Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0375

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 27 өдөр                         Дугаар                          Улаанбаатар хот

                128/ШШ2020/0375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ч Ү К” ХХК

Хариуцагч: СБД, ТХТХШТТУБ Ч.Б, Б.Т нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...СБД, ТХТХШТТУБ нарын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250011025 дугаар актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч СБД, ТХТХШТТУБ Ч.Б, Б.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: СБД, ТХТХШТТУ Ч.Б, Б.Т нь “Ч Ү К” ХХК -ийн 2011 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар манай компанийг  2011 онд 158.636.363 /зуун тавин найман сая зургаан зуун гучин зургаа мянга гурван зуун жаран гурав/-н төгрөгийн вакум цонх хаалт хийх ажил гүйцэтгэсэн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, татварт ногдох орлогыг бууруулсан, 2011 онд 158.636.363 /зуун тавин найман сая зургаан зуун гучин зургаа мянга гурван зуун жаран гурав/-н төгрөгийн вакум цонх хаалт хийх ажил гүйцэтгэсэн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж татвар ногдуулаагүй зөрчил гаргасан гэж үзэж 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250011025 дугаартай актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг үндэслэн 15.909.172 /арван таван сая есөн зуун есөн мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар, 7.945.479 /долоон сая есөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун далан ес/-н төгрөгийн торгууль, 47.590 /дөчин долоо мянга таван зуун ер/-н төгрөгийн хүү, нийт 23,925,011 /хорин гурван сая есөн зуун хорин таван мянга арван нэг/-н төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар албан татвар төлөгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дагаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд тус тус албан татвар ногдуулахаар заасан.

Гэтэл маргаан бүхий актад дурдсан 158.636.363.60 /зуун тавин найман сая зургаан зуун гучин зургаа мянга гурван зуун жаран гурав төгрөг жаран мөнгө/ төгрөгийн вакум цонх, хаалт хийх ажлыг “Ч Ү К” ХХК нь хийгээгүй бөгөөд энэ хэмжээний орлогыг олсон зүйл огт байхгүй болно. Нэгэнт үйл ажиллагааны орлого олоогүй тул нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан тайлагнах, татвар төлөх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Тухайн 158.636.363.60 /зуун тавин найман сая зургаан зуун гучин зургаа мянга гурван зуун жаран гурав төгрөг жаран мөнгө/ төгрөгийн хийсэн гэх ажил нь иргэн Б.Г “Т х с” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний үндсэн хийсэн ажил бөгөөд энэ нь 2018 оны 5 сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00811 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор уг асуудлаар нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч иргэн Б.Г нь 2011 онд “Ч Ү К” ХХК -ийн нэрийг ашиглан 158.636.363.60 /зуун тавин найман сая зургаан зуун гучин зургаа мянга гурван зуун жаран гурав төгрөг жаран мөнгө/  төгрөгийн орлого хүлээн авсан...” гэж үзэж актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Хуульд зааснаар татвар төлөгчийн хүсэлтээр татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийсэн боловч “Т х с” ХХК-ийн гаргасан гомдолд үндэслэн ямар нэгэн баримтад тулгуурлаагүй, нотлох баримтыг хангалттай хэмжээнд бүрдүүлэлгүйгээр 250011025 дугаар шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан. Татварын улсын байцаагч нар нь торгууль оногдуулахдаа татварын акт тогтоох ёсгүй этгээд буюу “Ч Ү К” ХХК -д оногдуулсан. Татварын улсын байцаагч нар нь “Т х с” ХХК нэхэмжлэгч компанитай аливаа ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх талаар болон “Т х с” ХХК-ийн гомдолд дурдсан аливаа этгээд бэлэн болон бэлэн бус хэлбэрээр ажлын хөлсийг авсан уу, ажил гүйцэтгэх гэрээ хуулийн этгээдийн хооронд хийгдсэн байна уу гэдгийг шалгаж үзэлгүйгээр торгууль оногдуулсан. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон татварын улсын байцаагч нарын татварын торгууль оногдуулахад үндэслэж байгаа баримтууд нь нэхэмжлэгч компанийн гэрээ, хэлцэл хийгээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар үйл ажиллагааны орлого, борлуулалтын орлого гэсэн зүйлүүдийг авсан гэдэг талаар баримт байхгүй. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт заасны дагуу татварын улсын байцаагч нар нь акт үйлдэхдээ тухайн нөхцөл байдлыг тодруулж буюу хяналт шалгалт хийгээд юунд торгууль оногдуулах гэж байгаа гэдэгтээ хамааруулан бодит нөхцөл байдал болон түүнийг үндэслэх баримт бичгүүдийг тодруулж үндэслэл бүхий дүгнэлт гаргах ёстой байсан. Иргэнд оногдуулах байсан торгуулийг хуулийн этгээдэд хамааруулсан. Ямар нэгэн гэрээ хэлцэл болоод татвар төлөхийн тулд үйл ажиллагаа эрхэлж түүнээс орлого олсон байх ёстой. Энэ зарчимд үндэслээгүй “Ч Ү К” ХХК нь орлого олоогүй байхад хуулийн этгээдэд татвар оногдуулсан нь хууль зөрчсөн.

Хавтаст хэрэгт авагдсан баримт болоод хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбараас харахад татварын акт тавьж торгууль оногдуулахад хангалттай нотлох баримт байхгүй гэдэг тайлбарыг өгсөн. Нөгөө талаас нэхэмжлэгч компани нь 158,636,363,60 /зуун тавин найман сая зургаан зуун гучин зургаа мянга гурван зуун жаран гурав төгрөг жаран мөнгө/  төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн талаар баримт байхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна.

Захиргааны байгууллага энэ шийдвэрээ гаргахдаа баримт нотолгоо, эрх зүйн актад үндэслэж, анхан шатны баримтыг судалж түүнийг харсны дараа гаргах ёстой байсан. Гэтэл түүнийг анхааралгүй өнгөрсөн. 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 сар дуустал хугацааны нэхэмжлэгч компанийн дансанд орлого, зарлага орж ирээгүй гэдэг нь харагдаж байна. Дансаар орж ирээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Бэлнээр авсан гэж үзэж байгаа бол “Т х с” ХХК нь бэлэн мөнгө зарлагаар гаргаж байгаа бол кассын баримт бичиг, нягтлан бодох бүртгэлийн бэлэн мөнгө гаргаж байгаа баримт байх ёстой. Үүнийг яагаад харж үзээгүй вэ гэдэг нь байхгүй учир хяналтын шатны шүүх Б.Г гэдэг хүн ““Т х с” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ хийж, гэрээний талууд болж оролцоод хийсэн ажлын хөлсийг авах ёстой этгээд мөн гэдгийг тогтоосон. Ярилцлагын тэмдэглэлээс Б.Б гэх хүний хувийн дансанд болон “Ч Ү К” ХХК-ийн дансанд шалгалт хийсэн атлаа орлого олоогүй зүйл дээр татвар оногдуулсан байгаа нь субъектийн андуурал, буруу этгээдийг андуураад олох ёстой татварыг ашиг олсон этгээдэд нь олгох ёстой. Хуулийн этгээд болон хувь хүн гэдэг нь эрх зүйн чадамжтай тусдаа хоёр өөр этгээд юм. Буруу этгээдэд татвар оногдуулсан нь татварын улсын байцаагч нарын алдаа байсан ба Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, Б.Т нарын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №250011025 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч компани нь “Х” тайлан гаргаж өгч байх үедээ ажилтангүй байсан. Нэхэмжлэгч компани нь вакум цонхны машинтай бөгөөд тэр нь компанийн нэрээр биш эхнэр нөхөр хоёрын нэрээр байдаг бөгөөд компаний  нэр дээр нэг ч зүйл байдаггүй. “Ч Ү К” ХХК нь 2014 оноос 2015 оны үеэс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгч болсон. “Т х с” ХХК нь хэнтэй эрх зүйн харилцаанд орсон, яагаад шүүхэд хандсан, ямар нөхцөл байдал болж байгаа, иргэн Б.Г ажлаа хийсэн үү танайх ийм хаягтай 2015 онд байсан уу, байгаагүй юу гэдгийг мэдэхгүй  акт тавьсан байна.

Иймд иргэдийн олсон орлогод татвар ногдуулах байсан атал компанид тооцсон нь буруу байна...” гэв.

Хариуцагч татварын улсын байцаагч Ч.Б, Б.Т нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Ч Ү К” ХХК нь 2011-2015 онд вакум цонхны үйлдвэрлэл эрхэлдэг байсан бөгөөд “Т х с” ХХК-ийн гомдлоор “Ч Ү К” ХХК болон захирал Б.Б, захирлын нөхөр тус компанийн менежер гэх Б.Г нарыг хяналт шалгалтад хамруулсан. Хяналт шалгалтын явцад ямар нэгэн баримт материал ирүүлээгүй бөгөөд вакум цонхны үйлдвэрлэлийн орлогоо огт тайлагнаж байгаагүй, Хувь хүний орлогын албан татварын тасгийн байцаагчдыг татвар хураахаар ажлын байранд нь очиход манайх компаниараа үйл ажиллагаа явуулдаг гэсэн тайлбар өгч хувь хүний орлогын албан татвар төлдөггүй атлаа компанийн татварын тайлангаар “X” тайлан ирүүлсэн байсан.

Шалгалтын хугацаанд вакум цонхны үйлдвэрлэл эрхэлж буй ажлын байранд очиж үзэхэд компанийн нэр хаяг бүхий нэг давхар байшинд 3-4 ажилчинтай, үйл ажиллагаагаа явуулж байсан. Гомдол гаргагч “Т х с” ХХК-ийн захирал болон “Ч Ү К” ХХК -ийн захирал Б.Б, Б.Г нартай хийсэн ярилцлага, тус компанийн менежер Б.Г өөрийн гараар бичиж өгсөн 2011-2015 оны борлуулалтын орлого болон үйл ажиллагааны зардлын тооцоолол, “Т х с” ХХК-иас ирүүлсэн гомдол, харилцах дансны хуулга, шүүхийн шийдвэр, 2013 оны 6 дугаар сарын 13-нд гар бичмэлээр тооцоо нийлсэн хуудас зэрэг баримт материалыг үндэслэн “Ч Ү К” ХХК -ийн 2011 онд олсон орлогыг тодорхойлсон.

“Ч Ү К” ХХК болон түүний захирал иргэн Б.Б нар хариуцагчийн хувьд нэг субъект болох тул бид уг зөрчилд ногдуулсан төлбөрийг вакум цонхны үйлдвэрлэл эрхэлж буй хаяг байршилтай, хуулийн этгээдэд ногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

Тус компани нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2011 онд 7.220.600.00 /долоон сая хоёр зуун хорин мянга зургаан зуу/-н төгрөгийн татвар ногдох орлоготой, 6.853.000.00 /зургаан сая найман зуун тавин гурван мянга/-н төгрөгийн хасагдах зардалтай, 367.600.00 /гурван зуун жаран долоо мянга зургаан зуу/-н төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 2012-2015 онд үйл ажиллагаа эрхлээгүй “X” тайлан, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлангаар 2011-2015 онд “X” тайлан тус тус гаргаж татварын албанд ирүүлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2011 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр бүртгүүлж, 0023306 дугаартай гэрчилгээ авсан боловч 2011-2014 онд “X” тайлан гаргасан тул 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын төрлийн бүртгэлээс хасагдсан.

Тус компани нь нягтлан бодох бүртгэл хөтөлдөггүй, баримт материал бүрдүүлээгүй, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө бэлнээр авдаг. 2011-2015 онуудад тасралтгүй үйл ажиллагаа явуулсан атлаа ажил гүйцэтгэх гэрээ огт байгуулдаггүй, компанийн нэр хаягаа олон нийтэд харагдахуйц байрлалд сурталчилгааны самбарт томоор байршуулж үйл ажиллагаагаа явуулдаг. Хувь хүний орлогын албан татварын байцаагчдыг удаа дараа очих бүрт компанийн нэрээр үйл ажиллагаа эрхэлдэг хэмээн, хувь хүний орлогын албан татвар төлдөггүй атлаа Маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн гомдолдоо иргэн Б.Б үйл ажиллагаа эрхэлсэн мэтээр бичсэн байгаа зэргээс харахад үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн хугацаанаас шалгалтын дуусах хугацаа хүртэл татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийж байсан гэж үзэхээр байна. Гэвч бид нотлох баримт хангалтгүй, тухайн нөхцөл байдалд татвар төлөгч хүнд байдалд байсан зэргийг харгалзан үзэж 2010 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 22.517.2 /хорин хоёр мянга таван зуун арван долоон төгрөг хоёр мөнгө/ төгрөг тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2011 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр бүртгүүлсэн байсан тул татвар төлөгчийн өөрийн тодорхойлж ирүүлсэн борлуулалтын орлогын нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр буюу 158.636.363.60 /зуун тавин найман сая зургаан зуун гучин зургаа мянга гурван зуун жаран гурав төгрөг жаран мөнгө/ төгрөгийн зөрчилд аж ахуй нэгжийн орлогын албан татвар 158.181.000.00 /зуун тавин найман мянга нэг зуун наян нэгэн мянга/-н төгрөгийн үйл ажиллагааны зардлыг хассан. Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэжээ.

Хариуцагч Ч.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч компанийг шалгахдаа “Т х с” ХХК-ийн гомдлоор шалгасан. Энэ үед вакум цонх, хаалганы үйлдвэрлэл эрхэлдэг ба тухайн үед хяналт шалгалтын томилолт авахдаа “Ч Ү К” ХХК болон түүний захирал Б.Б, тухайн компанид менежер Б.Г болох хоёр хувь хүн, нэг компанийг шалгах томилолт ирсэн. Энэ гурван шалгалт зэрэг хийгдсэн. “Т х с” ХХК-ийн гомдлоор шалгаж байгаа вакум цонхны үйл ажиллагаа нь компани дээр хийгдсэн үү, иргэн дээр хийгдсэн үү гэдгийг шалгасан. Тухайн үед “Ч Ү К” ХХК нь “Т х с” ХХК-тай хуулийн этгээд болон иргэнээрээ ч ямар нэгэн гэрээ хийгээгүй. 2011 оноос 2015 оныг дуустал 5 жилийн баримтын шалгалт хийсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч компани вакум цонх, хаалга үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг ба хяналт шалгалт хийхдээ ажлын байран дээр нь очиж үзсэн. 2016 оны 09 дүгээр сараас тухайн оны 11 дүгээр сарыг дуустал шалгалт хийгдсэн. Ажлын байранд нь ирэхэд “Ч Ү К” ХХК нь 2016 онд тогтмол байнга үйл ажиллагаа явуулаад гаднаа вакум цонхоо үйлдвэрлэж, хийж байсан ажилчид нь дотор нь байсан. Гадна талын ажлын байрны зургийг хавтаст хэрэгт өгсөн байгаа.

Нэхэмжлэгч компани нь 2011-2015 онд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн “Х” тайлантай, өөрсдөө ямар нэгэн нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу санхүүгийн баримт, материал огт бүрдүүлээгүй хирнээ үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Бид хуулийн дагуу баримт, нотолгоонд суурилах ёстой, ямар нэгэн баримт байхгүй бол аж, ахуйн нэгжийн жишгээр тооцох ёстой. Ингээд нэхэмжлэгч компанийн менежер буюу үйл ажиллагааг гардан явуулдаг нөхөр Б.Г удаа дараа уулзаж ярилцлага хийсэн. Б.Г болон Б.Б хоёртой удаа дараа уулзаж ярилцлага хийсний үндсэн дээр өөрийнх нь орлого, зарлагын баримтын тооцоог гаргуулсан. Тооцоог гаргаж өгөхдөө 2011 онд 174.500 /зуун далан дөрвөн мянга таван зуу/-н төгрөгийн орлого олсон ба үүнээс гаргасан зардлаа өөрөө гараараа бичиж өгсөн. Бид уг баримтыг үндэслэж, мөн “Т х с” ХХК-аас нэхэмжлэгч компаниар вакум цонх хийлгэсэн зүйл нь “Грийн констракшн”, “Грийн ресурс” нараас “Т х с” ХХК нь дансны хуулгаар орж ирсэн орлого зэргийг үндэслэсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр орлого, татвар оногдох орлогоос хасагдах зардлыг өөрийнх нь хийсэн тооцоогоор хасч аж ахуйн нэгжийн орлогын албан татварт оногдох татварын хэмжээ бага гарсан. Нэмэгдсэн өртгийн албан татварт хасагдах баримт гараагүй учир Нэмэгдсэн өртгийн албан татвар байгаагүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар падаан байх ёстой. Худалдаж авсан бараа материал дээр падаан байсны үндсэн дээр хасагддаг учир хасах боломж байхгүй. Иймд орлогод нь татвар оногдуулсан байгаа. Шалгалтын үед гурвууланг нь шалгаад “Ч Ү К” ХХК дээр зөрчил оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

Хяналт шалгалт эхлээд томилолт ороод тухайн компанийн захирал Б.Б дуудсан. Ингээд нөхөр Б.Г нь ирэхдээ “Ч Ү К” ХХК-ийн менежер гэсэн нэрийн хуудастай ирсэн. Бид үзэхдээ нэхэмжлэгч компанийг төлөөлж, үйл ажиллагаанд оролцдог хүн гэж ойлгосон. Иргэний хувьд “Т х с” ХХК нь суутгагчийн үүргийг гүйцэтгэж татвар оногдуулах байсан гэсэн тайлбарыг хэлж байна. Вакум цонхны үйлдвэрлэл гэдэг нь хувь хүний орлогын албан татварын хуулиар үйл ажиллагааны орлого байдаг. Иргэн хүн үйл ажиллагааны орлого олохдоо үйл ажиллагааны орлогоо тооцож өөрөө татвараа тодорхойлж жилд нэг удаа иргэний орлогын татвар тодорхойлох хуудсаар тайлан гаргуулж татвараа тушаана гэсэн хуулийн заалттай. Иймд “Т х с” ХХК нь суутгагчийн үүрэг гүйцэтгэхгүй, Б.Г, Б.Б хоёр нь хувь хүнээрээ тайлан өгдөггүй байсан учир аж ахуйн нэгж дээр нь татварын акт тавьсан. Тухайн үед хувь хүнээрээ үйл ажиллагаа явуулаад Татварын албанд урьдчилгаа татвар гээд сар болгон хороо хариуцсан байцаагч нар 2011 оны хуулиар хувь хүний орлогын албан татварын байцаагч нар хороо хариуцаж, хороо хороогоор явж татвар төлөгч нарын ажлын байранд очиж татвар хураадаг байсан. Тэгэхэд Б.Г нэг ч удаа хувь хүний орлогын албан татвараа урьдчилгаа болгоод хороо хариуцсан улсын байцаагчид тушаасан байсан бол хувиараа татвар тушааж байсан байна гэх үндэслэл гарч байна. Гэтэл ийм зүйл байгаагүй, хороо хариуцсан татварын улсын байцаагчийг удаа дараа очиход манайх аж, ахуйн нэгжээрээ үйл ажиллагаа явуулдаг гэдэг тайлбар өгдөг байсан гэсэн. Нотлох баримтгүй аж, ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулсныхаа орлого, зарлагаа нотлох баримтгүй бол Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу баримт материал бүрдүүлээгүй гэдэг шалтгаанаар татварын алба түүнд татвар ногдуулахгүй байх үндэслэл байхгүй. Татварын алба үйл ажиллагаа явуулсныг нотолж татвар ногдуулж төлүүлэх ёстой. Нэхэмжлэгч компани нь олсон үйл ажиллагааныхаа орлогыг дансаар огт оруулдаггүй, татвараас зайлсхийдэг, хувь хүнээр үйл ажиллагаа явуулдаг бол хороо хариуцсан татварын байцаагч очихоор татвараа төлдөггүй, манайх аж ахуйн нэгж гэсэн тайлбар өгдөг нь татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлтэй. Хуулийн этгээд өөрөө орлого, зарлагын анхан шатны баримтаа бүрдүүлсэн байх ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй гэж татвар ногдуулахгүй байх үндэслэл байхгүй. Иймд “Ч Ү К” ХХК-ийн Б.Г менежер нь нэхэмжлэгч компанийн вакум цонхны үйл ажиллагааг өөрөө гардаж хийдэг эхнэр, нөхөр юм. Эхнэр нь захирал нэртэй боловч үйл ажиллагаандаа оролцдоггүй. Олон жаахан хүүхэдтэй ба Б.Г өөрөө татвараа тодорхойлж өгсөн ба энэ баримтад дээр нь үндэслэж бичсэн учир улсын байцаагчийн акт үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Ч Ү К” ХХК-ийн 2011 оноос 2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, Б.Т нар Татварын ерөнхий газрын хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 250011025 дугаар актаар 317,272,727.2 төгрөгийн зөрчил илрүүлж, 15,909,172.8 төгрөгийн нөхөн татвар, 7,945,479.1 төгрөгийн торгууль, 22,768,2 төгрөгийн алданги, 47,590.9 төгрөгийн хүү нийт 23,925,011.0 төгрөгийн төлбөр ногдуулсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс “... ямар нэгэн баримтад тулгуурлаагүй, нотлох баримтыг хангалттай хэмжээнд бүрдүүлээгүй, иргэн хүнд оногдуулах байсан торгуулийг татварын акт тогтоох ёсгүй хуулийн этгээд болох “Ч Ү К” ХХК-д оногдуулсан нь хууль бус, татвар төлөхийн тулд үйл ажиллагаа эрхэлж түүнээс орлого олсон байх ёстой, гэтэл “Ч Ү К” ХХК нь орлого олоогүй байхад татвар ногдуулсан нь хууль зөрчсөн...” хэмээн маргасан бол хариуцагчийн зүгээс “... татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх үүрэгтэй, ... компани нь 2011-2015 онд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн “Х” тайлантай, компанийн удирдлага тухайн компанийхаа нягтлан бодох, санхүүгийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй байхад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн баримт, материал огт бүрдүүлээгүй мөртлөө үйл ажиллагаа явуулдаг компани байсан тул ... акт үйлдсэн нь хууль зөрчөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь няцааж байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэл гаргагчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед шүүх хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар бичгийн бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, түүнчлэн маргааны үйл баримтанд үнэлэлт дүгнэлт өгч, татварын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий улсын байцаагчийн актаар ногдуулсан захиргааны хариуцлагаас холбогдох хуулийг хэрэглэн чөлөөлөх асуудлыг мөн шийдвэрлэв.

 “Ч Ү К” ХХК нь татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд болохынхоо хувьд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д: “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.10.нэр, хаяг, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн данс, гарын үсгийг бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д: “Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1: “үйл ажиллагааны орлого”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д: “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.14: “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэсэн заалтыг зөрчсөн нь дараах байдлаар тогтоогдож байна.

“Т х с” ХХК-иас бэлнээр тоолж ажил гүйцэтгэсэн 176,181,000.00 төгрөгт ногдох татварын орлогыг тооцон шалгах талаар гомдол ирснээр татварын улсын байцаагч нарын зүгээс иргэн Б.Г, иргэн Б.Б, хуулийн этгээд “Ч Ү К” ХХК-ийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт явуулснаар энэ маргаан гарах болсон байна.

“Ч Ү К” ХХК нь гадаад худалдаа, вакум цонх, хаалтын үйлдвэрлэл эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, ганц гишүүнтэй, Сүхбаатар дүүрэгт түрээсийн байранд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан татварын төрлөөр тайлан ирүүлэхээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн байсан байна.

Хяналт шалгалтын хугацааны явцад 2011 онд 367,600.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 2012-2015 онд үйл ажиллагаа эрхлээгүй Х тайлан, цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангаар мөн онуудад Х тайлан гаргаж татварын албанд өгчээ. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2011 онд бүртгүүлсэн авч, 2011-2014 онд Х тайлан гаргасан учир уг татварын төрлийн бүртгэлээс хасагдсан байжээ.

Татварын улсын улсын байцаагчдын явуулсан шалгалтаар буюу гомдол гаргагч “Т х с” ХХК-ийн болон “Ч Ү К” ХХК-ийн захирал Б.Б, уг компанийн менежер Б.Г нартай хийсэн татварын улсын байцаагчдын ярилцлага, менежер Б.Г өөрийн гараар бичиж өгсөн 2011-2015 оны борлуулалтын орлого болон үйл ажиллагааны зардлын тооцоолол, харилцах дансны хуулга, шүүхийн шийдвэр, 2013 оны 06 дугаар сарын 13-нд гар бичмэлээр тооцоо нийлсэн хуудас зэргээр иргэн Б.Г нь 2011 онд “Ч Ү К” ХХК-ийн нэрийг ашиглан 158,636,363.6 төгрөгийн орлого хүлээн авсан нь нотлогдсон байна. Үүнээс гадна нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй, үйл ажиллагаа эрхэлж олсон орлогоо Хувь хүний орлогын албан татварын ангиллаар суутгуулах боломж байхад үүнийг хэрэгжүүлээгүй, Хороо хариуцсан байцаагчид аж ахуйн нэгжээрээ татвараа төлнө гэсэн тайлбар хэлдэг /нэхэмжлэгч талаас үүнийг үгүйсгэж чадахгүй байсан/, орлого зарлагын баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлээгүй, үүгээрээ татвараас зайлсхийсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Маргаан бүхий захиргааны акт нь тухайн үед мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, эрх бүхий татварын улсын байцаагч нараас Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар татвар ногдох орлого, түүний тоо хэмжээ, үнийг нь ... татварын тайланд багасгаж тусгах зэргээр хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан, мөн хуулийн 74.2, 74.3-д заасны дагуу торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэлийн   шаардлагад   дурдсан   үндэслэлээр   хүчингүй   болгох   хууль   зүйн

үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Анхны     ардчилсан     сонгууль     болж     байнгын     ажиллагаатай     парламент

байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар хуулийн үйлчлэх хугацааг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө бол, хэрэгжиж эхлэх хугацааг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байхаар хуульчилжээ. Нэхэмжлэгч “Ч Ү К” ХХК-ийн 2011-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг явуулж, эрх бүхий улсын байцаагч акт үйлдэж, холбогдох хариуцлагыг хүлээлгэсэн байх тул энэ хуулийн үйлчлэлд зарим төлбөр нь хамаарч байна.

 

Тодруулбал, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д: “... захиргааны шийтгэлээс чөлөөлөх ...”-өөр, 4 дүгээр зүйлийн 4.3-д: “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан ... өршөөн хэлтрүүлэх”-ээр, 10 дугаар зүйлийн 10.1-д: “...2015 оны 07 сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө захиргааны зөрчил гаргасан бол...” хамаарахаар, мөн зүйлийн 10.2-д: “... өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх”-аар тус тус зохицуулагдсан тул уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш төлөөгүй гэж үзэх захиргааны шийтгэлийн хэсэгт хамаарах алданги, торгуулийн холбогдох мөнгөн дүн болох маргаан бүхий актаар ногдуулсан нийт 8,015,838.2 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч Ү К” ХХК-ийн “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Ч.Б, Б.Т нарын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250011025 дугаар актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасныг баримтлан эрх бүхий татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 250011025 дугаартай актаар “Ч Ү К” ХХК-д ногдуулсан 7,945,479.1 төгрөгийн торгууль, 22,768,2  төгрөгийн алданги, 47,590.9 төгрөгийн хүүний төлбөр болох нийт 8,015,838.2 төгрөгийн төлбөр төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               У.БАДАМСҮРЭН