Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55

 

 

 

 

      

 

 

 

 

2021          05          06                                  2021/ШЦТ/55

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа

Улсын яллагчаар хяналтын  прокурор Э.Ариунболд

Хохирогч С.Б, У.Н /Цахимаар/

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн

Гэрч Ж.О/Цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Тулгаа

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д Дид холбогдох эрүүгийн 1919000170027 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Д Д

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч  Д.Д нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн А/0102 чиглэлийн хатуу хучилттай замд 83-26 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Ноах” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2 дугаар бүлэг ...Замын тэмдэг, тэмдэглэл 1. Хэвтээ тэмдэглэл. 1.4, 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. /дүрмийн 10.6/ “уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин буцаж эргэх үйлдэл хийсний улмаас иргэн Ө.У нь 17-32 УНМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Сайншанд сумын чиглэлд замын хөдөлгөөнд оролцох үедээ Д.Дийн жолоодон явсан 83-26 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Ноах” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд тал руу хажуугаас нь мөргөсөн зам тээврийн осол гаргасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, 17-32 УНМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Б, У.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ө.Уын тээврийн хэрэгсэлд хор уршгийн 6.757.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу ачаа тээврийн том оврын машинтай ачаа буулгах гээд эхнэртэйгээ хамт хоёр тусдаа машин жолоодоод явж байсан. Тэгээд эхнэрийн жолоодож явсан машины мотор цохиод эхнэрээ 27-ны орой Улаанбаатар хот руу явуулаад машиндаа тайрдас ачаад ир чиргүүлээ салгаж байгаад ачаатай чиргүүлээр хүний албаны ачааг өгье гээд эхнэр 28-ны орой таньдаг дүүг маань дагуулаад дан толгой авчраад дүүдээ чиргүүлийг салгаж өгөөд явуулсан. Юм хийж байгаад сандарсандаа чиргүүлийн бичиг баримтыг өгөлгүй явуулсан байсан. Буцаж Говьсүмбэрийн пост руу очиж бичиг баримтаа өгсөн. Тэгээд буцаж эргээд явах гэж байгаад зам тээврийн осолд орсон. Дохио өгөөд толиндоо харахад өгсүүр, зүүн гар тийшээ тахиралдсан зам дээр нэлээн хол машин харагдахаар нь энэ машины урдуур эргэнэ гэж бодоод эргэтэл намайг Улаанбаатар явах зам руу буюу эсрэг урсгалд ортол нэг машин шууд хөндлөнгөөс ирээд мөргөсөн. Тэр машиныг ирж амжина гэж бодоогүй,уг машин нэлээн хурдтай явсан. Үүнээс болж осол гарсан. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн. Би сандраад тэр хүмүүст тусалсан. Тэгээд гар утас ажиллахгүй байсан болохоор замаар явж байсан машиныг зогсоогоод хэлсэн. Тэгээд Ө.У яриад Даланжаргалан сумын мөрдөн байцаагч ирээд тухайн үеийн нөхцөл байдлыг гэрэл зургаар баталгаажуулсан. Би С.Б гэдэг хүн байсныг мэдээгүй, тухайн машинаас гарч ирсэн хүмүүс ч хүн гаргаж авах талаар хэлээгүй. Даланжаргалангийн эмнэлгийн машин ирэхэд нэг хүн дуугарахаар нь очоод хартал жолоочийн арын суудал дээр цусандаа холилдсон сууж байсан. Дараа нь Говьсүмбэр аймгийн эмнэлгийнхэн давхцаж ирээд төвийн эмнэлэг рүү явуулах болоод авч явсан. Хэрвээ У өөрийнх нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан хүмүүст санаа зовсон бол хүмүүсээ бүгдийг нь машинаас гаргах байсан байх. Гэтэл тэгэлгүй утсаар ярьж байгаад өөрийн танил хошууч Гийг дуудсан. Тэр хошууч ирээд шууд нүдээрээ хараад хэргийн газрын ослын талаар дүгнэлт хийж миний буруу болгосон. Би шууд нүдээрээ хараад дүгнэлт хийж байгаа талаар нь хэлээд тэр хүнтэй маргалдсан. Г, У гэх цагдаатай хамт ирээд хэргийн газарт үзлэг хийж гэрэл зургаар баталгаажуулсан. Тэгээд У гэх цагдаа нь явах гэж байгаад буцаж ирээд намайг байж байх юм уу гэхээр нь машин болохгүй байгаа болохоор эндээ байна гэж хэлсэн. Тэнд Э гээд дэслэгч надтай хамт үлдсэн. У Гийн машинд суугаад намайг машин харж байгаарай гээд явах гэхээр нь би өөрийнхөө машиныг өөрөө хар, таньдаг талаа харлаа гэж хэлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд У ирээгүй байна. Яагаад ирж хэргийн газрын үнэн зөвийг ярихгүй байгааг нь гайхаж байна. Дараа нь намайг машинаа Даланжаргалан сумын цагдаагийн журмын хашаанд аваачаарай гэсэн. Тэгээд Гийн хүүхэд машинтай ирээд миний машиныг чирээд надтай хамт цагдаагийн газарт аваачиж Э миний бичиг баримтыг хураагаад надаас мэдүүлэг авсан. Тэр үед Г цаанаас нь утасдаж байх шиг байсан. Тэгэхээр нь нэг хүнийх нь бие их муу байгаа болохоор Эрүүгийн хэрэг үүсэх талаар хэлж байсан. Үүнийг энэ хэд бүгд хүлээж байгаа. Айраг сумын хэсгийн төлөөлөгч Саяннямбуу хүртэл С.Бг эмнэлэгт байхад нь очиж мэдүүлэг авсан гэх зэрэг нь худал болох нь нотлогдсон. Энэ хэрэг эхнээсээ зохиомол бөгөөд намайг хилс хэрэгт гүтгэсэн. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч С.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдөр жолоочийн арын суудалд сууж явсан. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн. Тухайн өдөр унтаж сэрээд явсан болохоор хаана явж байгаагаа мэдээгүй. Нэг сэрэхэд цусандаа холилдсон байсан, танихгүй хүн ирээд гаргаж авч тусламж үзүүлсэн. Миний хувьд ийм л зүйл болсон. Хохирлоо барагдуулахаар холбогдох баримтыг өгсөн, 969 103 төгрөг нэхэмжилсэн” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч У.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би машинд унтаж чаддаггүй болохоор тээврийн хэрэгслийн хурдад хяналт тавьж байсан. Миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл 80 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн осол болох үед урд цагаан машин зогсож байсан. Тэгээд яг дөхөөд очих үед тэр машин гэнэт эргээд бид нарын явж байсан урсгал руу орсон. Миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл тухайн машиныг хөндлөн мөргөсөн. Хэрвээ тухайн тээврийн хэрэгсэл цагаан зураасыг давж эсрэг урсгал руу орсон бол миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл шулуун мөргөхгүйгээр явах байсан. Би харж явсан болохоор сайн мэдэж байна. Цагаан зураасыг давсны дараа мөргөсөн гэдгийг сонсоод гайхаж байна, 554 384 төгрөг нэхэмжилж байгаа“ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..машинаас буугаад хамгийн эхэнд ээжийгээ машинаас гаргасан. Дараа нь Ө.У ахыг машинаас гаргасан. Д.Д гуай өөрөө яаж яваад байгаа юм гэж маргааныг эхлүүлэхээр нь ийм зураастай газраар эргэж болдоггүй гэдгийг мэдэх үү гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй” гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3-р хх- ийн 39-44-р хуудас/,

 

Гэрч Т.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 229-ний өдрийн 16 цагийн орчимд Чойроос Даланжаргалан сумын Өлзийт зөрлөгийн орчимд эвдэрсэн автомашин руугаа ...манай нөхөр миний эзэмшлийн 83-26 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Ноах” маркийн автомашиныг жолоодож явсан ба би хажууд нь суугаад ард найз Зоригоо сууж явсан юм. Тухайн үед би зүүрмэглээд унтаж явсан ба гэнэт чанга юм мөргөж байгаа юм шиг чимээ гарсан ба бие сонин болоод толгой эргээд чихэнд хүмүүсийн ярьж байгаа зүйл сонсогдохгүй шоконд орсон. Ингээд нэг ухаан ортол манай машиныг нэг машин мөргөсөн байдалтай замын хажуу талд харагдсан би газарт хэвтэж байсан ...хотод нарийн шинжилгээнд ороход хугарсан яс байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 38-39- р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ө.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатараас Сайншанд сум орохоор өөрийн эзэмшлийн 17- 32 УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашинтайгаа гарсан ба тухайн үед Улаанбаатар хотоос Сайншанд орох 4 хүн аваад явж байсан юм. Тэгтэл орой 15-16 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт зөрлөг орохоос өмнө 5-6 км зайд явж байтал миний урдхан талд явж байсан цагаан өнгийн Тоёота Ноах автомашин шороон зам руу шахаж зогсох гэж байгаа юм шиг хурдаа сааруулаад шороо руу гарсан ба тэгэхээр нь би уг машиныг зогсох гэж байна даа гэж бодоод хурдаа нэлээн сааруулаад хажуугаар нь өнгөрөх гэтэл шууд зүүн гар тийшээ дохио өгөөд эргэсэн ба би зогсох арга хэмжээ авсан боловч амжилгүй уг машины зүүн хажуу талаас нь мөргөж, замын нөгөө урсгалын шороон далан руу орж зогссон. Тухайн үед машинаас бууж ирээд дотор байсан хүмүүсээ буулгаад нөгөө жолоочид уурлаад та чинь одоо зогсох гэж байснаа яагаад эргэчхэв ээ, намайг 3 секунд хүлээсэн бол би хажуугаар чинь гарчих байлаа гэж хэлсэн чинь өөдөөс чи их хурдтай явлаа гээд над руу дайраад, би чамайг толиндоо харсан 900 метрээс бараг 1 км цаана явсан, чи их хурдтай яваад гэнэт ороод ирлээ гээд гүтгээд байсан ...ослын улмаас миний баруун гарын сарвуу хугарсан, цээж хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй байна ...Би осол болохоос өмнө 80 км цагийн хурдтай явсан ба ослын үед би зогсоох арга хэмжээ авсан боловч уг машин яг миний өмнө талд нь ойролцоогоор 100-150 метр зайтай л явж байсан тэгээд тухайн үед шороон хэсэг рүү гарчихаар нь зогсох гэж байна гэж ойлгосон ба яг хажуугаар нь гарах гэтэл шууд бүтэн дарж эргэсэн ...автомашины засварт 6.757.000 төгрөг, машин ачуулсан 260.000 төгрөг, автомашины үнэлгээ хийлгэсэн 331.000 төгрөг, мөн биеэ эмнэлэгт үзүүлж томографик, эмрай зураг авхуулсан 500.000-600.000 төгрөг гээд нийт 8 сая орчим төгрөг болсон ...учирсан хохирлоо нэхэмжилж байна ...баримтуудаа гаргаж өгсөн байгаа” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 40-41, 151-152-р хуудас/,

 

Гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Сайншанд сум орохоор У гэдэг хүний машинд суугаад Сайншанд сум орохоор эрэгтэй, эмэгтэй танихгүй хүний хамт явсан юм. Тухайн үед ах Ө,У нь 17-62 УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус 20 маркийн автомашинтай явсан ба би замдаа ядраад арын суудал дээр унтаад явж байсан. Гэтэл гэнэт л юм мөргөсөн ба сэрээд хартал цагаан өнгийн машины зүүн талаас нь мөргөж замын нөгөө урсгал руу орж зогссон байсан. Ингээд бид нар эмнэлэгт хүргэгдсэн... Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй эрүүл саруул байгаа, надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169-170 -р хуудас/, Шинжээчийн 02/072 дугаартай “...С.Бгийн биед зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух, зүүн нүдний дээд, доод зовхины шарх, нүдний алимны доргилт, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. С.Бгийн биед учирсан зүүн нүдний нулимсны сувгийн тасрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух, зүүн нүдний дээд, доод зовхины шарх, нүдний алимны доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, өвчний түүх болон бусад эмчилгээний баримтын хуулбарууд / 1-р хх-ийн 54-64-р хуудас/,

 

Шинжээчийн 02/0173 дугаартай “...У.Нгийн биед зүүн шуу ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. У.Нгийн биед учирсан зүүн шуу ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, өвчний түүх болон бусад эмчилгээний баримтын хуулбарууд / 1-р хх-ийн 174-190 -р хуудас/,

 

Ашид билгүүн ХХК-ны автомашин техникийн үнэлгээний “...Тоёота приус-20 ...шууд зардлын дүн 5.987.000 төгрөг ...шууд бус зардлын дүн 770.000 төгрөг ...нийт 6757.000 төгрөг” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 154-156-р хуудас/,

 

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 72 дугаартай “...Тоёота Ноах маркийн 83-26 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг ...Замын тэмдэг, тэмдэглэл 1. Хэвтээ тэмдэглэл. 1.4, 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. /дүрмийн 10.6/ “уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Тоёота приус-20 маркийн 17-32 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ө.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тоёота Ноах маркийн 83-26 УБЛ, Тоёота приус маркийн 17-32 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 176-178 -р хуудас/

 

Гэрч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны намар, сар өдрийг нь сайн санахгүй байна ...найз Д, түүний эхнэрийн хамт ...Шивээговийн цаахна талд очсон. Эвдэрсэн гэх том машин замаас гарчихсан зогсож байсан, Д засмал замаар явж байгаад том машинаа өнгөрөөд хурдаа хасаж дохиогоо зүүн тийш өгөөд буцаж эргэх үйлдэл хийсэн, би жолооч хүн болохоороо тухайн үед цонхоороо хойшоо харахад ямар ч машин харагдаагүй, тэгээд манай машин эргэж байхад зүүн урд талаас нь араас орж ирсэн машин мөргөсөн ...буцаж эргэх үйлдэл хийж байхад ...зам үргэлжилсэн цагаан зураастай байсан гэж санаж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 209-210-р хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 103 дугаартай “...хэргийн материалд тормозны мөр тэмдэглэгдээгүй тул 19- 32 УНМ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна ...2 тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл, гэмтэл, зам тээврийн осол, хэргийн материалд үндэслэн Тоёота Ноах 83-26 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буцаж эргэх үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалгүй, араас чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өнгөрүүлээгүй хөдөлгөөн үйлдсэнээс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /3-р хх-ийн 51-55-р хуудас/

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хх-ийн 134-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна  гэж шүүх үзэв.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д болон түүний өмгөөлөгчөөс “... Яллах дүгнэлтэд дурдагдсан 103, 72 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, нотлох баримтууд нь үгүйсгэгдэж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, сэдэлт зорилго, үйлдсэн шалтгаан нөхцөл, гэм буруугийн шинжийг бүрэн үнэлж, тогтоож чадаагүй байна. ...Тухайн зам тээврийн ослоос харахад нэг машиныг бүхэл гэж бодох юм бол тухайн машин бүхлээрээ эсрэг урсгалд орж ирсэн байна. Машин нь хаана байгаа, хойноос явж байгаа машинд зам тавьж өгөөгүйн улмаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах саналтай байна. Шинжээчийн дүгнэлт нь зөв болох нь эргэлзээтэй” гэж маргаж байгааг хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн мөрдөх ажиллагааг дахин явуулах шаардлагагүй, шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын Замын тэмдэг 1.Хэвтээ тэмдэглэлийн. 1.4, 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. Дүрмийн 10.6 “...уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн болох нь  Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай “...Жолооч Ө.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна. Жолооч Д.Д нь  Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэгээ.1. Хэвтээ тэмдэглэл. 1.4 1.1-1.3, 1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. Осол болсон шалтгаан нь  Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт. Замын тэмдэглэгээ. 1. Хэвтээ тэмдэглэл. 1.4. 1.1-1.3,1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөр тодорхойлогдож байна гэсэн дүгнэлт,  2019 оны 04 сарын 25-ны бүрэлдэхүүнтэй  шинжээчийн 214 дугаартай “Тоёота НОАХ маркийн 83-26 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг Замын тэмдэг тэмдэглэгээ. 1. Хэвтээ тэмдэглэл. 1.4, 1.1-1.3, 1.15а- 1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.10,6/Уулзвар,гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө/ гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт,  2021 оны 01 сарын 07-ний өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 103 дугаартай “...тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл гэмтэл,зам тээврийн осол хэргийн материалд үндэслэн Тоёота Ноах маркийн  83-26 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буцаж эргэх үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалгүй,араас чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өнгөрүүлээгүй хөдөлгөөн үйлдсэнээс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт, гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...манай урдхан талд цагаан өнгийн машин явж байснаа замын хажуу талын шороо руу дохио өгөөд зогсож байгаа юм шиг болсон. Тэгтэл жолооч У нь хажуугаар нь өнгөрөөд явах гээд гартал нөгөө зогссон машин чинь газар дээрээ огцом эргээд урдуур ороод ирсэн ба жолооч У тормос гишгэсэн боловч амжилгүй хажуу талаас нь мөргөсөн...тухайн зам үргэлжилсэн цагаан зураастай зам байсан...”гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тухайн осол болох үед урд цагаан машин зогсож байсан. Тэгээд яг дөхөөд очих үед тэр машин гэнэт эргэсэн,миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл уг машиныг хөндлөн мөргөсөн.Хэрвээ тухайн тээврийн хэрэгсэл цагаан зураасыг давж эсрэг урсгал руу орсон байсан бол миний сууж явсан машин шууд л явах байсан шүү дээ. Бид Дорноговь чиглэлд явж байсан шүү.Гэтэл Д гэх хүн цагаан зураас давсны дараа эсрэг урсгалд орсны дараа мөргөсөн гэж яриад байгааг ойлгохгүй байна. Би машинд унтаж чаддаггүй болохоор урагшаа харж явсан, сайн мэдэж байна” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Мөн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт Д.Дийн “... намайг эсрэг урсгалд бүрэн орсны дараагаар ирж мөргөсөн. Би жолоочид зам тавьж өгсөн, Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж мөргөсөн. Миний машины хажуу талаас мөргөөгүй, машины бөгс хэсгийн хаалганы урд талыг мөргөсөн гэдгээс хэмжээд үзэх юм бол Уын машин 100 хувь эсрэг урсгалд орж явсан нь харагдана “ гэсэн мэдүүлэг нь  гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр У гэдэг хүний машинд суугаад Сайншанд  орохоор эрэгтэй, эмэгтэй танихгүй хүний хамт явсан юм... 17-32 УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус 20 маркийн автомашинтай явсан ба би замдаа ядраад арын суудал дээр унтаад явж байсан. Гэтэл гэнэт л юм мөргөсөн ба сэрээд хартал цагаан өнгийн машины зүүн талаас нь мөргөж замын нөгөө урсгал руу орж зогссон байсан...”гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....Хэрвээ тухайн тээврийн хэрэгсэл цагаан зураасыг давж эсрэг урсгал руу орсон байсан бол миний сууж явсан машин шууд л явах байсан шүү дээ. Бид Дорноговь чиглэлд явж байсан шүү.Гэтэл Д гэх хүн цагаан зураас давсны дараа эсрэг урсгалд орсны дараа мөргөсөн гэж яриад байгааг ойлгохгүй байна...”гэсэн мэдүүлэг, гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нөгөө зогссон машин чинь газар дээрээ огцом эргээд урдуур ороод ирсэн ба жолооч У тормос гишгэсэн боловч амжилгүй хажуу талаас нь мөргөсөн...”гэсэн мэдүүлэг, 2021 оны 01 сарын 07-ны өдрийн 103 дугаар шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ гэсэн хэсэгт  шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор тусгай мэдлэг, ажиглалтын арга ашиглан шинжлэхэд “гэрэл зургийн үзүүлэлтэд харуулсан Тоёота Приус-20 маркийн,17-32 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урд бамбай, урд хөндөл, капот, урд хоёр их гэрэл, баруун урд далбаа зэрэг эд ангиудын эвдрэл гэмтэл урдаас хойш чигт хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу мөргөлдөх үед шууд үүссэн эвдрэл, Тоёота Ноах маркийн 83-26 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын урд хойд хаалга дотогш чиглэл хонхойж зурагдсан, хаалганы шил болон зүүн хажуугийн шил хагарсан эвдрэл гэмтэл нь зүүн хойноос баруун урагш чиглэлд хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу мөргөлдөж шүргэх үед шууд үүссэн байх үндэслэлтэй байна” гэсэн тэмдэглэл зэрэг  нотлох баримтаар  Тоёота Ноах маркийн  83-26 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 удаа мөргөсөн, урсгал сөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Тухайн осол болсон газар У нь 50 км цагийн хурдтай явах ёстой байхад 80 км цагийн хурдтай явж байсан нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Зогсоож чадаагүй гэдгээ өөрийн мэдүүлгээрээ хэлсэн байдаг, гэтэл шинжээчийн дүгнэлтээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж гардаг, үүнийг зөвшөөрөхгүй...” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь

Шинжээчийн 72,103 дугаартай дүгнэлтэд “хэргийн материалд тормосны мөр тэмдэглэгдээгүй тул 19-32 УНМ улсын дугаартай “Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй” гэжээ. Хэрэгт авагдсан схем зурган дээр тормосны мөр тэмдэглэгдээгүй учир шинжээчийн дүгнэлтээр хурдыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд харин  гэрч Э.О, хохирогч У.Н нар нь жолооч Ө.Уыг осол болох үед 75-80 км цагийн хурдтай явсныг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн/3/ 43-44 дүгээр талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байх тул шүүх хууль зүйн үүднээс дүгнэлт хийн 19-32 УНМ улсын дугаартай “Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ө.Уыг Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.24-т заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин жолооч Ө.У нь Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.24-т заасан заалтыг зөрчсөн боловч зам тээврийн осол гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлээгүй гэж дүгнэлээ.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 1.1-1.3-т заасан тэмдэглэл хөдөлгөөний дагуу болон эсрэг урсгалыг тусгаарладаг тул түүнийг давах нь хөдөлгөөнд аюултай байдлыг бий болгодог ба шүүгдэгч Д.Д нь ...буцаж эргэх үйлдэл хийх үедээ ардаа яваа тээврийн хэрэгслийг харсан хэдий боловч уг тээврийн хэрэгсэл 900 орчим метрийн цаана байна, эргэх үйлдлийг хийж амжина  гэсэн итгэлээр араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүй  байна.

 

Иймд шүүгдэгч Д.Дийг 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар Сайншанд чиглэлийн хатуу хучилттай замаар 83-26 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ноах маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин иргэн Ө.Уын жолоодож явсан 17-32 УНМ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ө.Уын тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч С.Б, У.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.Уын эзэмшлийн автомашинд 6 757 000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-т заасан нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэл журамд нийцээгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүгдэгчид  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч шүүгдэгч Д.Дийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын хэрэгт хамаарч байгаа ба хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүх Д.Дид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч С.Б “эрүүл мэнд болон замын зардал, цалин хөлсний хохиролд 969 103 төгрөг”, хохирогч У.Н” эмчилгээний зардалд 554 383 төгрөг “ нэхэмжилсэн  ба нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул гаргуулан олгох нь зүйтэй.

 Хохирогч нарын хохирлыг зам тээврийн осол гаргасан жолооч Д.Доос  гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэйг хуульчилсан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч байна гэж заажээ.

 

Хэдийгээр уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Т.О болох нь 02016316 гэрчилгээгээр тогтоогдож байгаа боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар Д.Д нь уг тээврийн хэрэгслийг гэр бүлээрээ эзэмшдэг хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар уг тээврийн хэрэгслийг эзэмших эрх олж авсан шууд эзэмшигч тул  Иргэний хуулийн  499.4 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хариуцан төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Харин иргэний нэхэмжлэгч Ө.У нь эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 6 757 000 төгрөг, үнэлгээ гаргуулсны төлбөр 276000 төгрөг нийт 7033000 төгрөг  нэхэмжилснээс жолооч Ө.У нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн тул хохирлын 20 хувийг/1 406 600 төгрөг/,  шүүгдэгч Д.Д 80 хувийг /5 626 400 төгрөг/ хариуцан төлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар  тогтоогдож байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Бгийн ярианы бичлэг бүхий CD 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Б.Д Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Дид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Доос 969 103 төгрөг гаргуулж хохирогч З.Бд, 554 383 төгрөгийг гаргуулж хохирогч У.Нд, 5626400 төгрөг төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ө.Ут тус тус олгож, Ө.Уын нэхэмжлэлийн шаардлагаас 1 406 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Хохирогч нар нь цаашид эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН