Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2019/ДШМ/65

 

 

 

 

      

 

 

 

 

   2019         08            12                                           2019/ДШМ/65

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Ө.Мөнхнавч,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн,

           Шүүгдэгч Д.Д,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Д-д холбогдох, эрүүгийн 1919000170027 дугаартай, 2 хавтас, 340 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Д.Д-н гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .... дугаар сарын ....-ны өдөр ........ аймгийн ....... суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, ......... боловсролтой, ......... мэргэжилтэй, ........... тоотод оршин суух, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 171 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.Д /РД:/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 12-р сарын 29-ний өдөр ........... нутаг дэвсгэрт Улаанбаатар Сайншанд чиглэлийн хатуу хучилттай замаар ...... улсын дугаартай, .......... маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин иргэн Ө.У-н жолоодож явсан ...... улсын дугаартай,
....... маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч С.Б, У.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж осол гаргасны улмаас Ө.У-ын тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч С.Б, У.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.У-н эд хөрөнгөнд 6 757 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулж,

 

Шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-с 969 103 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д, 554 383 төгрөгийг гаргуулж хохирогч У.Н-д, 6 757 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ө.У нарт тус тус олгож,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Б, У.Н нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Д давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлд явж байгаад миний машин Замын-Үүд Улаанбаатар чиглэлд буюу эсрэг урсгалд орсон ба эргэсэн хойно жолооч Ө.У-н жолоодож явсан машин нь урсгал сөрж орж ирээд миний машины зүүн гар талын хойд хаалгыг мөргөж ойж чиглэлээ өөрчлөн дахин урд хаалганы тушаа мөргөж 2 машин хавиралдан замын зүүн талын ус зайлуулах шуудуунд орж зогссон. Тэр үед Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн урсгал эгнээ чөлөөтэй байсан ба тухайн машины явж байсан эгнээгээр чөлөөтэй явах бүрэн боломжтой байсан. Учир нь уг газар өгсүүр, тахир зам, огцом эргэлттэй, гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн тэмдэгтэй газар байсан. Ө.У нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалт, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалт, 12.6.в-д “«Хурдны хязгаар» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалт, 13.2.в-д “Урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалт, 13.4.ж “Замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалт, 13.6 “Нэг эгнээнд урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед түүний зүүн гар талаар, баруун гар тийш дохио өгч байгаа үед түүний баруун гар талаар орж гүйцэхийг хориглоно.” гэсэн заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.24-т “«Хурдны дээд хязгаарлал»-тээврийн хэрэгслийн хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалт, 2.20-д “«Гүйцэж түрүүлэх хориотой»-удаан явдалт тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, хоёр дугуйт мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалт,   1.8.а, 1.8.б-д “«Огцом эргэлт»-замын эргэх радиус багатай буюу үзэгдэлт хязгаарлагдмал тохойрсон хэсэгт ойртож байгааг анхааруулна. 1.8.а тэмдэг нь баруун гар тийш, 1.8.б тэмдэг нь зүүн гар тийш огцом эргэхийг анхааруулна” гэсэн заалт, 1.9.а, 1.9.б-д “«Тахир зам»-замын огцом тахирласан хэсэгт ойртож байгааг анхааруулна. 1.9.а тэмдэг нь эхний огцом эргэлт баруун гар тийш, 1.9.б тэмдэг нь зүүн гар тийш чиглэсэн болохыг анхааруулна” гэсэн заалт, мөн Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн 3.1-т “Нийтийн тээврийн ажил, үйлчилгээ эрхлэх тээвэрлэгч нь холбогдох стандартад нийцсэн, зүүн гар талдаа жолооны хүрд бүхий зорчигчийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцлийг хангасан автобус, троллейбус, суудлын автомашин зэрэг зорчигч тээвэрлэх зориулалттай автотээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

