Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0455

 

Иргэн М.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн М.*******гийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.*******г урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ажилгүй байсан 1 жил 11 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 8.820.651 /найман сая найман зуун хорин мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* давж заалдах гомдолдоо: “Нэг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим болох “шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим”, “Мэтгэлцэх зарчим”-ыг зөрчиж нэхэмжлэгчид давуу байдал олгож хэргийг шийдвэрлэсэн талаар:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтын дагуу хариуцагчид хуулиар олгогдсон эрхээ эдэлж 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагт Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд “шүүхээс маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа 17 дугаар хорооны Засаг дарга Ж.Бор, 11 дүгээр хорооны Засаг дарга Эрдэнэтунгалаг нарыг гэрчээр асуулгах” хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хүлээж авчаад тодорхой ажиллагаа хийгдээгүй, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдээгүй шүүх хуралдааныг хийж шүүхийн шийдвэрийг гаргасан юм.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 17 дугаар хорооны хамтарсан багийн гишүүн гэх боловч яг юу хариуцан ажиллаж байсан нь тодорхойгүй Ж.*******, 12 дугаар хорооны нийгмийн ажилтнаар 2014-2015 онд ажиллаж байсан, нэхэмжлэгч М.*******тэй нэг хороонд хамтарч ажиллаж байгаагүй гэх Н.*******ийг гэрчээр асуулгах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр ажлаас халсан гэдгийг нотлох нэхэмжлэгч М.*******тэй хамт ажиллаж байсан болон шууд удирдлага болох хорооны Засаг даргаас тодруулга тайлбарыг авалгүй огтоос хамт ажиллаж үзээгүй өөр хорооны зохион байгуулагч, хамтарсан багийн гишүүнээс тайлбар авч хариуцагчийг байхгүйд шүүх хуралдааныг явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мэтгэлцэх зарчмыг зөрчин хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчид давуу байдал олгон хэргийг шийдвэрлэсэн.

Хоёр. Нэхэмжлэгч М.*******гийн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар:

1. Хэргийн материалд дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/28 дугаар “Хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэх тухай” захирамжаар дүүргийн нийт хороодын үйл ажиллагаанд хяналт, шалгалтын үүрэг гүйцэтгэж, албан хаагч бүрээр дүгнэх ажлыг зохион байгуулсан. Уг захирамжийн дагуу дүүргийн 11 дүгээр хорооны албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг дүгнэх хуудсыг хэргийн материалд нотлох баримтаар хавсаргасан бөгөөд уг хуудсаар албан хаагчид онц, сайн, дунд, муу, гэсэн 4 үзүүлэлтээр дүгнэгдэхээс нэхэмжлэгч М.******* нь 3 сайн, 2 дунд, 2 муу, 1 ажлаа дүгнүүлээгүй бөгөөд энэхүү дүнгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно.

Мөн хорооны Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй зэрэг тайлбар болон төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнгийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/128 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.*******д сахилгын шийтгэл ноогдуулж, цаашид ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаж ажиллахыг үүрэг болгож байсан.

2. Нэхэмжлэгч М.******* нь 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсаар 60 хувь буюу дутагдалтай үнэлэгдэж үнэлгээний материалтай танилцаж гарын үсэг зурсан болно.

3. Нэхэмжлэгч М.******* нь 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсаар 57.3 хувь буюу хангалтгүй үнэлэгдэж үнэлгээний материалтай танилцаж гарын үсэг зурсан болно.

Хэргийн материалд нэхэмжлэгч М.*******гийн гаргаж өгсөн 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсанд М.******* нь гарын үсэг зураагүй байгаа нь өөрт үлдэх хувь бөгөөд захиргааны байгууллагад байгаа гэрээний биелэлтийн илтгэх хуудсанд М.******* нь зурсан болно.

Гурав: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчин хариуцагчийн хариу тайлбарыг гуйвуулан хэргийг шийдвэрлэсэн талаар:

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх хууль, журамд заасны дагуу авсан арга хэмжээнийхээ талаар “... М.******* нь албан үүргээ хангалтгүй биелүүлж, алдаа -дутагдлаа засахгүй, үйл ажиллагааны үр дүнгээ дутагдалтай дүгнүүлсэн зэрэгтэй холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/128 дугаар тушаалаар цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулж байсан...” мөн 11 дүгээр хорооноос 17 дугаар хороо руу сэлгэн ажиллуулсан...” гэж тайлбарлаж байна гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06/69 дугаар албан бичгээр хүргүүлсэн хариу тайлбарт “Иргэн М.******* нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/128 дугаар тушаалаар сахилгын шийтгэл авч байсан бөгөөд 2013 онд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үр дүнгийн гэрээний биелэлтээ “дутагдалтай” үнэлэгдсэн” гэж бичигдсэн нь хэргийн материалаар нотлогдож байхад хариуцагчийн хариу тайлбарыг илтэд гуйвуулж нэхэмжлэгчийн талд асуудлыг шийдвэрлэн цалин бууруулах сахилгын шийтгэл нь үр дүнгийн гэрээг дүгнэхээс өмнө авагдсан байх тул дутагдалтай дүгнэгдсэнтэй хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шударга бус юм.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй -шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг “байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасны дагуу сэлгэн ажиллуулсныг мөн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээтэй холбоотойгоор авсан арга хэмжээ гэж үзэх үндэслэлгүй юм... гэжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан гэж хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг ч удаа тайлбарлаж байгаагүй бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримт ч хэргийн материалд байхгүй юм.

Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын дагуу төрийн албанаас халсан байдаг.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 7 дугаар зүйлд “Төрийн албан тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ... хангалтгүй биелүүлсэн... гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж заасан байдаг.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь бүхэлдээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл буюу төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах гэсэн заалтыг дурдаж тайлбарлан хуулийг буруу хэрэглэж “М.*******д ноогдуулсан сахилгын шийтгэлээс хойш дахин сахилгын шийтгэл ноогдуулаагүй байх тул сахилгын шийтгэлтэй байх хугацаа өнгөрч сахилгын шийтгэлгүйд тооцогдсон гэж үзэхээр байна... Эдгээрээс үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэл бүрдсэн гэж үзэхгүй” гэх мэтчилэн хуулийн тусдаа 2 өөр зохицуулалтыг хооронд нь хамааруулан хариуцагчийг буруутган тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Дөрөв. Иргэн М.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн материалд авагдсан нотлох баримтын талаар:

Иргэн М.******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн мөн төрийн албан хаагчийг ёс зүйг баримтлан ажилладаггүй бөгөөд ажлаас халагдахдаа ажлаа хүлээлгэж өгөлгүй төрийн алба тасралтгүй явагдах нөхцөлийг гажуудуулан Архивын тухай хууль болон 17 дугаар хорооны албан хаагчдын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хорооны архив, дүүргийн архивт байнга болон түр хадгалагдах баримтыг авч явсан.

Гэтэл Архивын тухай хууль болон 17 дугаар хорооны албан хаагчдын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хороо болон дүүргийн архивт байнга болон түр хадгалагдах баримтыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байгаа болон хэргийн материал дахь 37-41, 62-71, 83, 100-120 дахь хуудас тэр чигтээ нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд нэхэмжлэгчийн нотлох баримтаар өгсөн баримт дунд хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Амартүвшинийн ажлын төлөвлөгөө явж байгаа нь нэхэмжлэгчийн хариуцсан ажилдаа хандах хандлага болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжүүр харагдаж байна.

Иргэн М.*******гийн нэхэмжлэлтэй хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа дээрх үндэслэлүүдийг хянан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нийгмийн ажилтан М.*******г ажлаас нь халжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.7 “Орон нутагт ажиллаж байгаа босоо удирдлагатай төрийн жинхэнэ албан хаагч нь тухайн шатны Засаг дарга болон шууд харъяалагдах дээд шатны байгууллагын төсвийн шууд захирагчтай тус тус гэрээ байгуулна. Тухайн шатны Засаг дарга нь орон нутагт ажиллаж байгаа босоо удирдлагатай төрийн жинхэнэ албан хаагчийн гэрээний биелэлтийг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор дээд шатны байгууллагад нь хүргүүлнэ. Дээд шатны байгууллагын төсвийн шууд захирагч нь өөртэй нь болон тухайн шатны Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг нэгтгэн дүгнэнэ”, 6.3 “Гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэнэ” дахь заалтуудаас үзвэл тухайн шатны Засаг дарга төрийн жинхэнэ албан хаагчийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэж, дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор дээд шатны байгууллагад хүргүүлэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нийгмийн ажилтан М.*******гийн Үйл ажиллагааны дүн, мэргэшлийн түвшинг 2012 онд 91.5 буюу “А” дүнтэй[1] 2012 оны 12 дугаар сарын 04-нд, 2013 онд 60 буюу “D” /дутагдалтай/[2] гэж үнэлэгдсэн, тухайн үнэлсэн үнэлгээтэй 2012 оны 12 дугаар сарын 05, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр танилцан гарын үсгээ зурсан бөгөөд эдгээр үнэлгээтэй маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч М.*******гийн 2014 онд ажилласан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг 57.3 буюу “F” /хангалтгүй/ гэж дүгнэсэн[3] гэх боловч тухайн үнэлгээ дээрх Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.7 “Гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно”, 6.8 ““Илтгэх хуудас”-ыг 3 хувь үйлдэж, менежер, төрийн жинхэнэ албан хаагч, үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (албан хаагч) тус бүр 1 хувийг авна” гэж заасны дагуу хүчин төгөлдөр болоогүй байна.

Өөрөөр хэлбэл, журмын 6 дугаар зүйлийн 6.5 /Төрийн жинхэнэ албан хаагч нь менежерийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ/-д заасны дагуу санал нийлээгүй тохиолдолд тайлбар гаргах боломжийг олгоогүй, мөн заалтын “Хэрэв менежер түрүүчийн өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн “Илтгэх хуудас”-нд тайлбарыг хавсарган төрийн жинхэнэ албан хаагчийн Хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно” гэсэн арга хэмжээ авагдаагүй тохиолдолд М.*******гийн 2014 оны үйл ажиллгаааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг  хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.

Мөн хариуцагчийн “М.*******гийн хороодын ажлын албадад явагдсан шалгалтаар хангалтгүй үзүүлэлттэй үнэлэгдсэн, хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлдэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй” гэх тайлбарт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.

Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгч М.*******г 2014 онд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нийгмийн ажилтнаар ажиллаж байхдаа “F” буюу “хангалтгүй” үнэлэгдсэн, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч албан тушаалтны маргаан бүхий захиргааны акт хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн нь баримтуудаар тогтоогдсон, хариуцагчаас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэсэнд анхан шатны шүүхийг буруутгаж “шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн” гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нөгөөтэйгүүр, шүүх ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, эсхүл хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй эсэхийг үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах эсэх нь өөрийнх нь хуулиар олгогдсон эрх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж зөв шийдвэрлэсэн боловч маргаан бүхий захиргааны актад хамааралтай хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй байгааг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “19 дүгээр зүйлийн 19.2, 26 дугаар зүйлийн 26.6” гэснийг “25 дугаар зүйлийн 25.1.1” гэж өөрчилж, 2 дахь заалтаас “28 дугаар зүйлийн 28.2.2” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                    Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                    Д.БАТБААТАР