Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 39

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                       С.Оюунцэцэг

                                                                    Г.Давааренчин

 

                    Оролцогчид

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч   М.Гансүх

                               Итгэмжлэгдсэн төлөөлөгч    З.Энхтуяа

                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 471 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Ц.Бадамнямбуу, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Батдэлгэр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдах гомдлоор В.Буянтогтохын нэхэмжлэлтэй, Ц.Бадамнямбууд холбогдох “Бугант гол” ХХК-ний тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулах, тамга тэмдэг ашиглан хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг таслан зогсоолгох, Ц.Бадамнямбуу, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газарт холбогдох Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрыг хамтран хариуцагчаар татаж, “Бугант гол” ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах, мөн “Бугант гол” ХХК-ний 50 хувийг В.Буянтогтох эзэмшдэг болохыг тогтоолгох нэмэгдүүлсэн шаардлагатай,

 Ц.Бадамнямбуугийн сөрөг нэхэмжлэлтэй, В.Буянтогтоход холбогдох “Бугант гол” ХХК-ний 51 хувийн өмчлөгч нь Ч.Шаравжамц, эрх залгамжлагч нь Ч.Шаравжамцын төрсөн хүү Ш.Батдэлгэр болохыг тогтоолгон, өв залгамжлуулах өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах, бие даасан шаардлага гаргасан Ш.Батдэлгэрийн В.Буянтогтоход холбогдох В.Буянтогтоход холбогдуулан “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч: В.Буянтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие нь 2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны төвд үйл ажиллагаа явуулдаг “Бугант гол” нэртэй, 2 гишүүнтэй ХХК-ий 1 гишүүн болох Д.Даваасамбуугаас өөрийнх нь эзэмшдэг 50 хувийн хөрөнгө, хувьцааг нь худалдан авч нөгөө гишүүн болох З.Цэндтэй хамтран ажиллаж эхэлсэн. Ингээд тухайн оныхоо 08 дугаар сарын 16-ны өдөр З.Цэнд нь Улаанбаатар хотод өөр бизнесийн үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд “Бугант гол” ХХК-ийхаа 50 хувийг худалдахаар болж би өөрийн найз Ч.Шаравжамцад тодорхой хэмжээний мөнгө зээлж уг хөрөнгийг худалдан авахуулж Ч.Шаравжамцыг тус компаний 50 хувийн хөрөнгө оруулагч болгож, манай компани нь 2 гишүүнтэйгээр 50:50 хувийн хөрөнгө оруулалттайгаар Мод тарих, ойжуулах, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, зүсмэл модон материал бэлтгэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж байгаад манай компаний 50 хувийн хөрөнгө оруулагч Ч.Шаравжамц маань 2014 оны 03 дугаар сард өвчний улмаас нас барсан.

Талийгаачийг өнгөрснөөс хойш 4 сарын дараа миний бие талийгаачийн гэр бүлийн хүн болох Ц.Бадамнямбуутай уулзаж, талийгаач нь “Бугант гол” компаний 50 хувийн хөрөнгө оруулагч юм, одоо компаний дүрэм, МУ-ын хууль тогтоомжинд заасны дагуу бичиг баримтаа янзалж үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хангах талаар удаа дараа ярилцаж, ажилчдын хурлыг удаа дараа зарлан хуралдуулахад элдэв шалтаг тоочиж ирдэггүй, ирсэн үедээ асуудлыг шийдвэрлэхгүй удаашруулж хүндрэл учруулсан юм. Манай компаний гэрчилгээ, бичиг баримт, тамга, тэмдэг талийгаачид байсан бөгөөд түүний эхнэр Ц.Бадамнямбуу нь талийгаачийг өнгөрснөөс хойш тухайн компаний үйл ажиллагаанд оролцох эрхгүй атлаа бусдад миний бие нь энэ компаний дэд захирал, гүйцэтгэх захирал гэж ярьж компаний нэр, тамга, тэмдэг ашиглан бүтээгдэхүүн борлуулж, худалдан авч банкинд гүйлгээ хийх, бусдаар тайлан бланс гаргуулан гарын үсэг зурж хууль зөрчиж байна.

Энэ асуудлын талаар удаа дараа хэлж, анхааруулж байсан боловч асуудлыг хүлээж авахгүй өнөөдрийг хүрч байна. Тийм учраас миний бие тус компаний 50 хувийн хөрөнгө оруулагч эзэмшигчийн хувьд мөн компаний ажилчдын нийтлэг эрх ашгийн үүднээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.    “Бугант гол” ХХК-ий тамга, тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг Ц.Бадамнямбуугийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх

2.    Тус компаний тамга, тэмдэг, бичиг баримтыг ашиглан хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч В.Буянтогтох 2016 оны 05 дугаар сарын 24-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрыг хамтран хариуцагчаар татаж, “Бугант гол” ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах, мөн “Бугант гол” ХХК-ний 50 хувийг В.Буянтогтох эзэмшдэг болохыг тогтоолгох...” гэжээ.

 

Хариуцагч Ц.Бадамнямбуу 2015 оны 04 дүгээр сарын 09-нд шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэг: “Бугант гол” ХХК-нийг Д.Даваасамбуу, З.Цэнд нар нь 2000 онд үүсгэн байгуулж, захирлаар нь Ч.Шаравжамцыг томилсон ба Ч.Шаравжамц нь компаний бүтэц, зохион байгуулалтыг эхнээс нь эмхэлж, цэгцлэх, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд бие, сэтгэлээрээ идэвхи санаачлагатай оролцон, үйл ажиллагааг нь тасралтгүй, хэвийн явуулахад өөрийн хөрөнгө, хүчийг зориулан уг компанийг тасралтгүй 14 жил удирдан зохион байгуулан ажиллуулж байгаад өвчний учир 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. Үүсгэн байгуулагч З.Цэнд нь тус компанид оруулсан өөрийн хөрөнгө, хувийг захирал Ч.Шаравжамцад 2003 оны 10 дугаар сард худалдсан ба З.Цэндийн хувийг худалдаж авахад бидний мөнгө хүрэлцэхгүй байсан тул миний нөхөр Ч.Шаравжамц нь В.Буянтогтохоос тодорхой хэмжээний мөнгө зээлж авсан нь үнэн бөгөөд бид зээлсэн мөнгөө В.Буянтогтоход 2 нугалж төлсөн. Харин үүсгэн байгуулагч Д.Даваасамбуугийн хөрөнгө, хувийг В.Буянтогтох худалдаж авсан гэж сонссон.

