Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0391

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Н в” ХХК /РД:**/.

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч П.С, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц нарт холбогдох,

Гомдлын шаардлага: “...Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч П.С, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц нарын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0302858 дугаар шийтгэлийн хуудасны 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.А, хариуцагч татварын улсын байцаагч П.С, Э.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Н в” ХХК-ийн төлөөлөгч Г.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани нь мэдээлэл технологи, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн худалдаа, программ хангамжийн үйлчилгээ үзүүлж, мөн гадна дотор шугам сүлжээ байгуулах, гал хулгайн дохиолол, хяналтын камер суурилуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт угсралт суурилуулалтын үйл ажиллагаа явуулдаг.

Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч П.С, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц нар манай компанид 2014 оны 01 дүгээр сарын 01-ээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны хяналт шалгалтыг хийж 90.651.423.33 /ерэн сая зургаан зуун тавин нэг мянга дөрвөн зуун хорин гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийн нөхөн татвар, 27.195.427.00 /хорин долоон сая нэг зуун ерэн таван мянга дөрвөн зуун хорин долоо/-н төгрөгийн торгууль, 16.535.884.70 /арван зургаан сая таван зуун гучин таван мянга найман зуун наян дөрвөн төгрөг далан мөнгө/ төгрөгийн алданги нийт 134.382.735.00 /нэг зуун гучин дөрвөн сая гурван зуун наян хоёр мянга долоон зуун гучин тав/-н төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0302858 дугаар шийтгэлийн хуудас бичсэн.

Манай компанийн зүгээс шийтгэлийн хуудасны нэг болон хоёрдугаар хэсгийг хүлээн зөвшөөрч сайн дураараа биелүүлж, нөхөн татвар, торгууль, алдангийг төлсөн.

Харин татварын байцаагчдын зөрчил гэж заасан гурав дахь зүйлд тусгагдсан 2016 онд “Т Х” ХХК-иас худалдан авсан 11-н удаагийн нийт 818.181.818.30 /найман зуун наян нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун арван найман төгрөг наян мөнгө/ төгрөгийн бараа материалын худалдан авалтыг хуурамч падаанаар худалдан авалтын хасалт хийсэн байна гэж үзэж 818.181.818.30 /найман зуун наян нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун арван найман төгрөг наян мөнгө/ төгрөгийн нөхөн татвар 24,545,454.50 /хорин дөрвөн сая таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун тавин дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийн торгууль, 16,363,636.40 /арван зургаан сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун гучин зургаан төгрөг дөчин мөнгө/ төгрөгийн алданги нийт 122.727.271 /нэг зуун хорин хоёр сая долоон зуун хорин долоо мянга хоёр зуун далан нэг/-н төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь “Т Х” ХХК-аас манай компанийн худалдан авсан 11 удаагийн нийт нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр 900.100.472.00  /есөн зуун сая нэг зуун мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийн худалдан авалт нь бараа материалын зарлагын падаан, төлбөр төлсөн баримт, төлбөрийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд “Т Х” ХХК-иас хууль журмын дагуу бараа материал худалдан авч холбогдох нягтлан бодох бүртгэлийн баримтаар хүлээлцэн авч, хариуд нь төлбөрийг барагдуулан, “Т Х” ХХК нь төлбөр тооцоо, борлуулалт хийгдсэнийг гэрчлэх нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтыг гаргаж өгсөн. Мөн “Т Х” ХХК нь эдгээр гүйлгээг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа өөрөө тусгасан байдаг.

Бид тухайн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тогтоолоор шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан.

Иймд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч П.С, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц нарын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0302858 дугаартай шийтгэлийн хуудасны зөрчлийн 3 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... “Н в” ХХК нь шийтгэлийн хуудсын 3 дахь хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 3 дахь хэсгийн заалт нь 2013 онд “Т х” ХХК-иас худалдан авсан 11 удаагийн нийт 818.181.818 /найман зуун наян нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун арван найм/-н төгрөгийг бараа материалын худалдан авалтыг хуурамч падаанаар худалдан авалт хийгээд түүний үр дүнг татвар төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийсэн энэ нь зөрчил болж байна гэж үзэж 81,818,000 төгрөгийн нөхөн татвар, мөн торгууль, алдангийг ногдуулсан. Бодит байдал дээр “Н в” ХХК нь “Т х” ХХК-иас худалдан авалт хийгээд нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээрээ 900 сая төгрөгийн худалдан авалт хийгээд үүнийг зарлагын падаан, төлбөр төлсөн баримт зэрэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Худалдан авалт хийж төлбөрөө төлсөн учир хий бичилттэй падаанаар татварыг багасгаж төлсөн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

“Т х” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, гаалиар бараа бүтээгдэхүүн оруулж ирээгүй байна. Бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа этгээд нөгөө этгээдээсээ хаанаас авсан гэдгийг тодруулаагүй. Бараагаа авч баримт үйлдэн үнийн дагуу “Т х” ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн тодорхойлолтын дагуу 2013 онд татвар төлөгч болсон гэдгийг тодорхойлсон. Бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн компанийг шалгаах шаардлагагүй. “Т х” ХХК нь олдохгүй байгаа. Нэхэмжлэгч компани асуудал гарснаас хойш “Т х” ХХК-г хайсан боловч холбогдож чадаагүй. Төрийн байгууллага нь тус компанийг олж чадахгүй байгаа. “Т х” ХХК олдохгүй байгаа нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм. “Т х” ХХК нь гурван удаагийн тохиолдлоор нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа задаргаагаар нь өгсөн. Эдгээрийг хооронд нь нэмэхэд үнийн дүн нь гарч байгаа үүн дотор 290 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын төсөвт төлөх өртэй гэж байгаа. Өрийг авах эрх нь татварын хэлтсийн асуудал. “Н в” ХХК-тай уулзахад энэ маргаанаас өөр өр төлбөр байхгүй гэдгээ хэлсэн. Эрүүгийн журмаар энэ компани нь хий бичилттэй падаан үйлдэж улсад хохирол учруулдаг гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй учир бусад ижил төрлийн маргаанаас ялгаатай, нэгэнт “Т х” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төлнө гэдгээ тайлагнасан учир төлөх үүрэг нь “Т х” ХХК уруу шилжсэн “Н в” ХХК-д хамааралгүй.

Иймд гомдлын шаардлагыг хангаж шийтгэлийн хуудасны 3 дахь хэсэг болох 122,727.271 /нэг зуун хорин хоёр сая долоон зуун хорин долоо мянга хоёр зуун далан нэг/-н төгрөгийг зөрчлийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч П.С, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч компани нь “Т х” ХХК-иас 2016 онд нийт 900,000,000.00 төгрөгийн /НӨАТ-тэй дүнгээр/ дуу дүрс бичлэгийн тоног төхөөрөмжүүд, шилэн кабел, радио станц, асар майхан гэх мэт олон төрлийн бараа материал, эд хөрөнгийг худалдан авсан гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусган татвар ногдох орлогоос хассан боловч энэ нь хяналт шалгалтын явцад тус “Т х” ХХК-тай бодитоор хийгдээгүй ажил гүйлгээ болох нь дараах байдлаар нотлогдож байсан.

“Н в” ХХК нь 2016 онд 900,000,000.0 /есөн зуун сая/ төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр бараа материал худалдаж авсан нь компанийн харилцах данснаас нягтлан бодогч Б.Ариунтуяагийн хувийн харилцах 5001261283 тоот данс уруу шилжүүлсэн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 95,000,000.0 /ерэн таван сая/ төгрөгийн, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 60,600,000.0 /жаран сая зургаан зуун мянга/-н төгрөгийн, нийт 155,600.000 /нэг зуун тавин таван мянга зургаан зуу/-н төгрөг нягтлан бодогч тус мөнгийг бэлнээр “Т х” ХХК-д өгсөн гэх шилжсэн гүйлгээнээс өөр харилцах болон кассын зарлагаар гарсан гүйлгээ байгаагүй, кассын зарлагын баримт байхгүй, хяналт шалгалтын явцад нягтлан бодогч А.Гантуул “Т х” ХХК-иас худалдан авсан барааны дэлгэрэнгүй тайланг нэгтгэж тусад нь гаргаж ирсэн зэргээр “Т х” ХХК-иас худалдан авалт хийсэн нь нотлогдоогүй.

“Т х” ХХК нь харуул хамгаалалт, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй бөгөөд нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, асар майхан борлуулдаггүй, хил гаалиар бараа материал оруулж ирээгүй, түүнчлэн дотоодоос худалдан авсан бараа материал, тоног төхөөрөмж байхгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргасан байдаг. “Т х” ХХК-ийн бичиж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хий бичилттэй, аливаа бодит ажил гүйлгээнд үндэслэгдээгүй болох нь хил гаалиар дор дурдсан бараа материал, тоног төхөөрөмжийг оруулж ирээгүй. Энэ нь гаалийн хөндлөнгийн мэдээгээр нотлогдон.

Түүнчлэн Монгол Улсын дотоод зах зээлээс буюу иргэн, аж ахуйн нэгжээс эдгээр бараа материал, тоног төхөөрөмжийг худалдаж аваагүй болох нь мөн тус компанийн 2014-2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан дахь худалдан авалтын хэсэгт тусгагдаагүй байгаагаар нотлогдож байна. “Н в” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 19-нөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны хооронд нийт 900,100,472.00 төгрөгийн 11 ширхэг бараа материалын зарлагын баримт, 2016 оны 04 дүгээр сарын 24-нөөс 2016 оны 07 дугаар сарын 10-ны хооронд нийт 900,261,950.00 төгрөгийн 14 ширхэг кассын орлогын баримт бүрдүүлж өгсөн, “Т х'’ ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 29-нд 900,000,000.00 төгрөгийн дүн бүхий бараа борлуулсан гэж e-barimt.mta.mn хаягаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивж, 2016 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд, татварын өр үүсгэсэн боловч төлбөл зохих татвараа өнөөг хүртэл төлөөгүй, 2016 оноос хойш татварын албанд тайлан ирүүлээгүй, тус компанийг хариуцсан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нь эрэн сурвалжилж байгаа боловч олж чадахгүй байгаа. “Н в” ХХК өөрсдөө тус компанийг олж чадахгүй байсан болно. Эдгээрээс харахад тус “Т х” ХХК-д дээр дурдсан бараа материал, тоног төхөөрөмж огт байхгүй байхад “Н в” ХХК-д борлуулалт хийсэн гэж үзэх боломжгүй юм. Иймээс “Т х” ХХК-иас “Н в” ХХК-д олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь бодит ажил гүйлгээнд үндэслээгүй, хий бичилттэй падаан болох нь тогтоогдож байсан.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 зүйлийн 14.3-д заасан шаардлага хангагдахгүй хий бичилттэй падааныг үндэслэж Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 зүйлийн 14.1-д  заасны дагуу хасалт хийсэн нь хууль бус байна. Нэгэнт хууль ёсны нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байхгүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасны дагуу 81.818.181.80 /наян нэгэн сая найман зуун арван найман мянга нэг зуун арван найман төгрөг наян мөнгө/ төгрөгийн хасалт хийсэн нь хууль бус болох нь тогтоогдсон 818.181.818.30 /найман зуун арван найман сая нэг зуун арван найман мянга найман зуун арван найман төгрөг, гучин мөнгө/ төгрөгийн зөрчил илэрсэн тул татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан 122.727.272.70 /нэг зуун хорин хоёр сая долоон зуун хорин долоо мянга хоёр зуун далан хоёр төгрөг, далан мөнгө/ төгрөгийн төлбөр үндэслэлтэй гэж үзэж байна...” гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч П.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... “Т х” ХХК нь татварын хяналт шалгалт хийхэд холбогдож байгаагүй. Бид тухайн шалгалт хийж байхдаа тухайн компанийг давхар хяналт тавина гээд хариуцсан байцаагчтай нь холбогдсон. Сураггүй алга болсон олдохгүй байгаа. Эрэн сурвалжлагдаж байгаа аж ахуйн нэгжийн жагсаалтад байгаа компани гэж ярьсан. Нэгэнт олдохгүй байгаа аж ахуйн нэгжид прокурорын тогтоол гарсан зүйл байхгүй. “Т х” ХХК нь үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад нэг л удаа борлуулалт хийсэн. 2016 оны 12 дугаар сард 2 тэрбум төгрөгийн борлуултад хийсэн өөр худалдан авалт, хасалт хийхгүйгээр шууд 200 сая төгрөгийн өртэй харагдаж байгаа. “Н в” ХХК нь 900 сая төгрөгийн худалдан авалт хийгээд хасалт хийгээгүй бол 80 сая төгрөгийн төлөх ёстой. Бид төсөвт хохирол учруулсан гэдгээр нь зөрчил болгосон. “Т х” ХХК нь орлого олоогүй хирнээ борлуулалт хийсэн мэтээр падаан бичээд өгсөн нөгөө айл дээр татварын өр үүссэн. Нөгөө талаас хий бичилттэй падаан худалдан авч хасалт хийсэн гэдгийг зөрчил гэж үзсэн.

Анхан шатны баримтын шаардлага хангаагүй байсан. Аж ахуйн нэгж нь тухайн жилийн баримтыг бүх баримтуудыг үдээд цэгцлээд тавьсан, санхүүгийн баримттай нь уялдаад гарч байх ёстой. Энэ зөрчилтэй холбоотой баримт нь байгаагүй. Бид нэмээд бүрдүүлэх боломж байна уу гэж асуухад зөвхөн өөрийнхөө буюу “Н в” ХХК-ийн кассын зарлага үйлдээд тамга дарж ирсэн баримт байсан. Гэтэл борлуулалт хийсэн бол хоёр тал гарын үсэг зурсан байх ёстой. Анхан шатны баримт байхгүй бол кассын харилцахаар “Т х” ХХК уруу шилжүүлсэн байна уу шалгахад гүйлгээ байхгүй буюу үлдэгдэл байгаагүй. Авахын тулд үлдэгдэлтэй байна, үлдэгдэлгүй бол зээл авсны дараа авах ёстой. Баримтаа бүрдүүлж өгөхдөө нэг талын баримт бүрдүүлж өгсөн. 155.600.000 төгрөг нь нотлогдохгүй, зөвхөн хувийн харилцах дансаар “Т х” ХХК-иас авсан бараа материалын худалдан авалтын мөнгө шилжсэн тодорхойгүй байсан учир бид татвар төлөгчийг хохироохгүй үүднээс нөгөө тал нь яасан бэ гэж шалгасан. Нөгөө тал нь бараа материалын үлдэгдэлтэй байж болно, байхгүй бол дотоодоос худалдан авалт хийсэн байж болно, гэтэл байгаагүй. Тэгэхээр “Т х” ХХК-иас худалдан авалт хийсэн гэсэн хий бичилт байна гэж үзэж байна...” гэв.

Хариуцагч Э.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2009 оноос хойш хий бичилт гэдэг асуудал гарч байна. Татварын алба хий бичилтийг зохицуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шийдвэртээ тусгаж цахим тайлангийн систем явагдсан. Нэхэмжлэгч компанийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээр 900 сая төгрөгийн бараа материалыг “Т х” ХХК-иас худалдан авсан мэтээр тусгаж төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан асуудал юм. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан аж ахуйн нэгжүүд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, татварын хууль тогтоомжийн дагуу тайлан балансаа гаргах үүрэгтэй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжоор анхан шатны баримт түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгасан ажилтнуудын гарын үсэг тодорхой тусгагдсан байх ёстой ба тайлант оны санхүүгийн тайлангийн баланс дээр хасуулаад явах ёстой гэтэл хяналт шалгалтын явцад “Т х” ХХК-иас гарсан баримтууд нь нотлогдоогүй.

Бэлнээр үйлдсэн баримтаа нэмэгдсэн өртгийн албан татварын цахим системээс хэвлэсэн падааныг нэхэмжлэгч нь нотлох баримт гэж үзэж байна. Үүн дээрээ хоёр компани бичилт, хасалт хийсэн байсан. Татварын тайлан бүртгэл нягтлан бодох бүртгэлийн анхан шат болон бусад санхүүгийн баримттай уялдаж байх ёстой. Нэхэмжлэгч нь бараа материалыг “Т х” ХХК-иас худалдан авсан. Энэ компани нь үйл ажиллагаа явуулдаг байж нэхэмжлэгч компанид бараа, материал худалдах эрхтэй. Иймд бид шалгалтын явцад “Т х” ХХК нь ямар үйл ажиллагаа явуулдаг бодит гүйлгээ хийж үү гэдэг талаар үзэхэд санхүүгийн тайландаа мөнгөн хөрөнгө байхгүй, бараа материалын үлдэгдэл байхгүй, дотоодоос бараа материал үүсгэсэн зүйл байхгүй. Харин хоорондоо 11 удаагийн гүйлгээгээр явж байгаад жилийн эцэст 2016 онд тайлан гаргахдаа 90 сая төгрөгийн бичилт хийгээд Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст төлөхөөр ногдол үүсгээд алга болсон асуудал байна. Бодит үйл ажиллагаа хийгдээгүй “Т х” ХХК болон “Н в” ХХК-ийн хооронд бодит хийсэн ажил гүйлгээ биш гэдэг байдлаар нь татвараас зайлсхийх боломж олгосон байна гэж үзэж зөрчилд хариуцлага оногдуулсан.

“Т х” ХХК-ийн татварыг нэхэмжлэгч компани төлөхгүй энэ нь асуудал биш харин нэхэмжлэгч компани нь бодит гүйлгээнд тулгуурлахгүй төсөвт төлөх татвараа бууруулсан байна гэдэг нь асуудал юм.

Бидний үзэж байгаагаар бодит гүйлгээнд тулгуурлаж хийгээгүй ажил, үйлчилгээ байна. Энэ нь харилцан хоёр компани тохиролцоод “Н в” ХХК-ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг буруу бодсон гэдэг асуудал байна. Татварын хяналт шалгалтын явцад гомдол гаргагчийн өмгөөлөгч оролцоогүй учир мэдэхгүй байх. Үндсэн баримтуудыг нөхөн цуглуулах асуудал байж болно гэхдээ компанийн санхүүгийн тайлан ерөнхий журмаараа гүйлгээ баланс, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, кассаас гарсан харилцаа нь журмын дагуу байх ёстой. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн асуудлыг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад захирал бараа хүлээлгэн өгсөн гарын үсэг байхгүй. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, 13.7 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Учир нь анхан шатны баримт түүнийг зөрчсөн бол хариуцсан ажилтны тамга тэмдгийг дарснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Зөвхөн нэг компанийн падаан бичигдсэнийг нягтлан бодох бүртгэлийн баримт гэж үзэхгүй. Тэр бусад санхүүгийн баримттай уялдах ёстой. “Т х” ХХК-ийг судлах болсон шалтгаан нь бодит гүйлгээ хийсэн бол хариуцлагаас бултахгүй. “Т х” ХХК-ийн борлуулалтын орлого бодитоор байсан эсэх асуудлыг прокурор шалгана. Татварын хяналт шалгалт нь “Н в” ХХК-ийн татвар ногдуулалтад хийсэн шалгалт юм. Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... “Т х” ХХК нь борлуулалтын орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлснөөр мөнгө төлөгдөөгүй. “Т х” ХХК нь улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн мөн төлсөн үнийн дүнгээр нэхэмжлэгч компани нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтаас өөрийн төсөвт төлөх дүнг хасч тооцох боломжтой байсан. Энэ нь байхгүй учир татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны баримт байхгүй мөн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн бараа бүтээгдэхүүн худалдаж аваагүй гэж үзэж акт тогтоосон. Улсын төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа төлөх боломжийг “Т х” ХХК нь олгосон. Бодитоор төсөвт хохирол учруулж байгаа компани нь “Н в” ХХК юм.

Гомдол гаргагчийн тайлбараас үзэхэд дурдагдаж байгаа бараа материал, тоног төхөөрөмж, таслагч, шилэн кабел зэрэг нь бодитоор барааг зарсан уу гэдгийг нотлох баримтаар нотолсонгүй гэж үзэж байна. Иймд улсын байцаагч нарын шийтгэлийн хуудас үндэслэлтэй нь тогтоогдож байна. Компани нь гаалиар болон дотоодын бараа ажил үйлчилгээ нь гаалиар болон дотоодын бараа ажил үйлчилгээгээр ч бараа худалдаж аваагүй гэдэг нь тогтоогдож байна. Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх тухай асуудал нь нэхэмжлэгч компанийн хувьд боломжгүй юм. Иймд байцаагч нарын шийтгэлийн хуудас үндэслэлтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Н в” компанийн 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч П.С, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц нар Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын даргын баталсан удирдамжийн дагуу шалгалт хийж, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0302858 дугаар шийтгэлийн хуудсаар 906,514,233.80 төгрөгийн зөрчил илрүүлж, 90,651,423.30 төгрөгийн нөхөн татвар, 27,195,427.00 төгрөгийн торгууль, 16,535,884.70 төгрөгийн алданги, нийт 135,382,735.00 төгрөгийн төлбөр ногдуулж, арга хэмжээ авсныг гомдол гаргагч нь бүхэлд нь бус зөрчилд хамаарах хэсгийн гуравдахь хэсгийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ. Маргаан бүхий энэ хэсэг нь гомдол гаргагч “Н в” ХХК-ийг 2016 онд 818,181,818.30 төгрөгийн хуурамч падаанаар худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчил гаргасан гэж үзсэн ба 81,818,181.80 төгрөгийн нөхөн татвар, 24,545,454.50 төгрөгийн торгууль, 16,363,636.40 төгрөгийн алданги ногдуулсныг эс зөвшөөрчээ.

Гомдол гаргагчийн зүгээс “ ...“Т х” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээрээ 900 сая төгрөгийн худалдан авалт хийгээд үүнийг зарлагын падаан, төлбөр төлсөн баримт нь байхад хий бичилттэй падаанаар татварыг багасгаж төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй” гэж маргасан бол хариуцагчийн зүгээс “ ...“Т х” ХХК болон “Н в” ХХК-иудын хооронд бодитойгоор хийгдсэн ажил гүйлгээ байгаагүй, үүгээрээ татвараас зайлсхийсэн  зөрчилд нь хариуцлага оногдуулсан, хууль зөрчөөгүй...” хэмээн тайлбарлаж, гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.12, ... 6.16, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т: “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, ... 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... 6.12, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулж өгчээ.

Хариуцагч эрх бүхий татварын улсын байцаагч нар нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Энэ утгаараа, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар зөрчил гарсан байдлыг тодруулахаар холбогдогчоос мэдүүлэг авах, мөн хуулийн 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зэргээр гүйцэтгэхдээ хариуцагч татварын улсын байцаагч нар нь хууль зөрчөөгүй, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэж, энэ байдал нь 25 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материал түүнд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д: “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу зөрчил үйлдэгдсэн 2016 онд хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1: “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1: “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж зааснаар нэхэмжлэгч “Н в” ХХК нь татвар төлөгч “Т х” ХХК-иас 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 900,100,472.00 төгрөгийн “... шилэн кабель, хард диск, өнгөт принтер, сервер, канон, комьпютер, лаптоп, антен, батарей, утасны аппарат ...” гэх мэтчилэн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг оны эцэст дотоодын зах зээлээс нэмэгдсэн өртгийн албан татвартай үнийн дүнгээр худалдан авсан хэмээн тайлагнасан байна. Гэхдээ “Т х” ХХК-ийн материалын зарлагын баримт нь хүлээлгэн өгсөн эд хариуцагч, шалгасан нягтлан бодогчийн гарын үсэг байхгүй, уг компани 2016 онд импортоор болон дотоодын зах зээлээс худалдан авсан бараа материал байхгүй болох нь татварын албанд ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар, зөрчлийн хэргийн материалд авагдсан тооцоо, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, хариуцагчийн тайлбар, шүүхээс цуглуулсан баримт болох Гаалийн ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 01-2/1683 албан тоот, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3/765 албан тоот зэргээр нотлогдож, бодитойгоор худалдан авалт хийгдээгүй зөрчил нь тогтоогдож байна.

Үүгээрээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т: “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ... тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ”, мөн хууль, зүйлийн 14.4-т: “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ... борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5-д: “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн, зөрчил үйлдэгдсэн онд хүчин төгөлдөр үйлчилж байсан, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн  74.1-д “... татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4-д “...татварын тайланд багасгаж тусгах...”, гэж заасныг үндэслэн эрх бүхий улсын байцаагч нараас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, 1.2-д “... татварын тайланд багасгаж тусгасан”,  4-д “... татварыг төлөөгүй бол ... 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар холбогдогч “Н в” ХХК-ийн 818,181,818.30 төгрөгийн зөрчилд нийт 122,727,271.00 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан нь үндэслэлтэй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Шүүх, эрх бүхий албан тушаалтан /татварын улсын байцаагч/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

          1. Татварын ерөнхий хуулийн /2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан/  74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5,  Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н в” ХХК-ийн “... татварын улсын байцаагч нарын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0302858 дугаар шийтгэлийн хуудасны 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн зүйлийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.Б