Энэ хэргийн болсон үнэн байдлыг гэрч Ч.Г нь тодорхой бодитойгоор үнэн зөв мэдүүлсэн нь хх-ийн 210 дугаар хуудсанд авагдсан байхад шүүх үүнийг анхаарч үзэхгүй, хэргийн бодит үнэнийг тогтоолгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Яагаад гэвэл миний машиныг 2 удаа мөргөсөн. Дунд хаалга руу дахиад мөргөхөөр нь би баруун гар тийш дарахад дахин урд талын хаалга руу мөргөсөн. Хоёулаа шидэгдээд эсрэг талын жалга руу орж зогссон. Жолооч Ө.У Приүс-20 маркийн автомашинаасаа бууж ирээд намайг шууд л “өө муу хөгшин төгцөг өвгөн, 120-130 км хурдтай явах ёстой хурдны замаар явж байж урдуур эргэлээ” гээд үгээр дайрч маш их догшин ширүүнээр загнаж гарсан. Ингэж загнаж намайг зодох гэж байсан. Энэ байдлыг гэрч Э.О, Т.О, Ч.Г нар бүгд харж, сонссон. Хэрэг болсон газар дээр дуудлагаар ирсэн дэслэгч Д.Э хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зураг, дүгнэлт зэргийг хэрэгт хийгээгүй. Ө.У-ын дуудаж ирүүлсэн ... Г гэгч нь цагдаагийн алаг машинаасаа бууж ирэнгүүтээ хэргийн газрын нөхцөл байдлыг огт хянаж үзэлгүйгээр Ө.У бид нараас юу болсон тухай асуухгүйгээр шууд ....... маркийн машины жолоочийн буруу гээд над руу дайраад загнаад эхэлсэн. Тэгэхээр нь та хэн болоод хүн загнаад байгаа юм бэ гэхэд намайг хошууч Г гэдэг. Би олон жил цагдаагийн газар ажилласан болохоор хүн загнадаг болчихсон юм гэж хэлээд хэдэн зураг авсан болоод яваад өгсөн. Мөргөсөн ........ улсын дугаартай автомашины жолооч Ө.У машин харж байгаарай гэж надад үүрэг өгөөд хошууч Г-тэй хамт түүний машинд суугаад яваад өгсөн. Би хэргийн газар хүний өөрийн хоёр машин хараад үлдсэн нь бодит үнэн юм. Тэрнээс хойш энэ хүний талд энэ асуудал эргэсэн гэж үзэж байна. Энэ байдал ......... улсын дугаартай автомашины жолооч Ө.У замын цагдаагийн ажилтнуудтай үгсэж хуйвалдах үндэс тавигдсан гэж үзэж байна. Дэслэгч Д.Э хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зураг, дүгнэлтийг хавтаст хэрэгт хийгээгүй нь дээрх үйл явдалтай холбоотой гэж үзэж байна. Жолооч Ө.У машинд сууж явсан гэрч нартай хуйвалдаж мэдүүлэг өгүүлсэн болохыг мэдэж байна. Ө.У-ын машин эгц мөргөсөн байдалтай байхад хажуугаар орж ирээд мөргөсөн гэж яриад байгаа. Хоёр удаа мөргөж байгаа нь Ө.