…В.Буянтогтохын нэхэмжлэл нь Компаний тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.5 дахь хэсэгт заасан заалтыг тус тус зөрчиж байх тул , Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх заалтыг үндэслэн хэргийг бүхэлд хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Бадамнямбуу 2015 оны 04 дүгээр сарын 09-нд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Ц.Бадамнямбуу би Ч.Шаравжамцтай 1994 онд гэр бүл болж, бидний дундаас 3 хүү төрсөн бөгөөд Ч.Шаравжамцаас Бугант гол ХХК-д оруулсан хөрөнгийн 51.0 хувийг Ч.Шаравжамцын төрсөн хүү, Шаравжамцын Батдэлгэрт өмчлүүлж, эрх залгамжлуулах, өвлөх эрхийн гэрчилгээ авахаар холбогдох материалыг бүрдүүлэн 2014 оны 09 дүгээр сард нотариатчид хүсэлт гаргасан боловч тус компаний 49.0 хувийг эзэмшигч В.Буянтогтохын тодорхойлолт шаардлагатай гэж хүсэлтийг хүлээн аваагүй ба В.Буянтогтохоос тодорхойлолт гаргаж өгөхийг удаа дараа хүсэхэд, тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзаж, улмаар компаний хөрөнгийг ганцаараа өмчлөх гэсэн ёс зүйгүй, хууль бус үйлдлээс болж Ч.Шаравжамцын төрсөн хүү Ш.Батдэлгэр нь өв залгамжлах эрхээ эдэлж чадахгүй, зөрчүүлсээр өдий хүрч, улмаар компаний ноогдол ашгаас хувиа ч авч чадахгүй байна. Иймд энэхүү нэхэмжлэлээрээ дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

1.    Ч.Шаравжамц нь “Бугант гол” ХХК-ний хөрөнгийн 51.0 хувийг эзэмшигч болохыг тогтоолгох,

2.    Ч.Шаравжамцын төрсөн хүү Ш.Батдэлгэрийг өв залгамжлахад шаардлагатай тодорхойлолтыг В.Буянтогтохоос гаргуулах.

3.    Ч.Шаравжамцаас “Бугант гол” ХХК-д оруулсан хөрөнгийн 51.0 хувийн өмчлөгч, эрх залгамжлагч Ч.Шаравжамцын төрсөн хүү, Шаравжамцын Батдэлгэр болохыг тогтоолгон, өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах..”. гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний эцэг Ч.Шаравжамц нь 2000 оноос эхлэн 14 жилийн турш Бугант гол ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2003 оны 10 дугаар сард хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаар Бугант гол ХХК-ний 50 хувийн хувьцаа эзэмшигч З.Цэнд нь компаний гишүүнээс гарч өөрийн эзэмшлийн 50 хувийг миний талийгаач эцэг Ч.Шаравжамцад худалдсанаар миний эцэг Ч.Шаравжамц нь тус компаний хөрөнгө болон хувьцааны 50 хувийг эзэмшигч болсон юм.

2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус компаний хувьцаа эзэмшигч нар болох Д.Даваасамбуу, З.Цэнд нар байлцан хувьцаа эзэмшигчдийн хурал хийж Д.Даваасамбуу нь төрийн албанд ажиллах болсонтой холбогдуулан компаний бүрэлдэхүүнээс гарч өөрийн эзэмшлийн хөрөнгөнөөс Т-130 бульдозер, ЗИЛ-130 маркийн машиныг авч, үлдэх хөрөнгийг В.Буянтогтоход шилжүүлснээр “Бугант гол” ХХК-ий хувьцаа эзэмшигчдэд оногдох хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөж Ч.Шаравжамц 50.86 хувь, В.Буянтогтох 49.14 хувийг тус тус эзэмших болж улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Эцгийн мааань нас барснаас хойш тус компаний орлогч захирлаар ажиллаж байсан миний ээж Ц.Бадамнямбуу нь тус компаний тамга тэмдгийг хадгалж, үйл ажиллагааг нь чадан ядан явуулж байсан болно.

В.Буянтогтох нь компаний өдөр тутмын үйл ажиллагаанд огт оролцдоггүй мөртлөө аавын минь амьд сэрүүндээ хийж бүтээсэн модон материалыг авч борлуулаад олсон ашгаа өөртөө авч байсан бөгөөд аавыг минь нас барснаас хойш компанийг ганцаараа захирч ашиг орлогыг нь авахын тулд тамга тэмдэг, бичиг баримт, түүгээр ч байрахгүй 50 хувийн хувьцааг эзэмшихээр улайран хөөцөлдөж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Бугант гол ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигч байсан Ч.Шаравжамц нь нас барснаар түүний эзэмшиж байсан хувьцаа болон оногдох хөрөнгө нь талийгаач Ч.Шаравжамцын хууль ёсны өв залгамжлагч болох төрсөн хүү Ш.Батдэлгэр надад өвийн журмаар шилжиж миний бие “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмших эрхтэй болсон.

Миний бие В.Буянтогтоход холбогдуулан Бугант гол ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгч В.Буянтогтох 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага нь:

Нэгт: Миний хувьд албан ёсны эзэмшигч учраас компаний тамга, тэмдгээ өөртөө авмаар байна

Хоёрт: хариуцагч тамга, тэмдэг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа тул тэрхүү үйл ажиллагааг нь зогсоолгох

Гуравт: 49% 51% гэснийг албан ёсоор тогтоож өгнө үү. Ц.Бадамнямбуугийн сөрөг нэхэмжлэлийн тухайд гэвэл эрх залгамжлах авах асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргалаа гэж ярьж байна. Өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй гэж ч байна. Энэ асуудлын талаар хариуцагч надтай нэг удаа ч уулзаагүй. Намайг зөвшөөрөхгүй байна, тодорхойлолт гаргаж өгөхгүй байна гэж байна. Ийм юм яригдаагүй. Ингэж гүтгэж болохгүй байх. Миний хувьд би хаана, хэнд ямар бичиг хийж өгөх ёстой юм бэ? Өмчлөх эрхийн тал дээр бол миний хувьд ямар нэгэн бичиг өгөх шаардлагагүй байх гэж бодож байна. Хуулиндаа байгаа өөрсдөө хүсэлтээ гаргаад өгөх юм бол Улсын бүртгэлийн байгууллага, нотариатаас гэрчилгээг нь гаргаад өгчих байх...” гэжээ.

