Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2018/ДШМ/02

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 04 өдөр                        

    2018/ДШМ/02                                                         Зуунмод

 Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхбат,

Шүүгдэгч  Б.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, А.Золжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лувсаа, Л.Балжмаа,

Хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаа,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Н.Баяр,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 07 сарын 02 өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолтой  Б.Б-д холбогдох 201719000317 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, Ц.Дэлгэрням, хохирогч Б.Навчаа, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн өмгөөлөгч Н.Баяр нарын гаргасан гомдлыг  үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 сарын 12 өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Б.Б , Ховд аймагт 1980 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын байцаагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, ..... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:Т..1.

 

Шүүгдэгч  Б.Б  нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хьюндай Соната-6 маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Б.Навчаагийн эрүүл мэндэд хүнд, Б.Баасандоржийн эрүүл мэндэд хөнгөн, Б.Лхагвадоржийн эрүүл мэндэд хөнгөн, Д.Батхуягийн эрүүл мэндэд хүнд, Н.Мөнхгэрэлийн эрүүл мэндэд хүнд П.Нямдоржийн эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Эрдэнэчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Гантөмөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж Тоёота Ист маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Л.Батзулын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 02 өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч  Б.Б ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч  Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Т.Эрдэнэчимэг, Э.Гантөмөр, П.Нямдорж нарт төлөх төлбөргүй, хохирогч Т.Эрдэнэчимэг, Э.Гантөмөр, П.Нямдорж нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч  Б.Б ын жолоочийн 139478 дугаартай үнэмлэхийг эрх хасагдсан тул зохих байгууллагад шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,

мөн "HYUNDAI SONATA-6" маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01404692 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч  Б.Б т буцаан олгохыгтус тус дурдаж,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч УТ41031775 дугаарын регистртэй, Буурлууд овгийн Хүүхээгийн Лувсаа, ОТ72021760 дугаарын регистртэй, Борлууд овгийн Лувсаагийн Балжмаа нарт 39.533.822 төгрөгийг,

хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч 0081112762 дугаарын регистртэй, Харагчууд овгийн Батжаргалын Навчаад 9.452.178 төгрөгийг,

хохирогч МН75112561 дугаарын регистртэй, Боржигон овгийн Нямсүрэнгийн Мөнхгэрэлд 4.974.348 төгрөгийг,

хохирогч УЖ71102413 дугаарын регистртэй, Гонжав овгийн Дамбийнямын Батхуягт 216.644 төгрөгийг тус тус олгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лувсаа, Л.Балжмаа нарын нэхэмжлэлийн шаардлагаас шашин зан үйлтэй холбоотой 814.000 төгрөгийг, талийгаачийн гэрээс өгсөн гэх 3.000.000 төгрөгийг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөгийг, нийт 4.814.000 төгрөгийг,

хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаагийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

мөн хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаа нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилдэг ба энэ талаарх баримтаа,

мөн хохирогч Н.Мөнхгэрэл нь хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс нэхэмжилдэг ба энэ талаарх баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан давж заалдах гомдолдоо: 3Шүүгдэгч Баяндалай овогтой Бямбажавт холбогдох Эрүүгийн 17340004560002 дугаартай хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018.07.02-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа, Прокурорын хяналтын ажиллагаа, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ Эрүүгийн хуулинд заасан ялыг холбогдох этгээдэд завших боломж олгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж хэрэглэсэн, хохирогч, шүүгдэгчийн эрхийг хууль зөрчиж хязгаарлаж, хохироосон дараах үндэслэлүүд байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчсөн талаар:

1.МУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч” хэргийн газрын үзлэгийг хийхээр хуульчилсан. Тухайн хэрэгт Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан Төв аймгийн Баянчандмань суман дахь цагдаагийн хэсгийн дарга хошууч С.Батсайхан өөрөө хэргийн газрын үзлэгийг хийгээгүй, өөр цагдаагийн ажилтнаар хийлгэсэн, дараа нь үзлэгийн протоколыг нөхөж компьютероор шивж хөтөлсөн, ингэж хөтлөхдөө огноог 2018.06.28-ны өдөр гэж тэмдэглэсэн байдаг. Хэргийн газрын үзлэгийг хуульд заан журмын дагуу хийгээгүйн улмаас дээрх хэргийн бодит байдал тогтоогдохгүй, эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл тогтоогдохгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ талаараа С.Батсайхан анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “хэргийн газрын үзлэгийг өөрөө хийгээгүй алдаа гаргасан” зэргээ хүлээн зөвшөөрдөг.

2.Зам тээврийн осолд холбогдсон жолооч нараас тухайн цаг үед согтуурлын зэргийг шалгаагүй, гэмтлийн эмнэлэг дээр согтуурлын зэргийг тогтоох зорилгоор тухайн өдрийн орой цусны шинжилгээ авсан гэдэг. Мөрдөгч С.Батсайхан уг цусны дээжийг шинжилгээнд өгөхөө мартаад 20 гаруй хоногийн дараа шижилгээнд өгсөн миний буруутай үйлдэл байгаа гэдгээ шүүх хуралдааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрдөг, дээрх асуудлаар хүний цусан дахь этилийн спирт ууршиж болдог эсэх талаар мөн хэрэг учрал 2017.07.09-ны өдөр буюу ид халууны улиралд гарсан бөгөөд 20 гаруй хоног мартсан цус уурших, муудах, чанараа алдах зэрэг нөхцөл байдал үүсч болдог эсэх шинжилгээнд тэнцэх эсэх, холбогдогч нарын цус мөн эсэх талаар тодруулах зорилгоор биологийн шинжээчийг гэрчээр оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй оролцогчдийн эрхийг ноцтой зөрчсөн. 2017 оны 07 сарын 09-ны өдөр цусны шинжилгээ авсан гэх протоколд шүүгдэгчийг шүүхэд шилжүүлэх үед хүчээр нөхөж гарын үсэг зуруулсан байдаг. |1-р хх-ийн 28-р тал|

3.МУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах” ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаа гэж хуульчилсан. Мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дээрх мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулах ба дээрх ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар 24 цагийн дотор прокурорт мэдэгдэх, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээрх ажиллагааг хүчинтэйд тооцох эсэх талаар прокурор шийдвэр гаргаж баталгаажуулах эсэх талаар хуульчилсан. Гэтэл мөрдөгч хуульд заасанчлан дээрх ажиллагаагаа хүчинтэйд тооцуулах талаар прокурорт гаргасан хүсэлт прокурор нь шийдвэрлэсэн эсэх талаар үйл баримт хэргийн материалд огт байхгүй. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагч “албан тушаалтнууд хариуцлагагүй байдал гаргасан” гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж “тухайн машинаас архи үнэртэж байсан, урд сууж явсан ах эгч 2 муудалцаж байсан” гэж мэдүүлдэг,

4.Хэргийн газрын үзлэг, хавтаст хэрэгт авагдсан материал зэргээс харахад тухайн зам тээврийн осол болох үед осолд холбогдсон тээврийн хэрэгслүүд хэдэн км\цагийн хурдтай явж байсныг тодорхойлох боломжгүй талаар шат шатны шинжээчид дүгнэдэг. Тухайлбал шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон шинжээч Ж.Мягмаржав, Б.Баярсүрэн нар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “тухайн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тодорхойлох боломжтой байсан, хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн нөхөн үзлэг мөн дутуу бидэнд өгөгдсөн өгөгдөл хангалтгүй учраас дүгнэлт гаргах боломжгүй, жишээлбэл зам дугуйн барьцалдах чадварын тодорхойлолт зэрэг мөн бусад өгөгдлүүд ирээгүй улмаас хурдыг тогтоож чадаагүй, шинжлэх ухаанд хурдыг тогтоох боломж болон олон аргууд байдаг,  иймээс хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад боломжгүй гэж хариулсан” гэж мэдүүлдэг. Хэргийн газрын үзлэгийн хангалтгүй хийсэн талаараа мөрдөгч прокурор хүлээн зөвшөөрдөг.

5.Хэргийн газрын үзлэгийн схем зургаас харахад хохирогч Л.Батзулын сууж явсан 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тормозны мөр байхгүй, осол болсон А цэгээс 7метр газар шидэгдсэн зэрэг нь тухайн тээврийн хэрэгсэл асар хурдтай явж байсан, хохирогч Б.Навчаагийн “та мал ачиж яваа биш хурдаа хасаач” гэж хэлж байсан мэдүүлгээр нотлогддог. Мөн Улаанбаатараас Дархан чиглэлд Баянчандмань суурийн газрыг тэмдэглэсэн тэмдэглэгээ зэрэг байхгүй нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хамаарна. Үүнийг тогтоогоогүй.

6.Хэрэг гарах үед талийгаачийн зорчиж явсан тээврийн хэрэгслийн жолооч Д.Батхуяг нь хэргийн газрыг орхин зугтаасан хохирогчид анхны тусламж үзүүлээгүй үүнээс үүдэн хохирогч амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал үүсдэг. Мөн хохирогч гэгдэх Д.Батхуяг нь жолооны үнэмлэхгүй, тухайн осол болох үед Соната-7 гэх машин мөргөлдсөн гэдэг мэдүүлэг өгдөг. Хууль сануулсан хохирогч Соната-7 гэдэг машин зам тээврийн осолд орсон гэж мэдүүлдэг бөгөөд хэрэв ийм тээврийн хэрэгсэл осолд холбогдсон бол түүнийг шалгах байсан.