У-ын согтуу байсны шинж юм. Дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтнууд согтуурлын байдлыг шалгах /үлээлгэх/ багаж байхгүй гээд жолооч нарын согтуу эсэхийг шалгаагүй. Эмнэлгийн түргэн тусламж ирсэн мөртлөө жолооч нараас цус аваагүй зэргийг эцсийн дүндээ танил тал харсан мөрдөн шалгах ажиллагаа болсон гэж ойлгож байна. Ийнхүү согтуурлын шалгасан зүйл хэрэгт байхгүй. Энэ үед жолооч Ө.У осол аваар гаргачихаад байхад утсаа авч овооны өөдөө гарч гүйгээд өөрийн хүмүүс рүүгээ утсаар ярьж дуудсан. Өөрийнхөө талын хүмүүсийг энэ хүний машинд дуудаж ирүүлсэн. С.Б гэх хүн байхад эмнэлэг иртэл гаргаагүй. Би эмнэлгийн хүнтэй нийлж гаргалцаж өгсөн. Хохирогч С.Б-гийн мэдүүлгийг цагдаагийн дэслэгч Б.С нь өөрөө гараараа бичээд өөрөө гарын үсэг зурж хэргийн материалд хийсэн. Энэ үйл баримт хавтаст хэргийн 21-22 дугаар хуудсанд байгаа. Мөн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн байна. Би өмнө прокурорт хүсэлт гаргаж байсан. Техникийн сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнуудаар машины эвдрэлийг тогтоолгоё, машины хурдыг гаргадаг кодекийн арга байдаг, түүгээр гаргуулъя гэхэд прокурор зөвшөөрөөд Д мөрдөгч рүү явуулахад Д мөрдөгч нь аймаг дотроо эргэлдээд машины эвдрэлийг “Ашид билгүүн” ХХК-иар гаргуулаад хохирсон дээр минь дахиж хохироогоод надаас мөнгө төгрөг гаргуулсан. Миний хүсэлтийг прокурор биелүүл гэсэн байхад хүсэлтийг биелүүлэхгүй, аймаг дотроо л яваад байсан. Үүнээс болж би өнөөдөр буруутан болоод зогсож байгаадаа харамсалтай байна. Дээр болсон процессийг шүүхийн хэлэлцүүлэгт Д.Д намайг хэлсээр байтал шүүх үүнийг анхаарч үзэхгүйгээр нэг талыг барьсан шийдвэр гаргасанд маш их гомдолтой байгаа тул надад холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Кодекийн аргаар машины эвдрэлийг тогтоохдоо машин хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар тогтоодог арга манайд нэвтэрчихсэн. Үүнийг тогтоох бүрэн боломжтой. Фото зургийн үзүүлэлтээр У-ын жолоодож явсан машин Д-ийн жолоодож явсан чиглэлд урсгал сөрж орж ирээд, гүйцэж түрүүлэх гэж байгаад машиныг мөргөж байгаа нь харагдаж байгаа. Үүнийг анхаарч үзээсэй гэж хэлмээр байна. Гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг, тэмдэглэгээнүүд байсан. Иймэрхүү нөхцөл байдал байсаар байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагаа ч хуулийн дагуу явагдаагүй. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй мөртлөө тухайн хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэв.

 

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч шүүгдэгч нарын тайлбарыг сонслоо. Хэрэгт Г гэдэг хүний мэдүүлэг байгаа. Энэ хүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан талаар хавтаст хэрэгт байхгүй. Өнөөдөр шүүгдэгч ийм зүйл ярьж байгаа болохоос биш хавтаст хэрэгт үүнийг нотолж байгаа нотлох баримт байхгүй. Г нь Говьсүмбэр аймагт амьдардаг байсан учраас мөрдөн шалгах ажиллагааг өөр орон нутагт хийлгэхээр прокурор даалгавар бичиж, өөр орон нутагт хийлгэсэн ажиллагааг хэрэгт хавсаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт дээр гарын үсэг дуурайлгаж зурсан гэсэн асуудлыг ярьж байна. Гэтэл хавтаст хэрэгтэй Д болон түүний өмгөөлөгч нар тухай бүртээ танилцсан байдаг. Яллах дүгнэлтийг гардуулах гэтэл 2 хоног авахгүй гэдэг асуудлыг тавиад санал хүсэлтээ хэлээд явж байсан. Хохирогч Бгийн мэдүүлгийг мөрдөгч өөрөө бичсэн байна. Үүнийг шалгаж тогтоочихлоо гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл Д нь мөрдөн шалгах ажиллагааг явуулж, ямар нэгэн зүйлийг нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэх эрх бүхий этгээд мөн билүү, биш билүү. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой. Б энэ мэдүүлгийг өгөөгүй гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй. Д.Э гэдэг хүн гомдол мэдээллийг хүлээн авч шалгах нь шалгасан. Тухайн хүн хийж байгаа ажилдаа алдаа зөрчил гаргаад тус Цагдаагийн байгууллагад ажиллахаа больж дараагийн албан тушаалтанд ажлыг нь шилжүүлсэн байгаа. Энэ хэргийг сайн дураараа С гэдэг хүн хүлээж аваад шийдвэрлээд байгаа асуудал ч биш. Цагдаагийн байгууллагын дотооддоо цохолт хийж байгаа, дотоод үйл ажиллагаа байгаа. Үүн дээр прокурор хяналт тавьсан. 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн гэж яриад байна. Юуг үндэслээд ямар байдлаар шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. 5 шинжээч гарын үсэг зурсан хуульд заасны дагуу тамга тэмдэг дарж баталгаажуулсан. Дүгнэлт гаргасан шинжээч нараас зарим шинжээч нарыг мэдүүлгээр тодруулсан ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн байгаа. Урсгал сөрж орж ирсэн асуудлыг ярьж байна. Эсрэг урсгалд осол болсон А цэгийг тодорхойлсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Уын мэдүүлснээр тодорхой хугацаанд шүүгдэгчийн машин ойрхон байсан учраас аюул саадыг тойрон гарах зорилгоор машины жолоог дарсан. Энэ тохиолдолд машин онхолдсон гэдэг байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байдаг. Тухайн явж байсан урсгалд осол гарсан гэдгийг үгүйсгээд байгаа нөхцөл байдал байхгүй. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар нэг тэмдэгтээс нөгөө тэмдэгт хүртэл тухайн тэмдэгтийн үйлчлэх хүрээ нь хязгаарлагддаг. 50 километрээс дээш хурдалж болохгүй гэсэн тэмдэгтээс хойш тахир зам гэсэн тэмдэгт орж ирж байгаа. Дахиад тэмдэгтийн заалт орж ирж байгаа. Энэ бүгдэд шинжээч өөрийнхөө тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан гэж ойлгож байна. О гэдэг хүн мөрдөн шалгах ажиллагааны явцад нилээн хэдэн удаа мэдүүлэг өгөхдөө 75-80 км цагийн хурдтай явсан гэж мэдүүлдэг. Энэ нь хуульд зааснаар зөвшөөрөгдсөн хурд байна гэж үзэж байгаа учраас шинжээчийн зүгээс болон хэрэгт хяналт тавьсан прокурорын зүгээс, хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн зүгээс Уыг замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хурд хэтрүүлсэн байна гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзсэн байгаа. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/127 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Учир нь: Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-с гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд нь хохирол учирсан гэх Ө.У-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасанд үндэслэлгүйгээр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, осол болсон талаарх шинжээчийн дүгнэлтүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу бүрэн хийгдээгүй, эдгээрт прокурор хяналтаа бүрэн хийж чадаагүй, анхан шатны шүүх эдгээрт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь тус тус буруу болсон ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байна гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 12-р сарын 29-ний өдөр ........ нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг Улаанбаатар-Сайншанд чиглэлийн хатуу хучилттай замаар ....... улсын дугаартай ........ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчсний улмаас иргэн Ө.У-ын жолоодож явсан ........ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч С.Б, У.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.У-ын автомашинд 6.757.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон үйл баримт болсон байна.

Хэргийн бүх ажиллагааг хянан хэлэлцвэл дараах ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.6 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны байх шаардлагуудад нийцээгүй байна.

Үүнд: 1. Гэмт хэргийн улмаас эвдэрсэн гэх .... ..... улсын дугаартай ..... маркийн автомашины эзэмшигч, өмчлөгчийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад Ө.У-г иргэний нэхэмжлэгч гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд түүнийг мөрдөгч иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүнийг иргэний нэхэмжлэгч гэж хуульд зааснаар үзэх тул ослын улмаас эвдэрсэн .... улсын дугаартай ........ маркийн автомашин нь Ө.У-ын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг баримтад үндэслэн тогтоох байтал энэ ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны үед хийгээгүй байна.