 

Нэхэмжлэгч В.Буянтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Бугант гол ХХК-тай  2004 оны 01 дүгээр сарын 16-нд тус компаний хувьцаа эзэмшигч байсан Д.Даваасамбуугаас хувьцааны 50 хувийг худалдаж авснаар холбогдсон. Мөн оны 08 дугаар сард Шаравжамц 50 хувийг худалдаж авсан. Ингээд бид 50:50 хувийн эзэмшигч болохоо харилцан ойлголцож хамтран ажилласан. 2005 онд талийгаач Ч.Шаравжамц өөрөө байхгүй улсын шинэчилсэн бүртгэлд бид гарын үсгээ зураад архивт материалаа өгч 50:50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн. ….Миний тавьж байгаа шаардлага бол

Нэгдүгээрт: Ц.Бадамнямбуу гэж хүн Бугант гол ХХК-тай ямар холбоотой болохыг тогтоолгох,

Хоёрдугаарт: энэ компанийн үйл ажиллагаа буруу байна уу, зөв байна уу гэдгийг тогтоож өгнө үү гэж байгаа.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлд 49:51 гэж яриад байна энэ бол худлаа энэ тухай архивын материалд тодорхой байгаа. Намайг компанийг ганцаараа эзэмших гэлээ гэсэн надад компаний үйл ажиллагааг яаж явуулах, хэн ажиллуулах, ямар оролцоотой байх талаах ямар ч санал тавиагүй. Харин ч 4 жил Ц.Бадамнямбуу гэж хүн хууль бусаар эзэмшиж байна.

Мөн надад холбогдуулан Ц.Бадамнямбуу сөрөг нэхэмжлэл, Ш.Батдэлгэр нь нэхэмжлэл гаргахдаа компаний 51 хувийн хувьцаа эзэмшигч гэдгээ тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг юм билээ. Түүний төрсөн эх Ц.Бадамнямбуу нь энэ компаний тамга, тэмдгийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа, тамга тэмдэг нь төрсөн эхийнх нь мэдэлд байж, тайлан бланс гаргаж ажиллаж байгааг мэдмээр юм даа. Иймд энэ нэхэмжлэл нь надад холбоогүй гэж бодож байна. Би анх гаргасан нэгт, миний хувьд албан ёсны эзэмшигч учраас компаний тамга, тэмдгээ өөртөө авмаар байна. Хоёрт, хариуцагч тамга, тэмдэг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа тул тэрхүү үйл ажиллагааг нь зогсоолгох, гуравт, 49% 51% гэснийг албан ёсоор тогтоож өгнө үү! гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэжээ.

 

Хариуцагч Ц.Бадамнямбуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хариуцагчаар татагдсан Ц.Бадамнямбуу гэж хүний хууль ёсны эрх ашгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхлэн оролцсон. Энэ хэрэг гурван шатны шүүхээр хэлэлцэгдээд хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанаар оруулж энэ хэргийг ер нь хууль бус шийдвэрлэсэн, хэргийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож ахин шийдвэрлүүлэхээр буцаасан ийм хэрэг байна. Энд Улсын дээд шүүхийн тогтоолын хянах хэсгийг танилцуулах хүсэлтэй байна. /Улсын дээд шүүхийн тогтоолын хянах хэсгийг уншин сонсгов./ ийм дүгнэлтийн үндсэн дээр энэ хэргийг дахин хянан хэлэлцэж байгаа гэж ойлгож байна. Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш жил гаран үргэлжлээд явж байна. Талуудын хүсэлт зэргээс болоод удааширч байна.

…Нэхэмжлэгч В.Буянтогтохын нэхэмжлэлийн шаардлагыг миний ойлгож байгаагаар 4 төрлийн нэхэмжлэлийн шаардлага байна гэж ойлгож байна.  Ц.Бадамнямбуу гэж хүнийг “Бугант гол” ХХК-тай ямар холбоотой болохыг тогтоолгоё гэж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлага огт гараагүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхой ярих хэрэгтэй мөн ойлгомжтой байх ёстой.

Миний ойлгож байгаагаар 1. Ц.Бадамнямбуугаас Бугант гол ХХК-ийн тамга, тэмдэг бичиг баримтыг гаргуулъя, 2. Ц.Бадамнямбуугийн хууль бус үйл ажиллагааг зогсооё гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сүүлд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэхэмжлэгч тал юу хүсээд байна гэхээр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрыг хамтран хариуцагчаар татаад Бугант гол ХХК-ийн хувьцаа буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах мөн Бугант гол ХХК-ний 50 хувийг В.Буянтогтох эзэмшдэг болохыг тогтоолгох гэсэн дөрвөн төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж би ойлгож байна.  

Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлага бол Ц.Бадамнямбуугаас Бугант гол ХХК-ийн тамга тэмдэг бичиг баримтыг гаргуулъя гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Ц.Бадамнямбуу гэж хүнд нэхэмжлэл гаргаж байх үед бичиг баримт, тамга тэмдэг байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаач Шаравжамцын хүү Ш.Батдэлгэр өв залгамжлах эрхийн гэрчилгээ авч тухайн гэрчилгээгээр Бугант гол ХХК-ийн 50 хувийг эзэмшигч болох нь тогтоогдсон. Тиймээс нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Ц.Бадамнямбуу биш. Өнөөдрийн байдлаар 51 хувийн хувьцаа эзэмшигч Шаравжамц гэж хүн нас бараад түүний хүү Ш.Батгэрэл өв залгамжлалаар 51 хувийг эзэмшиж байгаа учраас тухайн тамга, тэмдэг Ш.Батдэлгэрт шилжсэн бичиг баримт нь мөн байгаа.  Тиймээс Ц.Бадамнямбуугаас Бугант гол ХХК-ийн тамга, тэмдэг бичиг баримтыг гаргуулна гэдэг бол үндэслэлгүй. Нэгэнт өв залгамжлах эрх нээгдэж шилжсэн бол тухайн хүний эрх үүрэг бүгд өв залгамжлагчид шилжинэ. Үүний дагуу Ш.Батдэлгэр гэж хүн тамга, тэмдэг, бичиг баримтаа авсан. Одоо Ц.Бадамнямбууд байхгүй. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Ц.Бадамнямбуу биш Ш.Батдэлгэр байх магадлалтай. Гэтэл Ш.Батдэлгэрийг хамтран хариуцагчаар татаагүй. Тиймээс тамга, тэмдэг гаргуулах асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд Ц.Бадамнямбуугийн хууль бус үйл ажиллагааг зогсооё гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл ямар хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа нь тодорхой бус байна. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт огт байхгүй. Ц.Бадамнямбуу нь Шаравжамцыг нас барснаас хойш өв залгамжлалаар эрх шилжих хүртэл яагаад үйл ажиллагаа явуулж байсан бэ гэхээр Шаравжамц нь Бугант гол ХХК-ийн захирлаар 14 жил ажилласан. 14 жил энэ компанийн үйл ажиллагааг явуулж энэ компанийг удирдаад, ашиг орлого олоод явж байсан харин В.Буянтогтох гэж хүн Улаанбаатар хотод оршин суудаг “Бугант гол” ХХК-ийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй.

…Шаравжамц нь 2004 оноос 2014 он хүртэл “Бугант гол” ХХК-ийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж байсан. Ингээд удирдаж байх явцдаа өөрийн эхнэр Ц.Бадамнямбууг 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 10 тоот тушаал гарган үйлдвэр хариуцсан дэд захирлаар томилсон байдаг. Энэ тушаалын дагуу Ц.Бадамнямбуу нь энэ компанийн дэд захирлаар ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энэ тушаалыг хүчингүй болгосон ямар нэг эрх зүйн акт гараагүй. Ц.Бадамнямбуу нь энэ тушаалын үндсэн дээр дэд захирлын хувьд өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулж байна. Би энэ хүнийг хувьцаа эзэмшигч гэж маргаагүй. Энэ хүн хувьцаа эзэмшигч биш. Гэхдээ дэд захирлын үүргийг гүйцэтгэдэг гэдэг нь энэ тушаалын хуулбараас харагдаж байна. Яг ямар үйл ажиллагааг нь хууль бус гэж үзэж байгаа нь тодорхой бус түүнийгээ нотлож чадахгүй байна. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Гуравдах  нэхэмжлэлийн шаардлага буюу нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрыг хамтран хариуцагчаар татаад “Бугант гол” ХХК-ийн хувьцаа буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байна.

Энэ нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяалалд хамаарахгүй байна. Хэрэв үнэхээр буруу бүртгэгдсэн гэдгийг засуулж даалгах гэж байгаа бол энэ шаардлага захиргааны хэргийн шүүхэд хамаарна.

“Бугант гол” ХХК-ийн 50 хувийг В.Буянтогтох эзэмшдэг болохыг тогтоолгох гэдэг дээр тайлбар хийхэд В.Буянтогтох анхнаасаа Даваасамбуу гэж хүнээс 50 хувийг шилжүүлэн авахад “Бугант гол” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын 2004 оны 01 сарын 16-нд үйлдэгдсэн хурлын гишүүдийн хурлын тэмдэглэл байдаг. /уншин сонсгов/. Тухайн гишүүдийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр компанийн хувьцаа нь хуваагддаг. Анх Даваасамбуу, Цэнд гэж 2 хүн хөрөнгөө 50:50 хувь гаргаад үүсгэн байгуулсан ба Даваасамбуу нь компанийн бүрэлдэхүүнээс гарахдаа хоёр техникээ аваад гарсан. Тийм учраас энэ хоёр хүнд ноогдох хувьцааны хэмжээ багасаж, авсан хөрөнгийн хэмжээ нь хасагдаж В.Буянтогтоход очих хувь нь 49 хувь болж, Шаравжамц гэдэг хүнд 51 хувь нь болж өөрчлөгдсөн. Үүн дээр үндэслээд Шаравжамц нь 2005 онд Бугант гол ХХК-г шинээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Бүртгүүлэхдээ Үндэсний татварын албанаас авсан баримт дээр үүсгэн байгуулагч нарын хөрөнгийн хэмжээ гээд үүн дээр Шаравжамцын эзэмших нийт хөрөнгийн хэмжээ компанийн нийт хөрөнгө болох 25.436.300 төгрөгөөс 12,500.000 төгрөг, В.Буянтогтохын эзэмших хэмжээ нь нэг хувиар багассан хэмжээгээр бүртгэгдсэн байдаг. Үүнийг нотлох баримт шинжлэн судлахдаа судлуулна.

Ингээд энэ хоёр бүртгэл зөрүүтэй байсан учраас Шаравжамц нь 2005 онд компанийн хувьцаа шинэчлэн бүртгүүлэхдээ 51:49 гэсэн хувийг бүртгүүлсэн байдаг. Гэтэл В.Буянтогтох үүн дээр маргаад 50 хувийн эзэмшигч байна гээд байгаа үндэслэлгүй гэж үзэж байна.

В.Буянтогтох хэлэхдээ “Бугант гол” ХХК үйл ажиллагаа явуулаад ашиг орлого олоод байна гэж байна. Энэ хүн тус компанийн  үйл ажиллагаанд ерөөсөө оролцдоггүй. Хэрэв оролцдог бол өнөөдөр ямар үйл ажиллагаа, ямар бүтээгдэхүүн борлуулсаны хичнээн төгрөгийг ашиг авах гээд байгаа талаараа тодорхой ярих хэрэгтэй. Тодорхой бус байна. Яах гэж тэр тамгыг авах гээд байгаа вэ? Улсын дээд шүүхийн хуралдаан дээр хүртэл энэ хүнээс асууж байсан. Энэ хүн хариулж чадаагүй. Тамгыг авах гээд байгаагийн учир юундаа байгааг ойлгохгүй байна. Яагаад В.Буянтогтох тамга авах ёстой вэ? 51 хувиа болиод 50 хувь гэж бодоход хүртэл яагаад энэ хүн авах ёстой гэж вэ? Энэ компани одоо компанийнхаа хуулиар хурлаа хийгээд хэн нь захирлаа хийх, ашгаа яаж хуваах гээд бүх асуудлаа шийдвэрлэж тохиролцох боломжтой. Компаний тухай хуулиар бүх асуудлыг зохицуулаад байхад ганц гишүүнтэй хэл амаа ололцож чадахгүй одоо тамгаа авна гээд байна. В.Буянтогтох тамга авах талаар энэ компаниас гарсан ямар ч шийдвэр байхгүй.

Харин нарийн ярихад талийгаач Шаравжамц гэж хүн энэ компанийн тамгыг 14 жил бариад үйл ажиллагааг нь явуулсан. Талийгаач нас барснаар түүний тамга барих эрх нь өв залгамжлалаар хууль ёсны дагуу түүний төрсөн хүү болох Ш.Батдэлгэрт шилжсэн. Хууль ёсны дагуу өвийг хүлээж аваад, нас барсан хүний үйл ажиллагааг үргэлжлүүлээд явж байгаа хүү нь барих ёстой болохоос яагаад В.Буянтогтох барих ёстой гэж вэ? …Иймээс шүүхэд гаргасан энэ 4 нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...

...Ц.Бадамнямбуу энэ хэргийн хариуцагч биш,  …өв залгамжлалаар бүх эрх Ш.Батдэлгэрт шилжсэн...” гэв.

 

Сэлэнгэ аймаг  дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 471 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4,8, 34 дүгээр зүйлийн 34.1, 106 дугаар зүйлийн 106.2, Компаний тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д зааснаар “Бугант гол” ХХК-ний тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулах, тамга тэмдгийг Ц.Бадамнямбуугаас гаргуулан, В.Буянтогтоход шилжүүлж, компаний тамга тэмдэг ашиглан санхүү, бараа материал худалдан авалт, борлуулалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар зогсоохыг Ц.Бадамнямбууд даалгаж,

-Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Компаний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар В.Буянтогтохыг “Бугант гол” ХХК-ний 50 хувийн эзэмшигч мөн болохыг тогтоож, “Бугант гол” ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр, бие даасан шаардлага гаргасан Ш.Батдэлгэрийн В.Буянтогтоход холбогдуулан гаргасан “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2-т Ц.Бадамнямбуугийн В.Буянтогтоход холбогдуулан гаргасан Ч.Шаравжамц нь “Бугант гол” ХХК-ний хөрөнгийн 51.0 хувийг эзэмшигч болохыг тогтоолгох, Ч.Шаравжамцын төрсөн хүү Ш.Батдэлгэр эрх залгамжлахад шаардлагатай тодорхойлолтыг В.Буянтогтохоос гаргуулах, Ч.Шаравжамцаас “Бугант гол” ХХК-д оруулсан хөрөнгийн 51.0 хувийн өмчлөгч, эрх залгамжлагч Ч.Шаравжамцын төрсөн хүү, Шаравжамцын Батдэлгэр болохыг тогтоолгон, өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах... гэсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэрэг урьд нь гурван шатны шүүхээр шийдэгдсэн. Улсын Дээд шүүхээс хүчингүй болоод буцаж ирсэн. Ирснээс хойш нилээд хугацаа өнгөрлөө. Энэ хооронд анхан шатын шүүх нэг удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үүн дээр гомдол гарч нийтдээ энэ хэрэг 3 дахь удаа анхан шатны шүүхээр шийдэгдсэн. Энэ хэргийг нэг л үндэслэл бүхий шийдвэрлэж чадахгүй байгаа.  Хэргийг шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

“... Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг дээрх 471 тоот шийдвэр хангаагүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад "Бугант гол" ХХК-ний 51 хувийн хувьцааг эзэмшиж байсан талийгаач Ч.Шаравжамцын эзэмшиж байсан хувьцаа өв залгамжлалын журмаар түүний төрсөн хүү Ш.Батдэлгэрт шилжсэн болох нь “өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-гээр нотлогдож, шүүх хурал дээр тус компаний тамга, тэмдэг, бичиг баримт өв залгамжлалын журмаар Ш.Батдэлгэрт шилжсэн гэж тайлбарласаар байхад шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүй Иргэний хуулийн 106.2-т заасныг баримтлан Ц.Бадамнямбуугаас “Бугант гол" ХХК-ний тамга, тэмдэг, бичиг баримтыг гаргуулахаар, үйл ажиллагаа явуулахыг шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар зогсоохыг даалгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, компаний тамга тэмдэг, бичиг баримт нь нэхэмжлэгч В.Буянтогтохын өмч биш, тус компаний 2 гишүүний дундын эзэмшилд байх ёстсй зүйл байхад шүүх “Бугант гол” ХХК-ний тамга тэмдэг, бичиг баримтыг нэхэмжлэгч В.Буянтогтохын өмч гэж Иргэний хуулийн 106.2-т заасныг баримтлан шийдсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байгаагаас гадна уг тамга тэмдэг, бичиг баримт Ш.Батдэлгэрт байхад Ц.Бадамнямбуугаас гаргуулж шийдвэрлэсэн нь хариуцагчийг буруу сонгосон гэж үзэхээр байна.

