| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2017/01428/И |
| Дугаар | 183/ШШ2017/01874 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2017/01874
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А /ХВ 56051218/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт холбогдох,
Тэтгэмжийн зөрүү 7 117 957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Алтай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, гэрч Н.Төрбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтай шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Автобус-1 компанийн захирлын 2007 оны 4 сарын 25-ны өдрийн 23 тоот тушаалаар тэрэг тавигч механикаар ажилд орсон бөгөөд автобус баазад 1977 оноос эхлэн 27 жил ажилласан. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын захирлын 2016 оны 5 сарын 23-ны өдрийн Б/515 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ингээд 10 сард миний данс руу 2 033 720 төгрөг цалин гэж орсон. Үүний дагуу Үйлдвэрчний эвлэлд хандаж өргөдөл гаргасан. Тухайн үед удирдлагууд солигдсон гэх зэрэг нөхцөл байдал үүссэн учраас үйлдвэрчний эвлэлийн хороонд хандсан. Тус байгууллагад тасралтгүй 9 жил 1 сар ажилласан. 2014 оны 1 сарын 22-ны өдрийн Автобус нэг ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 2 сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гаргахад 9 сарын тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд надад олгох 7 сарын тэтгэмжийг дутуу олгосон. Иймд 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 1 016 851 төгрөг бөгөөд 7 сарын тэтгэмж 7 117 957 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш тоолно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч тэтгэвэрт гарч байх үед тэтгэмжийг нь олгоогүй байсан. 2017 оны 09 сарын 07-ны өдрийн тушаал дээр 2 033 720 төгрөг гэж байгаа. Энэ мөнгийг тэтгэмж гэж мэдээгүй. Яагаад гэвэл тушаалд Зорчигч тээврийн нэгтгэлийн цалин гэж бичсэн байдаг. Тэр үед АСЕМ-ийн үйл ажиллагаанд холбогдуулан тэрэг хариуцагчаар түр томилсон тухай тушаал гарсан байсан учраас энэ хугацааны цалин гэж ойлгосон. Иймээс нэхэмжлэгч үүнийг тэтгэмж гэдгийг мэдээгүй цалин гэж ойлгож байсан. Ингээд өгөхгүй байхаар нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хороонд өргөдөл гаргасан. Үйлдвэрчний эвлэлийн хороог үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль зааснаар гишүүдийг төлөөлж, эрхийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Уг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаа нь зохих байгууллагад хандан, хамтын гэрээний асуудлаар маргаантай асуудлаас тохиролцоонд хүрч чадаагүй. Энэ маргаантай эсэх асуудал нь нэхэмжлэгчид хамааралгүй. Үйлдвэрчний эвлэлийн хороонд үүсгээд явж байгаа асуудал нь нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Харин тэтгэмжийн хэмжээ болон ажилласан жилийн хэмжээ, гэм хорын асуудлаар хариуцагч тал маргахгүй байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Алтай нь Зорчигч тээврийн нэгтгэлд 2016 оны 05 сарын 23-ны өдөр өөрөө хүсэлт гаргаж өндөр насны тэтгэвэрт гарсан. 2016 оны 09 сарын 08-ны өдөр тэтгэмж олгох тухай тушаал гарч 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг байгууллагаас олгосон. Тэтгэмж олгох тушаал гараад 2016 оны 09 сарын 14-ний өдөр төлбөрийн даалгавраар Б.Алтайгийн данс руу шилжсэн байгаа. Төлбөрийн даалгавар дээр 2016 оны 09 сарын 14-ний өдрийн Б918, Б919 тоот тушаалын дагуу гүйлгээ хийж байгаа гэх үндэслэлээр 2 сарын тэтгэмжийн мөнгийг олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч маань хөдөлмөрийн маргаантай холбоотой шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх дууссан гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон гэрч Н.Төрбатын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтай нь хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад дутуу олгогдсон 7 сарын тэтгэмжийн 7 117 957 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Алтай нь Автобус-1 компанийн захирлын 2007 оны 4 сарын 25-ны өдрийн 23 тоот тушаалаар тэрэг тавигч механикаар ажилд орж ажиллаж байгаад Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын захирлын 2016 оны 5 сарын 23-ны өдрийн Б/515 тоот тушаалаар өндөр настны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, Б.Алтайн 383659 тоот нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн хуулбар, тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч Б.Алтай нь тус байгууллагад нийт 9 жил 1 сар ажилласан байна. Зохигчид уг асуудлаар маргаангүй байна. /хх-ийн 35, 9/
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 5 сарын 23-ны өдрийн Б/515 тоот тушаалаар Б.Алтайг ажлаас чөлөөлөхдөө түүнд олгох тэтгэмжийн асуудлыг шийдвэрлээгүй байх ба 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/918 тоот захирлын тушаалаар нэхэмжлэгч Б.Алтайд 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 2 033 702 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-17,18/
Нэхэмжлэгч нь тус байгууллагад нийт 9 жил 1 сар тасралтгүй ажилласан бөгөөд Хамтын гэрээний 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гаргахад 9 сарын тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд надад олгох 7 сарын тэтгэмжийг дутуу олгосон” гэх тайлбарыг гаргаж маргасан байна.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нь “...Тэтгэмж олгох тушаал гараад 2016 оны 09 сарын 14-ний өдөр төлбөрийн даалгавраар Б.Алтайгийн данс руу шилжсэн байгаа. Төлбөрийн даалгавар дээр 2016 оны 09 сарын 14-ний өдрийн Б918, Б919 тоот тушаалын дагуу гүйлгээ хийж байгаа гэх үндэслэлээр 2 сарын тэтгэмжийн мөнгийг олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөрийн маргаантай холбоотой шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх дууссан, үүнийгээ хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх тайлбарыг гаргаж маргажээ.
Нэг талаас ажил олгогч “Автобус-3” ОНӨҮГ, нөгөө талаас ажилтны төлөөлөл буюу Үйлдвэрчний эвлэл хэлэлцэн тохиролцож хамтын гэрээ байгуулагдаж уг гэрээг 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу Хамтын гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-ийн 14-18/
Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨҮГ, “Автобус-3” ОНӨҮГ, “Цахилгаан тээвэр” ОНӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамтаар шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу “Автобус-1” ОНӨҮГ-ийн эд хөрөнгө, эрхийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ шилжүүлэн авсан гэдэгт хариуцагч маргаагүй. /хх-24/
Өөрчлөгдөн зохион байгуулагдсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т шинээр хамтын гэрээг байгуулаагүй байгаа, хамтын гэрээг шинэчилэн байгуулахаар ажилтны төлөөлөлтэй хамтран хэлэлцэж байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.
Талуудын байгуулсан хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5-д “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс хамааруулан ...6-10 жил ажилласан бол 9 сарын тэтгэмж олгоно” гэж заасан байна. /хх-ийн 18/
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын захирлын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/918 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Алтайд 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 2 033 702 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн Улаанбаатар хотын банкны 2603028610 тоот дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 31/
Харин нэхэмжлэгч нь тэтгэмжийг өгөхгүй байгаа талаарх гомдлыг Зорчигч тээврийн нэгтгэл Автобусны 1 дүгээр баазын ажилчны үйлдвэрчний эвлэлийн хороонд 2016 оны 12 дугаар сарын 12-нд, 2017 оны 2 сарын 10-ны өдөр тус тус гаргаж байсан байх ба Зорчигч тээврийн нэгтгэл Автобусны 1 дүгээр баазын ажилчны үйлдвэрчний эвлэлийн хороо дээрх тэтгэмжийг шийдвэрлүүлэх талаар ОНӨААТҮГазрын удирдлагуудад болон Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо зэрэгт хандаж, хариуг авч, мөн түүнчлэн энэ талаараа нэхэмжлэгч Б.Алтайд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 291 тоот албан бичиг, 2017 оны 3 сарын 09-ний өдрийн 244 тоот албан бичгүүдээр хариуг хүргүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гомдол, үйлдвэрчний эвлэлийн хорооны 291, 244 тоот, Маргаан шийдвэрлүүлэх тухай 326 дугаар тоот, Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2017 оны 03 сарын 21-ний өдрийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазарт хүргүүлсэн 05 тоот “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг зэргээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэн хугацааг нэхэмжлэгч нь хэтрүүлээгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Алтай нь хамтын гэрээтэй холбоотойгоор үүссэн маргаантай асуудлаа шийдвэрлүүлж, эрхээ хамгаалуулахаар ҮЭ-ийн хороондоо хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасантай нийцэж байна.
Иймд дутуу авсан 7 сарын тэтгэмжийн 7 117 957 төгрөгийг хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Алтайд олгож, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 7 117 957 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтайд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 128 837 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