Мөн шүүгдэгч Д.Д-ийн жолоодож явсан ..... улсын дугаартай ........ автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч Д.Д, иргэний нэхэмжлэгч Ө.У нарын жолооны эрхийн үнэмлэх зэргүүд хэрэгт тус тус хураагдаж, хавсаргагдаагүй, шүүгдэгч Д.Д-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоолгох тухай шинжээч томилсон тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-т нийцээгүй.

2. Замын цагдаагийн шинжээч Х.Е-с гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 21-ний 04 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 83/-тэй холбоотой нэмэлт шинжилгээ хийсэн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 215-216/ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19-р зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар нэмэлт шинжилгээ хийх үндэслэл, журамд нийцээгүй.

Өөрөөр хэлбэл шинжээч Х.Е-с гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 тоот шинжээчийн дүгнэлтийн аль хэсэг нь тодорхойгүй буюу бүрэн бус байсан, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон байсан гэдгээ мөрдөгч тогтоолдоо тодорхойлоогүй, “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол ... дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана”  гэсэн агуулгад илүү нийцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу дахин шинжээчийн дүгнэлт гарчээ гэж үзэхээр байна.  

 

Иймээс мөрдөгчөөс томилсон нэмэлт бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гараагүй буюу нэмэлт шинжилгээ хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй болжээ.

 

3. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тээврийн цагдаагийн албаны шинжээчдээс гаргасан 214 тоот шинжээчийн дүгнэлт нь шинжээчид дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний хуулийн 18.2,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.6-д тус тус зааснаар шинжээчийн дүгнэлтэд заавал тусгах зүйл болох шинжилгээний аргачлал, явц, үр дүнгийн талаар огт тусгаагүй байх тул энэ шинжилгээ нь хуульд заасан  журмын дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгээс гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, автотехникийн их сургуулийн эрдэмтдийн багаар автомашинуудын хурдыг тодорхойлуулах шинжилгээ /котекийн арга/-г хийлгэх хүсэлт /1-р хх-ийн 222/-ийг прокурор хангаагүй үндэслэлээ “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн шинжээчийн групп, автотехникийн их сургуулийн эрдэмтдийн баг нь тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэлтэй холбоотой дүгнэлт гаргадаг бөгөөд жолооч Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргадаггүй тул шинжээч томилж дүгнэлт гаргуулах үндэслэлгүй” гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзсан /1-р хх-ийн 223/ нь ойлгомжгүй, тодорхойгүй болсон ба ийнхүү дээрх байдлаар шинжилгээ хийх боломжгүй тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй зэргийг харгалзан холбогдох шинжилгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйл, 27.4 дүгээр зүйлд тус тус нийцүүлэн хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

5. Шүүгдэгч Д.Д нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ гэрч Ч.Г, хохирогч С.Б нарын гарын үсгийг хуурамчаар зурсан, тэдгээр нь хэрэгт авагдсан мэдүүлгийг өгөөгүй гэх ба одоогоор хэрэгт авагдсан эдгээр хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасны дагуу авагдсан, хууль зөрчиж авсан гэж үзэх үндэслэлгүй хэдий ч нэгэнт хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөлд энэхүү асуудлыг тодруулах нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад 2019 оны 06-р сарын 18-нд шүүгч шүүх хуралдааныг 07-р сарын 02-ны өдөр хийхээр товлон зарласан байж шүүгдэгчийн өмгөөлөгч эсхүл шүүгдэгчийн хүсэлт /2-р хх-ийн 32/ эсэх нь тодорхойгүй хүсэлтэд үндэслэн 06-р сарын 27-ны өдөр шүүх хуралдааны оролцогч нарын аль алинд нь мэдэгдэлгүйгээр шүүгч дангаараа шүүх хуралдааныг явуулж шүүх хуралдааныг зарлаж шүүх хуралдааныг 07-р сарын 04-ний өдөр хийхээр хойшлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” журмыг зөрчсөн гэж үзэхээр байгааг магадлалд тэмдэглэв.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Д.Д-с гаргасан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаалгахыг хүссэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон энэ үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл боллоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Д.Д-с гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2, 14.3-т зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Д-д урд авсан хувийн баталгаа гаргах гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС