Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 142/2019/00018/и |
Дугаар | 001/ХТ2020/00281 |
Огноо | 2020-06-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2020/00281
Л.Агийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/00288 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр магадлалтай,
Л.Агийн нэхэмжлэлтэй
РСЦ ХХК-д холбогдох
РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/236 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан РСЦ ХХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.701.504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, Л.Баасан нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.А, түүний өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.А нь 2015 оны 8 дугаар сарын 27-нд компаний ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдоод хөдөлмөрийн гэрээг компаний гүйцэтгэх захирал Н.Батцэнгэлтэй байгуулсан. Дараа нь 2018 оны 05 дугаар сарын 23-нд компаний ТУЗ-ийн дарга Д.Нэмэхбаяр нь санхүү эдийн засгийн хэлтсийн даргын ажил үүргийг гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээг тус тус надтай байгуулсан. 2018 оны 06 дугаар сарын 13-нд компаний гүйцэтгэх захирлаар Л.Энхбат ажиллах болсон. Тэрээр сум дундын шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн тогтоогдсон юм. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/356 тоот гүйцэтгэх захирал П.Энхбатын тушаалаар хөдөлмөрийн хуулийн-37 дугаар зүйл, 43 дугаар зүйл, мөн компаний гүйцэтгэх захирлын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ерөнхий нягтлан бодогчийн ажилд тавигдах мэргэжлийн шаардлагыг ханган ажиллах чадваргүй, компанийн хэвийн үйл ажиллагаа, ажилтан хамт олонд үйлчлэх санхүүгийн ажиллагаанд удаа дараалан, хүндрэл чирэгдэл учруулж ирсэн нь цаашид ажиллуулах нөхцөл алдагдсан тул гэсэн нөхцөлөөр санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас халлаа. Энэхүү ажлаас халж буй үйл процесс нь хуулийн үндэслэл муутай байгаа бөгөөд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн зүгээс гэрээг цуцлах үндэслэлийг бий болгоогүй. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/356 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан РСЦ ХХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 21.752.000*2=4.201.504 төгрөг болон урамшуулалт цалин жилийн эцсийн ажлын үр дүнгийн урамшуулал буюу 13-р сарын цалинг 2.500.000 төгрөг буюу нийт 6.701.504 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар тооцон гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Л.Атай Ерөнхий нягтлан бодогчийн орон тоо буюу ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байна. Гэтэл түүнтэй тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Нэмэхбаяр 2018 оны 05 дугаар сарын 23-нд компанийн Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын орон тоо буюу ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулснаар 2017 оны 03 дугаар сарын 15-ны гэрээ дуусгавар болжээ. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга нь ажилтан Л.Атай хөдөлмөрийн гэрээ байгуулах замаар Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх удирдлагын эрхийг хэрэгжүүлсэн нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд бус бөгөөд мөн хуулийн 83, 84 дүгээр зүйлд заасан гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлсэн нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйл, 83, 84 дүгээр зүйл, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.7.7, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байх тул Л.Атай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны Б/356 тоот тушаалаар дуусгавар болгосон нь үндэслэлтэй. Иймд иргэн Л.Агийн нэхэмжлэлтэй РСЦ ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/00288 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Аг РСЦ ХХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Л.Агийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.557.062 төгрөг /гурван сая таван зуун тавин долоо мянга жаран хоёр төгрөг/-ийг хариуцагч РСЦ ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Л.Ад олгож, нэхэмжлэлээс 3.144.442 /гурван сая нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч РСЦ ХХК-иас 142.062 /нэг зуун дөчин хоёр мянга жаран хоёр/ төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/00288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч РСЦ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.062 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, Л.Баасан нар хяналтын гомдолдоо: ...Шүүхийн дээр дурдсан шийдвэр, магадлал нь дараах байдлаар Монгол үлсын хуулиудыг зөрчсөн тул энэхүү гомдлыг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийг үндэслэн гаргаж байна.Үүнд: Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 4-т буй “Хууль тогтоомжинд заасан эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох” заалтыг Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-т буй “Ажилчдын эрх ашгийг хохироосон захиргааны аль шийдвэрийг түдгэлзүүлэх, зогсоох, өөрчлөх, гэрээг хүчингүй болгох, ажилтнуудын санал хүсэлтийг судалж захиргаанд шаардлага. мэдээлэл хүргүүлэх, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг төлөөлөх” гэх мэт хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэв. Анхан шатны шүүхийн шийдвэрт өмнө дурдсан хууль зүйн актуудыг дурдаж, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шаардах эрх бүхий субьект нь Үйлдвэрчний эвлэл мөн гэж үзсэн атлаа эл маргааны хариуцагч талын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаа, тэдгээрээс ирүүлсэн бичгийн удаа дараагийн шаардлаганд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр Л.Аг ажлаас халах үндэслэлийг зөвхөн ажил олгогч буюу РСЦ ХХК-д хамааруулан Л.А ажилтны хамт олны үйл ажиллагаанд чирэгдэл учруулав гэдэг баримтуудыг хариуцагч талаас ирүүлээгүй, тус компанийн хөдөлмөрийн дотоод журманд “эрх бүхий байгууллагын шаардлагыг үндэслэн ажилтныг ажлаас халах үндэслэл байхгүй” гэх мэтээр хуулийг буруу хэрэглэсэн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 3.4-т буй “Эрх бүхий этгээдэд” Үйлдвэрчний эвлэл багтах, түүний эрхийг Үйлдвэрчний эвлэлийн тухай хуульд тусгасан байхад хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэсэнд гомдолтой байна. Эрх бүхий субьект болох Үйлдвэрчний эвлэл өөрийн үйл ажиллагааны журам, эрх хэмжээний дагуу Л.Агийн талаар шалгаж, зохих шаардлагыг РСЦ ХХК-ийн удирдлагад ирүүлсэн тул Л.Атай холбоотой нотлох баримтуудыг хариуцагч ирүүлээгүй гэх үндэслэл байхгүйг дурдъя. Зүйрлэн үзэхэд ажилтныг ажилд нь ажиллуулах боломжгүй тухай хяналтын байгууллагаас (эмнэлгийн, цагдаагийн, хөдөлмөр хамгааллын) шаардлага ирүүлсэн үед ажил олгогч эл асуудлыг дахин шалгах, нотлох баримтуудыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээхгүй нь тодорхой. 1. Иргэний Хэрэг Шүүх тухай хуулийн 38-дугаар зүйлийн 1-д заасан үндэслэл, журмын дагуу хариуцагч РСЦ ХХК Л.Атай байгуулсан гэрээг цуцлах үндэслэл олсон Үйлдвэрчний эвлэлийн удаа дараагийн шаардлагыг, холбогдох баримтуудын хамт шүүхэд хүргүүлсэн. Гэтэл анхан болон давж заалдах шүүх Л.Аг дан ганц ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан мэтээр маргаант асуудалд хандаад байна. 2. Шүүхүүд Л.Аг ажлаас чөлөөлсөн РСЦ ХХК-ийн Б/536 тоот тушаалыг хүчингүй болгоогүй, хууль бусад тооцох асуудлыг шийдвэрлээгүй атлаа түүнийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгосон нэхэмжлэлийн шаардлагыг зөрчсөн, төдийгүй шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийг шүүхүүд зөрчив. Бодит байдалд Л.Аг ажлаас халсан РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны Б/236 тоот тушаал хүчин төгөлдөр байгаа болно. Нөгөө талаар РСЦ ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр бүтэц, орон тоог батлахад Л.Агийн одоо шаардаж байгаа ажлын байр батлагдаагүй бөгөөд түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн бүтэц батлахад РСЦ ХХК-ийн тус үйлдвэрийн Барилга засварын цех байхаар тусгагдсан болохыг дурдаж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, мөн магадлалыг тус тус хүчингүй болгон Л.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад РСЦ ХХК гэх хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь татан буулгаж өөрийн дотоод бүтцэд багтаасан асуудлын хүрээнд маргааныг шийдвэрлэх шинэ нөхцөл байдал үүссэн тул энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр үндэслэл бий болж байгааг анхааралдаа авна уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Л.А нь РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/236 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан РСЦ ХХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 6 701 504 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, олговрын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.
Л.А нь РСЦ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар тогтоолоор РСЦ ХХК-ийн санхүү эдийн засгийн хэлтсийн даргаар томилогдон, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан,ажиллаж байгаад РСЦ ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/356 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Ажил олгогчийн тушаалд Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1., 84.3., Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4., 43 дугаар зүйл, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйл, РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг баримталж, Л.А нь санхүү эдийн засгийн хэлтсийн даргын болон ерөнхий нягтлан бодогчийн ажилд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаж ажиллах чадваргүй, компанийн хэвийн үйл ажиллагаа, ажилтан хамт олонд үйлчлэх санхүүгийн ажиллагаанд удаа дараа хүндрэл чирэгдэл учруулж ирсэн нь компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн шаардлагаар тогтоогдсон, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нөхцөл алдагдсан гэх үндэслэлийг заажээ.
Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалд ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардсан гэсэн хоёр үндэслэлийг баримталсан байх ба шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.
РСЦ ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн хороо нь тус компанийн гүйцэтгэх захиралд Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоол, хурлын тэмдэглэлийг хүргүүлэхдээ санхүү эдийн засгийн дарга Л.А нарыг яаралтай сольж, мэргэжлээрээ олон жил ажилласан мэргэшсэн мэргэжилтнийг сонгон ажиллуулах талаар мэдэгдсэн, ажилтнуудын эрх ашигт холбогдуулан хэлтсийн даргыг чадавхжуулах, эсвэл хөдөлмөрийн эдийн засагчаар солих агуулгатай шаардлага хүргүүлсэн байх боловч Үйлдвэрчний Эвлэлийн хороо нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардах эрх бүхий этгээд биш юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” гэдгийг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар шаардлага гаргах этгээдийн эрхийг хуулиар шууд тогтоосон байхыг хэлнэ.
Иймд байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны шаардлагыг хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй байна.
Түүнчлэн ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болохыг тогтоосон баримтгүй байхад энэ үндэслэлээр гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, шүүх энэ талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69.1.-д заасны дагуу Л.Аг санхүү эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/00288 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч РСЦ ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142 062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА