Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2019/00116/и |
Дугаар | 001/ХТ2020/00342 |
Огноо | 2020-07-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2020/00342
Ж.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00540 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 903 дугаар магадлалтай,
Ж.Ж.Бын нэхэмжлэлтэй
НШШГГ, “М-О Т”ХХК нарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ж.Ж.Бын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00189 дугаар шийдвэрээр Т.Ө, Ж.Ж.Б, Ө.Энхжаргал, Ө.Бүрэнжаргал нараас 250 969 075 төгрөгийг гаргуулан Доог алт ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм. Уг хэрэг НШШГГт шилжиж 2018 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 183004460/01 дугаар тогтоолоор бид нарын байр болох Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Анкарагийн гудамж 10 дугаар байрны 02 тоотод байрлах 95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг маань битүүмжилж улмаар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хурааж, энэ талаар тогтоол үйлдсэн болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас байрны үнийн саналаа өгөхийг утсаар мэдэгдсэн боловч Хятад Улс руу явж байсан тул очоод өгье гэсэн. Ирээд үнийн санал өгөх гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үнийн санал ирүүлэх мэдэгдэл шуудангаар явуулсан, та ирээгүй шинжээч томилсон гэсэн. Мэргэжлийн байгууллагыг томилсон байсан тул үнэн зөв үнэлэх байх гэж найдсан. Гэтэл байрыг зах зээлийн хамгийн бага үнээр үнэлсэн байна. Үнэлгээчин нь орон сууцыг хүн амын нягтралтай хотын 1 дүгээр бүс, төв зам дагуу төвийн системд бүрэн холбогдсон, 1 том өрөө, 2 дунд зэргийн өрөө мөн гал тогоо нь маш том тусдаа 1 өрөө, 2 ариун цэврийн өрөөтэй, том коридортой, сайн засалттай гэсэн атлаа 2 184 210 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар 1 м.кв-ийн доод үнэ 2 500 000-2 900 000 төгрөгийн үнэтэй байгаа. Иймд миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Анкарагийн гудамж 10 дугаар байр 02 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү-0000000000дугаар бүртгэлтэй 95 м.кв талбайтай 3 өрөө, гал тогоо 1 өрөө, ариун цэврийн 2 өрөөтэй орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “М-О Т”ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 216 тоот тогтоолын дагуу тус компани нь үнэлгээний шинжээчээр томилогдож, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 02 тоот, 2010 оны үед ашиглалтад орсон, 13 давхар орон сууцны зориулалттай, цутгамал төмөр бетон карказан барилгын 2 давхрын, 3 өрөө орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний байдлаар үнэлж, зах зээлийн үнийг 207 500 000 төгрөгөөр тодорхойлсон. Үнэлгээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, журам, үнэлгээний олон улсын стандарт /IVS-2017/-ын дагуу хийж, дүгнэлтээ хараат бусаар, бие даасан байдлаар гаргасан. Үнэлгээ нь дээр заасан тогтоолд дурдсан объектын хүрээнд явагдсан болно. Энэхүү үнэлгээг хийхдээ шинжээчид нь тухайн обьекттой газар дээр нь биечлэн танилцаж, шаардагдах үзлэг, хэмжилт хийж, фото зураг авсан. Хөрөнгийн үнэлгээг олон улсын хэмжээнд хэрэглэгддэг үндсэн 3 аргаар дүгнэсэн бөгөөд тухайн үеийн ижил төрлийн обьектын зах зээл, үнэ ханшийн судалгаа, сүүлийн үед баригдсан, ижил хийцлэлтэй, байршлын хувьд үнэлж байгаа хөрөнгөнөөс 520.0 метрийн радиусын дотор байрлах 3 орон сууцны үнэ, ханштай харьцуулж зах зээлийн судалгааг хийсэн. Мэдээллийг www.unegui.mn сайтаас авч, утсаар тодруулж баталгаажуулсан болно. Иймд үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч НШШГГ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00189 дүгээр шийдвэрээр Ж.Ж.Б, Т.Ө, Ө.Энхжаргал, Ө.Бүрэнжаргал нараас 250 969 075 төгрөгийг гаргуулж Доог Алт ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 02 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй 95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.4-т заасны дагуу битүүмжилж, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авах мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 4/14727 тоот албан бичгээр төлбөр төлөгч нарт хүргүүлсэн. Дурдсан хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Мөнх Оргил трейд ХХК-ийг томилон үнэлгээг тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 207 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 4/16312 тоот албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Ж.Б, Т.Ө, Ө.Энхжаргал, Ө.Бүрэнжаргал нарт Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах 4/16993 дугаартай мэдэгдэл болон 10/10 дугаартай тогтоолыг биечлэн уулзаж гаргаж өгсөн. Төлбөр төлөгч Ж.Ж.Б нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.Төлбөр төлөгч Ж.Ж.Б, Т.Ө, Ө.Энхжаргал, Ө.Бүрэнжаргал нар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00540 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02176 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 903 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00540 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Ж.Б хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг Улсын Дээд Шүүхэд гаргаж байна. Үүнд: Шүүх хуулийг зөвхөн хариуцагчид ашигтайгаар хэрэглэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг илт зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Анкарагийн гудамж, 16 дугаар байрны 02 тоотод байрлах 95 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцыг маань 1 м.кв-ийг 2 184 210 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн хамгийн бага үнээр үнэлсэн. “М-О Т”ХХКомпани нь шүүх дээр тайлбар өгөхдөө хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээл үнэ ханшийн судалгаа хийж ижил төстэй 3 орон сууцыг авч үзэж харьцуулалт хийсэн, мэдээллийг unegui.mn сайтаас авч утсаар тодруулж баталгаажуулсан гэсэн боловч энэ нь хангалттай биш юм. Мөнх оргил трейд ХХКомпани нь үнэхээр л сайтаас ойролцоо байрны үнэ харж судалсан бол хотын зах болон БЗД, СХД байрууд 1 м.кв нь хамгийн багадаа 2.000.000- 2.500.000 байхад яагаад манай хотын төвийн байрлал сайтай А зэрэглэл, бүх үйлдвэр үйлчилгээ ойрхон, хийц байрны хувьд чанартай сайн, 3 өрөө, 2-оотой, том коридортой, гал тогоо тусдаа блокон нь маш том бүх зүйл нь стандартын дагуу байрыг маань хэт чанар хийц муутай манай байртай үнийн хувьд дүйцэхгүй байрыг буюу нэг үгээр хэлбэл “үнийн хувьд зөрүүтэй байртай” харьцуулалт хийж үнэлгээ гаргасанд нь үнэхээр гомдолтой байна. Жишээ нь: СХД Эрин хороолол гэхэд 2.200.000 төгрөг, бүр цаашлаад 21-р хороолол Содон хороолол гэхэд 1.980.000 үнэтэй байхад хотын төвийн байршилтай байрыг маань ингэж бага үнэлсэнд нь үнэхээр гомдож байна. Үнэн бодит харьцуулалтын аргыг хэрэглэж байгаа бол манай байрны оршин суугчдаас ч асууж болох л байсан тэгэхэд маш муу байруудтай харьцуулсанд нь гомдолтой байна. Мөн unegui.mn сайт дээр хүмүүс бэлэн мөнгөнд байраа хурдан шуурхай зарах гээд хамгийн доод үнэ буюу бага үнэ хэлж ярьж тохиролцдог тэгэхээр unegui.mn сайтаас хараад утсаар яриад үнэлгээ гаргана гэдэг бодит биш юм. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ж.Ж.Б нь хариуцагч “М-О Т”ХХК, НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 189 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Ж.Ж.Б нь Т.Ө, Ө.Энарын хамт 250 969 075 төгрөгийг Доог алт ХХК-д төлөх, үүргээ биелүүлэхгүй бол Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.
2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, явуулж эхэлжээ. /хх34/
Барьцааны зүйл болох орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр битүүмжилсэн, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хураасан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12, 36 дугаар зүйлд заасны дагуу явагдсан, орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар өмчлөгч Т.Ө, Ж.Ж.Б, Ө.Энарт үнийн саналыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны дотор ирүүлэхийг, хэрэв заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох талаар 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 4/14727 дугаар албан тоотоор мэдэгдсэн /хх43/ боловч төлбөр төлөгч нар дээрх хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байв.
Шинжээч “М-О Т”ХХК Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 02 тоот 95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 207 500 000 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдоогүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.
Хоёр шатны шүүх Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хууль хэрэглээний хувьд алдаа гаргаагүй байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00540 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 903 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА