхээр хуульчилсан.

Уг ойлголт нь харьцангуй шинэ ойлголт бөгөөд залилах гэмт хэргийн хамгийн хүнд хэлбэр байхаар хуульчилсан. Энэ тохиолдолд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт “...залилах гэмт хэргийг амьдарлын зорилгоо болгож, зөвхөн түүгээрээ амьдралаа авч явдаг, өдөр тутмын хэрэгцээгээ хангадаг, өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийг амьдралынхаа зорилгоо болгож залилах гэмт хэргийг өөрийн өдөр тутмын үндсэн ажил, зан төлөв хэвшил болгож, зөвхөн түүгээрээ орлогоо олж, амьдралаа залгуулж байхыг ойлгоно.

Гэтэл Ундармаагийн үйлдэлд дээрх гэмт хэргийн шинж байхгүй байна. Өөрөөр хэлбэл Б.У нь залилах гэмт хэргийг өөрийн өдөр тутмын үндсэн ажил болгож амьдралын эх үүсвэр болгож урт удаан хугацаанд үйлдсэн зүйл байдаггүй. Хавтаст хэргээс үзэхэд Б.У нь хохирогч Оюунчимэгээс 2 сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр дансаар 9.151.000 төгрөг авсан байдаг. Өөр хүнээс мөнгө аваагүй. Б.У нь Нарантуул зах дээр лангуу түрээслэн ажиллуулдаг талаарх баримтыг болон хувиараа саван хийж зардаг талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Өөрийн орлоготой байсан талаарх банкны дансны хуулгыг шүүхэд гаргаж өгч нотолсон болно.

Хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд Б.Угийн Хаан банкны дансны хуулга авагдсан байх ба уг дансны хуулгыг авч үзвэл 1.500.000 төгрөгийг Оюунчимэгээс зээлэв, 200.000 төгрөгийг эцэг эхийн зөвлөлөөс гэж оруулсан байдаг. Үүнээс үзэхэд бодит хохирлын хэмжээ нь зөрүүтэй прокурорын зүгээс хохирлын хэмжээг баримтын хүрээнд нарийн тооцож гаргаагүй, зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн гаргасан байдаг.

Түүнчлэн уг хэрэгт Гэжээг хохирогчоор тогтоосон нь мөн буруу. Гэжээ нь Б.Утай шууд харьцаж мөнгө өгч байгаагүй. Өөрийн бэр Оюунчимэгээр дамжуулан Оюунчимэгийн дансанд 4.600.000 төгрөг хийсэн гэдгээ мэдүүлдэг. Оюунчимэг нь Б.Угийн данс руу Гэжээгээс ирүүлсэн мөнгөнөөс 4.300.000 төгрөг өгсөн гэдгээ мэдүүлдэг. Үүнээс үзэхэд Гэжээ нь энэ хэрэгт шууд хамааралтай хохирогч бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн хувьд хохирол хүлээсэн иргэний нэхэмжлэгч юм. Гэтэл шүүхээс Гэжээг хохирогчоор тогтоосныг үндэслэлтэй гэж үзэж 4.800.000 төгрөгийг түүнд олгохоор шийдвэрлэсэн. Оюунчимэгийн мэдүүлэг дансны хуулгаас үзэхэд Гэжээгээс Оюунчимэг рүү шилжүүлсэн мөнгөн дүн 4.600.000 төгрөг байхад Оюунчимэг нь 4.300.000 төгрөгийг Б.Угийн дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 300.000 төгрөгийг шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй. Мөн 1.500.000 төгрөгийг Б.Уд зээлсэн, 200.000 төгрөг нь эцэг эхийн зөвлөл гэх мэт нэрээр шилжүүлсэн байхад эдгээрийг хохиролд тооцсон нь үндэслэлгүй. Хохирлын хэмжээг бүрэн бодитой тогтоогоогүй байна.

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Б.Угийн дээрх үйлдлийг залилангийн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.У нь хохирогчоос 20 гаруй удаагийн давтамжтайгаар мөнгө авсан байдаг. Б.Угийн яриад байгаа өөр орлоготой, ажил эрхэлдэг гэдэг тогтоогддоггүй. Б.У нь өмгөөлөгч авснаасаа хойш түрээсийн гэрээ үйлдэж гаргаж ирсэн. Мөн хохирогч Д.Гэ нь өөрийн биеэр Б.Утай уулзаж мөнгө өгсөн байдаг бөгөөд хууль ёсны хохирогч мөн гэж үзэж байна. Өмнө нь Б.У нь залилангийн гэмт хэргээр шийтгүүлж байсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Б.У нь иргэн М.От өөрийгөө “Засгийн газрын хэрэг эрхлэх албаны даргаар ажилладаг, Хөдөө аж ахуйн яаманд тусламжаар ирж байгаа хүлэмж олж өгнө, мөн дүү нарт чинь Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт 8.000.000 төгрөг,

М.Оийн хадам эцэг Д.Гэд өөрийгөө “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албаны даргаар ажилладаг, “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цол тэмдэг авч өгнө” гэж зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд өөрөөс нь болон охин М.Оээр нь дамжуулан нийт 4.800.000 төгрөг авч, нийт 12.800.000 төгрөг залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч М.О /хх-12-17/, хохирогч Д.Гэ /30-32/, гэрч М.Оюунболд /хх-25-26/, гэрч Г.Рааш /хх-39-41/, гэрч Д.Соном /186-187/ нарын мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-70-71/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Уг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Гэмт хэрэг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, нөгөө талаас байнга гэх шинж нь хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдагаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Б.Угийн үйлдэлд энэ шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Уд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. ...” гэж зөвхөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Б.Угийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн,  түүний өмгөөлөгч О.Баярбаясгалангийн “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү, мөн ял хойшлуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 848 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                М.АЛДАР