Мөн шийдвэрийн 1 дэх заалтаар "Компаний тамга тэмдэг ашиглан санхүү, бараа материал худалдан авалт, борлуулалттай холбоотой үйл ажиллагаа явуулахыг шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар зогсоохыг Ц.Бадамнямбууд даалгасугай" гэж шидвэрлэсэн нь тун ойлгомжгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй шийдвэр болжээ. Нэхэмжлэгч В.Буянтогтох шүүхэд нэхэмжлэлийн шаардлагадаа: "Тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг ашиглан хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү" гэсэн байхад, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ шүүх хариуцагчийн чухам ямар үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоогоогүй, нэхэмжлэгч зөвхөн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг хүссэн байхад шүүх нэхэмжлэлиин шаардлагаас хальж тус компанийн санхүү, бараа материал худалдан авалт, борлуулалттай холбоотой үйл ажиллагаа явуулахыг шийдвэр хүчин төгөлдөр болтол хугацаагаар зогсоохыг Ц.Бадамнямбууд даалгасан нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, "Компаний тухай хууль"-ийн 77.5 дахь заалтыг хэрэглэсэн нь хууль бус үйл ажиллагаатай холбоогүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Түүнээс гадна нэхэмжлэгч хууль бус үйл ажиллагааг зогсоох шаардлагыг гаргахдаа хугацаа заагаагүй байхад шүүх шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар зогсоохыг Ц.Бадамнямбууд даалгасугай" гэж шийдсэн нь ойлгомжгүй болжээ.

         Шүүх шийдвэрийнхээ 2 дахь заалтаар ...”Компаний тухай хууль”-ийн 12.8-д заасныг баримтлан В.Буянтогтохыг “Бугант гол” ХХК-ний 50 хувийн эзэмшигч мөн болохыг тогтоож, бие даасан шаардлага гаргасан Ш.Батдэлгэрийн Ц.Буянтогтоход холбогдуулан гаргасан “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэхдээ энэ нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэснээс гадна гуравдагч этгээд Ш.Батдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ тодорхой заагаагүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

         “Бугант гол” ХХК-ний гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Ч.Шаравжамц нь нас барснаар түүний төрсөн хүү Ш.Батдэлгэр “өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-ний дагуу  тус компаний хувьцаа эзэмшигч мөн болох нь баримтаар тогтоогдож байхад шүүх чухам ямар баримтыг үндэслэн Ш.Батдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болжээ. В.Буянтогтох нь “Бугант гол” ХХК-ний 50 хувийн эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжпэлийн шаардлагыг гаргахдаа тухайн компаний хувьцааг эзэмшдэггүй Ц.Бадамнямбууд холбогдуулан гаргасан байхад шүүх үүнд дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин тус компаний хувьцааг өвийн журмаар эзэмших эрхтэй болсон Ш.Батдэлгэрийн эрхийг ноцтой зөрчиж түүний нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Эдгээр үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Хэрэг үүссэнээс хойш чамгүй удаан хугацаа өнгөрч байна. В.Буянтогтох гэдэг хүн тухайн компанийн 50 хувийн эзэмшигч гэдэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Хариуцагч болон гуравдагч этгээдийн талаас гаргаж байгаа гомдол тайлбар  нь үндэслэл муутай. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэрэглэх ёстой зохих хуулийг хэрэглэсэн. Энэ хуулийг хэрэглэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв дүгнэсэн гэж үзэж байна. Хариуцагч талаас бид нарыг ямар ч нотлох баримтгүйгээр асуудалд хайнга хандсан, үүнийг шүүх үнэлсэнгүй гэдэг байдлаар хандаж байна. Гэтэл энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай уялдаа холбоотой. Талийгаач өнгөрснөөс хойш 1 жилийн дараа буюу шүүхэд нэхэмжлэл гаргах цаг хугацаанд өмчлөх эрх 51 хувь гэж тогтоогдсон зүйл байгаагүй. Харин тодорхой улсын бүртгэлийн албан хаагчийн ажилдаа хайнга хариуцлагагүй хандсанаас болж 51 хувь, 49 хувь гэж бүртгэгдсэн үйл баримт байсан. Энэ үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, удаа дараагийн гаргаж байгаа хамтран хариуцагчийн тайлбар мэдүүлэг, өөрсдийнх нь бүртгэсэн бүртгэл зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдоно. Харин энэ компанийн хэдэн хувийг эзэмшдгээ шүүхээр тогтоолгохоор хоёр тал хоёулаа нэхэмжлэл гаргасан. Үүнийг шүүх үнэн зөвөөр бодитойгоор тогтоосон. Энэ бол нотлох баримт юм. Тамга тэмдэг Ш.Батдэлгэрт шилжсэн талаар ярьж байна. Хавтаст хэрэгт тамга тэмдгийг Ш.Батдэлгэрт өгсөн асуудал байхгүй. Маргаантай байсан нотлох баримтаар нотариатын үйлдлээр тодорхой хэмжээгээр 51 хувь гэдгийг тогтоолгосон байдаг. Гэтэл ингэж тогтоолгосноос хойш Ш.Батдэлгэрт тамга тэмдэг очсон, бид нар ямар ч үйл ажиллагаа хийгээгүй, Ш.Батдэлгэр 51 хувь эзэмшиж байгаа гэж ярьдаг боловч анхан шатны шүүх хуралдаанд дээр хамгийн сүүлд гаргаж өгсөн нотлох баримтаар ойн сан болон өөр бусад баримтууд дээр Ц.Бадамнямбуу гэдэг хүн өөрийгөө янз бүрийн байдлаар томъёолдог.  Үйлдвэрлэл хариуцсан дэд захриал, дэд захирал, эсхүл үйл ажиллагаа хариуцсан захирал, Шаравжамцын орлогч гэх мэтээр тодорхойлоод бичиг баримт үйлдэж үйл ажиллагаа явуулаад байдаг. 2014, 2015, 2016 оны ойн сан руу борлуулалт хийсэн нотлох баримтуудыг шалгаж хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Уг баримтууд дээр Ш.Батдэлгэр өөрийгөө захирал мэтээр томъёолж, үйл ажиллагаа явуулдаг. В.Буянтогтох гэдэг хүн аливаа хэлбэрээр энэ компаний 50 хувийн эзэмшигч мөн юм бол эзэмшиж байгаа хөрөнгөө захиран зарцуулах, компанийн үйл ажиллагаанд оролцох, хуралд орох тайлан тооцоотой танилцах, хувьцаа ногдол ашгаа эдлэх зэрэг эдгээр эрхүүдийг эдлэлгүйгээр 4-5 жилийн хугацаа өнгөрсөн. Ийм нөхцөл байдлын үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хамгийн анх хариуцагч маань нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч архивт хадгалагдсан баримтанд энэ хоёр 50, 50 хувиар бүртгэгдсэн байна гэдэг. Ц.Бадамнямбуу өөрийгөө дэд захирал гэж томъёолдог боловч уг захирлын тушаал нь хуулийн хүрээнд гарсан тушаал биш байсан. Мөн гэж үзвэл тодорхой хэмжээнд тэр компанийн мод модон материал гадагшаа худалдан борлуулах гэдэг тодорхой үйлдвэрийн асуудал хариуцсан дэд захирал дээр харъяалагдах асуудал гарч ирдэг. В.Буянтогтох энэ компанийн ямар ч үйл ажиллагаанд оролцолгүй өдий 5 жил болсон байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий гарсан гэв.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч В.Буянтогтох нь Ц.Бадамнямбууд холбогдуулан “Бугант гол” ХХК-ний тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг  түүний хууль бус эзэмшлээс  гаргуулах, тамга тэмдэг ашиглан хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Ц.Бадамнямбуу нь нэхэмжлэгчид холбогдуулан өв залгамжлуулах, өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах  тухай сөрөг нэхэмжлэлийг  тус тус гаргажээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Бугант гол” ХХК-ний 50 хувийг В.Буянтогтох эзэмшдэг болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлэн мөн хамтран хариуцагчаар Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрыг татаж “Бугант гол” ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах тухай  шаардлага гаргасан байна.

