Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2018/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 08 өдөр                        

     2018/ДШМ/04                                                             Зуунмод

М.Ц, Э.Б, У.П, Ж.Т

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

Шүүгдэгч М.Ц ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяр, И.Отгонсүрэн

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч М.Ц , Э.Б , У.П , Ж.Ө нарт холбогдох 1834002300154 дугаартай 2 хавтас, 260 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Ц , шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяр, И.Отгонсүрэн нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1964 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, усалгаачин мэргэжилтэй. эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 8, хүү, хүргэн, охин 4 зээгийн хамт Төв аймгийн ....  тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.Ц , /РД:Н...2/. 

 

 Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт Төв аймгийн ....оршин суух, Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Э.Б /РД:Н...13/.

 

 Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Төв аймгийн ..... оршин суух, Сэлэнгэ аймгийн сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0011 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж. 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, У.П , /РД:....31/.

 

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянчандмань суманд 1986 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Төв аймгийн ....  оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.Т , /РД...2654/.

 

Шүүгдэгч М.Ц  нь Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 онд бусдаас химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж авч, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хадгалсан, мөн уг мөнгөн усыг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бусдад дамжуулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Э.Б , У.П , Ж.Ө нар нь бүлэглэн, Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр химийн хорт бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор иргэн М.Ц аас хууль бусаар олж авч, улмаар тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас М.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Энхбаярын Батболд, У.П , Ж.Т  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч М.Ц ыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овгийн Энхбаярын Батболд, У.П . Ж.Т  нарыг бүлэглэж, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Э.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч У.П , Ж. Түмэн-Өлзий нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 343 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Миний үйлчлүүлэгч М.Ц , Э.Б , У.П , Ж.Ө нарт анхан шатны шүүх хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Учир нь миний үйлчлүүлэгч нар гэм буруугийн тал дээр маргаангүй, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдаг.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Ц , Э.Б , У.П , Ж.Ө нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал миний үйлчлүүлэгч нарт байна гэж үзэж байна. Тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5-р зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлж ирсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6-р зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ. Иймд миний үйлчлүүлэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхын шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн шийдвэрлэсэн 2018.11.28-ны өдрийн 343 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хэргийн үйлдэл хэргийн зүйлчлэл гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Шүүгдэгч нар хэргээ хүлээн мэдүүлж үйлдсэн хэрэгтээ тохирсон ял шийтгэлийг авсан гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн хувьд оногдуулсан ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-ийг хэрэглүүлэх байр суурьтай байна.

Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч М.Ц . Э.Б , У.П , Ж.Ө нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, гэм буруугийн тал дээр маргаагүй. бусдад төлөх төлбөргүй зэрэг нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болно гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч М.Ц  нь одоо 55 настай өрх толгойлсон эмэгтэй. өндөр насны тэтгэвэрт гарсан. 2006 онд нөхөр нь хүнд өвчний улмаас нас барж 5 өнчин хүүхэдтэйгээ үлдэж амьдрах гэж зүтгэсэн жирийн нэгэн ээж, эмэгтэй юм. Биеийн байдал эрүүл мэндийн хувьд нойр булчирхайн архаг өвчтэй даралт ихтэй, том охин нь гадаадад сурдаг учир охиныхоо 2-8 насны 4 хүүхдийг асран харж ханддаг. Хувийн байдлын хувьд төлөв даруу, амьдралын төлөө зүтгэлтэй, найз нөхөд хамт олондоо нэр хүндтэй, хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нь харагдаж байна.

Э.Б ын хувьд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгдөг, гэм буруугаа ойлгон гэмшдэг, ам бүл 4 өөрийн төрсөн эгч, эгчийнхээ 2 хүүхдийн хамт амьдардаг. Эрүүл мэндийн хувьд 2004 онд тархиндаа гэмтэл авч унаж татдаг өвчтэй болсон байнгын эмнэлгийн хяналтанд байдаг.

Ж.Түмэн-Өлзийгийн хувьд ам бүл 4 амьдардаг, эхнэр 2 хүүхдийн хамт эхнэр нь тодорхой ажилгүй орлогогүй, бага насны 2 хүүхэдтэй. Түмэн-Өлзийгөөс өөр ар гэрээ тэжээн тэтгэх хүнгүй. Ж.Ө нь гэм бурууд маргадаггүй, өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшдэг.

У.П ийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд өөр өмгөөлөгч авч өмгөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах байр суурьтай оролцсон боловч, У.П  нь өөрөө гэм буруугаа ойлгон, гэмшиж байгаагаа шүүх хуралдаанд хэлдэг. У.П  ам бүл 5  эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь тодорхой ажилгүй орлогогүй. Энэ гэр бүлийг Пүрэвдорж нь авч явдаг. Өөрийн үйлдэлдээ маш их харамсдаг.

Иймд ЭХХШТухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар эдгээр байдлуудыг харгалзан үзэж тал бүрээс нь судалж хэргийн байдлыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч М.Ц  гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 2006 оноос хойш өрх толгойлон Төв аймгийн Борнуур суманд амьдардаг. 2017 оны 11 сард хууль мэдэхгүйгээсээ болж химийн хорт бодис болон мөнгөн усыг Энхболд гэх хүнээс мөнгөний барьцаанд авч улмаар бусдад дамжуулсан хэргээр Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ             их гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа тул надад хорихоос өөр ял оноож өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан тайлбартаа: “Гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй. Зүйлчлэлд маргаагүй. Давж заалдах шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг хэрэглэн тэнсэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлоо дэмжиж байна.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шийдэж,  өгөөч гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь хөнгөн хэрэгт хамаарч байгаа. Оногдуулсан ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэх давж заалдах гомдлоо дэмжиж байна.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Өмгөөлөгч нарын давж заалдах гомдол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг дүгнээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүгдэгч нар нь хангасан. Ял хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул татгалзахгүй.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Ц  гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрүүл мэнд, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч М.Ц ыг химийн хорт бодис болох мөнгөн усыг 2017 онд бусдаас хууль бусаар олж авсан, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хадгалсан, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бусдад дамжуулсан гэмт хэрэгт, яллагдагч Э.Б , У.П , Ж.Ө нарыг химийн хорт бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор бүлэглэн, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр М.Ц аас хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Б , У.П , Ж.Ө нарыг бүлэглэж, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тухайн хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн атлаа гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу байна.

 

Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нар химийн хорт бодисыг хууль бусаар олж аваад,  тээвэрлэхдээ “HYUNDAI ACCENT” маркийн 37-91 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг ашигласан, уг тээврийн хэрэгсэл нь  Д.Ууганбаярын эзэмшлийнх болох нь авто тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон, тээврийн хэрэгсэл бусдад зарагдаж хаана байгаа нь тодорхойгүй байгаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэв хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаагүй, мөрдөн шалгах ажиллагаа гүйцэт биш хийгдсэн гэж үзэж байгаа бол дээрх ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн талаар дүгнэсэн атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны  байх шаардлагыг хангаагүй  гэж үзэх үндэслэл болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгох ба түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүх шийдвэрлэнэ.

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэхэд “тухайн тээврийн хэрэгсэл Ууганбаярынх, би түр унаж байсан, Зүүн хараа руу зарагдсан гэсэн” гэх шүүгдэгч Ж.Түмэн-Өлзийгийн мэдүүлэг /хх-115/, авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-124/-наас өөр баримт хэрэгт авагдаагүй, тээврийн хэрэгслийн талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна.

Гэмт хэрэгт хамтран оролцогчдийн хувьд гэмт хэргийг бүлэглэн үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, хэр хэмжээг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах ба шүүгдэгч Э.Б , У.П , Ж.Ө нар гэмт хэргийг бүлэглэн үйлдэхдээ хэн ямар үүрэг, оролцоотой оролцсон болох, ялыг хэрхэн ялгамжтай оногдуулсан талаарх хууль зүйн дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй, шүүгдэгч  М.Ц  гэмт хэргийг “нийтэд аюултай арга”-аар үйлдсэн гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

 Түүнчлэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэг болон  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын У.П , Ж.Ө нарт хорих ял оногдуулсан хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг бичилгүй орхигдуулсан, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтанд мөнгөн усны хэмжээг 150 грамм гэж буруу бичсэн, хэргийн үйл баримтын талаар хийсэн эрх зүйн дүгнэлт хангалтгүй зэргээр шүүх хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасныг   дурьдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх дээр дурьдсан алдаа зөрчлийг засуулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх ба давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт  буцааж шийдвэрлэв.

 

Хэргийг шүүхэд буцаасантай холбогдуулан шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг  хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Ц , Э.Б , У.П , Ж.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт  буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч М.Ц , Э.Б , У.П , Ж.Ө нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                                      Т.ЭНХМАА

 

                                                                                          Г.БОЛОРМАА