7.57-20УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Батхуяг нь зам тээврийн осол гарсны дараа хохирогчид тусламж үзүүлэхгүй хэргийн газрыг зориуд орхин зугтсан байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шинжийг агуулж байна. Хохирогч гэгдэх Д.Батхуяг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “талийгаачийн гоожсон цусыг гараараа дарж зогссон, хохирогч Б.Навчаа болон хүүхдүүдийг нь машинаас гаргасан” гэж мэдүүдэг. Энэ нь шүүгдэгч  Б.Б , хохирогч Б.Навчаа нарыг мэдүүлэгээр үгүйсгэгддэг. Талийгаач гэмтэл авснаас хойш хүчтэй цус алдсаар байсан бөгөөд хэргийн газар ирсэн бие бүрэлдэхүүн, шүүгдэгч  Б.Б  нар машинаас гаргаж эмнэлгийн тусламж үзүүлсэн байдаг. Энэ нь хохирогч Б.Навчаа, шүүгдэгч  Б.Б  нарын мэдүүлгээр нотлогддог. Харин Д.Батхуяг нь осол болсон хэргийн газраас хол зайтай байсан нь хохирогч болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Хохирогч Б.Навчаа, хохирогч гэгдэх Д.Батхуяг нарын мэдүүлэг эрс зөрүүтэй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн.

8.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэгбус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно” гэж хуульчилсан. Уг хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан Баянчандмань суман дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч С.Батсайхан нь уг хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байхдаа сэжигтэн  Б.Б аас өөрийн болон цагдаагийн газрын даргын хувийн хэрэгцээний Тракторыг будах шаардлагатай байна гэж тулган шаардаж  Б.Б ын өөрийнх нь мөнгөөр 2 трактор будах 140.000 |нэг зуун дөчин мянга| төгрөгийг гаргуулан авто будаг авахуулж шүүгдэгчээр өөрөөр нь албадан будуулсан, мөн 40.000 |дөчин мянган| төгрөгөөр өөрийнхөө хувийн машинд бензин хийлгэсэн, мөн  Б.Б ын эзэмшлийн 100.000 |нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий самсунг с-4 маркын гар утсыг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн авч шүүгдэгчид нийт 280.000 \хоёр зуун наян мянга\ төгрөгийн хохирол учруулан Үндсэн хууль, эрүүгийн хууль,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдаг.

9.Мөн хошууч С.Батсайхан нь талийгаач Л.Батзулыг нас барсан талаарх холбогдох байгууллагын албан бичгийг шүүгдэгчийг дарамтлан түүгээр хохирогчийн ар гэрт хүргүүлсэн байдаг.

Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж шийтгэх тогтоол гаргасан талаар:

10.Монгол Улсын иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хохирогч гэгдэх Н.Мөнхгэрэл гэдэг нь хэрэгт авагдсан материалаас харагддаг. 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглах явцад түүгээр зорчиж явсан Л.Батзулын амь нас хохирсон байх тул Н.Мөнхгэрэлийг иргэний хариуцагчаар татаж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээн авсан хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй хариу өгөөгүй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан хуулийн заалтыг анхан шатны шүүх зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно, Энэ хуульд заасан үндэслэл, урмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан бөгөөд давж заалдах гомдлын 2 хэсэгт дурдагдсан 1-р хавтаст хэргийн 146-148 дугаар хуудаснуудад авагдсан осолд холбогдсон жолооч нарын согтуурлын зэргийг тодорхойлсон цусны шинжилгээний шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэг хариу тайлбар огт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан хуулийн заалтыг анхан шатны шүүх зөрчсөн.

11.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Батхуяг нь хот хооронд хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй, замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн, талийгаачид суудлын бүс зүүлгээгүй зэрэг үйлдлүүдээ хүлээн зөвшөөрсөөр байтал үүнийг үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй

12.Мөн мөрдөгч хууль зөрчсөн, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан, прокурор мөрдөн шалгах ажиллагаанд албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан хариуцлагагүй нөхцөл байдал үүссэн зэргийг хүлээн зөвшөөрсөөр байтал үүнийг мөн үнэлж дүгнээгүй шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй,

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж заасан. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг бөгөөд шүүхээс шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөх талаар завсарлага авах хүсэлтийг гаргасан боловч “завсарлага өгч болно өгөхгүй ч байж болно” гэдэг үндэслэлээр шүүх хүлээн аваагүй хүчээр шүүгдэгчийн бөгөөд ХОХИРОГЧИЙН эрхийг зөрчиж шийдвэрлэсэн.

14.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан. Шүүгдэгч  Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Эрүүгийн хууль, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

15.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлууд нэг ч нотлогдоогүй, осолд орсон тээврийн хэрэгслүүдийн хурдыг тодорхойлж чадаагүй байж хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэж байгаад үнэхээр харамсаж байна. Хавтаст хэрэгт авагдсан өгөгдлүүд дутуу учраас хурдыг тогтоож чадаагүй гэдгийг мэргэжлийн шинжээчид илэрхийлдэг.

Иймд хэргийг ПРОКУРОРТ БУЦААН нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж хэргийг хууль ёсны болгож хуулийн дагуу шийдүүлж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням гаргасан давж заалдах гомдолдоо:Монголын хуульчдын холбооны гишүүн, емгөөлөгч Ц.Дэлгэрням миний бие эрүүгийн 1734000450002 дугаартай гэмт хэрэгт холбогдсон Баяндалайн Бямбажавтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, түүний өмгөөлөгчөөр ажиллаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2018.07.02-ны өдрийн №189 дугаартай Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хохирогч Д.Батхуяг нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох, яагаад миний үйлчлүүлэгчийн унаж байсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоож болоод байгаа мөртлөө Батхуягийн унаж явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоож чадахгүй байна вэ, хурд нь тогтоогдчихсон, өгсөж яваа автомашиныг мөргөлдөхдөө хойш нь 3 метр орчим чирж яваа машиныг хурдыг яагаад тогтоож болохгүй байсан бэ, эсвэл тогтоохыг хүссэнгүй юу.

Д.Батхуягийн МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б дахь хэсэгт заасныг зөрчсөн нь Л.Батзулын амь хохирсон, хохирогч Б.Навчаад хүнд хохирол учирсан, хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарт хөнгөн хохирол учирсантай шалтгаант холбоотой эсэхийг тогтоох,

Д.Батхуяг нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 б дахь хэсэгт заасан " ... зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн түсламж дуудах" үүргээ биелүүлсэн эсэх, мөрдөн байцаалтын шатанд хохирлын тооцоог үнэн зөвөөр гаргаагүй зэрэг хэргийг шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2018.07.02-ны өдрийн №189 дугаартай Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогч нарын өмгөөлөгч Н.Баяр гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018-07-02-ны өдрийн 189 тоот шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.  Б.Б т холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, шалгаж тогтоох зүйл олон байхад Төв аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ЭХХШТХ-ийн 1, 1.7-ийн 2-дахь заалтыг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаах байтал шийтгэх тогтоол гаргасан.

 Б.Б т холбогдох хэрэгт а/. Хэргийн газрын үзлэг хийхдээ хэрэг учрал болсон гэх газрын орчин нөхцөл байдлыг огт шалгаагүй Тухайлбал хэрэгт авагдсан фото зургаас үзэхэд Ист машины жолооч хурд багатай явсан бол осол гаргахгүйгээр, осол гарсан ч хүний амь нас үрэгдэх хэмжээний осол гарахгүй байх боломжтой харагддаг . Энэ талаар техникийн шинжээчид асуулт тавихаар хэрэгт энэ талаар дүгнэлт гаргахаар хангалттай баримт байхгүй гэсэн хариу өгдөг. Иймд тухайн газар дахин үзлэг хийж ИСТ машины жолооч Батхуяг нь осол гаргахгүй байх боломжтой байсан эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

2. Техникийн шинжээчийн 2017- оны 12/03 дугаарын дүгнэлтэд: Өмгөөлөгч Н.Баяр миний хүсэлтэд тавигдсан асуултын 3 дахь асуултанд хариулахдаа ИСТ - 57-20 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ослоос зайлуулах арга хэмжээ авах гээд амжилгүй мөргөлдсөн байх магадлалтай гэж хариулсан.

Энэ хариултаас үзэхэд Ист тээврийн хэрэгслийн жолооч Батхуяг нь ямар нэг зогсоох арга хэмжээ аваагүй болох нь тодорхой байна.

5-дахь асуултанд: Бүс бүсэлсэн үед хүнд бэртлээс 50% хүртэл сэргийлж чадна гэсэн статистик судалгааны дүн байдаг гэж хариулсан. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3.6-д ...Хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх ...гэж зорчигч хамгаалах бүс зүүгээгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон . Д.Батхуяг нь Талийгаач болон бусад зорчигч нар бүс зүүгээгүйг мэдсээр байж тэдэнд хамгаалах бүсийг нь зүүлгэлгүй замын хөдөлгөөнд оролцож ,улмаар осол гаргаж талийгаач хохирогч Л.Батзулын биед амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан. Хэрвээ хохирогчид бүс зүүлгэсэн байсан бол хохирогч Батзул амьд байх байсан.

Түүнчлэн Батхуяг нь хот хооронд хүн тээвэр хийх эрхгүй байж хүн тээврийн үйл ажиллагаа явуулсан ба ЗХД-ийн 2.5.6-д заасны дагуу талийгаач Батзулд эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй түргэн тусламж дуудаагүйгээс хохирогчийн амь нас хохироход нөлөөлсөн.

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018-07-02-ны 189- тоот шийтгэх тогтоолын 10 дахь хуудасны нүүрэн талд: ....Бүс бүслээгүй нь амь нас эрсдэхгүй байх, хүнд гэмтэл учрахгүй байх........талаар асуусан асуултанд шинжээч нарын санал нэгтэй гаргасан дүгнэлтийнхээ талаар тайлбарласан мэдүүлэг, асуулт хариултыг үндэстэй гэж үзэн шийдвэрийнхээ үндэслэл болголоо гэж заасан. Гэтэл шинжээч нар нь Зорчигчид бүс зүүлгэсэн бол хохирогч нарын авах гэмтэл багасах боломжтой гэж дүгнэлт гаргасан мөртлөө шүүх хурал дээр энэ талаар эмнэлгийн байгууллага дүгнэлт гаргана гэх мэтээр зөрүүтэй тайлбар гаргадаг. Эцэст нь шинжээч нар зорчигчид бүс зүүлгэсэн эсэхийг шүүх тогтооно гэсэн. Шүүх тогтоогоогүй байж шинжээч нарын дүгнэлт тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан гэж байгаа нь өөрөө ноцтой алдаа болж байна. Тэрч байтугай Д.Батхуяг зорчигч нарт бүс зүүлгээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тодорхой байхад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэж байгаа нь илт нэг талыг барьж  хууль ноцтой зөрчиж байна.

Тухайлбал: Хохирогч Батзулд хамгаалах бүс зүүлгэсэн эсэхийг тогтоолгохоос шүүх яагаад татгалзаж байгаа талаараа тодорхой баримт дурьдаагүй. Өөрөөр хэлбэл Д.Батхуяг, Мөнхгэрэл, хохирогч Навчаа нарын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлгийг юугаар үгүйсгэж байгаа нь тодорхойгүй. Гэтэл шинжээч нар нь шүүх хуралдаан дпээр мэдүүлэхдээ хавтаст хэрэгт тийм мэдүүлэг байгаа бүс зүүсэн ,бүс зүүлгэсэн эсэхийг шүүх тогтооно гэсэн.

З. Хохирогч Лувсаа.Балжмаа, Навчаа нар нь туйлын гомдолтой, сэтгэл санааны маш хүнд хямралтай байгаагаас биеийн эрүүл мэнд муудах зэргээр сөрөг үр дагаварууд гарч ирж байхад шүүх хохирогч Навчаагийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болох 30.000.000 сая төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

Мөн насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж Б.Лхагвадорж нарын тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдсон гэрчилгээ нь олгогдсон байхад хохирогч Навчаагийн нэхэмжилсэн 72.630.000 төгрөгийн нэхэмжлэлийг cap бүр хэдэн төгрөгөөр тогтоогдсон нь тодорхойгүй гэж үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

 Б.Б т олон удаа хохирол төлөхийг хүссэн боловч үл ойшоож миний үйлчүүлэгч нарт нэгч төгрөгний хохирол төлөхгүй байгаа миний үйлчлүүлэгч нарыг хэт басамжилж дорд үзэж тэдний сэтгэл санааг улам хүнд байдалд оруулсан байхад шүүх хэт хөнгөн ял оногдууллаа.

 Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ЭХХШТХ-ийн 39.5.1, 1.3, 39.6.1.2 ,1.3, 36.17.2-ийн 3-дахь заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018-07-02-ны 189 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хохирогч Б.Навчаа гаргасан давж заалдах гомдолдоо:Tөв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж чадаагүй. Уг зам тээврийн осол ганцхан  Б.Б  гэдэг хүний замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болсон гэсэн техникийн шинжээчийн дүгнэлтэд хөтлөгдөж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, уг хэрэгт гэм буруутай Д.Батхуяг гэдэг хүнд ял завшуулсан, мөн хохирогч миний нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болох хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж нэхэмжилснийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Уг осол хэдийгээр  Б.Б  гэдэг жолоочийн эсрэг урсгал сөрөн зогсоох арга хэмжээ аваагүй үйлдлээс болж гарсан байх боломжтой боловч хэрэв жолооч Д.Батхуяг нь мөн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж явсан бол уг ослыг гаргахгүй байх. мөн осол гарлаа гэхэд уг ослоос бий болсон хор уршиг, үр дагаварыг бууруулах бүрэн боломжтой байсан гэж үзэхээр байна. Техникийн шинжээчийн дүгнэлтэд ч гэсэн дурьдагдсан байгаа. Хэрэв хамгаалах бүс бүсэлсэн байсан бол хохирогч нарын авсан гэмтэл багасах боломжтой гэж бичсэн байна. Иймд Д.Батхуяг нь замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж зорчигч бидэнд хамгаалах бүс бүслүүлсэн бол миний нөхрийн амь нас аврагдах, мөн надад болон хүүхдүүдэд маань учирсан гэмтэп багасах боломжтой байсан гэдэг нь техникийн шинжээчийн дүгнэлтээс ч харагдаж байна. Анхан шатны шүүхээс "... Д.Батхуягийн хохирогчид хамгаалах бүс бүслүүлээгүй байдал нь зам тээврийн осол гарах нөхцөл байдлыг бий болгоогүй. Амь хохирогч, хохирогч нартай шалтгаант холбоогүй" гэж дүгнэж зөвхөн осол хэний буруугаас болж гарсан бэ гэдэгт ач холбогдол өгч өнгөц дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн энэ дүгнэлтээс харахад осол гарсан л бол хүний амь хохирдог, хүнд гэмтэл учирдаг гэж үзэхээр байна. Энэ бол тийм биш. Хэрэв бидний зорчиж явсан жолооч Д.Батхуяг нь замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж хамгаалах бус бүслүүлсэн бол, зам дээр хоёр машин мөргөлдчихсөн, аюул саад бий болчихсон байхад хурдаа хасаж анхаарал болгоомжтой явсан бол, зогсоох арга хэмжээ авсан бол ийм осол гаргахгүй байх, хэрэв урдаас ирээд мөргөлөө гэхэд ийм хэмжээний хор уршиг учрахгүй байх бүрэн боломжтой байсан байна. Иймд Д.Батхуягийн Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэл нь уг хэргийн улмаас учирсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй. хэргийн талаар дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан тайлбар, дүгнэлтэдээ: Шинжээчийн дүгнэлтээр хэргийн нөхцөл байдлыг тогтоосон. Зам тээврийн осол нь тухайн үед л шалгаж тогтоогддог зүйл. Одоо дахин шалгаж тогтоох эргэлзээтэй зүйл байхгүй. Хэргийн бүрдэл хангагдсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Н.Баяр гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Энэ асуудлыг өмнө нь олон удаа ярьсан. Батхуяг хэрэгт холбогдолтой учраас миний үйлчлүүлэгч нар гомдолтой байгаа юм. Манай хохирогч нарын хамгийн гомдолтой зүйл нь хамгаалалтын бүс бүслүүлсэн бол эрүүл мэндээр хохирсон ч амь нас нь хохирохгүй байх боломж байсан гэж үзэж байгаа. Осол гарахад хурдтай явсан нь нөлөөлсөн байна. Зогсоох арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл аваагүй байгаа. Мөн хохирогч Навчаагийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 30 сая төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Дээр нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хэрэгсэхгүй болгосон. Хохирол нэг ч төгрөг төлөгдөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Балжмаа гаргасан тайлбартаа: Энэ хэрэг мөрөн байцаалтаас эхлээд буруу явсан. Прокурор биднийг хуурсаар явж байна. Хүн алсан хүн хуулиар хариуцлага хүлээхгүй байна. Бямбажав  хоёрын хоёр өмгөөлөгч авчаад хохирлын 30 гаруй сая төгрөгнөөс зохих хэмжээгээр төлөхгүй яасан юм бэ. Хохирлоо авч чадаагүй учраас гомдоод сууж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Лувсаа гаргасан тайлбартаа: Батхуяг хүний амь нас хохироход шууд хамаатай. Улсын яллагч авгай буруутай. Ямар ч тормоз барьсан мөргүй. 4-5 метр ухраагаад мөргөсөн байна. Хэргийг зөв шийдэх ёстой. Цаг агаарын нөхцөл хүнд байхад хэрэг гарсан бол надад гомдолгүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Навчаа гаргасан тайлбартаа: Үнэхээр харамсалтай байна. Энэ залуу 2-3 жил суугаад гараад ирнэ. Миний хүүхдүүд аавгүй болсон гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гарсан. Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн б-д заасан заалтыг зөрчөөгүй бол хүний амь нас хохирохгүй байсан. Үүнийг Батхуяг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон байна. Жолооч Батхуяг нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурдыг хэтрүүлсэн болох нь хохирогч Навчаагийн мэдүүлгээр нотлогддог. Шинжээчийн дүгнэлт шаардлага хангахгүй байна. Хуучин хууль шинжээчид сануулсан байна. Тусгай мэдлэгтэй шинжээчийн дүгнэлтээр хохирлын тооцоог зөв бодитой гаргуулах шаардлагатай байгаа. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал гаргасан тайлбартаа: Зам тээврийн осол нь материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг юм. Хохирлын үнэлгээний тайлан нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Нотлох баримтаар үнэлэх боломжгүй нотлох баримт байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх  Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч  Б.Б  нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт дэвсгэрт “Хьюндай Соната-6” маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Д.Батхуягийн жолоодож явсан “Тоёота Ист” маркийн 57-20 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган Б.Баасандорж, Б.Лхагвадорж, Э.Гантөмөр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Т.Эрдэнэчимэг, П.Нямдоржийн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Навчаа, Н.Мөнхгэрэл, жолооч Д.Батхуяг нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, зорчигч Л.Батзулын амь нас хохирсон болох нь хохирогч Б.Навчаа /1 дүгээр хх-ийн 35-37 дугаар хуудас/, хохирогч Д.Батхуяг /1 дүгээр хх-ийн 38-39 дүгээр хуудас/, хохирогч Н.Мөнхгэрэл /1 дүгээр хх-ийн 43-45 дугаар хуудас/, хохирогч Т.Эрдэнэчимэг /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.Гантөмөрийн /1 дүгээр хх-ийн 51-52 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж /1 дүгээр хх-ийн 57-58 дугаар хуудас/, хохирогч П.Нямдорж /1 дүгээр хх-ийн 67 дугаар хуудас/, гэрч Ч.Энхбаатар /1 дүгээр хх-ийн 72 дугаар хуудас/, гэрч Т.Лхагва-Очир /1 дүгээр хх-ийн 76 дугаар хуудас/, гэрч Ш.Эрдэнэчимэг /1 дүгээр хх-ийн 82 дугаар хуудас/, гэрч Б.Болдбаатар /1 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас/, гэрч Х.Мөнх-Эрдэнийн  /1 дүгээр хх-ийн 86 дугаар хуудас/ мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 11 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 12-27 дугаар хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 100-103 дугаар хуудас/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК, Ашид Билгүүн ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралтууд /1 дүгээр хх-ийн 151-160 дугаар хуудас/, шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 114 /1 дүгээр хх-ийн 87-97 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 404 /1 дүгээр хх-ийн 105 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 421 /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 420 /1 дүгээр хх-ийн 109 дүгээр хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 431 /1 дүгээр хх-ийн 111-112 дугаар хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 432 /1 дүгээр хх-ийн 114-115 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8864 /1 дүгээр хх-ийн 117 дугаар хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8861 /1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8860 /1 дүгээр хх-ийн 121 дүгээр хуудас/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний 00000073 /1 дүгээр хх-ийн 122-123 дугаар хуудас/, Замын Цагдаагийн албаны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 345 /1 дүгээр хх-ийн 128-129 дүгээр хуудас/, Техникийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/03 /1 дүгээр хх-ийн 138-144 дүгээр хуудас/ дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

 Б.Б-д холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана.” гэсэн зарчимд нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч  Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Анхан шатны шүүхийн “...хохирогч Д.Батхуягийн зорчигчид хамгаалах бүс бүслүүлээгүй байдал нь зам тээврийн осол гаргах нөхцөл байдлыг бий болгоогүй, амь хохирогч, хохирогч нарт учирсан хохиролтой шалтгаант холбоогүй ба ... тухайн зам тээврийн осол гарах болсон нөхцөл нь шүүгдэгч  Б.Б ын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д заасан “...саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...”, 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг тус тус зөрчиж хийсэн буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд тухайн зам тээврийн осолд шүүгдэгч  Б.Б ын буруутай үйлдэл шууд шалтгаант холбоотой.” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.  Тухайн нөхцөл байдал, цаг хугацаанд Замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д заасан “...саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...”, 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг тус тус зөрчиж зорчиж буй эгнээнд нь зогсож байсан тээврийн хэрэгслийг тойрох үйлдэл хийн эсрэг урсгалд орсон нь зам тээврийн осол гарах эрсдлийг үүсгэж улмаар хүний амь нас хохирч, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд тухайн зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Дээрх тохиолдолд  Б.Б ын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь замын хөдөлгөөнд оролцогчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд өндөр эрсдэл учруулж байгаа тул эсрэг урсгалд зорчиж явсан машины жолооч нь зорчигчид бүс бүслүүлээгүй тээвэрлэж явсан, тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан эсэхээс үл хамааран зам тээврийн осол гарч, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрах эрсдэлтэй нөхцөл байдлыг бодитойгоор бий болгосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “1. Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг хүндэвтэр, хүнд, хүний амь нас хохирсон хохирол учруулсан бол ял шийтгэхээр хуульчилсан. Анхан шатны шүүх  Б.Б ыг 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь буруу байх тул шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтад өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүхийн хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч УТ41031775 дугаарын регистртэй, Буурлууд овгийн Хүүхээгийн Лувсаа, ОТ72021760 дугаарын регистртэй, Борлууд овгийн Лувсаагийн Балжмаа нарт 39.533.822  төгрөгийг, хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч ОО81112762 дугаарын регистртэй, Харагчууд овгийн Батжаргалын Навчаад 9.452.178  төгрөгийг, хохирогч МН75112561 дугаарын регистртэй, Боржигон овгийн Нямсүрэнгийн Мөнхгэрэлд 4.974.348 төгрөгийг, хохирогч УЖ71102413 дугаарын регистртэй, Гонжав овгийн Дамбийнямын Батхуягт 216.644 төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лувсаа, Л.Балжмаа нарын нэхэмжлэлийн шаардлагаас шашин зан үйлтэй холбоотой 814.000 төгрөгийг, талийгаачийн гэрээс өгсөн гэх 3.000.000 төгрөгийг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөгийг, нийт 4.814.000 төгрөгийг, хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаагийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэсэн байх тул “мөрдөн байцаалтын шатанд хохирлын тооцоог үнэн зөвөөр гаргаагүй” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин 1-р хавтасны 60-61, 2-р хавтасны 004 дүгээр хуудсанд Б.Лхагвадорж, Б.Баасандорж нарын төрсний гэрчилгээнүүд болон тэжээгчээ алдсаны  тэтгэврийн №76491 дугаартай дэвтрийн хуулбарууд, цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт байсаар атал  анхан шатны шүүх “ ...мөн хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаа тэжээгчээ алдсаны тэтгэмж 72.630.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтас хэрэгт энэ талаарх баримт дутуу, учир нь амь хохирогчийн хүүхдүүд болох Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарт сар бүр тэжээгчээ алдсаны тэтгэмж хэдэн төгрөгөөр тогтоосон нь тодорхойгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй” гэж дурдан шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлд зааснаар гэм хор учруулсны төлбөр 172254 төгрөгийг шүүгдэгч  Б.Б аас сар тутам гаргуулан насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаад төлүүлэхээр,  түүнчлэн уг гэм хор учруулсны төлбөрийг сар тутам төлүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосон өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 12 сарын хугацаанд төлөгдөх байсан гэм хор учруулсны төлбөр 2.067.048 төгрөгийг шүүгдэгч  Б.Б аас гаргуулан насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаад олгуулахаар шийдвэрлэв.

Иймд “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 02 өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай. Үүнд:

а. 1 дэх заалтын “1. Шүүгдэгч  Б.Б ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “ 1. Шүүгдэгч  Б.Б ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

б. 4 дүгээр заалтыг “4. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4 дэх хэсгийн 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч  Б.Б аас амь хохирогч Л.Батзулын 2007 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн хүү Батзулын Баасандорж, 2012 оны 06 сарын 20-ны өдөр төрсөн хүү Батзулын Лхагвадорж нарыг 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь гэм хор учруулсны төлбөр 172254 төгрөгийг сар бүр, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосон өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 12 сарын хугацаанд төлөгдөх байсан гэм хор учруулсны төлбөр 2.067.048 төгрөгийг тус тус  гаргуулан насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаад олгосугай.” гэж,

в. 6 дугаар заалтыг “ 6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лувсаа, Л.Балжмаа нарын нэхэмжлэлийн шаардлагаас шашин зан үйлтэй холбоотой 814.000 /найман зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг, талийгаачийн гэрээс өгсөн гэх 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 /нэг сая/ төгрөгийг, нийт 4.814.000 /дөрвөн сая найман зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг, хохирогч, насанд хүрээгүй хохирогч Б.Баасандорж, Б.Лхагвадорж нарын хууль ёсны төлөөлөгч Б.Навчаагийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 30.000.000 /гучин сая/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн хохирогч Н.Мөнхгэрэл нь хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсний талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,  Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Т.Эрдэнэчимэг, Э.Гантөмөр, П.Нямдорж нарт төлөх төлбөргүй, хохирогч Т.Эрдэнэчимэг, Э.Гантөмөр, П.Нямдорж нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч  Б.Б ын жолоочийн 139478 дугаартай үнэмлэхийг эрх хасагдсан тул зохих байгууллагад шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг, мөн “HYUNDAI SONATA-6” маркийн 19-43 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01404692 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч  Б.Б т буцаан олгохыг тус тус дурдсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.  

 

            2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

   ШҮҮГЧИД                                                         Т.ЭНХМАА

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