 

Тус хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Ш.Батдэлгэр оролцож  В.Буянтогтоход холбогдуулан “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах  гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргасныг анхан шатны шүүх  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч  хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдах  гомдол гаргасан бөгөөд  гомдлынхоо үндэслэлээ тус хэргийн хариуцагч Ц.Бадамнямбуу биш,    гуравдагч этгээд Ш.Батдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ шүүх тодорхой заагаагүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, компаний хувьцааг өвийн журмаар эзэмших эрхтэй болсон Ш.Батдэлгэрийн эрхийг ноцтой зөрчиж түүний нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарласан байна.

 

 Хэргийг судлан үзвэл:

1. “Бугант гол” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн талаар:

”Бугант гол” ХХК-ийг анх 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хувь нийлүүлэгч З.Цэнд, Д.Даваасамбуу нар нь 25.436.360 төгрөгийн дүрмийн сантайгаар, уг дүрмийн сангийн хэмжээ нь хувь нийлүүлэгч тус бүр 12.718.180.00 төгрөг буюу тэнцүү хэмжээгээр 50, 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар хувь нийлүүлэгчдийн хурлаас үүсгэн байгуулжээ.  Компани нь 2 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаад 2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус компаний бүх гишүүдийн хурал хуралдаж, уг хуралд хувь нийлүүлэгч Д.Даваасамбуу, З.Цэнд нар оролцон компаний гишүүний чөлөөлөх ба нөхөн сонгох тухай асуудлыг хэлэлцэн Д.Даваасамбуу нь төрийн тусгай албанд томилогдон ажиллах болсонтой холбогдуулан компаний гишүүнээр В.Буянтогтохыг элсүүлж, “Бугант гол” ХХК-ний гишүүнээр 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн бүртгэж, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгох, В.Буянтогтохыг тус компанид оруулсан хөрөнгө оруулалт 12.718.180 төгрөгтэй тэнцэх компаний 50 хувийн хувь эзэмшигчээр батлахаар тус тус шийдвэрлэсэн байна.

 

Мөн тус компаний 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар компаний нэг гишүүн болох З.Цэнд нь компаний гишүүнээс чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан “Бугант гол” ХХК-ний гишүүнээр Ч.Шаравжамц  бүртгэгдэж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд сонгогдон, тус компанид оруулсан 12.718.180 төгрөгтэй тэнцэх компаний 50 хувийн хувь эзэмшигчээр баталжээ.

 

Ийнхүү В.Буянтогтох,Ч.Шаравжамц нар нь “Бугант гол” ХХК-ний үйл ажиллагааг явуулж эхэлснээр 2005 оны 10 дугаар сарын 24-нд шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн болох нь  хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн “Бугант гол” ХХК-ийн 2004 оны 01 дүгээр сарын 16, 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, “Бугант гол” ХХК-ийн дүрэм, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Бугант гол” ХХК-ний хувийн хэргийн хуулбар   /хх-ийн 1-75-79, 2 хавтас 16-35  тал/ зэргээр нотлогдсон байна.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсантай холбогдон “Бугант гол” ХХК нь 2005 оны 07 сарын 22-ны өдөр хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэл хийгдсэн, тус компаний гишүүн Ч.Шаравжамц нас барсантай холбоотой болон ”Бугант гол” ХХКомпанийг 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шинэчилсэн бүртгэлд хамрагдаж цахим санд  В.Буянтогтох 12500 мянга төгрөг буюу 49.14 хувь, Ч.Шаравжамц нь 12936 мянга төгрөг буюу 50.86 хувь эзэмшдэг гэж бүртгэгдсэнээс зохигчдын хооронд компаний гишүүд  хувьцааны хэдэн хувийг эзэмшдэг  талаар маргаан үүсчээ.

 

Тухайн үед компаний тухай мэдээллийг  цахим бүртгэлд хийхдээ бүртгэлийн ажилтан нь алдаа гаргаж, гишүүдийн хувь хэмжээг буруу тэмдэглэсэн болох нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1768 дугаартай дүгнэлт, шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 570 дугаартай захирамжаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас томилогдсон бүрэлдхүүнтэй шинжээчийн   2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр  гарсан дүгнэлт / хх-ийн 2 -136-137, 148-149 тал/-ээр тогтоогдож байх тул “Бугант гол” оноосон нэртэй, 2602172 регисртийн болон улсын бүртгэлийн 1311002056 дугаар бүхий хязгаарлагдмал хариуцлагатай компаний үүсгэн байгуулагч Ванганжилийн Буянтогтох, Чимэддоржийн Шаравжамц нар нь компаний хувьцааны 50, 50 хувийг эзэмшдэг болох нь тогтоогдож байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Тус хэргийн хамтран хариуцагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газарт холбогдох Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газар нэхэмжлэгч В.Буянтогтохын нэхэмжлэлийн шаардлага болон “Бугант гол” ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлж, В.Буянтогтохыг “Бугант гол” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байх тул хамтран хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.

 

2.“Бугант гол” ХХК-ний тамга, тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг хариуцагч Ц.Бадамнямбуугийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх болон компаний тамга тэмдэг хууль бусаар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 “Бугант гол” ХХК-ний үйл ажиллагааг Ч.Шаравжамц удирдан явуулж байсан бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байна. Түүнээс хойш Ч.Шаравжамцын эхнэр тус хэргийн хариуцагч Ц.Бадамнямбуу нь компаниас өөрт олгогдоогүй эрхийг тухайн компаний тамга тэмдгийг эзэмшин улмаар компаний үйл ажиллагааг гүйцэтгэн эрхэлж, санхүүгийн болон модон материалын гүйлгээ хийж тайлан баланс гаргаж, ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 2014, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан болон албан бичиг зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Ц.Бадамнямбуу нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа компаний эрхийг Ч.Шаравжамцын өв залгамжлагч Ш.Батдэлгэрт шилжүүлсэн, тус хэргийн хариуцагч биш гэж тайлбарлаж байгаа боловч шүүхэд нэхэмжлэл гаргах үед компаний тамга, тэмдэг ашиглан үйл ажиллагааг явуулж байсан, хэрэгт Ш.Батдэлгэрт  компаний тамга тэмдгийг хүлээлгэн өгсөн тухай нотлох баримт авагдаагүй, тус хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Батдэлгэр нь нэхэмжлэгч В.Буянтогтоход холбогдуулан тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах тухай шаардлага гаргасан зэргээс үзвэл хариуцагч Ц.Бадамнямбуугийн  татгалзал нь үндэслэлгүй бөгөөд компаний тамга тэмдгийг Ш.Батдэлгэрийн эзэмшилд шилжүүлсэн гэдэг нь үйгүйсгэгдэж байна.

 

          Иймд түүний тус хэргийн хариуцагч биш гэсэн татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагч Ц.Бадамнямбуугийн  хууль бус эзэмшлээс “Бугант гол” ХХК-ний компаний тамга, тэмдгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Буянтогтоход олгох  нь зүйтэй гэж үзлээ. 

 

Харин хариуцагчийг  “Бугант гол” ХХК-ний тамга тэмдгийг ашиглан хууль бус ажиллагаа явуулж байгаа үйлдлийг таслан зогсоолгох  тухай шаардлагын хувьд   хариуцагч Ц.Бадамнямбуугийн компаний нэрээр ямар хууль бус үйл ажиллагаа  явуулж байгаа талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлоогүй тул түүний энэхүү шаардлагыг шүүх хангах боломжгүй байна. 

 

3.Бие даасан шаардлага гаргасан Ш.Батдэлгэрийн В.Буянтогтоход холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн талаар:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Батдэлгэр нь нэхэмжлэгч В.Буянтогтоход холбогдуулан “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах  тухай шаардлага гаргасан байна.

“Бугант гол” оноосон нэртэй, 2602172 регисртийн болон улсын бүртгэлийн 1311002056 дугаар бүхий хязгаарлагдмал хариуцлагатай компаний хувьцааг  Ванганжилын Буянтогтох, Чимэддоржийн Шаравжамц нар нь  тус  тус 50, 50 хувиар эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул гуравдагч этгээд Ш.Батдэлгэрийг  тухайн компаний хувьцааг 51 хувийг эзэмшигч гэж тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Түүнчлэн гуравдагч этгээд Ш.Батдэлгэрт 2015 оны 11 сарын 23-ны өдөр олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ нь Ч.Шаравжамцын хууль ёсны  өвлөгч болохыг нотлох баримт бичиг бөгөөд тухайн гэрчилгээгээр  түүнийг “Бугант гол” ХХКомпаний  шууд эзэмшигч гэж үзэх боломжгүй юм.

 Учир нь: Компаний тухай хууль болон  компаний дүрэмд зааснаар компаний өдөр тутмын үйл ажиллагаанаас бусад гишүүдийг сонгох, чөлөөлөх, тэдгээрт олгох хөлс, урамшууллын хэмжээг тогтоох, тайланг хэлэлцэх зэрэг асуудлыг хувьцаа эзэмшигчдийн  бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэдэг бөгөөд  тус компаний хурлаар Ш.Батдэлгэрийг гишүүнээр бүртгэсэн тухай асуудал хэлэлцсэн талаар холбогдох нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгч В.Буянтогтоход холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзлээ.

 

4.Хариуцагч  Ц.Бадамнямбуугийн сөрөг нэхэмжлэлийн талаар:

Талийгаач Ч.Шаравжамцын “Бугант гол” ХХК-ний  хувьцаа эзэмших 50 хувийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өвлөгч нар хүлээн авах эрхтэй бөгөөд хуулийн  дагуу талийгаачийн хүү  Ш.Батдэлгэр нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ авснаар хууль ёсны өв залгамжлагч болжээ.

 

Энэхүү өв хүлээн авах, өвлөгдөх эд хөрөнгийг шилжүүлэх асуудал нь тус хэргийн нэхэмжлэгч В.Буянтогтоход хамаарахгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул түүний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахаар шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 471 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн:

 1 дэх заалтыг:  

“Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 34 дүгээр зүйлийн 34.1, 106 дугаар зүйлийн 106.2, Компаний тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д зааснаар  нэхэмжлэгч В.Буянтогтохын хариуцагч Ц.Бадамнямбууд холбогдуулан гаргасан “Бугант гол” ХХК-ний тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулах, тамга тэмдгийг Ц.Бадамнямбуугийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн шаардлагаас  Ц.Бадамнямбуугийн   компаний тамга тэмдэг ашиглан хууль бусаар явуулж буй  үйл ажиллагааг таслан зогсоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж

2 дахь  заалтыг: 

“Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Компаний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар В.Буянтогтохыг “Бугант гол” ХХК-ний 50 хувийн эзэмшигч мөн болохыг тогтоож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хамтран хариуцагч  Улсын бүртгэл, статистикийн газар нь  нэхэмжлэгчийн “Бугант гол” ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах тухай  шаардлагыг биелүүлснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан Ш.Батдэлгэрийн В.Буянтогтоход холбогдуулан гаргасан “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН